Монгол улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн "зарлиг” хэдийнээ оройтож... "Өнгөрсөн борооны хойноос
цув нөмрөв” гэгчээр галыг бага дээр нь үл тоомсорлосны гай, түүнийг
түргэн авахад хүргэв. Өөрөөр хэлбэл олон нийтийн санаа бодол,
эсэргүүцэл, мэдээллийг "гүйцэтгэх засаглал” сүүлийн хэдэн сар үл тоосны
улмаас хаа холын Япон, Америкт тавьсан "гал” Монголд хэдийнэ ороод
иржээ. Зун, намар дамнасан ойн тэгш баяр наадмууд болоод гадна, дотны
айлчлалуудын хөлд дарагдсан гүйцэтгэх засаглалынхан толгой өндийх
завгүй ажил ихтэй байсныг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ цөмийн хог хаягдал,
АЦС-тай холбоотой бүхий л асуудал ингэж Ерөнхийлөгчийг үзгээ шүүрэн
зарлиг гаргах төвшинд хүртэл гал өндрөө авна гэж хэн ч төсөөлөө ч үгүй
биз. Цөмийн хог хаягдал, АЦС
түүний хор уршиг болоод үүнтэй холбоотой бүхий л хүмүүсийн яриа,
мэдээллийг иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлийнхэн хангалттай хүргэсэн
болохоор энэ удаа өөр хөндөгдөөгүй, анхаарлын гадна үлдсэн байж болох
нэгэн зүйлийн талаар өгүүлье.
Монголын нутаг дэвсгэрийн хаана хаана уран болон бусад үнэт металл
олборлон АЦС барих, аль нутаг дэвсгэрүүдийг дайруулан Японы арал хүртэл
төмөр зам барих талаар бүхий л судалгаа хийгдсэн гэвэл та итгэх үү...
Судалгаа хийгдээд зогсохгүй, зураг
төлөвлөгөө нь хэдийнэ цагаан цаасан дээр өнгөтөөр гарчээ. Энэ бол яалт ч
үгүй хөдлөшгүй үнэн. Энэ
бүхнийг Монгол улсын Засгийн газрын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр
хийгдэж ирсэн ажил гэвэл нэг их буруудахгүй. Учир нь сүүлийн үед хэн
бүхний мэдэх болсон Засгийн газрын тохируулагч агентлаг болох "Цөмийн
Энергийн Газар /ЦЭГ/” хэмээх том толгойлсон "чимээгүй газар” энэ бүх үйл
явцын гол захиалагч нь ажээ. Өөрөөр хэлбэл Р.Бадамдамдин захиралтай
"Мон-Атом” төрийн өмчит ХК нь "Цөмийн Энергийн Газар”-ын ажил үүргийн
эрхлэх хүрээнд шууд хамааралтай ХК гэж ойлгож болно. Одоогоор ашгаа шууд
олж амжаагүй бизнесийн чиглэлээр байгуулагдсан энэ компани нь төсвөөс
шууд санхүүждэг бөгөөд ирээдүйд хэмжээлшгүй их ашиг олохоор одоогоос
хоёр жилийн өмнө буюу 2009.09.09-нд ”Mon-Atom Japan” LLC нэрээр өөрийн
компанийн салбарыг Япон улсад байгуулжээ. Салбарын гүйцэтгэх захирлаар
нь урьд өмнө хаана ажиллаж байсан нь тодорхойгүй Uemura Koichiro хэмээх
эрхмийг "Монгол улсын Засгийн Газар, Цөмийн Энергийн Газраас "Томилолт
Бичиг” өгөн томилжээ. Энэхүү "Томилолт Бичигт” Ноён Uemura Koichiro
таныг Монгол Улсын Засгийн Газар, Цөмийн Энергийн Газарт харъяалагдах
"Mon-Atom” LLC-ийн Япон дахь салбар ”Mon-Atom Japan” LLC-ийн захирлаар
томилов хэмээн цагаан дээр тодоос тод хараар бичжээ.
Салбар компанийн нээлтийн үйл
ажиллагаанд Монголын нэр нөлөө бүхий төр засгийн хариуцлагатай албан
тушаалтан, сайд, газрын дарга нар баяр хөөртэй оролцсон тухай Японд
ажиллаж, амьдран сурч байгаа олон монголчууд хоолны "хачир” болгон одоо
хүртэл ярьсаар байна. Чухам энэхүү нээлтийн үйл ажиллагаанд "Цөмийн
Энергийн Газрын дарга С.Энхбат биеэрээ оролцсон уу, Засгийн газрын
нэрийн өмнөөс үг дайлгасан уу бүү мэд, юутай ч С.Энхбат даргын "гарын
үсэгтэй” ийм үг хэллэг тухайн үед уригдаж ирсэн олон албаны хүмүүсийн
чихэнд хүрчээ. Тэрхүү үгийг энд бүрэн эхээр нь хүргэж байна.
"Та бүхэнд энэ өдрийн мэндийг
дэвшүүлэн, ”Mon-Atom Japan” компани үүсгэн байгуулах болсонд баяр
хүргье. Монгол болон Япон улс олон жилийн турш найрамдалт харилцаа
хөгжүүлж ирсэн түүхтэй билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын
харилцаа улам гүнзгийрэн тэлж байна. "Mon-Atom Japan” компани
байгуулагдсан нь манай хоёр улс газрын баялаг олборлох салбарт
тулгуурлан эрчим хүч болон байгаль орчны асуудлаар хамтран ажиллаж,
дэлхийн хэмжээнд хувь нэмэр оруулах боломж завшааныг бүрдүүлж өглөө гэж
үзэж байна. Монгол улс ураны
асар их нөөцтэй боловч түүнийгээ олборлон ашиглаж эхлээгүй тул өндөр
төвшний техник технологи, боловсон хүч, хөрөнгө санхүүгийн чиглэлээр
найрамдалт харилцаа бүхий Япон улсын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй билээ.
Ялангуяа уран олборлох, баяжуулах технологи, цөмийн эрчим хүч хөгжүүлэх
салбарт хөрөнгө оруулалт татах, боловсон хүчин бэлтгэх, хамтарсан
судалгаа хийх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг шийдэхэд манай
улс Япон оронд маш том найдлага тавьж буй билээ.
Япон улс болон Монгол улсын ирээдүйн
бизнес, эдийн засгийн харилцааны хувьд бие биенийхээ шаардлагад
хариулах ҮР ТАРИА боловсроод байна. Тиймээс юуны түрүүнд худалдааны
хуулийн өөрчлөлт, гааль татварын хөнгөлөлт зэрэг хууль эрх зүйн орчинг
бүрдүүлэхийн тулд бид улс орноо дайчлан ажиллаж байна. ”Mon-Atom Japan”
компани нь цаашдаа Монгол-Японы бизнесийн хөгжилд тэргүүлэх үүрэг
гүйцэтгэн ажиллана гэж найдаж байна. Япон улсын ард түмэн болон
"Mon-Atom Japan” компанитай холбоотой бүх пүүс, компанид хөгжил дэвшил
болон амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын Засгийн Газар, Цөмийн Энергийн
Газар” гэжээ. Тус ”Mon-Atom Japan” компанийн толгой office нь Осака
хотын Чүүоо дүүрэгт байдаг бол нөгөөх office нь Токио хотын Шибүя
дүүрэгт үйл ажиллагаагаа эрхэлдэг ажээ. ”Mon-Atom Japan” компаний
зорилго нь Монгол Улсын Засгийн Газартай хамтран уран, ашигт /ховор
металл/ малтмал олборлохтой холбогдох төрөл бүрийн бизнес схем
бүрдүүлж, Японы хөрөнгө оруулагч болон бусад оролцогчдыг татан
нэмэгдүүлэх бөгөөд үүний тулд бизнесийн таатай эрхзүйн орчинг
бүрдүүлэхийг зорино. Тэрчлэн Монгол Улсын Засгийн Газартай урт удаан
хугацааны "Тогтвортой Байдлын Гэрээ” байгуулах нь тус салбар компаний
нэн тэргүүний анхаарч ажиллах ажлын "амин” хэсэг нь ажээ. Үүгээрээ тэд
өөрсдийн орны бизнесийн хөрөнгө оруулагчдыг хамгаалаад зогсохгүй,
Монголын уран болоод цөмийн салбарт хяналтаа тогтооно гэсэн үг юм.
Монголын Засгийн Газар Япон дахь
салбар компаниа бүхий л талын мэдээллээр, тэдний хүссэнээр нь сайн
хангаж "бөөцийлж” байсан нь нэн гайхалтай. Ямар ч жирийн компаний арван
жил хийгээд дуусахгүй судалгаа, төлөвлөлт, зургийн ажлыг хоёрхон
жилийн дотор маш хурдтайгаар хийж чадсан нь үнэхээр сонирхолтой шүү.
Аргагүй л дээ, Монголын Засгийн Газар 2021 он хүртэл "Цөмийн Цахилгаан
Станц”-тай болохоо олон улсад албан ба албан бус дипломат байдлаар
илэрхийлсэн болохоор, энэ зэргийн хурд Япончуудаас гаралгүй яахав. Учир
нь Япончуудын өөрсдийнх нь дотоодын зах зээл хэдийнээ хумигдаж эхлэж
байгааг хэлэхүү бас өөрийн орны онцлог "технологи & хүний нөөцийн
ноухау”-г өвлөн хуримтлуулах боломж нь багасч байгаа болохоор энэ
зэргийн "өрөм”-нөөс хоцрохгүйн тулд бүхий л хүч, хурдаараа ханцуй
шамлан ажилласан нь энэ буй за. Тиймдээ ч, Монгол өөрийн үндэсний
"ноухау”-тай болохын тулд гадаадын компаниудын оролцоог идэвхтэй дэмжиж
ирсэн нь өнөөдөр хэнд ч нууц биш болоод байна.
Тэрчлэн Монголын дотоодын зам тээврийн дэд бүтцийг сайжруулах байдлаар
Монголоос Японын хэд хэдэн далайн боомт хүртэл шууд хүрэх төмөр замын
зураг төслийг хэдийнээ бэлэн болгожээ.
Хоёр гурван улсыг дайран өнгөрөх
энэхүү шууд транзит төмөр зам нь нэг талдаа 1800 гаруй км үргэлжилнэ.
Төмөр замын баруун тулгуур цэг болох Чойбалсан хотоос эхлэлтэй энэхүү
төмөр зам нь Өвөр Монголын Аршаан хот, Улаан хот, Jilin мужийн
Baicheng, Changchun, Hunchun, Зарубино боомт (Орос), Японы боомтууд
гэсэн маршруттай байхаар зураг нь гарчээ. Олон улс дамнасан энэ төмөр
зам үнэхээр биеллээ олох юм бол манай улс япон улсын ховор металлын
шууд ханган нийлүүлэгч бааз улс болно гэсэн үг. Шууд төмөр замаар
Японлуу экспортлогдсон бүтээгдэхүүнүүд Монголруу эргэн импортлогдохдоо
"цөмийн хог хаягдал” бусад хэлбэрээр зүсээ хувирган буцаж ирэн
"булшлагдах”-гүй гэхгүй баталгаа хаана байна... Бизнес гэдэг жирийн
хүний ойлголтоор хоёр талдаа харилцан бараа таваарын тээвэрлэлттэй байж
гэмээнэ аль аль улсдаа ашиг тустай байхаас нэг талдаа хоосон
тээвэрлэлт хийвэл аль нэг улсынх нь ашиг сонирхол өөрийн эрхгүй
хөндөгдөж эхлэнэ. Өөрөөр хэлбэл ашиг сонирхол нь хөндөгдсөн улс орон,
нөгөөх улс орноо "угтуулан тавих” хэлэлцээрийн ширээн дээр урина гэсэн
үг. Энэ бол бизнес... Үүнийг нотлох мэт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
”Цөмийн Энергийн Газар”-ын талаар "... асуудлыг бизнес талаас нь харж
хөөцөлдөж байна” хэмээн олон нийтийн өмнө зэмлэн буруушаасан билээ.
Тэрхүү үг одоо ч хөрч амжаагүй л байна.
Юутай ч Засгийн газрын шууд оролцоотойгоор 2009 оны есдүгээр сарын 9-нд
байгуулагдсан ”Mon-Atom Japan” компани болон бусад Цөмийн энергитэй
холбоотой бүхий л асуудалд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 09
дүгээр сарын 09-ны өдрийн өөрийн "Зарлиг”-аараа асуудлыг түр
саармагжууллаа. Өөрөөр хэлбэл МУ-ын Ерөнхийлөгч гадна, дотноос ирэх улс
төр, эдийн засгийн дарамтыг үл ажран, маш том иргэний зориг гарган байж
бусдын тавьсан их галыг цурманд орууллаа. "Ард түмэнтэйгээ амь нэгтэй
Ерөнхийлөгч байна” гэсэн тэр л үг одоо хөрсөнд бууж, ард иргэдийн
зүрхэнд амилж хүрлээ... Цурманд орсон галыг алдахгүй сайтар манаж харах
нь ард иргэдийн, иргэн бүрийн үүрэг болж үлдлээ. Гал бүрэн унтраагүй л
байна. Ерөнхийлөгчийн хэлснээр судлах шаардлагатай ажил их байна.
|