Main » 2011 есдүгээр сар 22 » Дуучин Наран өөрийгөө лесби ч юм уу гэж боддог байжээ
9:55 AM Дуучин Наран өөрийгөө лесби ч юм уу гэж боддог байжээ | |
Монгол,
англи, орос, хятад, япон хэл дээр цомог гаргасан дуучин Монголд
одоогоор байхгүй. Дэлхийн олон оронд өөрийн дуу хоолойгоо таниулж
чадсан дуучин Наран саяхан Монголд анхны бие даасан тоглолтоо тависан
билээ. Нарантай тэрхүү тоглолтынх нь өмнө уулзаж ярилцсанаа
толилуулъя.
-Танд амжилт хүсье. Монголдоо бүрмөсөн ирчихсэн үү. Сургуулиа амжилттай төгссөн үү? -Бээжингийн Драмын улсын академийн Урлагийн менежментийн ангийг төгсөөд ирлээ. Хятадад сурна гэдэг тийм ч амар эд биш. -Хятадаар ус цас уу. Хүний нутагт сурч, амьдрах ямар байсан бэ? -Юу гэж дээ. Таван жил ирэн очин ийм нөхцөлд хятад хэлийг тийм амар сурахгүй. Өөрийнхөө хэмжээнд сурсан. Тэс өөр ертөнцөд, зөвхөн биеэ даасан хүний хувьд их хөдөлмөрлөж, тархиа ажиллуулах хэрэгтэй. Сурахын зэрэгцээ тэдний амьдралаас өөртөө хэрэгтэйг олж харах чухал. Хичээлдээ видеокамер авч ороод, багш нарынхаа хичээлийг гэртээ ирээд сонсдог байсан. Маш их кассет, мөнгө үрсэн шүү. Хэдхэн хоногийн өмнө бүх кассетаа эргэж сонсоход багш нарынхаа хичээлд эргээд суусан мэт сэтгэгдэл төрж байналээ. Хэл гэдэг тордохгүй л бол амархан мартагддаг. Хэлний суурь мэдлэг бас их чухал. Бяцхан түүх сөхөхөд би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд сурч байхдаа орос хэлд шамдан суралцдаг байлаа. Энэ нь ямар ч хэлийг сурах суурь болж өгсөн гэж үздэг. Миний ярианы аялгыг сонсоод, зарим хүн "Чи буриад уу” гэдэг. Намайг багад Казаниас ирсэн орос багш маань надад их сайн байлаа. Хүүхэлдэй бэлэглэж, дуу зааж өгнө. Ер нь орос хэлний багш нартайгаа их найзархуу. Тухайн үеийн орос хэлний сургалт их сайн. Дээр нь аав "Новоя время”, "Спутник” сэтгүүл захиалаад, бүгдийг нь бидэнд уншиж өгөх нь бас л хэл сурахад дөхөмтэй байсан. Долдугаар ангид байхад хүүхдийн дууны Галхүү багш манай сургуулийн дуу хөгжмийн багшаар томилогдон ирсэн нь надад бүр ихийг сурах боломж олгож билээ. Багшийн зөвлөснөөр хотод ирж, орос дууны уралдаанд ороод, хоёрдугаар байр эзэлж, Найрамдал зуслангийн олон улсын ээлжинд амрах эрхийн бичгээр шагнуулсан юм. Хотод анх ирэхэд жигтэйхэн өөр ертөнцөд "буучихсан” юм шиг. Хотынхны өмссөн хувцас, яриа хөөрөө их задгай. Хөдөөгийн бид болохоор жигтэйхэн нуугдмал. Би ер нь багаасаа нэлээд ажигламтгай хүүхэд байсан. Эгч маань хотын хүүхэд болгох гээд тухайн үедээ моодонд орсон хар шаахай надад авч өгсөн санагдана. Оюутан болсон үе маань үнэн хэцүү цаг л даа. Эхний жилдээ стипендтэй байгаад, дараа жилээс нь төлбөр төлөх болонгуут аав, ээж хүртэл шоконд орж, тэднээс мөнгө горьдох эрхгүй учраас биеэ даах шаардлагатай болсон. Хэчнээн дотор хэцүү байсан ч түүнийгээ хүнд харуулахгүй гэсэн миний нэг гүргэр зан байдаг юм. Тэр хэцүү цагийн минь найз Энхтуяа одоо миний менежер хийж яваа. Хүүхэд Залуучуудын театрын нэлээд сайн жүжигчин байсан л даа. Энхтуяа их нээлттэй, мэдрэмжтэй хүн. Би өөрөө нэг их олон найзтай юм шиг мөртөө цагаа тулахаар найзгүй ч юм шиг. Найз гэдэг итгэлцлийн юм даа. Сүүлдээ хэн надтай ямар зорилготой найзлах гэж байна вэ гэдгийг мэддэг болчихсон. -Хятадад хаана амьдарч байсан бэ? -Анх очоод дотуур байранд амьдрахад, хятадууд хажууханд барилга бариад, дуу чимээ нь яг дэргэд байгаа юм шиг сонсогдоно. Ингээд нэг итали хүүхэнтэй сургуулийнхаа ойролцоо байр хөлсөлсөн л дөө. Хоёулаа жил амьдраад, дараа жилээс нь би тусдаа гарч, сая төгсөхийнхөө өмнө гурван сар хятад эгч, дүүстэй амьдарсан. Магистр хамгаалах учраас тэдэнтэй байхад ярианы чадвар эрс дээшилнэ. Их сайн ч хүүхдүүд таарч, сүүлийн гурван сарыг их сонирхолтой үдсэн дээ. -Италичууд их найрсаг сайхан ааштай, халуун дулаан хүмүүс шүү дээ. Эмэгтэйчүүд нь ямаршуухан юм бол? -Хэдийгээр надаас дүү ч гэсэн маш олон орноор явчихсан, нэлээд сайн боловсорсон итали гэр бүлийн охин байлаа. Зарчимч, би үнэхээр хэрэгцээтэй, асуух зүйл гарвал хаалгыг нь тогшоод, "Чи надад туслах уу” гэнэ. Тийм сүртэй ойр дотно байгаагүй. -Хятадын олон ангит киноны дууг дууллаа гэж сонсогдож байсан. Энэ үнэн үү? -Бээжингийн нэлээд том студийг Энхбат гэдэг өвөрмонгол хүн ажиллуулдаг. "Бид их том замд явж байна” гэсэн улстөрийн сэдэвтэй, социалист гүрэнд гэхэд зоригтой дуугарч, сайн хийсэн жүжгийн дууг надаар дуулуулья гэсэн санал тавиад гэрээ хараахан хийгдээгүй мөртөө ажилдаа орчихсон явж байсан. Гадаад хүнтэй ажиллахад Соёлын яамнаас зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм байна л даа. Хятадад анхны рокийг тавилцсан хүнтэй хамтарч тэр жүжгийн хоёр ч дууг дуулсан. Гэтэл тэр компани Тайванаас кино худалдаж аваад, дууг нь мөн надаар дуулуулсан. Тэр кино гарсан үгүйг би мэдэхгүй. Жүжиг лав нэлээд дуулиан тарьсан гэнэ лээ. Тэр компанитай удаан хамтарч ажиллах зөн совин надад төрөөгүй учраас би татгалзсан юм. Компанийнх нь дэргэд дөрвөн өрөө байранд, яг л дэлхийн оддын зиндаанд нэг хэсэг их тансаг амьдарсаан. Эргээд бодохоор хэр баргийн дуучин тийм тансаг орчноос зоригтой татгалзаж чадахгүй байх. Тэр байдалд дассан ч гэсэн ирээдүйгээ зоригтойгоор харсандаа баярладаг. Тэдэнтэй гэрээ байгуулсан бол надаас таван хэл дээр CD гараа ч уу, үгүй ч үү. -Хятад руу явсан эмэгтэй дуучид тэндэхийн боссуудтай зууралдаж Монголын нэрийг гутаасан тухай яриа мэр сэр сонсогддог. Сайн дуучнаас гадна, дуулж чаддаггүй нэг нөхөр хүртэл тэнд очоод өвөрмонголчуудтай бусдаасаа нууцаар уулзаж, өнөөхтэй хамт явсан бүсгүйг нөхөр нь хардаж хүний нутагт хэрүүл шуугиан болсон гэдэг яриа үнэний ортой байх л даа. Таны тухай тийм юм хаа очиж сонсогддоггүй. Гэвч тийм дайрлагад өртөж явсан уу? -Хүн чангаалгаж, "доошоо орох” эсэхээ өөрөө сайн бодох хэрэгтэй. Би гэж нэг ертөнцийг хүн хүндлэх ёстой. Арсланг хараад хүн өөрийн эрхгүй айдаг, ирвэсийг хараад инээдэг, туулайг хараад шууд очоод хүзүүнээс нь баздаг биз дээ. Хүнд сэтгэгдэл төрүүлэх энерги нь дотоод сэтгэлээсээ л гарна. Монголын нэрийг, дээр нь урлагийн нэрийг гутаасан шальдир бульдир хүмүүсийн хүсэл зорилго нь буруу суваг руугаа чиглэсэн л байхгүй юу. Хоолой муутай гэснээс хүн бүхэн өөрийн гэсэн замналтай. Урлагт чин сэтгэлээ өгч өөрийгөө дайчилж, тэвчээртэй байх нь урлагийн хүнд зохимжтой. Зөвхөн өнгө үзэмжээр явбал хэдхэн жилийн амьдрал болно гэж би боддог. Маш их өрсөлдөөнтэй боловч, ямар нэгэн орон зайг эзлэхэд тэвчээр тусална. -Нэлээд удаан хугацаагаар дуншиж байж анхны тоглолтоо хийхээр шийдэх шиг боллоо. Яагаад ингэтэл удав. Манайхан чинь ганц цомог гаргаад л тоглолт хийдэг шүү дээ? -Ганцаарааа юманд зүтгэнэ гэдэг амаргүй. Хөдөөнөөс ирчихээд хотын амьдралд дасах, дуугаа бичүүлэх, айлын хажуу өрөө хөлслөх мөнгө олохын тулд бааранд дуулах зэргээр мөнхийн л тэмцэлтэй явлаа. Олсон мөнгөөрөө идэж уух, хувцаслах гээд эмэгтэй хүний хэрэглээ барагдахгүй. Хотын хүүхэд байсан бол цаг хожиж, өдийд тоглолтоо хийчих байсан болов уу гэж би заримдаа боддог юм. Ганцаараа хотод орж ирсэн намайг түшээд авах продюсер байсангүй. Бүхний төлөө ганцаараа тэмцсэн. Зарим үед өөртөө хангалтгүй санагдаж, боловсрох хэрэгтэй гэж боддог байсан. Хүн өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй. Үзэгчид намайг хөтөлж, би үзэгчдийг хөтөлдөг болтлоо сэтгэл зүрхээрээ нэгдэх ёстой. -Одоо хотод байртай болсон уу? -Ээж маань 1998 онд өнгөрөөд, аав энд орж ирэхээр шийдсэн л дээ. Аавыг орж ирсний дараагаар Орос, Хятад руу зөндөө уригдаж, тоглолт хийлээ. Олсон мөнгөө зөвхөн уран бүтээлдээ зарцуулж, шинэ шинэ дуу хийж эхэлсэн. Аав орж ирсэнээр сэтгэлийн ачаа хөнгөрсөн дөө. Хотод байр сууриа олохын тулд найз нөхдийнхөөрөө ганц хоёр сараар байдаг байлаа. Одоо ч би аавтайгаа хамт амьдардаг. Аав Хөвсгөлийн модны үйлдвэрийн даргаар маш олон жил ажилласан, хувьсгалт намын ухуулагч хийж явсан, боловсрол өндөртэй хүн л дээ. Манайх эцэг эхээс дөрвүүлээ. Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй. -Тэдэнд урлагийн хүн байна уу? -Байхгүй ээ. -Гэрт ижил төрлийн авъяастан байхгүй байх тусмаа жинхэнэ утгаараа "од” болно биз дээ? -Манай аав мэдрэмж өндөртэй, цаагуураа бахархдаг л байх даа, хөөрхий. Гэхдээ улайм цайм сайн гээд магтахгүй ээ. Би ч магтуулах дургүй. Хүн өөрийгөө голж л явах хэрэгтэй. Наад зах нь би өдөр бүр гэрээ цэвэрлэдэггүй. Харин хаана юу тавьснаа маш сайн цээжилчихдэг байхгүй юу. Хэн нэг нь миний гэрийг цэвэрлээд хөндчихвөл, би эд зүйлс, бичиг баримтаа олохоо байчихдаг. -Таныг дуртай газраа очоод сайхан амар гэвэл аль газрыг сонгох вэ? -Хөвсгөл далайн эрэг. Өнгө, үнэр, эрх чөлөө мэдрэгддэг. Хоёр жилдээ нэг удаа нутагтаа очиход танил дасал зам, бага насандаа харж өссөн уулс гээд гайхамшигтай л даа. Хотын амьдрал гэдэг монгол хүнд тийм ч зохимжтой зүйл биш ээ. -Тоглолтын дараа юу хийх вэ? -Хятадад нэлээд томоохон тоглолтонд орно. -Сүүлийн үед брэнд их рекламдах болж. Ариунаа, Сараа нар иймэрхүү "ажлаас” татгалздаг байх аа? -Тэр брэнд намайг сонгож байхад би ажлаа хийх ёстой ш дээ. Өөрөө бэлэн биш зүйлд би оролцох дургүй. Итгэсэн хүмүүстэйгээ хамтарч ажилладаг. "Avon” брэндийн албан ёсны дистрибьютор "Таван богд косметикс” ХХК-ийнхэн миний тоглолтыг ивээн тэтгэж, "Up music” продакшн хөгжмийн найруулга дээр, "Оn&Off” тоглолтын найруулга дээр, хэвлэлийн ивээн тэтгэгчээр "Бест принтинг” ХХК ажилласныг дуулгахад таатай байна. Хэн нэгэнд туслах гэдэг тэр бүр хүний сэтгэлээс гардаг үйлдэл биш. Ийм сэтгэлтэй ажилласан хүмүүс амжилтанд хүрдэг. Тоглолтын дараа орлогынхоо бага ч болов хувийг эмзэг дорой хүмүүст зориулна гэж бодож байгаа. -Брэнд гэснээс косметик хагалгааг хэр таашаадаг вэ. Таныг харвингаа соруулсан гэж ярьдаг? -Үнэхээр гоё болгож чадвал, энэ бол байх ёстой зүйл. Би шаардлага гарвал гоо сайхны хагалгаанд орно. Янзлуулмаар "юм” байна ш дээ. Харвингаа соруулаагүй ээ. Би тийм арчаагүй хүн биш. 85 кг байгаад, дотор эрхтнээ цэвэрлэж, дараа нь фитнест явж жин хассан. -Гэр бүлийн амьдрал зохиох болоогүй юу? -Би буржгар үстэй, сахалтай залууг мөрөөддөг байсан. Миний амьдралд яг тийм залуу таарсан. -Хэзээ? -Саяхан даа. Одоогоос таван жилийн өмнө анхны хайртайгаа учирсан юм байна. Миний хүссэн эмоци, мэдрэмж, сексийн ханамж бүхнийг надад өгсөн сайхан хайр байлаа. Бид хоёр жил сайхан үерхсэн. Бээжинд таараад анхныхаа харцаар дурлаж билээ. Араб залуу л даа. -Салалтын шалтгаан нь юу байсан бэ. Хайртай хүнээсээ хагацах хэцүү биз? -Хамгийн том проблем. Маш хэцүү. Одоо ч би өдөр бүр боддог. Гэхдээ би цаашаа явах ёстой байсан. Хэдийгээр маш их хайртай байсан боловч үр дүн нь юу болж дуусах вэ гэдгийг мэдэрсэн, олж харсан. Яахав, тэрний хүчээр би сайхан ая зохиосон. Азаар надад үнэхээр үлгэр шиг дурлал заяаж, сайн батарей өгсөн л дөө. Хүсч явсан романтик мэдрэмжээ авсан. Секс бол ерөнхийдөө хайр дурлалыг чихэр шиг болгодог үйл. Үнэхээр амттай болгодог. -Хүн бүхэн ярьдаг. Хэвлэл бүр бичдэг. 35 насандаа анхны хайртайгаа учирсан Наран лесби мөн юм уу, биш юм уу гэх бодол төрж байна л даа? -Би эцэс сүүлд нь өөрийгөө лесби ч юм уу гэж боддог болсон ш дээ. Ядаж байхад бүх найз минь нөхрөөсөө салчихсан, хатуу хөтүүг үзэж яваа дайчин бүсгүйчүүд. Манай найзууд тоглоод "Чи худлаагаасаа ч гэсэн эр хар хүмүүстэй яваад сенсаац дэгдээгээч ээ” гэдэг. Заримдаа онцгой сайхан хүүхэн таарвал ширтээд л, яг л би лесби юм шиг сэтгэгдэл төрөхөд өөрийгөө сонсохоор арай биш ээ. Хүүхнүүд хүүхнүүдээ илүү их сонжиж хардаг юм байна л даа. Тэгээд гайхалтай хайртай учирсан хүн чинь 100 хувь лесби биш гэдгээ ойлгосон. Намайг эршүүд бүдүүн дуутай болохоор ганц хоёр лесби эргүүлж л байсан. Зүгээр ш дээ. Хүн л юм чинь. Би тэрэнд огт эмзэглэдэггүй. Хятадад хүртэл лесби, гомочууд хар мянгаараа. Заримдаа өөрсдийгөө өөр ертөнцийнхөн гээд бодчихсон гомо нар өрөвдмөөр ч юм шиг. Лесбичүүд ч өрөвдмөөр. Би тэдэнтэй нийлэхээс айдаггүй. Монголд саяхан болсон ижил хүйстнүүдийн арга хэмжээнд би дуулж өгсөн. Тэнд том хүмүүс ирж илтгэл унших зэргээр нэлээд том арга хэмжээ болсон шүү. Надаас "Та ер нь энэ талаар юу гэж боддог вэ” гэхэд нь би "Хүн эрх чөлөөгөө мэдэрч, өөрийгөө эрх чөлөөтэй байлгаж чадах юм бол оюун санаа нь бусдын эрх чөлөөг ойлгож, бусдад эрх чөлөөг олгож чадна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Өнөөдрийн энэ хуурамч албан тушаал, мөнгө төгрөг гэдэг чинь хоосон. Мөнхийн юм гэж юу ч байхгүй. Өөрсдийгөө хоосон ертөнцөд аваачих ямар хэрэг байна аа. -Сүүлийн жилд өөрөөсөө нээсэн шинэ авьяас байна уу? -Их сайн зөвлөгч болж чадах юм шиг байна лээ. Зарим хүмүүс өөрийгөө олоогүй, хэн нэгнээс үнэн сэтгэлийн зөвлөгөө өгчихсөн явахыг хүсдэг. Хятадад найз нөхөддөө тэр талын зөвлөгөө өгөөд явсан чинь тэр маань сүүлдээ бүр хичээл болж хувирсан ш дээ. Хятадын нэлээд том албан тушаалтанд илтгэх хичээл заах хэмжээнд хүрсэн гээд бод доо. /инээв. сур/ Бүр том бизнесийн чиглэл рүү орсон шүү. "Хайрцагнаас гаргах” гээд нэр өгчихсөн. -Хөвсгөлчүүдийг мэргэн түргэн, удган бөө гэж ярьдаг. Танайд тийм хүн байна уу? -Байхгүй ээ. Манай хөгшин аав сайн лам байсан. -Баярлалаа. Тун удахгүй болох тоглолтын өнгө төрхөө аль эрт төсөөлчихсөн л яваа биз дээ? -Амьд мэдрэмжийг үзэгчиддээ төрүүлнэ. Хиймэл зүйл байхгүй. Дуу хоолойгоороо үзэгчиддээ бэлэг барина. Баахан хамтлаг дуучин урьж цаг хумслаад, гэнэт бүжигчид гарч ирж бүжиглэх зэргээр бусдыг аялдан дагахгүй. | |
|
Total comments: 0 | |