Main » 2011 » 12-сар » 15 » Г.Ононмөрөн: Хожигдол бол хожлын эхлэл
4:47 PM
Г.Ононмөрөн: Хожигдол бол хожлын эхлэл
Г.Ононмөрөн: Хожигдол бол хожлын эхлэл

Энэ удаагийн зочин "Smash” хамтлагийн ахлагч Г.Ононмөрөн маань "Ирээдүй” цогцолбор сургуулийн 11ё ангид сурдаг юм.

 

-Брейк бүжгийн хамтлагаа хэдийд байгуулав?

 

-Өнгөрсөн оны аравдугаар сард нэрийг нь бодож олсон юм. Тэгээд зургадугаар сарын 23-нд найман хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтлагаа байгуулсан. Өөрсдийн сэтгэмж, ур чадвар, онцлог байдал, давуу талаараа бусад хамтлагаас ялгарна. Хамтлагийн маань хамгийн бага нь есөн настай Төгөлдөр. Бусад нь 17-19 насныхан. Бас ганц эмэгтэй гишүүнтэй гээд л онцлог ихтэй шүү. Манай хамтлаг Монголын брейк бүжгийн холбоонд харьяалагддаг.

 

-Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?

 

-МУБИС-ийн спорт заалыг түрээсэлдэг. Гэхдээ сүүлийн үед бэлтгэл сургуулилт гэхээсээ хичээл номдоо анхаарч байгаа. Хамтлагийн бүжигчдийн олонх энэ жил ЕБСийг төгсөх учраас тэр. Элсэлтийн шалгалт дууссаны дараа уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Энэ урлагийг цаашид улам хөгжүүлэхийг хичээж, 25 нас хүртлээ бүжиглэнэ гэж боддог. Хажуугаар нь багшилж, шинэ үеэ гаргаж ирнэ.

 

-Гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?

 

-Хамтлаг бус ганцаараа бүжиглэж байхдаа гаргасан амжилт бий. "Junior jem volume 1”, "Junior jem volume 2” тэмцээнд 1vs 1 ялагчаар тодорч байсан. "Камертон” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтод манай гурван гишүүн "Onyx” хамтлагийнхантай цуг оролцсон.

 

-Брейк бүжигчид стиль имижээ хэр анхаардаг юм бол?

 

-Ижил өнгийн хувцсаар гоёхоос бус, тэгтлээ их хэв маяг хөөцөлддөггүй. Ер нь, хоёроос гурван өнгийн хувцас хослуулж өмсдөг юм. Харин бүжигчин бүр стиль имиж, ур чадвараараа содон харагдахыг хичээдэг.

 

-Хамтлагийн бэлтгэл, бусад зүйлст зарцуулах мөнгөө яаж олдог вэ. Эцэг эхчүүд чинь хэр дэмжиж байна вэ?

 

-Өөрсдийнхөө халаасны мөнгөөр л зохицуулна. Гэрийнхэн маань "Хичээл номоо завсардуулахгүй бол хажуугаар нь бүжгийн хамтлагтаа анхаарч болно” гэж зөвшөөрсөн.

 

-Халз тулааны үеэр ялагдал хүлээгээд шаралхаж, муудалцах үе байдаг болов уу?

 

-Байхгүй ээ. Харин ч өөртөө дүгнэлт хийж, ур чадвараа улам сайжруулахын төлөө чармайна. Би анх "Bboy jem volume 5” тэмцээнд оролцохдоо нэг бүжигчинтэй халз тулаад шившигтэйгээр ялагдаж байлаа. Ялагдал гэж юу байдгийг биеэрээ мэдэрч, шаралхсандаа бэлтгэл сургуулилтаа улам сайн хийсэн. Үнэндээ ялагдаж сурна гэдэг чинь маш том ухаарал. Бөхөөр яривал унаж сурна гэсэн үг л дээ. Ялагдал хүнийг хурцалж, илүү дайчин, зоримог болгодог юм билээ. Тиймээс би "Хожигдол бол хожлын эхлэл” гэж хэлэх дуртай болсон доо.

 

-Хамгийн бага гишүүнээ хэрхэн сонгосон бол?

 

-Бэлтгэл хийдэг заалны маань эзний хүү. Биднийг бүжиглэж байхад хажууд ирчихээд дуурайна. Их сэргэлэн, овсгоотой хүү болохоор зааж өгсөн хөдөлгөөн бүрийг амархан сурдаг. Тэгээд л энэ урлагт сонирхолтой, бас бүжиглэх авьяастай Төгөлдөрийг хамтлагтаа авсан юм. Хамтлагийн маань нэг имиж болсон шүү, тэр.

 

Category: Мэдээ мэдээлэл | Views: 577 | Added by: beatbox_battle | Tags: Г.Ононмөрөн: Хожигдол бол хожлын эх | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]