Main » 2011 » есдүгээр сар » 28 » ”Долдугаар сарын 1” давтагдахгүй гэж хэн хэлэв
7:26 PM
”Долдугаар сарын 1” давтагдахгүй гэж хэн хэлэв
 
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймагт ажиллаж байгаа юм байна. Ер нь бол сардаа хоёр удаа очиж, тогтмол "ажилладаг" гэсэн. Саяхан тус аймагт очсон чинь нутгийнхан "Манай Дэмбэрэл дарга чинь УИХ-ын дарга биш, Ховд аймгийн Их хурлын дарга шүү дээ” гээд хотоос очсон нөхдийг "бөөрөлхөх” янзтай байна лээ. Харин ар хударгаар нь манай Их хурлын /нийслэлд суудгийг нь хэлж байгаа юм шүү, хөдөөгийн тойргийнхон бол энэ намаржин яваад "ар нь түүз” болчихоод ирсэн/-ын гишүүд яаж шүү "Гэртээ ганцаараа”-даж байгаа бол доо гэхээс элэг эмтэрнэ.

Яагаад гэвэл нийслэлийн нэг сая 300 мянган иргэн парламентад 20-хон төлөөлөлтэй, харин үлдсэн нэг сая 400 мянга нь 56 төлөөлөлтэй. Тийм учраас Улаанбаатар утаатайгаа, уушигны өвчтэй хүүхдийн төрөлт улам бүр нэмэгдсээр байгаа юм. Харин хөдөөд яах вэ, зах зээл дээр кг нь 500 кг ноос тушаасны төлөө дээр нь 2000 төгрөгийн урамшуулал, ноолуураа кг-ыг 30.000-аар ченжид өгөөд төсвөөс дахиад 5000 төгрөгийн урамшуулал авна. Өвөл болсон ч улсын нөөцөөс өвс тэжээл зөөгөөд, малынх нь вакциныг хүртэл үнэгүй хийж өгнө. Гэхдээ л жил ирэх тусам мал маллах хүний тоо цөөрч, малчид төв суурин бараадан шилжсээр байгааг харахаар энэ ч гэсэн бас л буруу бодлого байгаа биз. Гэхдээ хөдөөнөөс сонгогдсон 56 гишүүнд тойрогт нь хүн үлдэх эсэх бол бүр ч падгүй л дээ. Тойрог нь тоогоороо байгаад, сонгууль болж байх нь л чухал. Цөөхөн тусмаа сонгогчдыг худалдаж авахад хялбар.

Мартсанаас "Ховдын” УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дарга Ховддоо очоод "манай” УИХ-ын нэрийн өмнөөс их олон амлалт авчээ. Улсын хэмжээнд бүх багш, эмч нарт бичгийн машин цохиж үзсэн эсэхээс нь үл хамааран зөөврийн компьютер өгнө, монголчууд орчин үеийн шинжлэх ухааны хөгжлөөс хоцрох ёсгүй гэжээ. Ирэх онд үүнд зориулж 60 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа бололтой. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулинд өөрчлөлт оруулж, сумдад ажлын байрны тухай мэдээллийг онлайнаар өгөх юм байх. Иргэд сумандаа ажилд орох гэхээр дарга нар нь өөдөөс авлига нэхээд байдаг тул энэ хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд иймэрхүү "хөндлөнгийн” хяналт хэрэгтэй болж байгаа юм байх. Тэртэй тэргүй суманд нь байхгүй ажлын байрыг интернэтээр зарлаад байхдаа ч яах вэ дээ, амьтан дамшиглаж байгаа биш. Эсвэл сумын төвийн дэлгүүр сахисан хэдэн харчуулыг анкетаа хот руу ирүүл ээ гэж байгаа юм уу. Тэгээд ч авлига аваад байгаа дарга нарыг ажлаас нь халах ёстой болохоос биш тэдэнд хяналт тавихын тулд дахиад нэг ажил удна гэдэг юу гэсэн үг вэ. Тэд чинь тангараг өргөсөн төрийн албан хаагчид уу, эсвэл төрөөс "итгэмжлэгдсэн” төсвийн хулгайч уу.

Багш, эмч нарын хувьд ч гэсэн дээ... Хагалгаанд орох гэж байгаа эмч, хүүхэддээ хүрэлцэхгүй, байрандаа багталцахгүй байгаа багш нар нэг нэг "нөөтбүүк” тэвэрчихээд хонгилоор зөрөлдөөд гүйгээд эхэлбэл жинхэнэ "гамшиг” гэдэг болох байлгүй. Нөгөө "Зургаан мянган бөх барилдахаар хагас нь орооцолдоод унадаг юм байгаа биз дээ” гэдэг шиг... Тэгээд өвчтөнүүд, сурагчиддаа "Технологийн дэвшил гэдэг чинь энэ дээ” хэмээн нүдийг нь бүлтийлгэх юм биз дээ.

Түүний оронд сургууль болгоныг сурагчдад нь хүрэлцээтэй компютерийн танхимтай, эмнэлэг бүхэн иж бүрэн оношлогооны аппараттай болгоно гэж яривал өөр хэрэг. Тэгээд ч багш, эмч нар төсвөөс "нөөтбүүк” гуйх бус, цалингаараа түүнийгээ авчих чадвартай байх нь тэдний мэргэжлийн үнэ цэнэ гэдгийг эрхэм спикер бодоогүй нь харамсалтай.

Өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн дагуу алслагдсан хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид ирэх оноос эхлэн цалингийн 20 хувийн нэмэгдэл авна. Тэр хэрээр сумын төвийн дэлгүүрт ирдэг гөөхийний үнэ нэмэгдээд явчихна аа гэсэн үг. Харин хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн амьдрал яаж дордох нь төрд падгүй.

Энэ мэтчилэн орон нутгийн иргэдэд, тэр дундаа төрийн албан хаагчдад "тал зассан” олон бодлогыг УИХ энэ намрын чуулганаас гаргахаа эрхэм спикер амлаж. Харин тэр олон асуудлуудынх нь дунд хэлэлцэж эхлээд хойш тавьчихсан нөгөө Сонгуулийн тухай хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн аль аль нь дурдагдсангүй.  УИХ-ын дарга ийм том асуудлуудыг санаандгүй мартав уу, санаатай дүйвүүлээд өнгөрөв үү.

Уг нь өчигдөр, уржигдраас эхлэн УИХ-ын ажлын хэсгүүд хуралдаж эхэлсэн. Сонгуулийн хуулийн тухай хуулийн төсөл ч бас тэр дунд хавчуулагдаж л яваа. Хэрэв ирэх арванхоёрдугаар сарын 22-ны дотор уг хуулийн төслийг эцэслэн батлахгүй бол УИХ хуучин хуулиараа сонгуулиа явуулна гэсэн үг. Тэр ч байтугай 2008 оны сонгуулийн өмнө баталчихаад 2012 оноос эхлэн хэрэгжүүлэхээр хойш тавьсан Сонгуулийн хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэхгүй ухраах тухай зарим гишүүд "ам халаад” эхэлсэн байна гэнэ. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалсан гишүүдийн нэг Су.Батболд лав "Сонгуулийн санал хураалтыг гараар тоолно, машин хэрэглэхгүй” гэсэн байна. Уг нь санал хураалтыг машинаар тоолох тухай хуульд аль хэдийнэ суулгаад 2012 оны сонгуулиас эхэлж мөрдөхөөр болсон юм. Тэр дагуу санал тоолох машин авахад нь зориулж СЕХ-нд УИХ-аас 24 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн гэж байгаа. Гэвч Су.Батболд гишүүний үзэж буйгаар машин авлига авахгүй, саналыг худлаа тоолохгүй учраас МАН-д хэрэггүй юм байх. Түүний оронд тогоо тасалчихаад харанхуйд тэмтчих нь эрх барьж байгаа намд ашигтай бололтой.

УИХ-аас гарсан ажлын хэсэг бүтэн жил гаруй боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг өнгөрөгч хаврын чуулганаар хэлэлцэж эхлээд орхисныг уншигчид санаж байгаа байх. Сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон холимог хувилбараар явуулах дээр хоёр намын бүлэг санал нэгдсэн ч "хэрхэн холих вэ” гэдгээ шийдэж чадаагүй. УИХ, ажлын хэсгийн төвшинд 50:26 буюу пропорциональ давамгайлуулах хувилбараас эхэлсэн "холих” технологи МАН-ын Удирдах зөвлөлийн дохиураар парламент дээр унаж, Ардчилсан намын бүлгээс 38:38 гэсэн хоёр дахь хувилбарыг гаргасан ч санал хураалгаж чадалгүй чуулган завсарлуулсан билээ. Хаврын чуулганаар шийдэж чадаагүй уг хуулийн төслийг энэ намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх учиртай.

Сураг сонсохнээ сүүлийн үед 38.38 гэдэг хувилбар ч бас унаж магадгүй болоод байгаа сурагтай. Угаасаа ч унагах зорилготойгоор МАН-ын бүлгээс 52:24 гэсэн өөр нэгэн хувилбарыг тулгаснаар хэлэлцээр зогссон. Одоо байгаа 26 тойргоо дахин 52 болгож жижиглээд үлдсэн 24 суудлыг намын жагсаалтаар сонгоно гэсэн үг. Үүнийгээ мажоритари давамгайлсан холимог гэж нэрлэж байгаа юм. Мажоритари тогтолцоогоор хорин жил сонгууль өгөөд сурчихсан монголчууд гэв гэнэт пропорциональ давамгайлсан сонгуульд орох нь сонгогчдод хүндрэлтэй гэж тус намынхан гаднаа хэлж байгаа ч цаагуураа бол одоо УИХ-д байгаа гишүүдээ тойроггүй хоцроочих вий, шинээр улстөрд орохоор мөнгөө төлчихсөн баян өв залгамжлагчдаа хаанаа шингээх вэ л гэсэн бодлого нуугдаж байгаа л даа. МАН-аас салан тусгаарласан Н.Энхбаяр тэргүүтнүүд МАХН-ын нэрийг сэргээсэн нь ч бас нэрмээс болов бололтой. Айхад аргал хөдөлнө гэдэг энэ.

Уг нь өнгөрөгч 2008 оны сонгууль, долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа "Одоо л энэ мажоритари тогтолцоог халья. Сонгогчийн 50 хувийн санал парламентад тусахгүй байна гэдэг чинь ийм аюултай байдаг аж” хэмээн санаа алдаж, гар барилцсан билээ. Тэгээд ч хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа гар хөлийн үсгээ зуралцсан заавал биелүүлэх ёстой гэрээнд нь хүртэл энэ асуудал туссан байгаа. Тиймээс хоёр нам ирэх сонгуульд нэг асуудлаар ч гэсэн нэр бүтэн орохыг хүсвэл сонгуулийнхаа тогтолцоонд салхи оруулахаас өөр зам байхгүй. 50:26 нь байна уу, 38:38-аараа тохирно уу, бүр байгаад 26:50-иараа хийнэ үү өөрсдийнх нь сэтгэлийн тэнхээгээр хэмжигдэх хэрэг. Одоо бол жижиг тойрог тийм аюултай, томрохоороо ийм ашигтай гэж мэтгэж суудаг цаг нь ч биш, хэдийнэ ард хоцорсон. Сүүлийн 26:50-ийг авлаа гэхэд намын жагсаалтаар 26 хүнээ гаргаад, үлдсэн 50 мандатаа хүн амынхаа тоонд тэнцүүлсэн шинэ тойргуудад хуваавал болж л байна. Нүглийн нүдийг гурилаар хуурлаа гэдэг шиг "ядаж л холимог системээ туршлаа” гэж харж болох юм даа. Гүйцээхийг нь дараачийн парламент гүйцээнэ биз гээд.

Гэвч сонгуулийн хууль, тогтолцоо, тоо тойрсон энэ их урт удаан хугацааны маргаан мэтгэлцээн нь зүгээр л цаг хожиж, хугацаа тулгаж байгаад хуучин хуультайгаа сонгуульд орох гэсэн баширлал, хоосон жүжиг байх вий гэдгээс олон нийт болгоомжилж эхлээд байгаа шүү. Хоёр намын удирдлагуудад анхааруулахад.

"Долдугаар сарын 1” давтагдахгүй гэж хэн хэлсэн юм бэ?
Views: 488 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]