Main » 2011 » есдүгээр сар » 17 » ХӨДӨЛГӨӨНӨӨР ЗУРАГЧИД - KAZAKY
5:31 PM
ХӨДӨЛГӨӨНӨӨР ЗУРАГЧИД - KAZAKY

 ӨНДӨР ӨСГИЙТ "БУРУУТАЙ”

Европын орнуудын радиогоор эгшиглэх түргэн хэмнэлт дуунд дуртай нэг нөхөр байж. Өөрөөр хэлбэл, "Kazaky” хамтлагийн клипийг үзэх хүртлээ. "За, бусад нь ч дүүрч. Өндөр өсгийт өмсөөд байхдаа яахав дээ” гэж тэрбээр дараа нь гоморхонгуй өгүүлсэн юм. Нийгмийн чиг хандлагаа дагаад хүмүүсийн сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, урлагийг хүлээж авах мэдрэмж нь ч өөрчлөгдөж байна. Шинэ бүхэн хүмүүсийг хооронд нь маргалдуулан, дуулиан тарьж, харин хожмоо түүх болон үл дэх тавилантай ч юм билүү. Үл ялиг махлаг бүсгүйчүүд дэгжинд тооцогддог байсан Парист Коко Шанель туранхай загвар өмсөгчдийг моодонд оруулж, энэ нь өнгөрсөн зууны нэгэн чиг хандлага болж байлаа. Эрчүүдийн тухай нийтлэг төсөөлөл ч өөрч лөгдөж, энгийнээр хэлэхэд булчинлаг биений "хүч” үеэ өнгөрөөв.

Энэ нь мэдээж булчингаараа бус тархиараа хоолоо олж иддэг болсны илрэл. ...Тэд "бөмбөг хаяв”. Өндөр өсгийт, бариу, савхин банзал, трико, буржгар үс, булбарай уруул, уян налархай бие, нэр алдар, загвар хөөцөлдсөн мэт дүр төрх.... Тэд үегүй юм шиг бүжиглэнэ. Киевийн балетын сургуулийн оюутан дөрвөн залуу ингэж гарч ирсэн билээ. Овсгоотой, дуулиан тарих дуртай продюссер Евгений Тумокин дөрвөн залуугийн үсний засалт, өмсөх хувцас (хувцас гэхээс илүү трико, туфли гэвэл илүү оновчтой), камерын өмнөөс яаж харах гээд бүгдийг нь нарийвчлан бодож боловсруулсны эцэст "Kazaky” мэндэлсэн юм.

Эрэлхэг, түрэмгий, дайчин казакуудын нэрийг хамтлагтаа өгөхдөө тэд өнгөрсөн зууны бүх төсөөллийг орвонгоор нь эргүүлж, нийтлэг бүхнээс тасарч гарахыг зорьсон мэт. -Шуугиан тарихын тулд өндөр өсгийт өмсөхийг би л лав хүсэхгүй гэж алдартай дуучныг хэлэхэд "Та нар хүсэж байсан ч өмсөж чадахгүй юм чинь” гээд тэд амыг нь таглачихаж чадна. Тэдний урын сангийн бараг тал хэсэг болох (тэд одоогоор гурван дуутай, хоёр клиптэй) "In the middle” дууных нь клипийг "Youtube”-д гурван сая гаруй хэрэглэгч үзсэн байна. Дөнгөж төрсөн нялх хамтлагийн хувьд бүү хэл шоу бизнест хөлөө олчихсон томчуудад ч энэ нь чамлахаар юм биш. Тэднийг ижил хүйстнүүд, транссексуал гэхчлэн ярьж, бичдэг. Гэхдээ тэд өмсгөлөө тайлж, энгэсгээ арилгаад найз залуу, сүйт хархүү, аавын амьдралд хөл тавьдаг жирийн л эрчүүд гэнэ.

АРЧИБАЗЫН ГУРВАН "ХҮҮ”

Богино хугацаанд нэрд гарч, рок попын төдийгүй загварын ертөнцөд танил болж, Парис, Миланы хувцасны шоуны нээлтэд уригддаг "Kazaky” хамтлагийн гишүүдийг танилцуулъя. -Артур Самвелович Гаспарян (Арчибаз) Армений нийслэл Ереванд 1984 онд төрсөн. 10 настайдаа ОХУ-ын Санкт-Петербург хот дахь А.Я.Вагановын нэрэмжит балетын академид элсэж суралцсан аж. Оросын балетын хэд хэдэн хамтлагт ажиллаж байсан тэрбээр 2007 онд Украины нийслэл Киевт ирсэн. "Хунт нуур”-т тоглож, "Дельс-арт”, "Жежелийн балет” зэрэг нэрд гарсан хамтлагт бүжиглэж амжив. 2010 онд тэрбээр "Kazaky” хамтлагийг үүсгэн байгуулалцсан.

-Стас Павлов Украины Донецк хотод 1989 онд төрсөн. Бага ангидаа боксоор хичээллэдэг байсан тэрбээр 15 настайдаа Киевийн хөгжмийн сургуульд элсчээ. Хамтлагийнхаа бусад гишүү- ний адил балетын урлагт зүтгэсэн. "Kazaky”-гийн гоцлол дуучин, бүжигчин. Харамсалтай нь Стас хамтлагаа орхиж, бие даан уран бүтээлээ хийхээ мэдэгдээд байгаа юм.

-Олег Жежель Украины Львов хотод 1980 онд төржээ. Түүнийг 30 нас хүрснээс нэг сар, нэг өдрийн дараа "Kazaky” хамтлагийн анхны клип цацагдсан юм. Дүрслэх урлаг, дизаин сонирхдог тэрбээр оюутан байх даа комикс зурж мөнгө олдог байсан гэнэ. Гэхдээ нийслэлийг зорин ирснийхээ дараа бүжигт "уруу татагдаж”, зур гаа орхиход хүрчээ. Украины төдийгүй Европын бүжгийн нэвтрүүлгүүдэд амжилттай оролцсон Олег хамтлагийнхаа тоглолтын хувцас, тайз та салтын ерөнхий загварыг гаргахад өөрийн хувь нэмрээ оруулдаг.

-Кирилл Федоренко Украины Смела Черкасс мужид төрсөн. Таван настайгаасаа сонгодог хөгжим, бүжгийн дугуйланд явдаг байсан Кирилл одоогоос 10 жилийн өмнө Киевт иржээ. Киевийн Соёл урлагийн үндэсний их сургуульд элссэнийхээ дараа өндөр өсгийтүүдийн эгнээнд нэгдсэн аж.

БАГ. ФЕНОМЕН.

Тэд багтай бүжигчид. Тачаангуй төрх, сайхан бие нь энэ багны нэг хэсэг. Харин бүжиг, хөгжим бол тэдний жинхэнэ мөн чанар байж мэднэ. Бусдыг гайхашруулахгүйгээр шоу бизнест цойлж гарч ирэх боломж улам бүр ховордсоор байна. Нөр их хөдөлмөр, уран бүтээлийн эрэл хайгуулын оронд содон дүр төрх, цоо шинэ уур амьсгалыг бий болгох нь нэрд гарахаас илүү хялбар бол сон ч юм шиг. Тэднийг эр хүн биш, ижид хүйстнүүд зэргээр нэрлэж, дуулах чадваргүй, хөгжмийн хэмнэлд тааруу лан бүжиглэдэг гэлцдэг. Энэ бүхэн үнэн байсан ч янз бүрийн урсгал чиглэл холилдсон, нэр алдар, мөнгөний төлөө улайран тэмцэгчдээр дүүрсэн шоу бизнест тэдний гэх орон зай байсан нь үнэн билээ. Тэд хоёрдугаар Рикки Мартин, Бон Жови байхыг хүсээгүй, зүгээр л өөртөө дүр зохиож түүндээ тун чадмаг тоглоцгоосон. Ингээд л гүйцээ. Багтай амьдрал, багтай хүмүүсийн дундаас цойлж гарах, өөрийн гэсэн эрэлтийг бий болгохын тулд тэр өндөр өсгийт, банзал, бариу өмдийг баг болгон ашиглаж. Яагаад үгүй гэж? Хэвлэлээр тэдний тухай шуугиж, зарим нь шүүмжилж, зарим нь тэднийг шүтэн биширч байхад "Kazaky”-гийн гэх нэгэн хэв маяг аль хэдийнэ бий болчихож. Зоригтой, бусдаас өөр энэ дөрвөн залууг дуурайгчид гарч ирлээ. Гэхдээ "Kazaky”бол анхдагч.

ШҮҮМЖЛЭЛЭЭС АНГИД...

Хэнийг ч, юуг ч, яаж ч шүүмжилж болно. Амьдарч буй эрин минь, цаг хугацаа бидэнд тийм эрх олгосон. Хүн бүхэн бүхнийг өөрийнхөөрөө харж, хүлээн авах эрхтэй. "Kazaky”-гийн залуус шиг хувцасласан эрчүүд гудамжаар алхдаггүй болохоор л тэднийг "цэнхэр” гэж хэлэх ёстой мэт боддог хүмүүсээс тэд ангид... Эмэгтэйчүүдийн хээнцэр төрх, бардам алхаа, эр хүний шийдэмгий харц, намирсан хар алчуур дороос давалгаалах өвөрмөц хэмнэл тэдний оршихуйг бүтээдэг учраас тэр. Саармаг хүйстнүүд. Уран бүтээлчид. Хөдөлгөөнөөр зураг чид. Хөгжмөөр хүүр нэгчид. ... Хүний далд ухамсраас хэзээ ч үл арилах тачаал, хүсэл, хүслээ захирахуй, бас хүсэлдээ хөтлөгдөхүйг хулуу шиг хэлбэртэй, дугуй, төмөр, модон баг зүүчихээд бусдад, магадгүй өөрсдөдөө ч үл ойлгогдох хөдөлгөөнөөр агаарт зурж чадах...

Х.ОДОНЧИМЭГ

Views: 514 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]