2:15 PM Бууны Сумны наймаанд багачуудыг уруу татаж эхэлжээ | |
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч Д.Лүндээжанцан гишүүн горимын санал тавьж долоо хоногоор хойшлуулсан. Тэрбээр "Энэ бол гаргах шаардлагатай хууль. Анх 2000 онд их юм болж байж, буутай буугүйгээрээ бараг хуваагдаж, нэг хүнд олон буу байх вэ гэхчлэн хоёр, гурван хоног хэлэлцэж байж гаргасан хууль” гээд "Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Эргэлзээгээ сайтар тайлах хэрэгтэй ” хэмээсэн юм.
Мөн Ж.Энхбаяр гишүүн "Гадаад орнуудад ангийн буугаар нэг удаа таваас дээш сумаар буудахыг хориглодог. Тэгж ангийн нөөцөө хамгаалдаг. Сүүлийн үед гурав, бүр нэг сум хэрэглэдэг болгосон. Одоо спортын, агнуурын, дурсгалын гэж галт зэвсгийг ангилах цаг болсон. Дахин сайн хэлэлцэх зүйл бий” гээд хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг дэмжив. Гишүүд энэ хуулийн талаар нэгийг бодсон нь ойлгомжтой. Харин бид хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэх агшинд өмнөх хуулийн цоорхойгоор цөөн хэдэн баримтыг уудлав. Монгол Улсад Галт зэвсгийн тухай хуулийг шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш есөн жилийн дараа буюу 2001 оны дөрөвдүгээр сарын 26-нд тухайн үеийн УИХ-ын дэд дарга асан Д.Бямбадоржийн гарын үсэгтэйгээр таван бүлэгтэй хуулийг анх баталж байжээ. Түүнээс хойш тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй бөгөөд одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг Галт зэвсгийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12.3-т "Галт зэвсэг нийтэд худалдаалах төв нь Монгол Улсад нэг байх бөгөөд салбар байгуулж болно” гэсэн заалт байдаг. Тэгвэл энэ заалт хэр үүргээ гүйцэтгэж байгаа юм болов оо. Улаанбаатарын томоохон худалдааны төвүүд болон ангийн хэрэгсэл зарна гэх дэлгүүрүүд, хөдөө орон нутагт дэлгүүр, хоршоогоор зөвшөөрөлгүй сум худалдаалагчдыг анзаарах хууль хяналт, төр гэгч алга. Энэ бол "хууль бус сумны наймаа” хэмээн нэрлэгдэх нэгэн төрлийн бизнес. Гэтэл энэ зөвшөөрөлгүй худалдаалах бууны сум зориулалтын бус дарины агууламжтай байх нь сэтгэл түгшээмээр… Бас ээж, хүү, аав гээд гэр бүлийн бизнес болж байгаа нь ямар санагдаж байна. Тэд төрөөс ч, хуулиас ч үл эмээнэ. Тэднийг цагдаа ч үл анзаарна. Гэтэл хуулиасаа ухаан алдатлаа айж, гар, хөл, нүүр амаа нүд хальтрам болтол түлж, амиа алдахын дэнсэн дээр очсон ч чимээгүй гэгч нь амаа таг үддэг заншил бас нэг хэсэгт нь тогтсон аж. Бид энэ талаар "бусдын нүдэнд үл өртсөн” цөөн хэдэн баримт өгүүлье. Баримт нэг. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн иргэн 20 настай А.Мурат энэ оны долоодугаар сард калибр маркийн ангийн зориулалттай буугаар Ерөөлөг хэмээх газар тарвага агнахаар явж байжээ. Тэрбээр ангаа буудахаар эхний удаа гохоо дарахад гал аваагүйгээс болж сум нь гараагүй аж. Хэсэг хормын дараа замгаа түлхчихээд шагайх гэтэл гэнэт сум замган дотроо гох дараагүй байхад дэлбэрэн А.Мурат нүүрний баруун хэсэг, нүдний зовхи орчмоо түлжээ, Тэрбээр Улаанбаатар хотоос зургаан сард хоёр хайрцаг калибрын сум авахуулсан нь энэ аж. Тарвага гэгч хүн болгоны ходоодны хорхой хөдөлгөсөн энэ амьтныг ойрын хэдэн жил агнахыг хориглосон. А.Мурат цагдаагийн байгууллагад хандах гэхээр хуулийн хорио зөрчсөн хэрэг болох учраас цагдаад ч хандаж чадалгүй тэндээ намжаажээ. Баримт хоёр. Ховд аймгийн дуут сумын иргэн 23 настай Г (нэрээ нууцлахыг хүссэн) энэ оны наймдугаар сарын 10-ны орчим мөн л тарвага агнаж байгаад замган дотроо гал авахуулж баруун гараа даринд түлжээ. Аав Алтай нь сум авсан газартай нь "тооцоо бодох”-оор хуулийн байгууллагад хандах гэсэн боловч зөвшөөрөлгүй ан хийж байсан учраас мөн л араа боджээ. Манай
улсад ихэвчлэн Америк, Герман, ОХУ, БНХАУ-аас ангийн зориулалттай гэх
сум нэвтэрдэг. Эдгээрээс хамгийн эрсдэл ихтэй, аюултай нь өмнөд хөрш
БНХАУ-аас стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бус сум
худалдаалж байгаль орчин, хүний амь насанд аюул учруулж байгаа талаар
холбогдох байгууллага болон иргэд хэлж байгаа. Дээр гарсан золгүй
тохиолдлуудыг шалгахад калибрын суманд том ангийн зориулалттай сумны
дарь хийсэн байжээ. Бид "Хууль бус сумны наймаа эрхлэгч”-д үүрэлсэн гэх "Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо. Энд 2009 онд 30 гаруй, одоогоор 20 орчим иргэд байдаг аж. Хамгийн их сэтгэл түгшээсэн нэгэн зүйл харагдсан нь "Сумны наймаа” гэр бүл, түүн дотроо бүр хүүхдийг татан оруулсан байгаа нь нэн хачирхалтай. "Нарантуул” захын өргөтгөлөөр ороход "Сум байна. Сум байна” гэх жижиг цүнх өмнөө зүүсэн эмэгтэйчүүд энд тэндгүй тааралдана. Тэндээс гарч баруун талд нь байрлах Нарантуул захын барааны төв хэсэг дотор ороход хулдаасны худалдааны ойролцоо 15 орчим насны нэгэн хүүхэд "Сум байна. Сум байна” гэх нь сонстов. Түүнээс хэдэн үг тодруулсан юм. -Чи сум зарж байгаа юм уу? -Тийм ээ. -Хоёр төрлийнх байгаа. C үсэгтэй шар сум ,VE үсэгтэй хар сум байна. -Найдвартай, баталгаатай байж чадах уу? -Найдвартай. Хүмүүс авч яваад тэглээ ингэлээ гэж гомдоллож байгаагүй. -Сумаа хаанаас оруулж ирдэг вэ? -Оросоос. -Та яг авах юм уу? -Авна аа. Хөдөө явуулах гэж байгаа юм. Чи наанаа байж байгаарай. Би банк ороод ирье гэхэд мөнөөх хүү "За тэгээрэй. Ирэхээр чинь цайны газар орж ярилцъя” гээд үлдсэн юм. Ийн байтал хүүгийн аав дөч орчим насны хүн ирээд биднийг анзаарав бололтой түүнийг дагуулаад явав. Уншигч та энэхүү бичил ярианаас нэлээдийг тунгаана байх. "Сумны наймаа” гэгч ямар хүрээг хамарч байгааг бас нэг нь мөнгөний төлөөх давшилтаар хажуудаа таарсан юуг ч үл анзаарч байгааг… Энэ бол эмгэнэл, айдас, аюул. Тэдний хамгийн их зардаг сум нь калибр маркийн бууных. Сум нь дотроо L, LW, LWL, V гэсэн төрлүүдтэй ба хар, шар өнгөөр ялгагдана. Шар өнгөтэй буюу LW, L үсэгтэйг нь анчид хүч сайтай гэх боловч цаанаа "маапаантай” нь энэ төрөл. Үүнийг сум худалдаалагчид "Америкаас оруулж ирсэн, ямар ч анг хөнөөх чадвартай” гэхчлэн хамгийн их "рекламдаж” зарна. Өнгөрсөн хавраас зун хүртэл манайд сум бараг олдохоо байв. Энэ үед бүр хайрцагаар зарна гэсэн ойлголт байхгүй болсон. Зөвхөн ширхэгээр. Нэг ширхэг нь 1500-2000 төгрөг. Бүтэн хайрцагаараа олдвол 65-70 мянган төгрөг. Харин нэхийний ченж хийдэг гэх нэгэн эр хаагуураа ч юм бөөнөөр сум оруулж ирээд 100-аас дээш хайрцаг авбал 40 мянгаар өгнө хэмээн захынхны мөнгий нь шавхсан гэнэ. Гэтэл цагдаагийнхан "Бид үүнтэй сайн тэмцэж байгаа” гэх. Харин амьдрал дээр арай өөр юм шиг. Цагдаагийн байгууллага нь муу ажиллаад байна уу, хууль бус наймаачид нь сэргэлэнтээд байна уу. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс "2009 оны байдлаар "Нарантуул” олон улсын худалдааны төвөөс карбин маркийн бууны сум 500 ширхэг, калибр 1200 ширхэг, АКМ 1100, бинтов 456 нийтдээ 3256 ширхэг сум хураасан” гэх тоо хэлсэн. Дээрх тооноос харахад хамгийн их нь ангийн жижиг бууны буюу калибрын сум байна. Манай улсад зэвсэг эзэмшигч дийлэнх иргэд хөдөө орон нутагт байдаг. Гэтэл хоёрдугаарт АКМ хэмээх байлдаан, том ангийн зориулалттай бууны сум "давхиж” яваа нь нэн анхаарал татмаар. Энэ том бууны сум яах гэж ийм ихээрээ орж ирж байна вэ. Тэрхүү хураасан сумнаас хураагдаагүй нь 1100 хэмээх уг тооноос их байх нь ойлгомжтой. Учир нь цөөхөн ширхэг сумны зөвшөөрөл авчихаад түүнээсээ хэд дахин ихийг оруулж ирдэг нь дамжиггүй. Үүний цаана танил тал, хээл хахууль яваа нь тодорхой. Харин сүйхээтэй, азтай нэг нь далдуур оруулаад амжчихна. Энэхүү АКМ-ын эзэд нь бүгд өөрсдийгөө ангийн хорхойтнууд гэж авгайлах томоохон бизнесмэнүүд, ангийн бизнес эрхлэгчид. Монгол Улсын хэмжээнд 2010 оны байдлаар иргэн, хуулийн этгээдийн эдийн өмчлөлд 40894 мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаа гэсэн тоо гарчээ. Эдгээрийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 35652, харуул хамгаалалтын 1901, спорт сургалтын 156, үзмэр, урлагийн 280, цуглуулгын 59 ширхэг галт зэвсэг бүртгэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2005 онд 33160, 2008 онд 38355, 2009 онд 39271 галт зэвсэг бүртгэгдсэн нь жилд дунджаар 1700 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа бөгөөд "Цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа” хэмээн нийслэлийн Цагдаагийн газрын Зэвсгийн хэлтсийн байцаагч, ахлах дэслэгч Л.Эрдэнэбаатар хэлсэн юм. Өдрөөс өдөрт монголчуудын амьдрал дээшлэх хэрээрээ заль, булхай нь нэмэгдэж "хөшигний цаана” элдэвтэн олширох нь ээ. | |
|
Total comments: 0 | |