Далай багшийн сүсэгтэн олонтой уулзах төлөвлөгөө дуусч байгаа болоод тэр
үү өчигдөр Нисэх дэх Спортын ордонд найман настай балчраас наян настай
буурал хүртэл хөл гишгэх зайгүй цугларч хэдийнэ эрх судраа барин
залбирцгааж байв.
Спортын ордны гаднах талбай машин багтах зайгүй болтлоо дүүрч түүний
гадуур ч авто машинууд чихцэлдэнэ. Арга ч үгүй биз. Хүн бүхэн Далай
багшийг ойроос харах юмсан гэсэн чин хүсэлтэй зорьсон боловч харамсалтай
нь тэрхүү боломж зарим хүмүүст олдсонгүй.
Учир нь ордны дотор талын суудал, шат пиг дүүрч, түүний доогуур эгнэн
зогсоцгоожээ. Шөнийн 03, өглөөний 06 цагт ирсний хүчинд суудалтай боллоо
гэснийг сонсоход Далай багш монголчуудыг үнэхээр нэгэн зүгт хандуулж
чадлаа.
Хамгаалагчид 10 цагаас хойш хаалга барьсан нь сүсэгтэн олныг
бухимдуулахад хүргэсэн. Тэд танхим дотор зайгүй байна, нэмж битгий хүн
оруул гэж хэлсэн гэхэд Далай багшийг ганцхан харчихаад л гаръя гэж үнэн
сэтгэлээсээ гуйсан хүмүүс олон байлаа.
Гэвч сүүлдээ хүмүүсийн тэвчээр барагдаж дайран орж цагдаа иргэдийн дунд
багагүй зөрчилдөөн үүсэв. Энэ нь монголчууд Далай багшийг ямар их шүтэн
биширдгийг бэлхнээ илтгэх мэт. Хурлын төгсгөлд Далай лам суудлаасаа босч
танхимд суугаа хүмүүст хандаж хүндэтгэл үзүүлсэн. Ингэхдээ "Та нарт
баярлалаа. Та нар минь эв найрамдалтай байвал бүх зүйл санасан ёсоор
тань бүтэх болно” гэв.
Энэ үед сүсэгтэн олон Далай ламдаа хадаг эрхээрээ залбиран хурайлж байв.
Ингээд Далай лам Гандантэгчинлэн хийдийн зүг хөдөллөө. Энэ үед
шороогоор шуурч, байгаль дэлхий багагүй хилэгнээд авах шиг болов. Ёстой л
буянтай хүнд байгаль дэлхий хураа хайрладаг гэдэг үнэн юм даа гэж
бодогдов. Далай багш өнөөдөр 08 цагт Энэтхэг улсыг зорих юм.
Юутай ч Монголын бурхан шашны хөгжилд үлэмж хувь нэмэр оруулж буй
дээрхийн гэгээнтний энэ удаагийн айлчлал монголчуудыг ариусгаж чадсан
юм. Далай ламын айлдвараас товч сийрүүлэхэд айлдвар нь эх болсон зургаан
зүйл, хамаг амьтны тусын тулд хийж байгаа буян аж.
Дотроо хар муу бодол санаа өвөрлөхгүй, ариун сайхан зүйлийг бодож, дор
бүрнээ эвтэй найртай, нөхөрсөг бай гэсэн сургаалиа айлджээ.
Бас лам хуврагуудад зориулж бурхан шашны үүсэл, хөгжил түүх намтраас
тайлбарлахын зэрэгцээ хэв журмын тайлбаруудыг давхар хэлж өгсөн. Түүгээр
ч үл барам тэнд цугларсан хүмүүсийг шавь болгож, сахил хүртээсэн юм. Эе
эвийг хичээж байсан газар буян хурж, муу муухай зүйл бодож санасан
газар муу юм шүглэж байдаг.
Тийм учраас бүгдээрээ энэ бүхнийг ялгааг сайн ойлгох хэрэгтэй Энэ нь хүн
бүхэн дор бүрнээ номоо бясалгаад явах юм бол сэтгэл санаа өөдрөг, ажил
үйлс бүтэмжтэй байх болно гэсэн үг гэв. Төрдөг бие байдаг ч үхдэггүй бие
гэж байдаггүй.
Тиймээс буян номд шамддаг хүн хойд насандаа бурхны оронд заларна гэдгийг
дахин дахин аминчлан захиж байлаа. Бидэнд ганц хэрэг болох зүйл буян
ном юм. Эд бараа, мөнгө төгрөг уул овоо шиг хураахын хэрэггүй. Хамгийн
гол нь сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй гэв.
Улмаар бурхан номын зарлиг, бурхан багшийн сургаалиудыг байнга мөрдөж
байх талаар айлтгалаа. Үүний дараа зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон
юм.
Монгол Улсын аварга О.Балжинням
-Далай багшийн абшигийг хүртсэндээ баяртай байна. Хурал номын үйл ажиллагаа сайхан боллоо. Ер нь би их шүтлэгтэй хүн л дээ.
МУИС-ийн Эдийн засгийн III курсийн оюутан Г.Энхтөр
-Би гурван өдрийн хуралд алгасалгүй суулаа. Залуу хүмүүст сургамж болох
зүйлсийг Далай ламаас сонсоно гэдэг бидний хувьд хувь тохиол юм. Их
зүйлийг олж авч ухаарч байна. Үүний тулд энэ өдрөөс хойш архи уухгүй,
худлаа ярихгүй, хулгай хийж болохгүй гэдгийг баримталж явах болно гэв.