Main » 2011 » есдүгээр сар » 1 » 10 настай БИЛГҮҮН хүүгийн хичнээн сайхан хөөмийлж байгааг ороод сонсоорой
2:24 PM
10 настай БИЛГҮҮН хүүгийн хичнээн сайхан хөөмийлж байгааг ороод сонсоорой

Өвсний исгэрээ 10 настай хүүг хөөмийд уруу татжээ

Т.Билгүүн хүүд өвсний исгэрээ хачин сонин аялгуутай санагджээ. Тэгээд адилхан дуугаргах гэж оролдож. Энэ талаараа өвөөдөө хэлтэл өвөө нь багадаа хөөмийлж байснаа ярьж өгч, хөөмийн анхны мэдэгдэхүүн зааж өгсөн байна. Ийн жилийн өмнөөс л хоолойгоо хачин болгож, элдэв янзын авиа гаргах болсон хүүгээ Тэрбиш, Дэжидмаа хоёр хөөмийлж байна ч гэж бодсонгүй. Харин одоо ээж нь "Битгий хоолойгоо сонин дуугаргаад бай” гэж зэмлэх талдаа байсныг нь яана гэж уулга алдана.



Т.Билгүүн хүүхдэд бүү хэл том хүнд байхааргүй хашир нэгэн гэнэ. Хашир хүүгийнхээ хачин сонирхлыг шалгуулж нэг үзье гээд ҮДБЭЧ-ын хөөмийч дээр аваачиж шалгуулж л дээ. Уг хөөмийч 10 настай гэхэд хэлний тавилтаа сайн сурсан байна. Гэхдээ жаахан хүүхэд хөөмийлдөггүй юм. Хөөмий гэж юу байдгийг олон талаас нь судлуулаад орхичих. Битгий оролд гэжээ. Харин хүү нь үгэнд орох янзгүй хэл амаа янз бүр болгосоор л байж. Тэгээд энэ жилийн "Гэгээн Алсын одод” наадамд оролцсоны дараа л аав, ээж хоёр нь хүүгийнхээ авьяаст бүрэн итгэжээ.

 

Одоо Т.Билгүүний аав ээж хүүгийнхээ улаан фэн нь. Бүр хүүгийнхээ хөөмийгөөр багачуудад зориулсан хөөмийн цомог хүртэл гаргах гэж байгаа юм байна. Түүний ээж "Ардын уламжлалт урлагийг хүүхдүүдэд үеийнх нь хүүхэд хөөмийлж таниулбал илүү дөхөмтэй байх. Бид хэд ийм том зорилготой цомог хийнэ гээд үзээд байгаа, бүтэх нь үү, үгүй юү” гэж хуучилж байна. Т.Билгүүн саяхнаас л хөөмийлж байгаа, тэгээд хөөмийг нь сонссон хүн бүр "нэл авьяас”, "мундаг байна”, "хүүхэд ингэж хөөмийлдөг гэж үү” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байна.


Монголын хөөмийг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн хөөмий судлаач франц эр Жонниг алмайруулсан гээд бод доо. Т.Билгүүний ээж миний хүү хөөмийлдөг, та сонсох уу гэхэд нь Ховдоор дүүрэн хөөмийлдөг хүүхдүүд байна гээд нэг их ойшоогоогүй гэнэ. Тэгээд сонссоныхоо дараа, анх сурч байгаа гэхэд үнэхээр сайн хөөмийлж байна шүү гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

Нүдээрээ инээсэн хүүг зууны манлай поп дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа тодорхойлохдоо Монголын хөвгүүдийн сонгодог жишээ гэсэн. Та youtube.com-оор ч юм уу, хайх цонхноос "Хөөмийн блог” гэж хайгаад Т.Билгүүн хэрхэн хөөмийлдгийг сонсоорой. Биет бус ардын урлагийг тээж, өвлүүлдэг хүмүүс олонхдоо хөгшчүүд голдуу байхад өвсний исгэрээ сонсч хөөмийлж сурсан бяцхан хүүг авьяастан гэхгүй өөр яах билээ. Тийм ч учраас "Шинэ нэр”-тээ урьсан юм.  Одоо бяцхан хөөмийчийн ярилцлагад анхаарлаа хандуулъя.

-Билгүүн хэдэн наснаас эхэлж хөөмийлсөн бэ?

-10 наснаасаа.


-Одоо хэдэн настай билээ?

-11 настай.


-Тэгвэл саяхан сурсан юм байна шүү дээ?

-Хөөмийлөөд жил арай болоогүй.

 

-Анх чамд хөөмийлөхийг хэн зааж өгсөн юм бэ?

-Эхлээд өвөөгөөсөө сураад дараа нь мэргэжлийн багш дээр ирсэн. Наранбадрах гэдэг хөөмийч л дөө. Тэр багш маань одоохондоо их завгүй байна гээд Одсүрэн багш дээр аваачиж өгсөн.

 

-Тэгвэл чи Монголын хамгийн том хөөмийн багш дээр очсон юм байна шүү дээ. Одсүрэн багш чамайг юу гэх юм. Чамд авьяас байна гэх юм уу?

-Надаар "Маамуу нааш ир”-ийг хөөмийлүүлээд, өөрөө төгөлдөр хуураа тоглосон. Тэгээд шавиа болгоё л гэсэн. Одоо миний хүү гэдэг.

 

-Ингэхэд ер нь чи яагаад хөөмий сонирхох болсон юм бэ?

-Зүгээр гоё санагдаад л. Би өмнө нь хөөмийлж байгаа хүнийг нэг их харж байгаагүй л дээ. Харин хөдөө өвөөгийндөө очоод байтал салхинд өвс дуу гаргаад байсан. Тэр чимээ сонин санагдаад дагаж дуугарах гэж үзсэн. Өвөөдөө хэлтэл хөөмийлөөд бай, хөөмийлөөд бай гээд зааж өгсөн.

 

-Одоо ямар, ямар аялгуу хөөмийлж байна?

-”Маамуу нааш ир”, "Дөрвөн уул, Үглээ шаазгайн попури”. "Тронеро”, "Дөрвөн настай халиун”, "15-ны сар”.

-Эдгээр хөөмийн аялгуугаар цомог гаргана гэсэн үү?

-”Up music” продакшн гээд байдаг даа. Тэр продакшны Халиун ах тусалж дэмжье гэсэн. "Гэгээн алсын одод” тэмцээнийг шүүж байсан болохоор ийм цомог гаргавал дээргүй юү гэсэн. Гэхдээ нэг ая гэхэд зургаан сая төгрөгөөр бүтэх юм билээ. Тэгээд ээж мөнгө олох гээд  том компанийн захирлууд руу захиа бичиж байгаа.

 

-Хөөмийлөхөөр чамд юу бодогддог вэ?

-Уул ч юм шиг, үүл ч юм шиг нэг тиймэрхүү дүрс нүдэнд харагддаг.


-Бусад хөөмийчдөөс туршлага судалж байна уу?

-Өөрийгөө ямар төвшинд байгааг мэдэх гээд бусад хөөмийчийн хөөмийлөхийг хардаг.

 

-Тэгээд ямар төвшинд байна?

-…Мэдэхгүй.


-Энэ авьяасыг чинь танай ангийнхан мэдэх үү?

-Мэднэ ээ. Хөөмийлдөг гээд урлагийн үзлэгт оруулсан. Тэгэхэд багштай ч болоогүй жаахан дуугардаг л байсан. СУИС-ийн нэгдүгээр курсын ах хамгийн амархан нь гээд "Дөрвөн Уул” зааж өгөөд. Гэхдээ нэгхэн өдөр зааж өгсөн л дөө. Түүнийг нь би утсан дээрээ бичиж аваад сонссоор байгаад сурсан. Тэгээд хоёрдугаар байрт орсон.

-Хөөмийлөхөд хэр хэцүү вэ, эсвэл хөөмийлөөд л баймаар амархан юм уу?

-Сурахад бол хэцүү байсан. Одоо зүгээр ээ.


-Ер нь цаашид хөөмийлсөөр байх уу, эсвэл өөр мэргэжил сонгох юм уу?

-Би мэргэжлийн хөөмийчин болохын хажуугаар өөр нэг мэргэжил эзэмшинэ ээ. Бизнес эрхлээд хажуугаар нь хөөмийлөх ч юм уу. Эхлээд Монголдоо хөөмийг ойлгуулчихаад дараа нь дэлхийд таниулахад зүтгэнэ. Одоо исгэрээ, хархираа гэх мэт гол, гол юмнуудыг нь сурч байгаа. Хөөмий 6-12 төрөлтэй.


-Өдөр болгон бэлтгэл хийж байна уу?

-Гэрээрээ л. Одсүрэн багш намайг хүүхдийн ордны морин хуурын дугуйланд оруулна гэсэн. Ганц хөөмийлөхөөр зүгээр л дуугардаг болно. Хажуугаар нь заавал хөгжмийн боловсролтой байх хэрэгтэй гээд морин хуур сур гэсэн.


-Тэгээд чи морин хуурт хэр сонирхолтой байгаа юм бэ?

-Сурахгүй бол хөөмий сураад хэрэг байхгүй шүү дээ. Дугуйлан эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа.


-Хэр их бэлтгэл хийж байна?

-Өдөрт 45 минут бэлтгэл хийж байгаад гурав, дөрвөн цаг огт хөөмийлөхгүй, ер нь юм яриад ч хэрэггүй дээ. Одсүрэн багш хүүхэд учраас эвийг нь олж хөөмийлөх хэрэгтэй. Хоолойгоо сайн амраах хэрэгтэй гэсэн.


-Чамайг блог ажиллуулдаг гэж дуулсан. Блог дээрээ юу тавьдаг юм бэ?

-Хөөмийн тухай юм бичнэ. Тэгээд "Алтан Ураг” хамтлагийн Өвгөн савдгийн үлгэрийн үгийг нь бичих ч юм уу, хөөмийг таньж мэдүүлэх зорилготой юм бичдэг.


-Бас битбокс хийдэг гэсэн үү?

-Зүгээр л оролдож байгаад сурсан. Гуравдугаар ангид байхад манай ангид битбокс хийдэг хүүхэд орж ирсэн юм. Манай ангийнхан түүнээс сураад бүгд битбокс хийгээд эхэлсэн дээ.


-Ангиараа битбоксчид юм биз дээ?

-Бараг л тийм.

-Чиний үеийн хүүхдүүд компьютер их тоглох юм. Чи бас тоглох уу?

-Хийх юмаа олж яддаг байсан үедээ PC тоглодог байсан. Одоо хөөмий гээд юун PC, больсон.

 

-Ер нь чиний үеийн хүүхдүүд хөөмий сонирхохгүй байх шүү?

-Ойлгохгүй л байхгүй юу.

Views: 645 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]