Main » 2011 » аравдугаар сар » 28 » Ганбууш Сингапурт хүйсээ солиулна
11:07 PM
Ганбууш Сингапурт хүйсээ солиулна
 

Хүслээр болдоггүй хувь заяа гэж. Түүний дотоод сэтгэл дэх уй гуниг, нулимс, ганцаардлыг түүнээс өөр хэн ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй биз.

 Гудамжаар алхахдаа ч тэр ганцаардлыг энгийн нэгнээс илүү ихээр мэдэрдэг байж болох. Гайхсан, сонжсон, дургүйцсэн, тохуурхсан харцууд дунд алхахдаа тэр юу боддог бол. Түүний нулимс хүртэл дотогшоогоо урсдаг байх даа гэмээр. Тэр бусдын адил уйлах эрхгүй.

Цав цагаан пальтогоор гангарч, бүрх малгай духдуулсан хээнцэр "эмэгтэй”. Наснаасаа илүү залуухан харагдах түүнийг монголчууд Ганбууш нэрээр нь андахгүй. Шинэ мэдээ дуулгахад, Ганбууш тун удахгүй хүйсээ солиулах хагалгаа хийлгэхээр Сингапурыг зорих гэж байгаа юм билээ.


-Та их гоё харагдаж байна.

-Баярлалаа, эмэгтэй хүн гоё сайхан харагдах ёстой шүү дээ. Тэр тусмаа миний хувьд сайхан харагдахын тулд сайхан хувцаслах  хэрэгтэй.

-Гамбуушаар сонин сайхан юу байна. Ойрд хэвлэлээр "үзэгдсэнгүй”. Их л завгүй байгаа юм аа даа?

-Сонин ихтэй. Сүүлийн үед сонин хэвлэлээр гарахаа больсон шүү дээ.  Сонин хэвлэлээр өөрийгөө илэрхийлэх нь чимээгүй байснаасаа их хэцүү. Заримдаа  надад бодогддог юм. Бэлгийн цөөнх гэдгээ бусдаас нууцлаад явсан бол арай л дээр, сэтгэлд амар байж уу гэж. Хүн л юм чинь надад ажил төрөл хөөцөлдөх зайлшгүй хэрэг гарна биз дээ. Хүнтэй уулзана, хэн нэгнээс тусламж хүснэ. Тэр болгон дээр хүмүүс намайг хүн гэдгээр маань хүлээж авахаасаа авахгүй нь их. Саяхан би Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлтэй уулзахаар ажлын өрөөнд нь очихгүй юу. С.Дэмбэрэл дарга  намайг хүлээж авч уулзвал өөрийнх нь нэр хүндэд сэв сууна гэж айсных уу, эсвэл надтай ярилцах зав байгаагүй ч юм уу шууд л баяртай гэж байна лээ. Тэгээд л надад би ер нь ингэж өөрийгөө бусдад нээх хэрэг байсан ч юм уу гэж бодогдсон. Нам гүм сэтгэл доторх шаналалаа тэвчээд л бэлгийн цөөнх гэдгээ бусдаас нууцалсан бол хэн нэгэнд адлагдахгүй байсан ч юм бил үү. Хүссэнээрээ амьдарч чадахгүй байсан ч гэсэн хүссэн бүгдээ авч чадах байсан юм шиг санагддаг. Өөрийгөө илчилснээс нуугдаж амьдарсан нь, үнэнийг худлаар хайцаалж амьдрах нь нийгэмтэй зохицоход амар байсан байж магадгүй.  Ах дүү, хамаатан садангуудтайгаа ойр, жаргал зовлонгоо хуваалцахад амар байсан юм шиг. Мэдэхгүй юм аа. Заримдаа хамаатан садангийн маань хүүхдүүд хуримаа хийнэ. Урилга ирүүлнэ. Тэд нарыг хүмүүсийн дэргэд эвгүй байдалд оруулаад яах вэ гээд л урилгаас нь татгалздаг ш дээ. Сэтгэл дотроо тэдэнтэйгээ хичнээн баймаар байсан ч гэлээ. Хүмүүс өө, Ганбууш танай төрөл юм уу гэхээр дүүд маань ямар санагдах бол гэдгийг өмнөөс нь төсөөлөхтэйгөө л байна.

-Одоо хүмүүс бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрдөг болсон шүү дээ. Боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нийгэмд харьцангуй их болсон?

-Хүмүүс их сонин. Зарим боловсролтой, мэдлэгтэй хүмүүс боловсролгүй нэгнээсээ дор харьцана. Нөгөө уулын мод урттай богинотой, олон хүн сайтай муутай гэгчээр хүмүүсийн бэлгийн цөөнхөд хандах хандлага сайжирсан гэж би бодохгүй байна. Нийгэм тэднийг гадуурхсан, тэднээс жийрхсэн  хэвээр л байна шүү дээ.  Гудамжаар алхаж явлаа гэхэд хэн ч надаас Гамбууш сайн уу гэж асуухгүй.  Болж өгвөл намайг тойроод л явчихна. Би өөрөө хүссэндээ ийм хувь заяаг сонгосон юм биш ш дээ, уг нь.

-Нээрэн таны амьдралаас сэдэвлэсэн "Хүслээр болдоггүй амьдрал” кино зохиол бичигдэж байгаа гэж сонссон. Хэн кино хийх санал анх гаргасан юм бэ. Кино зохиолыг найруулж байгаа найруулагч нь хэн бэ?

-"Хүслээр болдоггүй амьдрал” нэртэй бэлгийн цөөнхийн амьдралаас сэдэвлэсэн киног үзэгчдийн хүртээл болгоход ойртож байгаа. Одоохондоо найруулагчийг нь болон, ивээн тэтгэгчийнх нь талаар би юм хэлмээргүй байна. Тэртээ тэргүй цаг нь болохоор тодорхой болох юм чинь. Ямар ч байсан бэлгийн цөөнхүүд социализмын үед хэрхэн амьдарч байсан юм, шилжилтийн үед бас ямар зовлонг туулсан юм, өнөөдрийн ардчилсан гээд байгаа нийгэм яаж тэднийг хүлээн авч байгаа юм гэдгийг харуулсан киног бүтээх юм.

-Та тоглож байгаа юу?

-Тодорхой хэсэгт нь гарна аа.

-Үүнээс цааших нь нууц гэж үү?

-Тийм ээ, кино гарсан цагт үзсэн нь илүү амттай байх. Өнөөдөр надаар гараагүй байгаа киног яриулж байснаас илүү мэдээлэл  хүмүүст өгөх биз.

-Таныг хариулна гэж найдаж байна. Та хүйсээ солиулах мэс засал хийлгэх гэж байгаа гэдэг үнэн үү?

-Ирэх сард Сингапурыг зорино. Тэгээд хагалгаанд орох юм.

-Хагалгааны зардал нь хэд вэ. Бүх зардлаа өөрөө дааж байгаа юу?

-Тийм, хагалгаанд орох мөнгөө босгож л байна. Миний мөрөөдөл энэ шүү дээ. Насаараа мөрөөдсөн мөрөөдөлдөө амьдралдаа хураасан мөнгөө зарцуулахыг хүссэн юм. Хагалгааны зардал 25 мянган ам.доллар. Гэхдээ мэдээж би өөрийн гэсэн компанитай, мөнгөтэй баян хүн биш болохоор тодорхой хэмжээний мөнгө шаардагдаж байгаа.

-Хэн нэгэн танд тусалж байна уу?

-Үгүй, ёстой бор зүрхээрээ л зүтгэж байна.

-Бэлгийн цөөнхөд тусалж, дэмждэг төрийн бус байгууллага зөндөө л байна шүү дээ. Тэдэнд хандахгүй яасан юм. Бас хэн нэгэн компанийн захиралд хандаж үнэнээ хэлээд гуйвал зөвшөөрөх ч юм бил үү?

-Хэн нэгэн баянаас тусламж хүсч амаа бузарлаад яах вэ. Хэн ч намайг ойлгож хүлээж авахгүй. Бэлгийн цөөнхийн нэрээр байгуулагдсан төрийн бус байгууллагууд нь хүлээн зөвшөөрөхгүй байхад  хувийн компанийн захирал намайг ойлгохгүй шүү дээ.

-Бэлгийн цөөнхөд тусалж дэмжихээр гадаадаас төсөл хөтөлбөр нэлээд хэрэгждэг юм биш үү?

-Зөндөө төсөл хэрэгждэг. Тэр төсөл хаагуур нь хэрэгждэг нь бүү мэд. Тэгсэн мөртөө олон улсын байгууллагад хандахдаа Гамбууш оролцсон гэсэн мэдээлэл өгдөг. Үнэндээ бол Монголд гей, лесби хүн олон байдаг ш дээ. Тэд бүгд л багтай амьдардаг. Багаа хуулж ил гарсан нь Нараа бид хоёр болохоос биш. Би нэг удаа "lGBT” төрийн бус байгууллагынханд  хандаж тусламж хүссэн. Тэд нар надад зүгээр л "Уучлаарай” гэж байна лээ. Бидний нэрээр олон улсаас санхүүждэг төрийн бус байгууллага нь ингэж хүлээж авч байхад надад хэн туслах юм бэ.

-Төсөл хөтөлбөрөөр нэлээд их хэмжээний мөнгө орж ирдэг юм биш үү?

-Тийм ээ, нэлээд их хэмжээний мөнгө орж ирдэг. Эм тариа, бэлгэвч орж ирдэг. Бүгдийг нь таньдаг эмийн сандаа шахчихдаг нь нууц биш.

-Гей мисс  Энхриймаа билүү. Тэр чинь гадаадад очоод хүйсээ солиулчихсан гэсэн байх аа?


-Худлаа, худлаа, Хонгконгод л амьдарч байгаа юм байна лээ ш тээ. Энхриймаа эндээс авах болсон шалтгаан нь "Даяар Монгол” хөдөлгөөнийхөнтэй ямар ч холбоогүй байсан гэсэн. Яг үнэндээ өөрөө Улаанбаатарын өмнө биеэ үнэлэх гэж зогсч байгаад хоёр булиа залууд зодуулчихсан юм билээ. Түүнийгээ худлаа сенсаац болгож, "Даяар Монгол”-ынхонд зодуулсан гээд сүржигнэчихсэн. Зүв зүгээр байсан "Даяар Монгол”-ынхны дургүйг хүргээд бидний эсрэг болгочихсон . Ийм л юм болсон.

-Сингапурт таныг тэгээд хэн тосч авах юм бэ?

-Хүн бий. Гэхдээ нэрийг нь хэлээд яахав. Надад яах аргагүй туслах ёстой хүн байгаа юм. Ер нь тэгээд бэлгийн цөөнх хүмүүс хаа ч очсон дасан зохицохдоо амархан. Хоёр тархи нь зэрэг ажилладаг болоод тэр юм шиг байна лээ.  Ер нь Чингэс хааны үед бидэн шиг хүмүүс сайн бөө болдог байсан гэсэн. Хоёр тархи нь зэрэг ажилладаг болохоор мэдрэмж өндөртэй байдаг гэсэн үг л дээ.

-Та арай бөө болох гэж байгаа юм биш биз?

-Тэгж олны хэл ам болоод яах вэ. Хүмүүс энэ Ганбуушийг хэн ч тоохоо больсон чинь аргаа өөрчиллөө гэж муулах байлгүй. Намайг Сэлэнгийн нэгэн удган бөө болох хүн байна гэсэн.  Гэхдээ би хүлээн зөвшөөрөөгүй л дээ.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 818 | Added by: beatbox_battle | Tags: БАС НЭГ “НУУЦ” ГЭРЭЭ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]