Main » 2011 » аравдугаар сар » 11 » Дэлхийн түүхэнд үлдсэн улс төрийн аллагууд
10:26 PM
Дэлхийн түүхэнд үлдсэн улс төрийн аллагууд
 

Улс төрийн аллага яг хэзээ анх гарч байсан юм бол гэсэн сонин бодол төрөөд удав. Мэдээж улс төр гэсэн том гал тогоо үүссэн цагаас л эрх мэдэлд шунасан, эрх мэдэлтнийг зайлуулах гэсэн оролдлого гарч эхэлсэн байлгүй. Эрт дээр үед хоорондоо үгсэн хуйвалдаж, эсвэл нэг тэнэг гараар шууд л буудуулчихдаг байсан бол өнөөдөр байдал огт өөр. Хэрэг хэзээ ч илрэхгүй гээд мөрийцчихвөл бараг л мөрийгөө алдахгүй дээ. Үүний нэг жишээ нь С.Зоригийн аллага. Бэлээхэн гэрчтэй, гэрч нь амьд байсаар байхад илэрдэггүй. Гэхдээ энэ бол мэдээж улс төрийн аллагын гол онцлог. Ямартай ч дэлхийн түүхэнд бичигдсэн хамгийн алдартай, улс төрийн аллагуудаас хэсэгчилэн хүргэе.

Гай Юлий Цезарь

Гай Юлий Цезарийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Адгийн наад зах нь гэхэд л киног нь үзээд төсөөлөл аваа байлгүй. Харин энэ эрэмгий зоригтой Юлий Цезарь сенатынхаа ихэнхийнх нь хувьд нүдэнд орсон хог шиг байжээ. Ямар сайндаа л түүнийг цааш харуулах үгсэн хуйвалдаанд 60 сенатор оролцож байхав.  Өөрийг нь алах гэж хуйвалдаж байгааг мэдсэн ч байж болох. Учир нь нэгэнтээ найзууд нь хамгаалалт авахыг зөвлөхөд "Үхлээ байнга хүлээж байхаар нэг удаа үхчих нь дээр” хэмээн хариулж байв. Ингээд МЭӨ 44 оны гурав дугаар сарын 15-ны өдөр сенатын танхимд түүнийг алсан юм. Түүний биен дээр 23 шарх байсан гэдэг. Харин долдугаар сард Цезарийн дурсгалд зориулан явуулсан арга хэмжээний үеэр тэнгэрт сүүлт од харагдсаныг, ард түмэн Цезарь бурхан байсан гэж ойлгон хүлээн авчээ. улмаар МЭӨ 42 оны нэгдүгээр сарын нэгэнд Цезарийг бурханлаг хүн хэмээн тунхагласан юм.

Агуу IV Генрих /Наварсский /

1610 оны тав дугаар сарын 14-ний өдөр Францын агуу хаан IV Генрих Лувраас Ареснал руу чиглэн явж байгаад, Равальяк гэгчийн чинжаалтай халдлагад өртөв. Энэ хэргийг тухайн үед дахин дахин шалгасан ч ноцтой зүйл нэг их илрээгүй гэдэг. Равальяк гэгч хэн нэгний даалгавраар биш харин шашны сэдлээр хэргийг үйлджээ. Хааныг алсан нь Францын хүчирхэг хөгжлийг сааруулж, тавин жилээр ухраасан гэдэг.

II Александр

Оросын хаан Александрт халдах халдлага зургаан удаа гарч байсан, харин мохошгүй хонзогногчид долоо дахь удаагаа хэргээ амжилттай гүйцэтгэв. 1881 оны гуравдугаар сарын 13-нд Александр II хаан ардын тэмцэгч Игнатий Гриневицкийн шидсэн бөмбөгт өртөн Петербург дэх Екатринагийн сувгийн эрэг дээр үхлийн шарх авсан юм. Тэрбээр үндсэн хуулийн төсөлд орох шинэлэг шийдвэр гаргасан тэр өдрөө нас барсан байна. Мэдээж түүний үхэл шинэчлэлийг дуусгалгүй орхилоо.

Петр Столыпин

 Оросын эзэнт гүрний  төрийн зүтгэлтэн Столыпин 1911 оны есдүгээр сарын нэгэнд Киевийн театрт "Салтан хааны үлгэр” жүжиг үзэж байхад нь Хамгаалалтын хэлтсийн ажилтан  Дмитрий Мардехай Богров буудан шархдуулжээ. Богров түүнийг хоёр удаа бууджээ, эхний сум Столыпиний гарыг оносон бол хоёр дахь нь гэдсэн тушаа шархдуулав. Ингээд тэрбээр буудуулан шархдсанаас хойш дөрөв хоногийн дараа Маковскийн хувийн эмнэлэгт таалал төгсчээ. Түүний үхэл Орост авчрах байсан олон чухал өөрчлөлт шинэчлэлтийг зогсоов. Столыпинийг үгүй хийх нь II Николайд ашигтай байсан гэсэн хувилбар ч яригддаг.

Эрц Герцог Фердинанд

 Сараевод Францын гүнтэн Фердинанд алагдав. Хөтөлбөр ёсоор бол тэр хотын түүх дурсгалын газруудыг үзэж танилцах ёстой байлаа. Аялал чиглэлээрээ явж байх үед урд талын машины жолооч замаасаа хазайн Францын Иосиф гудамж руу эргэж, бөглөрөлд оржээ. Фердинандын машин "Мориц Шиллер делкатессен” дэлгүүрийн эсрэг талд зогссон байв. Харин энэ дэлгүүрт Гаврило Принцип хэмээх оюутан байжээ. Тэр алан хядагч гүнтэни рүү хоёронтоо буудлаа. Эхний сум нь гүнгийн ахайтан Софияг шархдуулсан бол хоёр дахь нөхрийнх нь нуруунд тусчээ. Алуурчин Боснийг Австри-Унгарын дарлалаас чөлөөлнө гэж найдаж байв, гэвч энэ хэрэг дэлхийн дайны эхлэлийг тавьсан юм.

Владимир Ильич Ленин

1918 оны найм дугаар сарын 30-ны өдөр их удирдагч Ленинийг Фанни Каплан гэгч эмэгтэй буудав. Хэдийгээр тэр Ленинийг буудсан ч үхлийн шарх өгөөгүй гэдэг. Гагцхүү удирдагчийн биенд үлдсэн сум өвчин мөн 1924 оны нэгдүгээр сард нас барах шалтгаан нь болсон гэж судлаачид үздэг. Ленин нас барсан явдал нь Сталин толгойд гарах нөхцлийг бүрдүүлсэн юм. Саяхныг хүртэл энэ халдлагыг улс төрийн зорилготой байсан гэж үздэг байв. Харин саяхан огт өөр таамаглал гарчээ. Фанни Капланы биологийн эцэг нь Ленин байсан бөгөөд Фаннигийн ээж нь Лениний үйлс нэгт нөхдийн нэг байж, хамтран ажиллах үед нь Ленин байнга хүчинддэг байсан гэнэ. Хэрвээ энэ хувилбар үнэн бол Лениний үхэл улс төрийн аллага гэсэн энэ жагсаалтанд орохгүй нь, хувийн өш хонзонгоос болж түүнийг алахыг оролдож шүү дээ.

Жон Ф. Кеннеди

1963 оны 11 дүгээр сарын 22-нд Кеннеди, Жаклин нар Далласын төв рүү задгай лимузинээр ёслол төгөлдөр явж байлаа. Тэрбээр 1964 онд дахин сонгогдохын тулд Техас мужид зочлох хэрэгтэй байв.12 сарын 30-нд мэгэн буудагч гал нээлээ. Ерөнхийлөгчийн толгой, хүзүүнд нь сум туслаа… Энэ явдал видео бичлэгийн хальснаа ч үлдсэн байдаг.

Кеннеди Ерөнхийлөгч байх хугацаандаа цэргийнхэн, мафи, бизнес, улс төрийн хүрээллийнхэн болон улс орны хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэгдсэн түүний гаргасан шинэчлэлүүд таалагддаггүй байсан бүх хүмүүстэй маргалдаж байв. Түүнийг алагдсаны дараа олон төслүүд нь зогсож, заримыг нь бүр хөсөр хаяжээ.

Views: 563 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]