8:59 PM 2011 оны Дэлхийг донсолгосон үйл явдлууд | |
Улиран одож буй 2011 оныг байгалийн гамшиг, нийгмийн эмх замбараагүй
байдал, эдийн засгийн хямралын жил гэж нэрлэх хүн олон. Гэвч сүйрэл
хямралын араас өөрчлөлт шинэчлэлт төрөн гардаг гэдгийг мартах ёсгүй.
Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Бельгийн Льеж хотын худалдааны талбайд үл таних этгээд халдан, таван хүнийг буудан хороож, 119 хүнийг шархдуулсан хэрэг гарч олныг цочирдуулав. Эцэст нь гэмт этгээд өөрөө тэсрэх бодисонд амиа алджээ. Түүний яагаад ийм хэрэг хийх болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд өмнө нь хууль бусаар зэвсэг хадгалж байсан хэргээр гурван жил гаруй хоригдож байсан юм. БАЙГАЛИЙН ГАМШИГ ХЭНД Ч ЗАХИРАГДАХГҮЙЯпоны газар хөдлөлт 2011 оны гуравдугаар сарын 11. Японд аймшигт байгалийн гамшиг нүүрлэсэн эмгэнэлт өдөр. Энэ өдрөөс хэдхэн хоногийн өмнө хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдсэн цунами болж магадгүйг иргэдэд анхааруулж байсан боловч далайн эрэг орчмын оршин суугчид өндөр даландаа найдаж нүүхийг урьтал болгоогүй гэдэг. Гэтэл хүчтэй цунамигийн давалгаа даланг давж орж ирэн тухайн орон нутгийг ор мөргүй газраас арчих шиг болов. Байгалийн гамшиг 20 мянга орчим хүний амийг авч одлоо. Хүчтэй газар хөдлөлтөөс болж "Фукушима-1” атомын цахилгаан станцид осол гарч тухайн бүс нутагт цацраг идэвхт бодис алдагдсан тул оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Аюултай нөхцөл байдал үүсээд байгаа Фукушима мужийн хүнсний бүтээгдэхүүнээс хүртэл цацраг идэвхт бодис илэрсэн нь олныг түгшээгээд байгаа билээ. Тус улсын иргэд ерөнхий сайд Наото Каныг гамшгийн дараах сэргээн босголт, ард иргэдэд хэрэгцээтэй тусламж үзүүлж чадаагүйн дээр аврах ажиллагаанд дорвитой арга хэмжээ аваагүй хэмээн ихэд шүүмжилж огцрохыг шаардаж байсан юм. Тэрбээр наймдугаар сард ерөнхий сайдынхаа суудлаас бууж оронд нь Ёшихико Нода томилогдлоо. Хэдхэн сарын өмнөх сүйрэл дагуулсан байгалийн гамшиг огт болоогүй мэт Япон улс тун хурдтай хөл дээрээ тогтож буй. Туркийн газар хөдлөлт, Тайландын үер Японоос гадна Туркд дараалсан хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болж 600 орчим хүн хорвоог орхилоо. Удаан хугацаанд хор хөнөөл дагуулсан Тайландад болсон үерийн улмаас мөн ийм тооны хүн амь насаа алдав. Африкийн өлсгөлөн Түүнчлэн Африкийн Эвэр гэж нэрлэгддэг бүс нутгийн Сомали, Жибути, Эфиоп, Кени, Уганда зэрэг орнуудад сүүлийн 60 жилд тохиогоогүй ган ганчиг болсноос ундны ус, хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орж олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдлээ. Зарим иргэд гамшгийн бүсийг орхин явж хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэсээр. Бүс нутгийн зарим улс орны нөлөө бүхий зэвсэгт бүлэглэлүүд олон улсын хүнсний тусламжинд хориг тавьж, НҮБ-ын ажилчдыг нэвтрэхэд тун аюултай байдал үүсгээд байлаа. Одоогоор өлсгөлөнгийн улмаас 11,5 сая хүн хүнд нөхцөлд ороод байгаа юм. Тэдгээрийн хоёр сая нь бага насны хүүхэд байгаа бөгөөд 500 мянга орчмынх нь амь насанд аюул учирч болзошгүй байна. АЛДАРТНУУДЫН ҮХЭЛ Энэ жил алдартнуудын хувьд, ялангуяа харгис удирдагчдын хувьд хатуу жил байлаа. Зарим хүний үхэлд олон хүн баярлаж байхад заримынх нь үхэлд дэлхий даяар гашуудлаа. Людмила Гурченко, Элизабет Тайлор, Эми Уайнхаус Энэ жил урлагийн салбарт том гарз тохиосон. Энэ бол Холливүдийн хатан хаан гэгдэх кино урлагийн домогт жүжигчин Элизабет Тайлор 79 насандаа, Оросын ардын жүжигчин Людмила Гурченко 77 насандаа, Английн алдарт дуучин Эми Уайнхаус 27 насандаа нас барсан явдал байлаа. Осама бин Ладен Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсээд байсан ч АНУ-ын томоохон төлөвлөгөөнд саад болсонгүй. Тавдугаар сарын 2-ны өдөр америк цэргүүдийн гарт зартай алан хядагч Осама бин Ладен 54 насандаа үрэгдэв. Түүнийг Пакистаны нийслэл Исламабадаас холгүй орших Абботабад хотод нуугдаж байсныг илрүүлж нууц ажиллагаагаа хэрэгжүүлсэн юм. Локомотив баг Оросын Ярославль хотод 45 хүнтэй Як-42 онгоц осолдож, 43 хүн тэр дороо амь эрсэдсэн харамсалтай хэрэг есдүгээр сарын 7-ны өдөр гарав. Тэдгээр зорчигчид бол Оросын "Локомотив” хоккейн багийн үндсэн гишүүд байсан юм. Тэд Минск хот руу улирлын тоглолтонд оролцохоор нисэж байсан бөгөөд амиа алдагсдын дунд "Локомотив” багийн Орос, Чех, Словак, Швед, Герман, Белорусь Латвийн тамирчид болон багийн дасгалжуулагч Канадын иргэн Брэд МакКримон нар байсан юм. Ослоос багийн довтлогч Александр Галимов болон онгоцны борт инженер нар амьд гарсан боловч биедээ 90 хувийн түлэгдэл, хүнд бэртэл авсан хоккейчин Ярославль хотын эмнэлэгт тав хоногийн дараа амьсгал хураалаа. Хоккейн түүхэнд ийм том хэмжээний осол урьд өмнө гарч байгаагүй юм. Стив Жобс Алдарт "Apple” компанийг үүсгэн байгуулагч, технологийн ертөнцөд шинэчлэл хийж шинэ эрин үеийг авчирсан чадварлаг удирдагч Стив Жобс хорт хавдрын улмаас 56 настайдаа хорвоогоос халив. Аравдугаар сарын 5-ны өдөр буюу "Apple” компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг ирж магадгүй гэж хүлээж суусан хүн олон байсан ч тус компанийн удирдлага Жобсын үхлийн талаар эмгэнэлт мэдээ дуулгасан юм. Түүний нас нөгчсөний дараа Валтер Исааксоны бичсэн Стив Жобсын намтар худалдаанд гарч борлуулалтаараа тэргүүлээд байгаа билээ. Муаммар Каддафи Энэ оны онцлох ёстой үйл явдлын нэг бол яахын аргагүй 42 жил төрийн эрх барьсан Ливийн удирдагч Муаммар Каддафийн үхэл юм. Олон сарын турш ливичүүд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж дарангуйлагчийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байсан ч тэрбээр бууж өгөлгүй ард түмнийхээ өмнөөс гал нээв. Түүнийг аравдугаар сарын 20-ны өдөр төрөлх хот Сиртээс баривчлав. Ард иргэд Каддафиг зодож тамлаж байсны дээр гэдсэнд нь буудсан тул тэрбээр шархаа даалгүй тун эмгэнэлтэй байдлаар 69 насандаа амиа алдсан юм. "Миний ард түмэн надад хайртай” гэж хэлж байсан түүний нүд хальтрам зураг бичлэгүүд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв. Ким Жон Ил БНАСАУ-ын төрийн эрхийг 17 жил барьсан Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын ардын армийн дээд ерөнхий командлагч, Төрийн батлан хамгаалах хорооны дарга Ким Жон Ил нас нөгчлөө. Бусад дарангуйлагчдаас ялгаатай нь тэрбээр эрүүл мэндийн байдал тааруу байснаас өөрийн жам ёсоор арванхоёрдугаар сарын 17-ны өдөр 69 насандаа хорвоог орхисон юм. Түүнийг насан өөд болоход ард түмэн нь эхэр татан уйлж тун ихээр гашуудаж байв. БНАСАУ-ын төрийн эрх түүний хүү "аугаа их залгамжлагч” Ким Жон Унд шилжсэн гэж байгаа ч энэ нь олон улсад тун тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байна. ОХУ-ЫН СОНГУУЛЬ БА "ПУТИНГҮЙ ОРОС ОРОН”-Ы ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ОХУ-д арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Төрийн Думын сонгууль болж өнгөрлөө. Сонгуульд өрсөлдсөн долоо намаас дөрөв нь саналын тоогоор парламентад суудал эзлэх болсон юм. Тус улсын ерөнхий сайд Владимир Путины тэргүүлдэг "Нэгдсэн Орос” нам сонгуульд дахин ялалт байгуулж, Төрийн Думын 450 мандатаас 238-ыг авах эрхтэй болсон нь Оросын иргэдийн бухимдлыг төрүүлж шударга бус сонгууль боллоо хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Ингээд удаагүй байтал ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Путин нэр дэвшихээ зарласан нь бүр ч "уурлуулж”, Оросод Путиныг эсэргүүцсэн "Путингүй Орос орон!” хөдөлгөөн тус улсын томоохон хотуудад өрнөв. Тэд эрх баригчдаас ерөнхий сайдыг огцорч, шударга сонгууль явуулахыг шаардаж байлаа. Харин Путин "ДОХ-ын эсрэг цуглаан уу” хэмээн тохуурхаж сууна. Олон улсад ч уг үйл явдлыг шүүмжилж ерөнхийлөгч Дмитрий Медведевт хүртэл хүний эрхийн байгууллагаас анхааруулж байсан юм. Нэгдсэн Орос намын ялалт Путины ирээдүйг бүрхэг болголоо хэмээн шинжээчид үзэж, түүний эрин үе дуусч байгаа тухай гадны хэвлэлүүд бичсэн юм. ИРАКИЙН ДАЙНЫГ ЦЭГЛЭВ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама арванхоёрдугаар сарын 15-ны өдөр найман жил үргэлжилсэн Иракийн дайнд төгсгөл ирснийг дэлхий даяар зарлав. "Иракийг чөлөөлөх” ажиллагаа АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн тушаалаар 2003 оны гуравдугаар сарын 20-нд албан ёсоор эхэлсэн гэж үздэг. 2011 оны арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар дайнд нийт 4487 америк цэрэг, өөр улсын 317 цэрэг амиа алдсан байна. Мөн Иракийн 120 мянга гаруй энгийн иргэн үрэгдсэн гэсэн тоо баримт бий. АНУ он дуустал Иракаас цэргээ гаргаж дуусна гэдгээ мэдэгдсэн бөгөөд цаашид тус улсын найдвартай түнш байх болно гэдгээ амласан юм. ЯЗГУУРТНУУД ТАНСАГ ХУРИМ ХИЙВ Хунтайж Уильям Тавдугаар сарын 1,2-ны өдөр Лондонгийн Вестминстерийн сүмд Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям болон Катерин нарын дэлхийг донсолгосон нижгэр хурим болов. Хуримын арга хэмжээг үзэхээр Их Британийн өнцөг булан бүрээс 600 мянга гаруй хүн ирсэн гэдэг. Шинэхэн гэрлэгсдэд Их Британийн хатан хаан II Элизабета Кембрижийн гүн, гүнгийн ахайтан цол хүртээсэн юм. Монакогийн ван II Альбер Долоодугаар сарын 1,2-нд Монако хэмээх 36 мянган хүн амтай жижигхэн улсын ван II Альбер Олимпийн аварга Шарлин Уиттсток нар хуримаа хийсэн билээ. Хуримын ёслолын арга хэмжээ Монте Карло дахь "Гримальди өргөөнд” болсон юм. Тэдний хуриманд дэлхийн урлаг соёлын одууд, улстөрчид, цуутай баячууд уригдсан байлаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн язгууртны хурим Кембрижийн гүнгийн хуримаас дутахааргүй сайхан болсон билээ. Бутаны хаан Жигме Кхерсар Намгьял Вангчук Гималай нурууны зүүн хошуунд орших Бутан улсын хаан аравдугаар сарын 13-ны өдөр хуримаа хийв. Дэлхийн хамгийн залуухан хаан 31 настай Жигме Кхесар Намгьян Вангчук өөрөөсөө 10 насаар дүү Жэцун Пема гэх сайхан бүсгүйтэй хуримлав. Түүний гэргий Их Британид боловсрол эзэмшиж буй нэгэн юм. Гурван өдрийн турш үргэлжилсэн тэдний хурим найр ард түмнээ тун ч их баярлуулсан гэдэг. | |
|
Total comments: 0 | |