Хүүхдүүдэд архи зарсан дэлгүүр
-ЭЭЖДЭЭ ХҮҮХЭД НЬ "НАЙРКА” ЗӨӨЖ, БАС АРХИНААС НЬ ХҮРТЭЖ ӨСЧ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ БИШ ГЭЖ ҮҮ-
Шинэ жил дөхөхөөр телевизүүдээр орой бүр гоё даашинзтай хөтлөгч бүсгүй, олны танил хэн нэг эрхэмтэй оргилуун дарс тулган баярлаж байгаа нэвтрүүлэг гардаг. Ингэж телевизээр архи ууж, баяр тэмдэглэхийг уриалж байх үед "Азийн чоно” архинд 14 хүн хордож амиа алдсан хэрэг гарсныг монголчууд мартаагүй. Гэтэл "13 настай хүү архинд хордож нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагаас өглөө. Хэдхэн жилийн өмнө идэр насныхан хуйгаараа архинд хордож байсан бол одоо нялх үрс минь архинд дэвтэж, эхнээсээ амиа алдлаа. Тувачууд хүүхдээ архиар угждаг. Хүнсний зүйлээр хомс тувачууд хүүхдээ уйлахаар нь угжинд нь архи хийгээд өгчихөөр инээж байгаад унтчихдаг аж. Тувад архины үйлдвэр, шаазангийн үйлдвэр л сайн хөгжсөн. Иргэд нь архиа уугаад аяга шаазангаараа байлддагаас тэр. ОХУ-ын төрөөс Тувагын архины үйлдвэрийг бодлогоор дэмждэг гэх. Ингэхээр жижиг үндэстэнг дорой байлгах боломж архи байдаг аж.
Гэтэл Монголын төр архины үйлдвэрийн эздийг магтан дуулж, "Шилдэг татвар төлөгч”, "Шилдэг бизнесмэн”, "Шилдэг улстөрч” зэргээр мандуулдаг билээ.
13-хан настай хүү архинд хордсон нь нэг айлд тохиолдож буй уй гашуу мэт боловч үнэндээ Монголын эмгэнэл юм. Тиймээс болсон явдлыг нэхэн сурвалжиллаа.
БИДНИЙ МЭДЭХГҮЙ, АРХИЧДЫН ХОРООЛОЛ
Хэрэг гарсан Чингэлтэй дүүргийг зорилоо. Олны нэрлэж дадсанаар Чингэлтэйн автобусны эцсийн буудал дээр тав, зургаан согтуу хүн зогсож байв. Тэдний хоёр нь эмэгтэй. 30 эргэм насны эмэгтэйд нэг архи байгаа бололтой. Тэр эмэгтэй ойролцоох насныхаа эрэгтэйтэй хэрэлдээд тэр хавиар бөөн шуугиан болгож байна. Эмэгтэй "Чи шээстэй өмдөө угааж чаддаггүй ш дээ. Дахиж шээстэй өмдтэйгээ охинтой минь унтвал алаад хаячихна шүү” гэх. Хариуд нь эрэгтэй нь "Би охин та хоёртой чинь зэрэг унтвал яах бол. Чам шиг өмхий хүүхнийг ч би тоохгүй л дээ. Гэртээ очиж тэр охиноо хар. Ганц юм олчихоод их юм болж байх шив” гэж доромжлох. Үнэндээ тэр хоёрыг хүн гэхэд хэцүү. Хоёулаа хир даг болсон хар куртканы оронцогтой. Царай нь хар хөх, шүлсээ гоожуулж нэгэн рүүгээ үсчиж байгаа нь сэжиг хүрэм юм. Тэдний хэрүүлийг хажууд нь байгаа нөхдүүд өдөөж байна гэж жигтэйхэн. Автобусны буудал дээр зогсч байсан гурван залуу тэднийг тунчиг шохоорон харж зогсоно. Архичин хоёр эмэгтэй эрчүүдээсээ холдож замын эсрэг талд гараад "Баагий хөгшөөнхүрээд ир. Энийг зохицуулчихъя” гээд ханцуйн дахиа заав.
Хэрүүл хийгээд байсан эмэгтэйн ханцуйд нэг шил архи байгаа бололтой. Нөгөөдүүл нь "Бүгдээрээ зохицуулчихъя” гэж шалцгаана. Харин хоёр эмэгтэй нөгөөхөө гэртээ очиж уухаар болов бололтой гудамж өгсөөд явж одов. Эндээс бидний мэдэхгүй, гэр хорооллын зах дахь архичдын амьдрал эхэлж байна даа.
ДОЛООХОН НАСТАЙ ХҮҮ 13-ТАЙ АХ НАРАА АРХИАР ДАЙЛСАН ГЭВ ҮҮ
Автобусны буудал дээр байсан архичдын хэрүүлийг харчихаад талийгаач хүүгийн гэрийг хайв. Тэднийх уулын бэлд байх юм. Хашаанд жижиг бор байшин байх. Хашаанд хоёр ч нохой боорлоно. Байшин хоёр өнцөгтөө хаалгатай бөгөөд хоёр айл амьдардаг юм байна. Талийгаач хүүгийн ээжийг Х.Сувд гэдэг. Х.Сувд гуайн гэр зай багатай ч цэвэрхэн, тохилог юм. Хойморт нь нүдэнд дулаахан, цайвар царайтай хүүгийн зургийг залсан нь талийгаач бололтой.
Х.Сувд гуай саяхан мэс засал хийлгэсэн, бие муутай нэгэн юм байна. Тэднийх таван хүүхэдтэй. Том охин нь хөгжлийн бэрхшээлтэй, гэртээ байдаг. Удаах хүү нь 22 настай бөгөөд саяхнаас Оюу толгойд ажилд оржээ. Гурав дахь охин нь одоо арваннэгдүгээр анги. Бага нь талийгаач хүү бөгөөд 13 настай байж. Х.Сувд гуай зуны улиралд хүүхдүүдтэйгээ барилгын ажил хийдэг. Охиныхоо группын 56 мянга болон Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг. Охиноо асарсны мөнгө гэж төрөөс гурван сард нэг удаа 30 мянган төгрөг өгдөг гэх. Ингээд тооцохоор барилгын ажил хийж мөнгө олохгүй бол тэр айлын сарын орлого 161 мянган төгрөг. Талийгаач хүүг багад аав нь өөд болжээ. Өнчин өссөн хүү аймхай, сэтгэл зөөлөнтэй, даруухан нэгэн байсныг ээж нь ярьж байсан. Орны дээд хананд дөрвөн медаль, хоёр өргөмжлөл байсан нь талийгаачийнх гэнэ. Талийгаач хүү сургуулийнхаа тооны аварга, онц сурлагатай байжээ. Гэрийнхнийх нь ярьснаар өнгөрсөн бямба гаригт ийм явдал болжээ.
Талийгаач хүү бямба гаригт 14.00 цаг хүртэл гэртээ хүүхэлдэйн кино үзсэн байна. Дараа нь ээж нь хүүгээ усанд явуулжээ. Усаа аваад Наран-Оргил, Төвсанаа гэдэг хоёр хүүхэдтэй хамт гэртээ иржээ. Наран-Оргил 13 настай. Харин Төвсанаа долоон настай. Талийгаач тэр хоёртой тоглохоор гараад гэртээ ирээгүй юм байна.
Наран-Оргил хүүгийн ярьснаар Төвсанаа ойролцоох дэлгүүрээс ээждээ архи авч өгчээ. Ээждээ архийг нь өгсний дараа дахин нэг шил архи авч "Ах нараа дайлна аа” гэсэн гэнэ. Ингээд талийгаачид байсан 300 төгрөг, Наран-Оргилд байсан 200 төгрөгийг нийлүүлээд ундаа авсан байна. Гурван хүүхэд Чингэлтэйн эцсийн уулан дээр гарч архиа ундаатай хольж уусан бололтой юм. Долоон настай хүү "Архийг ундаатай холиод уухаар гоё ордог байхгүй юу” гэж мэдэмхийрсэн гэх. Төв удалгүй Төвсанаа хүү гэртээ харьж, талийгаач, Наран-Оргил хоёр үлджээ. Талийгаач бие засах гэж байгаад жалга руу унахад Наран-Оргил модны дэргэд чирч аваачсан гэх. Тэндээ хоёр хүү хэсэг унтсан бололтой юм. Наран-Оргилыг харуй бүрийд сэрэхэд талийгаач бөөлжсөн байдалтай хэвтэж байжээ. Хүүгийн ажигласнаар талийгаач хурхираад байсан гэнэ. Дуудаад сэрэхгүй болохоор нь хүү ойролцоох айлынханд хэл дуулгажээ. Ингээд хүүхдүүд архи ууж, хээр унтсаныг мэдсэн хүн цагдаа дуудаж, гэрт нь хэл хүргэсэн байна. Ээж нь 21.00 цагийн орчимд очиход хүү бараг амь тавьчихсан байжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач архины гүн хордлогоос болж амиа алдсан байна.
Д.ЯГААНЦЭЦЭГ: ТЭР ХҮҮД ОЛОН УДАА АРХИ ЗАРСАН НЬ ҮНЭН
Хүүхдүүд Чингэлтэйн автобусны буудлын ойролцоох дэлгүүрээс 1500 төгрөгийн үнэтэй архи авсан аж. 1500 төгрөгийн үнэтэй "Нэрэм” гэдэг архийг "Гомбоо” буюу найрка гэдэг. Тийм архи захын хорооллын дэлгүүрүүдийн лангуун дор өрөөстэй байдаг. Хувийн үйлдвэрийн хуурамч архи зарах хориотой учраас лангууны араас гаргаж ирдэг эд. Бид талийгаачийн гэрээс гараад автобусны буудал дээрх хоёр дэлгүүрээр орлоо. Эхнийх нь архи зарах зөвшөөрөлтэй юм. "1500-ын архи байна уу” гэж асуувал "Манайх хямд архи зардаггүй. Хамгийн хямд нь 2000 төгрөгийн үнэтэй жижиг Хараа” гэж байна. Нөгөөх нь ерөөсөө архи зардаггүй гэх. Дээр дурдсан архичид эргээд ирэхэд байж л байв. Тэдэнд 2000 төгрөг өгөөд хаанаас ямар архи авдгийг нь асуухад "Энэ хоёр дэлгүүрт 1500 төгрөгийн үнэтэй "Нэрэм” гэдэг архи байдаг. Бас 2000 төгрөгийн үнэтэй "Шим” гэдэг архи ч бий. "Шим” нөгөөхөө бодоход зөөлөн ордог юм. Хүүхэд архинд хордож үхсэнээс болсон уу, энэ хавийн дэлгүүрүүд "Гомбоо” зарахаа больсон. Зарим нь бүр архи зарахгүй байна лээ” гэцгээж байв. Тэднээр "Гомбоо” зардаг хамгийн том дэлгүүр болох "Баян Чингэлтэй худалдааны төв”-ийг заалгаад очлоо. Худалдагч нь 50 гаруй насны эмэгтэй байна. Түүнээс "Ном уншуулах гэсэн юм хямд архи байна уу” гэж асуувал "Манайх архи зарахаа больсон” гэлээ. Лангуун дээр нь архи ер харагдсангүй. Ингэж асуусныхаа дараа зорьж яваа хэргээ хэлж түүнтэй ярилцлаа. Худалдагчийг Д.Ягаанцэцэг гэдэг.
-Танайх хэдэн жил согтууруулах ундаа зарж байгаа юм бэ?
-10-аад жил архи зарж байна. Манайх АПУ, Спирт бал бурам компанийн архи болон "Монгол стандарт”, "Тэргүүн” зэрэг архи зардаг.
-Хувийн үйлдвэрүүдээс "Нэрэм”, "Шим” зэрэг архи авч зардаг юм биш үү?
-”Шим” архи авахаа больсон. "Нэрэм” архийг нэг залуу авчирч зардаг. Нэг авдар буюу 20 шил архи аваад гурав хоноод дуусдаг юм. Энэ хавь архичин ихтэй болохоор хямд архи сайн зарагддаг юм аа.
-Хямд архи зарахад хэр ашигтай байдаг юм бэ?
-1200 төгрөгөөр аваад 1500 төгрөгөөр зардаг.
-1200 төгрөгийн үнэтэй архийг архи гэхээсээ илүү найруулсан спирт гэмээр юм. Чанаргүй архи нууцаар зарах зөв үү?
-Уг нь гэрчилгээтэй, бичиг баримттай ирдэг л дээ. Бичиг баримтыг маань цагдаа нар аваад явчихсан. Архи зарах эрхээ ч хураалгачихаад сууж байна.
-Таны зарсан архийг уусан хүүхэд хордож нас барсныг сонссон уу?
-Сонсолгүй яах вэ. Даанч харамсалтай юм болж. Тэр хүүд архи зарсандаа харамсаад барахгүй сууна.
-Яагаад та долоохон настай хүүхдэд архи зардаг юм бэ?
-Тэр хүү өдөржин шахуу манай дэлгүүрт өнждөг юм. Энэ хавийнхан андахгүй дээ. Ээж нь архичин. Хүүгээрээ байнга архи авахуулдаг. "Ээж гадаа зогсч байгаа” гэхээр нь архи зарчихсан юм л даа.
-Танаас тэр хүү дандаа архи авдаг уу?
-Ээж нь авахуулдаг юм аа. Ээжийг нь мэддэг болохоор өгөөд байдаг юм.
-Хүүхдэд архи зарах хууль бус гэдгийг мэдэж байгаа биз дээ. Хэрэг гардаг өдөр танаас хоёр дахиж архи авсан юм биш үү?
-Хууль бус гэдгийг мэдэлгүй яах вэ. Миний л буруу. Эхлээд ээждээ архи авсан юм аа. Дараа дахиад нэг шил архи авсан. Тэрийг нь 13 настай хоёр хүү булаагаад зугтсан гэсэн. Ээжээсээ айгаад хойноос нь хөөсөн ч архиа авч чадаагүй юм билээ. Тэгээд л өнөө хоёр хүүхэд булааж авсан архи уугаад, нэг нь нас барсан юм билээ.
-Хэрэг гарснаас хойш та долоон настай хүүтэй уулзсан уу. Ээжтэй нь таарав уу?
-Хүү саяхан орж ирээд гарсан. Ээж нь өглөө орж ирсэн. Ээжийг нь л баахан загналаа. Өөр яах билээ.
-Та эх хүн. Нялх амьтан ээжийнхээ шахалтаар архи зөөгөөд байгааг мэдсээр байж ашгаа бодолгүй цагдаад хэлчихэж болсонгүй юү?
-Тийм юм санаанд орсонгүй л дээ.
-Архичин ээжийн хүүхэд архийг нь зөөсөөр байгаад архинд дэвтэж байгааг хэдэн жил харсан хүн та. Танаас олон хүүхэд эцэг эхдээ архи авдаг байх. Сэтгэл чинь эмзэглээгүй гэж үү?
-1500-гийн архи өдөрт 10 шахам шил зарагддаг. Хүүхдүүд нэг их аваад байдаггүй. Анзааргагүй байсан өөрийгөө буруутгаад л сууж байна, эгч нь. Өөр юу хэлэх билээ гэв.
Дэлгүүрийн эзэнтэй ярилцаад буцаж байхад өнөөх автобусны буудал дээр нөгөө архичид бөөгнөрсөөр л үлдэв.