Main » 2011 » 12-сар » 30 » Галын бурхангүй галын ёслол
8:14 AM
Галын бурхангүй галын ёслол

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөв. Үндэсний түүхээ сэргээж тусгаар улсаараа бахархан баярласан энэ үйл явдалтай зэрэгцэн Төрийн ордны цогцолборын чөлөөн дэх, хуучин Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө байсны буурин дээр тулгандаа галтай, 15 ханатай шинэ өргөө цогцлоон босгож өрхийг нь татаж, үүдийг нь өргөж,галыг нь цахилаа.

Гэхдээ төрийн тулганы гал бадраах ёслол галын бурхангүй болов. Төрийн галтай төрийн өргөөнд бүсгүй хүн хөл тавих бүү хэл сүүдрээ ч тусгаж болохгүй гэж дээрээс лүндэгнэжээ. Тэгээд УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэй сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч, зураглаачид тэр хавиар явж үзэгдэж болохгүй гэсэн хатуу зарлигийг дээрээс хүлээж авав. Угаасаа эмэгтэй сэтгүүлчид бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх ёслол хийгээд ерөөсөө хар сүлдийг харж болохгүй, бөхийн дэвжээ, морины уяан дээр очиж болохгүй гээд олон ёс журмыг мөрддөг. Уул овоо тахих ёслолд эмэгтэй сэтгүүлч очдоггүй. За тэр ч яахав, эрт балрын цагаас сахиж ирсэн дом юм биз. Гэтэл Төрийн ордны өр дунд эмэгтэй хүн хөл тавьж болдоггүй нэгэн онцгой объект шинэ зуунд гараад ирлээ. Байтлаа УИХ-ын чуулганы танхимд эмэгтэй сэтгүүлч орохыг хориглох л дутаад байна.

Уг нь эмэгтэй хүнийг монголчууд галын бурхан гэдэг. Бүр тааруухан хэлэхдээ "тогооны хүн” гэдэг нь угтаа галтай холбоотой ажил эрхэлдэг гэсэн үг. Галгүй тогоонд хоол, цай хийж болохгүйгээс хойш галын дэргэд байж л хоол хош базааж таарна биз дээ. Гал тахихад ч "Хаан аавын цахисан Хатан ээжийн хөгжөөсөн гал дүрэлз дүрэлз” гэдэггүй бил үү. Гагцхүү хөл хүнд бүсгүйг л галын тахилгад оролцуулдаггүй заншилтай. Гэтэл төрийн түшээд маань хатан ээжийг бараагүй хөөчихөөд хаан аав болж гал өрдөцгөөв. Тулганы галыг хэт цахиураар хөгжөөдөг байтал монголоо алдаж шүдэнзээр асааж ёсгүй загнацгаав. Эхнэрээ алдсан бэлбэсэн харчууд гал түлэхчээн болж байгаа юм шиг дөрвөн талд нь суугаад л бөвтнөх юм. Эмэгтэй хүн тулганы гал бадраах ёслолд оролцож болохгүй гэдгийн шалтгаан даанч өрөвдмөөр. Бүх цэргийн догшин хар сүлд цэнгүүлдэг Бурхан халдуны модноос авчирч түлж байгаа юм гэнэ үү. Тэгээд тэр галыг эм хүн харж болохгүй юм гэнэ. Эртээдхэн гал түлээгүй байхад Төрийн ордонд зочилж ирсэн иргэдийг эр, эмээр нь ялгаж байгаад бүсгүйчүүдийг нь гадаа үлдээсэн байсан. Ямар гэр гэхээрээ бүсгүй хүн орж болдоггүй ч юм, мэдэхгүй. Яваандаа нэг гэрийн эр, эм хоёр төрийн зарлигаар тус тусдаа гэрт сууж байх юм болов уу.

Тэгсэн дуучин гавьяат С.Жавхлан Манжийн ёсыг халж байна гэж Бошгыг халах залуучуудын эвлэлд элсч байгаа мэт зах, нудрагаа тасдаж хаяв. Дагаад манай шинэ цагийн феодал гишүүд хоргой торгон дээлийнхээ зах, нударгыг тасдаж, хиртэй нударга, хөлстэй захаа төрийнхөө гал голомт руу хийж бузарлах вий дээ гэтэл арай тэгсэнгүй.  Манжууд монголчуудыг мал болгож байна гэж унаган туурай нударга хийж өгсөн нь үнэн л дээ. Монголчууд түүнийг ёгт утгаар хариулж "Ембүү атгаж явна” гэж ембүү нударга тавин доош буулгалгүй үргэлж дээш эргүүлж явдаг болсон. Тэгээд ч хүн ахтай, дээл захтай гэдэг үг бий. Дээлийн захыг залгамагц дээл амиллаа хэмээн үзэж дээлийн захыг үүд рүү харуулж эвхэж тавихыг цээрлэдэг. Гэтэл гавьяат маань ембүү нударга, дээлийн амин сүнс болсон захаа төрийн голомтын дэргэд тасчин манж ёсыг халлаа хэмээв.

Гэтэл эрхэм түшээд маань жинхэнэ манж зангаар загнах нь тэр. Манжууд монголчуудын гал голомтыг хар хэрээ тоншиж байг хэмээн тулганы дөрвөн тотгонд хэрээ хошуу хийжээ. Монголчууд мөн л ёгт санаа бодож олоод галын бурхан эхнэрийн үсийг хан гарьдын далавч маягаар дэрийлгэн засч хар хэрээг айлгах утга илэрхийлсэн. Ингэж монгол эхнэрүүд хоёр зууны туршид Манжийн хар санаанаас гал голомтоо хамгаалж ирсэн түүхтэй. Сая төрийн өргөөнд хэрээ хошуугүй тулга тавьсан болохоор хан гарьд эхнэрүүд хэрэггүй болсон юм байлгүй. Монголын Их цааз хуульд эхнэр хүн гал голомтынхоо дэргэд галын хайчаа бариад сууж байхад гадна дотнын хэн ч түүнд халдах, элдвээр хэлэх, дайрч доромжлох эрхгүй байж. Галаа манасан монгол эмэгтэйн бүрэн эрхийг Их цаазад тусган дархалсан нь тэр. Харин шинэ цагийн феодал түшээд төрийн гал голомтоосоо галын бурхнаа салгасан нь харин ч Манжийн бодлогоор нэвтрүүлсэн шарын шашны балгаар төрийн хаан ухааныг хатан ухаанаас салгаж байнгын хагаралтай бага хаадын үе монголыг доройтуулсан цагийнх шиг зүйл болуузай гэж бодоход хүргэв. Ингэхэд манай эрхэм төрийн харчууд сая манж ёсоо халав уу, харин сэргээв үү. Үүнээс цааш арай эхнэрүүд гэр орондоо галаа түлж цайгаа чанаж дээжээ өргөлгүй энэ бүхнийг эр нөхөртөө даатгаад сууж байдаг үе эхлэх нь үү, яах нь вэ. Шинэ цагийн түшээдийн ааш аягийг заримдаа олоход хэцүү болох нь ээ. Харин сонгуульд бол мөнөөх бузар булайд тооцогддог эмэгтэйчүүдийн санал мань түшээдэд хэрэг болох л байх даа.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 617 | Added by: beatbox_battle | Tags: Галын бурхангүй галын ёслол | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]