Main » 2011 » есдүгээр сар » 20 » Америкт ядуу хүн гэж хэнийг хэлэх вэ?
3:53 PM
Америкт ядуу хүн гэж хэнийг хэлэх вэ?
 

Америкт ядуучуудын тоо хамгийн их болсон  (a record number of Americans are living in poverty), ядуучуудын хувийн жин 15.1 хувь, мөн ядуучуудын тоо дөрөв дэх жилдээ дараалан өсч байгааг бид өнгөрсөн мягмар гаригт олж мэдлээ.
Гэвч эдгээр хуурай тоо ядуурлын үр нөлөө америк хувь хүнд хэрхэн тусах вэ гэсэн асуултад бүрэн хариулж чадахгүй. Тухайлбал, ядуурлыг яаж тодорхойлох вэ? Ядуу хүнд ямар тодорхой гачаал бэрхшээл тохиолддог вэ? Америкт өнөөдөр ядуу байна гэдэг юу гэсэн үг вэ?

Хүн амын тооллогын товчоо $11,139-оос бага орлоготой хүнийг, эсвэл $22,314-оос бага мөнгөөр амьдарч байгаа 4 хүнтэй өрхийг ядуу гэж тодорхойлжээ.  Гэвч 40 гаруй жилийн өмнө боловсруулан гаргасан энэ хэмжүүр яав ч нарийн хэмжүүр биш.

Энэ хэмжүүр айл өрхүүдэд үзүүлдэг дэмжлэг тусламжид чухал үүрэгтэй хоол хүнс, байрны хөнгөлөлт гэх мэт мөнгөн бус тэтгэмжийг багтаадаггүй. Хүн амын тооллогын товчоо Америкийн нутгийн янз бүрийн хэсэгт амьдралын өртөг асар их ялгаатай байдгийг, мөн хүмүүс хүүхдийн асрамж зэрэгт мөнгө зарцуулдагийг тооцож, тодорхойлолтондоо тусгаагүй байна. Тийм болохоор америкчуудын эдийн засгийн жинхэнэ сайн сайхан байдлыг яг таг хэмжих нарийн арга бүр эхнээсээ л байсангүй. Ийм учраас Хүн амын тооллогын товчоо өнөөгийн системийн зарим дутагдлыг арилгасан шинэ хэмжүүр боловсруулж,  үүний үндсэн дээр гаргасан урьдчилсан дүнгээ ирэх сард танилцуулахаар төлөвлөж байгааг илтгэлдээ дурджээ.

Үндсэндээ, орчин үеийн эдийн засгийн нөхцөлд "ядуурал” гэдэг нэр томъёо өөрөө биднийг төөрөгдөлд оруулж байна гэж зарим хүмүүс үзэж байна. Heritage Foundation Сангийн илтгэлд (report by the conservative Heritage Foundation) "америкчуудын ихэнх нь ядуурал гэдэг энэ үгийг сонсоод амьдралын үндсэн хэрэгцээт зүйлүүд болох тэжээллэг хоол хүнс, орон байр, хувцсаа авч чаддаггүй хүний тухай боддог” гэж тэмдэглэжээ. Бодит амьдрал дээр ихэнх ядуучууд тийм биш гэдгийг холбооны улсын хэмжээнд явуулсан бусад судалгаа харуулж байна.  Амьжиргааны түвшин улам дээшилж байгаагийн ачаар олон буюу ихэнх ядуу америк хүн интернэт, кабелийн телевиз, аяга сав угаагч машин зэрэг эд зүйл хэрэглэж байна. Энэ нь тансаг хэрэглээ биш ч, ядуурал гэдэг үгний толгойд буулгадаг үгээгүй хоосны дүр зургаас тэс өөр юм.
Дээрх илтгэлийг зохиосон Роберт Ректор, Рэйчел Шеффилд хоёрын бичсэнээр, гэр орны тохь тух, орон байрны нөхцөл, хоол хүнсний хэрэглээ, тэжээллэг чанар зэргийг аваад үзэхэд америкийн ядуучуудын амьжиргааны бодит түвшин бодсоноос хавьгүй өндөр байна.

Ядуучуудын амьжиргааны түвшин хэдэн арван жилийн өмнөхөөс хамаагүй илүү сайжирсан хэмээн Heritage илтгэлийг зохиогчдын дэвшүүлсэн үндсэн санааг ядуурлын асуудалд илүү анхаарал хандуулахын төлөө тэмцэгчид хүлээн зөвшөөрч байна.  Гэсэн хэдий ч, энэ илтгэл ядуурлын тухай бүгдийг өгүүлсэн зүйл биш гэж тэд хэлж байна.
Ядуу гэр бүлүүд зарим хэрэглээндээ тусламж авах боломжтой байдаг боловч үндсэн хэрэгцээ хангамжийн талаар ихээхэн бэрхшээлтэй тулгардагийг нотлох олон баримт байгаа нь эргэлзээгүй. Энэ сард хэвлэгдэн гарсан АНУ-ын ХААЯ-ны илтгэлд (U.S. Department of Agriculture report) дурдсанаар америк айлуудын 14.5 хувь нь буюу нийтдээ 17.2 сая айл өрх өнгөрсөн онд "хүнсний аюулгүй байдлаа хангаж чадаагүй” хэмээн тодорхойлогджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ядуу өрхүүдэд хүнсний хангамжаа хангалттай бэлдэхэд нь мөнгө, бусад хэрэгсэл  дутагджээ гэсэн үг. Ядуурлын түвшинд ойрхон буюу түүнээс бага орлоготой хүмүүсийн хувьд хүнсний аюулгүй байдал улам их өсч байна.

Ректорийн хэлснээр хүнсний аюулгүй байдал гэдэг нь заавал ядуу айл өрхүүд хагас дутуу хооллодог гэсэн үг биш аж. Яагаад гэвэл, энэ асуудал зөвхөн богино хугацаанд л тохиолддог . Гэхдээ л тэдэнд аж амьдрал сайтай америкчуудын төсөөлдөггүй зовдон бэрхшээл тулгардаг байна.

Үндсэн хэрэгцээгээ хангах асуудал зөвхөн ганц асуудал биш юм. Брукинс хүрээлэнгийн Рон Хаскинсийн хэлснээр хүн амын бусад бүлэгтэй харьцуулахад америкийн ядуучуудын амьдрал өдрөөс өдөрт хэцүү болсоор байгаа аж. Цахилгаан тасрах, байр эсвэл машины мөнгөө төлж чадахгүй болох, бусадтай юмаа хуваах, хамт амьдрахад хүрэх зэрэг үзэгдэл ядуу хүмүүсийн дунд улам нэмэгдсээр байна. Ядуурал бас сургууль завсардалт, өсвөр насны хүүхдийн жирэмслэлт нэмэгдэх явдалтай нягт холбогдож байна. Америк бол Бангладеш биш, гэхдээ л ядуурал ихтэй байна гэж Хаскинс хэлсэн байна.
Засгийн газар олон тооны хөтөлбөр хэрэгжүүлсний ачаар ядуу америкчуудын тоо өнөөгийнхөөс илүү нэмэгдээгүй. Төрийн бодлого, хөтөлбөр ядуу хүмүүст зориулж маш их зүйл хийж байна. Эдгээр хөтөлбөр байгаагүй бол ядуурлын түвшин илүү өндөр байх байсан гэж Хаскинс тэмдэглэсэн байна. Хүн амын тооллогын товчооны илтгэлд дурдсанчлан зөвхөн нийгмийн хамгаалал ба ажилгүйдлийн тэтгэмжийн хүчинд 23.5 сая америк хүн ядуурлаас ангид амьдарч байна.

Зарим стандартаар аваад үзэхэд америкийн ядуучууд сайн амьдарч байгаа ч гэсэн нэмэгдсээр байгаа ядуурлын өсөлтөд санаа зовохгүй байхын аргагүй. Хэрэв та АНУ-ыг хөгжиж байгаа орнуудын ард иргэдтэй харьцуулбал, ядуу нөхцөлд амьдарч байгаа америкчууд харин ч хангалуун амьдралтай. Гэхдээ тухайн орны стандарт жишгийг харах нь чухал гэж Брукинс хүрээлэнгийн Изабел Сохил хэлжээ.

Views: 519 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]