8:29 PM Дижитал-ын Бааварын гэрээс мансууруулах бодис олджээ | |
Алтай нар энд мансуурч байжээ -ТЭРБЭЭР АЛТАЙ ГЭГЧЭЭС "МӨС” АВЧ ХЭРЭГЛЭДЭГ БӨГӨӨД ГЭРТЭЭ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БОДИС ХАДГАЛЖ БАЙЖЭЭ- "Дижитал” хамтлагийн ахлагч асан, Монголын хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар Урьдчилан саатуулах төвд хоригдож байна. Соёлын тэргүүний ажилтан Ш.Батбаярыг мансууруулах төрлийн бодис хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр хорин шалгаж байгаа аж. Мөн түүнд мансууруулах бодис зарснаа хүлээсэн иргэн ч хоригдож байгаа юм байна. Энэ хэргийн эргэн тойрныг эрэн сурвалжиллаа. АЛТАЙ ГЭГЧ ХЯТАДААС МАНСУУРУУЛАХ БОДИС АВЧИРЧ ЗАРДАГ БАЙЖЭЭ Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн Алтай гэгч залууг сэжиглэн шалгаж байжээ. Учир нь тэр залууг БНХАУ-аас мансууруулах төрлийн бодис авчирч зардаг байж болзошгүй гэж хардаж, далдуур тандаж байж. Улмаар Алтайг өнгөрсөн ням гаригт Урт цагааны ойролцоох "Матрёшка” ресторан, пабд хоёр найзтайгаа мансуурч байхад нь баривчилж, саатуулжээ. Алтай гэгч тодорхой эрхэлсэн ажилгүй, 37 настай. Өөрийгөө наймаа хийдэг гэж ярьсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр БНХАУ руу наймаа хийж явахдаа мансууруулах төрлийн бодис авчирчээ. Түүнийгээ бусдад зардаг, өөрөө хэрэглэдэг байснаа хүлээжээ. Түүний гэрт нэгжлэг хийхэд цагаан, тунгалаг өнгийн мансууруулах бодис олдсон байна. Мансуурагчид тэр бодисыг "мөс” гэж нэрлэдэг. "Мөс”-өө халааж байгаад татаж, мансуурдаг байснаа ярьжээ. Алтай Хятадаас авчирсан "мөс”-өө Бааварт зарж байсан тухайгаа мэдүүлсэн байна. Алтайгаас мансууруулах бодис худалдаж авдаг, цааш нь борлуулдаг сүлжээ байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг хэргийг шалгаж байгаа аж. Ш.БАТБАЯР ХОЁР УДАА "МӨС” ХУДАЛДАЖ АВСНАА ХЭРЭГЛЭСЭН БОЛОЛТОЙ Баавар мансууруулах төрлийн "мөс” гэж нэрлээд байгаа бодисыг Алтайгаас хоёр удаа худалдаж авсан аж. Тиймээс түүнийг мансууруулах төрлийн бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөн гэрээс нь таблетик хэлбэртэй, эм шиг цагаан өнгийн бодис олджээ. Түүнийг мансууруулах төрлийн бодис байж магадгүй гэж үзээд шинжилгээнд өгчихсөн байгаа аж. Шинжилгээний хариу өнөөдрөөс гарах бололтой. Хэрвээ гэрээс нь олдсон бодис мансууруулах төрлийнх болох нь нотлогдвол Баавар мансууруулах төрлийн бодис хадгалсан, тээвэрлэсэн гэх үндэслэлээр хэрэг нь хүндрэх аж. Одоогоор Алтай, түүнтэй хамт мансуурч байсан хоёр иргэн болон Бааварыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар шалгаж байгаа юм байна. Саяхан энэ зүйл ангиар Улсын начин Ч.Улаанхүү ял сонссон билээ. Хэрвээ Баавар нар гэм буруутай нь нотлогдвол 10-15 жил хүртэл хугацаагаар хоригдох хуулийн заалт бий. Баавар болон хамтлагийнхан өмнө нь ч хар тамхины хэрэгт холбогдож байсан. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрынхан 2007 онд бусдад мансууруулах бодис зардаг Б.Рагчаабазар гэгчийг шалгаж байсан. Түүнээс урлагийнхан, тэр дундаа хип хоп урсгалаар дуулдаг залуучууд мансууруулах бодис авч, хэрэглэдэг гэх хэрэг мандаж байсан. Бүр цагдаагийнхны даалгавраар Баавар урлагийнхнаас хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг илчлүүлж байсан гэдэг. Тухайн үед "Дижитал”, "Ice top” хамтлагийн зарим гишүүд ял сонсч байсан. Тухайн үед Баавар "Би азаар хар тамхи хэрэглэдэггүй. Хар тамхины эсрэг дуу хүртэл дуулдаг” гэж ярьж байсан удаатай. Харин энэ удаад тэрбээр мансууруулах бодис хэрэглэдгээ хүлээжээ. Ш.Батбаяр хамтлагаасаа гарснаас хойш бизнес хөөж байсан. "Терразас” баар ажиллуулдаг. Тэрбээр өөрийнхөө бааранд урлагийнхантай мөрийтэй тоглож байгаад цагдаад баригдаж байсан удаатай. Мөн сүүлийн үед урлагаас хөндийрч морь уях хоббитой болчихоод буй юм. БААВАРЫН ХЭРЭГЛЭСЭН ГЭХ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ТУХАЙД Алтайгийн монголчуудад зараад байгаа "мөс” гэж нэрлэдэг мансууруулах бодисыг метамфетамин гэдэг юм байна. Анх Японы эрдэмтэн А.Оганга гаргаж авч байсан түүхтэй. Улмаар цэрэг, батлан хамгаалахын салбарт хэрэглэдэг байжээ. Тодруулбал, Германы нацист лагерт тараадаг байсан гэх баримт ч байна. Метамфетаминыг амфетамин гэдэг бодисоос гаргаж авсан аж. Энэ төрлийн бэлдмэлийг Орост 1970 оныг хүртэл первитин гэж нэрлэдэг байжээ. Эмнэлэгт үнэрлүүлж, унтуулах зорилгоор ашигладаг аж. Цагаан, тунгалаг, шил мэт уг бодисыг хэрэглэхэд хөөрлийн байдалд ордог, хий дэмий ярьдаг аж. Мөн хоолонд дургүй болдог гэнэ. Мансуурагчид энэ төрлийн бодисыг "шил”, "мөс” гэх мэтээр нэрлэдэг. Улмаар үнэрлэж биш, халааж байгаад татаж мансуурдаг аж. Тус бодисыг Солонгосын жүжигчин Hwang Soo Jung хэрэглэн саяхан гэх хэрэгт холбогдоод буй юм. Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Мансуурагчдын "мөс” гэж нэрлэдэг бодис | |
|
Total comments: 0 | |