Main » 2011 » есдүгээр сар » 24 » Бөхчүүд хоолонд ихэнх мөнгөө зарцуулж байгаа аж
7:52 AM
Бөхчүүд хоолонд ихэнх мөнгөө зарцуулж байгаа аж
 
Өвөрмонголын өөртөө засах оронд 2007 онд 2048 бөх барилдаж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм.

Энэ тоог манай улс давуулж, дэлхийн дээд амжилтыг эвдэхээр 4000 гаруй бөх барилдуулахаар төлөвлөсөн ч бөхөд хайртай монгол түмэн дарга, даамал гэлтгүй эх орныхоо өнцөг булан бүрээс ирэхэд юун 4000 бөх. Нийт 6000 гаруй бөх барилдахаар бүртгүүлж, олны нүдийг орой дээр нь гаргах дөхсөн.

Тэд эхний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хэрхэн багтаж, шингэхээ мэдэхгүй Үндэсний бөхийн холбооныхныг сандаргаж байсан. Харин өнөөдөр барилдах ээлжээ хүлээсэн, хөдөөнөөс ирсэн бөхчүүд төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа "орогнож" байна. Энэ талаар бид сурвалжилсан юм.

Биднийг очиход төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хүн, машины түгжрэл үүссэн үү гэлтэй байлаа. Бас наадмыг санагдуулам хуушуурын үнэр ханхалсан жижиг асрууд, "Хуушуур 500 төгрөг" гэж орилох худалдагч нар олон. Хуушуурын асрыг тойрч, өнгийн дээлээр гоёж, зодог бүсэлсэн нүд дүүрэн сайхан эрс холхилдох нь хараа булаах аж. Тэнд байсан бөхчүүдтэй хэсэг яриа өрнүүлэхэд Говьсүмбэр аймгаас ирсэн сумын начин И.Жамъянхорлоо "Уг нь байранд оруулна гэж байсан ч оруулаагүй. Бид арвуулаа ирсэн. Зургаа нь зочид буудалд байрлаж байгаа. Ихэнх мөнгөө хоолонд зарцуулж байна. Хамгийн хямдаар бодоход нэг удаа хоолонд ороход 40 гаруй мянган төгрөг гаргаж байна" хэмээсэн юм.

Тэд модны сүүдэрт хэсэг хэсгээрээ суун хөөрөлдөж байлаа. Бас өөрсдийн зургийг худалдаж авахаар зурагчид дээр шавах бөхчүүд энд олон байв. Зурагчид ч бяцхан бизнес хийгээд амжжээ.

Залуу бөхчүүдийг аваргатай барилдаж байхад нь авсан агшнаа нэлээд үнэ хүргэн зарж байх жишээтэй. Харин хөдөөнөөс ирээд нэлээд хэд хоносон бөхчүүдийн халаас дундарсан бололтой. Үнээ буулгахыг гуйсан ч зурагчид буух шинжгүй ээ. Байрлах байр, хоол унд муутай байгаа орон нутгийн хэдэн бөхчүүдийн бор гэдсийг бордогч хуушуур 17 асар, дөрвөн зураг угаагч шуурхай гэгч нь үйлчилж байв. Энд хуушуурын үнэ, хийц боломжийн санагдсан ч жижиг "Түц"-үүдэд хамгийн гол хэрэглээ ундаа, усны үнэ харьцангуй үнэтэй аж.

Жишээ нь 1200 төгрөгийн жүүсийг 1800-2000 төгрөгөөр зарж байгаад нь сэтгэл бүрэнхийлчихлээ. Тэглээ гээд "Ямар цангаж үхэлтэй биш дээ" хэмээн авч уух аж. Бидэнтэй цэнгэлдэхийн гадуур зөрж өнгөрч байгаа тэр олон хүмүүс дотор монгол дээл, залаа дэрвэсэн малгайгаа өмчихсөн өвгөн бөхчүүд өл хоол, ядрангууг эс анзааран сэтгэл баясалтай хөөрөлдөж үзэгдэнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орж Монголын үндэсний бөхийн холбооны менежер, улсын тайлбарлагч С.Гантөртэй тэмцээний зарим зүйлийн талаар ярилцсан юм.

-Ямарваа тэмцээн уралдааныг зохион байгуулахад хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Тэр тусмаа энэ том алхмыг хийж байгаа та бүхэнд төр засгаас дэмжлэг, туслалцаа хэр үзүүлсэн бэ?
-Төр засгаас одоохондоо гар дээр бэлэн, нүдэнд харагдтал өгсөн зүйл алга л байна. Гэхдээ нээлтийн үеэр Ерөнхий сайд мөнгөн тусламж үзүүлнэ гэсэн. Барилдааны дараа болох байлгүй дээ.

-Ерөнхий сайд яг хэдэн төгрөгийн хандив өгнө гэж ам гарсан бэ. Нууц биш бол хэлэхгүй юу?

-Яг тодорхой тоо хэлээгүй. Ямар ч байсан өгөх байх гэж найдаж байна. Энэ барилдаан бол зохион байгуулж байгаа хэдэн хүмүүсийн эрх ашиг биш. Та бүхэнд ч хамаарах зүйл. Бүхэл бүтэн Монголчуудын их соёл, өвөг дээдсийн минь үлдээсэн том бэлэг. Үүнийг бид дэлхийд таниулах ёстой.

-Барилдааныг зохион байгуулахад хичнээн төгрөгийн өртөг гарч байна вэ?
-Урьдчилсан байдлаар 350-360 сая төгрөг гарах байх гэж тооцоолсон. Гэтэл өнөөх 4096 бөх гэж байтал 6002 болсон. Тэгэхээр зардал нэмэгдэх нь ойлгомжтой.

-Өөр гадны байгууллага, хувь хүмүүс хандив, дэмжлэг туслалцаа өргөсөн үү?
-Мэдээж энэ барилдааныг явуулахад асар их зардал мөнгө гарах нь ойлгомжтой. Манай холбоо ашгийн бус байгууллага. Бөхийн өргөөнд болсон урлагийн тоглолт, уралдаан тэмцээн, бөхийн барилдаан, хандив тусламжаар санхүүждэг. Бид анх нэг хандивын тоо гаргасан юм. Хандив өргөх хүмүүс 50 мянгаас доошгүй, үүнээс дээшгүй мөнгөн хандив өргөж болно гэсэн. Гэтэл тэр ч биелээгүй. Манай холбоо TV9 телевизтэй хамтраад нэвтрүүлэг явуулсан. Харин түүгээр 60 гаруй сая төгрөг цугларсан. Мөн л зарим нь гар дээр ирээгүй л байна. Одоогоор зав чөлөөгүй байгаа болохоор санхүүгээ тооцож чадаагүй л байна.
Views: 542 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]