9:34 AM Б.Заяабалыг ТӨХ-ны даргын сонгон шалгаруулалтаас хасчээ | |
-ТӨХ-ны даргаар "MCS”-ийн Ганбат томилогдож магадгүй- Б.Заяабал ТӨХ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын зүтгүүлсэн Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны даргын сонгон шалгаруулалтаас хасчээ. Б.Заяабал хасагдсанаар "MCS” ХХК-ийн Концессын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Ганбат, ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддорж нарын нэр дээгүүрт бичигдэж байгаа аж. Ц.Нанзадоржийн хувьд өмч хувьчлалын асуудлаар АТГ-т шалгагдаж байсан юм байна. Юутай ч Б.Заяабалыг "...Төрийн албанд 10 доошгүй жил ажилласан, орос хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх...” зэрэг мэргэжлийн зайлшгүй шаардлагыг хангаагүй гэж үзсэнээр сонгон шалгаруулалтаас хассан байна. Б.Заяабал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээс төрийн албанд ажиллах гараагаа эхэлсэн гэхэд болно. Ч.Хүрэлбаатар УИХ-д сонгогдсоны дараа түүнийг харж үзэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж, ЭБЭХЯ-нд ажилд оруулж байж. Гэтэл хуурамч бичиг баримтаар төрийн албанд шургалсан гэдэг нь илрэх үед түүнийг ТӨХ-нд шилжүүлж, гал намжаасан. Ингэхдээ бас ч үгүй Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга гэх томоохон албан тушаалд залжээ. Харин Б.Заяабалын давруу зан хэрээс хэтэрч, хуурамч бичиг баримтаар төрийн байгууллагад газрын дарга хийгээд явж байгаа нь багадаж, ТӨХ-ны дарга болохоор санаархав. Яах вэ, эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг эрчүүд юм болсон хойно юм юманд л санаарах байх. Гэхдээ аливаа юм хэмжээ хязгаартай гэдгийг Ч.Хүрэлбаатар дарга сайн ойлгодогг үй бололтой. Чоно борооноор гэдэгчлэн Ерөнхий сайд С.Батболд, Элчин сайд В.Энхболд нарын тохиролцоог ашиглан Б.Заяабалыг дундуур нь зүтгүүлсэн боловч ийн бүтэлгүйтэв. Яаж ч бодсон төрийн албанд гурван жил ажилласан хүн ТӨХ-ны дарга болж чадахгүй шүү дээ. Б.Заяабалын энэ гэнэн алхам харин ч өөрийг нь хэрэгт унагаж мэдэх юм. АТГ-аас хуурамч бичиг баримтаар төрийн албанд шургалсан этгээдүүдийг шалгаж багагүй зовоодог. Магадгүй АТГ өдгөө Б.Заяабалыг онилчихсон ч байж болох юм. Байдал бишидвэл Б.Заяабал хууль бусаар төрийн албанд гурван жил ажилласан хэрэгт унах магадлалтай. Ямартай ч Б.Заяабалыг сонгон шалгаруулалтаас хассан энэ удаагийн Төрийн албаны зөвлөлийн шийдвэр нүдээ олох шиг боллоо. Г.Наранцацралт | |
|
Total comments: 0 | |