"Намайг дагаад цэнгэ”, "Хүнийх”, "Ламбугайн нулимс” гээд тухайн үедээ залуусын дунд хит болж байсан дууны эзэн "Люмино” хамтлагийнхан бүгд гэр бүлтэй болж, намба суужээ. Бодож сэтгэх, өмсөх зүүх гээд өөрчлөгдсөн зүйл олон. "Бямбын ярилцлага”-ын хойморт тус хамтлагийн гишүүн МС буюу Д.Тэмүүжинг урилаа. МС хоёр хүүхэдтэй. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон гэнэ. Тэрбээр саяхнаас бие даан уран бүтээл хийх болсон юм.
-МС энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?
-Зуны сайхныг мэдрээгүй л дуусгачихлаа. Их л богинохон зун болсон шиг санагдлаа.
-Ажил ихтэй байсан болоод тэр үү?
-Тэгтлээ их ажиллаагүй ээ. Өмнө нь бэлтгэсэн видео бичлэгүүд дээрээ л ажиллалаа.
-Бие дааж хэдэн цомог гаргачихав?
-Хоёр цомог, нэг ном хэвлүүлсэн. Нээлтийг нь нэг их сүртэй хийгээгүй. Одоо л дуугаа телевизээр цацна. Бид хамтлагаараа "Монгол хүн 2020” хөтөлбөрт оролцож, эх орноо тойрч тоглолт хийсэн юм. Одоо долоон аймаг дутуу байгаа. Хавар тоглолтоо дуусгачихаад бүгдээрээ АНУ руу явсан. Тухайн үед хэвлэлтэд явуулсан цомог маань ирж таарсан. Наадмын дараахан АНУ-аас ирсэн. Саяхнаас л ажилдаа орж байна.
-"Люмино” хамтлагийнхныг хувийн ажлаа эрхлээд уран бүтээл хийхгүй байгаа гэж бодож байлаа.
-Үгүй ээ, манай хамтлаг тараагүй. Тоглолт хийж одоо л хуучны дуунуудынхаа үр шимийг хүртэж байна шүү дээ.
-Яагаад ?
-2004-2005 онд "Намайг дагаад цэнгэ”, "Хүнийх” зэрэг дуу хит болж байсан ч гэсэн одоогийнх шиг хүн бүхэн дагаад дуулах хэмжээнд хүрээгүй юм. Одоо бол олон хүний дурсамжийг сэргээсэн дуунууд болжээ. Бүгд дагаад дуулж байна. Ер нь үзэгчид хамгийн сүүлд гаргасан дууг дагаж дуулахаас илүү хуучны дуунд дуртай байдаг. Тэгээд ч үе тэнгийн олон хамтлагаас "Люмино” ганцаараа тунаж үлдлээ шүү дээ.
-Хуучны дуунуудаар тоглолт хийхдээ өмнө нь дуулсан бичлэгээ ашигладаг уу?
-Үгүй. Манай хамтлаг бичлэг тавьдаггүй. 2000 оноос хойш нэг ч удаа ам бариагүй. Бүх дуугаа шинээр, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө дуулдаг.
-МС нүдний шилгүй зураг авахуулах нь ховор. Гэтэл саяхан чиний тоглосон "Танихгүй охины захидал” уран сайхны киног үзлээ. Тэр үед нүдний шилэнд үнэнч биш байжээ?
-Тэр үед гэнэдээд шилээ авчихсан юм.
-Киног та нарын амьдралаас сэдэвлэж хийсэн үү?
-"Танихгүй охины захидал” кинонд тоглохдоо 17 настай байсан. Эргээд бодоход тэр кинонд гарч байгаа амьдрал 17 настай хүүгийнх яагаад ч биш. Манай менежер Гантөмөр гоё кино хийе гээд баг бүрдүүлээд хамтлагаараа тоглосон. Дөнгөж гарсныхаа дараа шуугиан тариад л олон хүн үзсэн. Надад ч таалагдсан. Харин одоо үзэхэд 17 настай хүү хэдийдээ тийм олон хүүхний амьдралаар тоглох юм бэ. 30 настай л залуугийн амьдрал шиг санагдсан.
-Та хэдэн настайдаа аав болсон бэ?
-25 настайдаа аав болсон. Би одоо 30 хүрч байна.
-Хип хоп дуулаад 13-14 жил болжээ. Туулсан амьдрал уран бүтээлийнхээ юугаар нь бахархдаг вэ?
-Ямар нэгэн зүйлийг удаан хугацаанд, чанартай хийснээрээ бахархаж болно. Монголын хип хопын ерт өнцөд олон хамтлаг дуучин байсан. Тэдний ихэнх нь хасагдаж байхгүй болсон байна. Замын дундаас шантралг үй, сонирхсон зүйлдээ үнэнч байж, бүхнийг зохицуулаад явж байгаагаараа бахархдаг. Хүн ер нь алгуурлаж сууснаас олон юмыг амжуулаад завгүй хөдөлмөрлөх тусмаа амжилтад хүрдэг.
-Тэгвэл харамсдаг зүйл бий юү?
-Би өнөөдөр нэг зүйл хийчихээд маргааш нь харамсдаг хүн биш. Тийм ч том алдаа гаргаж байгаагүй. Өөртөө зөв гэж бодсоноо хийгээд, зөв л амьдарч байгаа.
-Монголын шоу бизнесийн ертөнцөд зөвхөн дуугаа дуулаад хангалттай сайхан амьдрах боломжтой юу?
-2004 онд "Люмино” хамтлагийн "Гэрэлт хорвоо” цомог 15000 хувь борлогдсон байдаг юм. Монголын хувьд хамгийн олон ширхэг зарагдсан цомог нь Болдын "Хайрын хүч”, хоёрдугаарт бүдэг манай "Гэрэлт хорвоо”. Тухайн үед ганц бие ч байж, сарын орлого ч хангалттай байлаа. Аан нээрээ, харамсдаг зүйл байгаа юм байна. Амьдралынхаа нэлээн олон жилийг шоудаж өнгөрүү лсэндээ харамсдаг. Архи дарс ууж, хэрэгт ороогүй ч үр бүтээлгүй олон жилийг өнгөрүүлсэн. Харин гэр бүлтэй болсноосоо хойш амьдралынхаа жинхэнэ шугамыг олсон. Өмнө нь бусад зүйлийг хайхралгүй уран бүтээлээ л хийж явсан.
-Яагаад ном бичих болсон юм бэ?
-"Secret of hip hop” номыг 2008 онд бичиж эхлээд энэ онд хэвлүүллээ. 1998 оны сүүлчээр нэгэн хөгжмийн нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгч байхад телевизийн сэтгүүлч надаас "Хип хоп гэж юу вэ, хип хопчин гэж хэн бэ” гэж асуусан. Би тухайн үеийнхээ мэдлэгээр хариулсан. Дараа нь 2008 онд өөр нэг телевизийн нэвтрүүлэгч яг тэр асуултыг дахин асуусан. Ингээд би Монголд хип хопын тухай ямар ч ном байхгүй, зөвхөн хип хоп сонсдог хүмүүс амнаас ам дамжин мэдлэгээ хуваалцдаг юм байна гэдгийг анзаараад ном бичихээр зорьсон. Миний номыг уншсан хүмүүс "Сайн болсон байна” гэж урмын үг хэлж байгаад баяртай байна.
-Өнөөдөр Монголын рок, поп, хип хоп дууны ертөнц нэг л нам гүм болчихсон юм шиг ээ. Өмнө нь "Камертон”, "Номин талст”, "Люмино”, "Ice top” хамт лагийнхны тоглолт байнга болж, үзэгч дийн цуваа ч тасардаггүй байж.
-Энэ бол цаг хугацааны асуудал. Түүнээс гадна өмнө нь хүмүүс сэтгэл зүрхээрээ хүсэж, тэмүүлсэн дуугаа сонсож тоглолт үздэг байсан. Харин одоо мөнгө төлж, FM болон телевизээр дуугаа цацаж байна. Сонсогчдыг хүсээгүй байхад нь ч хамаагүй дуугаараа "нүдсээр” байгаад хит болгож байна. Ийм хитийг сонсох гэж хүн очих уу. Ингэж хит болгосон дуугаараа уран бүтээлч нь тоглолт хийх үү. Цаг хугацааны эргэлтээр энэ бүхэн өөрчлөгдөх биз ээ.
-Шинэ цомгийн хавтасны зураг чинь 50 центийнхтэй төстэй харагдаж байсан. Гадаадын хип хоп дуучдаас хэний дууг сонсдог вэ?
-Үгүй ээ, янз бүрийн юм дуурайж хуулахаа болиод удаж байна. Дээр үед гоё санагдаад дуурайдаг л байсан. Цомгийнхоо хавтасны зургийг АНУ-д хийлгэсэн юм. 50 цент болон Жей Зитэй хамтарч ажилладаг хүнтэй интернэтээр холбогдож, мөнгө төгрөгийг нь төлөөд захиалгаар хийлгэсэн. Миний шинэ уран бүтээл бол Монголд өмнө нь байгаагүй цоо шинэ зүйл.
-Хип хопчид нэг талаараа яруу найрагчидтай адилхан юм шиг ээ. Яруу найраг сонирхдог уу?
-Би яруу найраг сонирхдоггүй, хүндэлдэг. "Бас л завгүй” зэрэг цомгийг сонсож л байсан. Гэхдээ шимтээд "Болор цом” үзээд явахгүй. Бидний үгээр илэрхийлж чадаагүй зүйлийг гайхамшигтай илэрхийлэхийг нь хараад хүндэтгэдэг.
-МС хувийн ямар бизнес эрхэлдэг вэ?
-Янз бүрийн л юм хийж байна. Аялал жуулчлалын талын ажил түлхүү хийнэ дээ. Би загас барих хообийтой. Цэвэр усны хамгийн том загас болох тул Монголд бий. Энэ нь гаднынхны сонирхлыг татдаг.
-Саяхан загас агнуурын спортын аварга шалгаруулах тэмцээн болсон гэсэн, оролцсон уу?
-Жаргалантад болсон гэсэн. Манай найз түрүүлсэн байна лээ. Би явж амжаагүй юм. Тэр ч яах вэ дээ, сонирхогчдын хэмжээний л юм.
-Хамгийн томдоо ямар хэмжээтэй тул барьж байв?
-1,5 метр урттай тул барьж байсан. Сүүлийн жилүүдэд том загастай бараг таараагүй. Ерөнхийдөө том тул ховордсон гэх үү дээ. Анх гуравдугаар ангид байхаасаа Дунд голоос могой загас, жараахай барьдаг байлаа. Тухайн үед Туул гол мөрөн шиг байжээ. Туул гол руу явахаас айна, хааяа л очно. Ихэнхдээ Дунд гол руугаа л явна. Харин идэвхтэй загасчлаад 10 гаруй жил болж байна. Өөрийгөө мэргэжлийн хэмжээний загасчин гэж боддог шүү.
-Одоо Орхон гол улаанаар урсаж байна. Монгол загасчны хувьд энэ талаар сэтгэл зовнидог уу?
-Миний цомогт иймэрхүү сэдэвтэй гурван ч дуу бий. "Хоосон сайр” дуугаа удахгүй дүрсжүүлнэ. Хэрвээ би алтны уурхайтай байсан бол ашигт хэтэрхий шунахгүй, нөхөн сэргээлтийг нь хангалттай хийгээд явах байсан. Уг нь шунахгүй бол тэгж зохицуулж болдог л юм шиг байна лээ. Загасчлаад явж байхад хөдөө хээр, голын эргээр зугаалсан хүмүүс хамаг хогоо бөөгнүүлээд хаячихдаг. Ийм хүмүүсийг хараад үнэхээр уур хүрдэг. Тэд бол шившиг.
-Тийм хүмүүст очоод үг хэлэхгүй ч уран бүтээлээрээ үүнийг шүүмжилдэг үү ?
-Хэлэхгүй
биш, очоод зодно ш дээ. Манай загасчин найзууд угаасаа тийм юманд
дургүй. Бид хогоо бөөгнүүлж шатаагаад, шатахгүйг нь авч яваад хогийн цэг
дээр хаядаг. Жинхэнэ загасчид алахыг урьтал болгодоггүй. Нийгмийн зарим
хог шаарнууд тор тавьж, дэлбэлж загас алдаг. Бид загас агнуурыг спорт
хэлбэрээр нь байлгахыг хүсэж байна. Тиймэрхүү юмнуудыг гол хэрэв амьтай
бол хараах байлгүй дээ.
Ж.СОЛОНГО