Main » 2011 » 12-сар » 8 » Хаалттай ордны нээлтгэй дүр буюу Төрийн ордонг нураахад урлагийнхны хувь нэмэр асар их
6:40 AM
Хаалттай ордны нээлтгэй дүр буюу Төрийн ордонг нураахад урлагийнхны хувь нэмэр асар их

12 дугаар сарын 17-ны өдөр "Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат "Давтагдашгүй” тоглолтоо Төрийн ордонд хийнэ гэсэн зар тарлаа. Тэрбээр энэ талаар нууцалж байгаа ч ”Тасалбар худалдахгүйгээр тусгай зочдод тоглоно” гэдгээ мэдэгдсэн. Тоглолтонд нь хуучны "Эмоушн” болоод "Никитон” хамтлаг бүрэн бүрэлдхүүнээрээ тоглох гэнэ. Эл зарыг сонсоод хэн хүнгүй гайхаж "За за Төрийн ордонг нэг мөр урлаг соёлын од гээд байгаа нөхдийн тоглолтоо хийдэг газар болгочихмоор юм” хэмээн эгдүүцсэн нь олон. Эгдүүцэхээс өөр аргагүй. Өөрсдийн сонгосон түшээдтэйгээ ч юм уу

Төрийн ордонд суудаг хэн нэгэнтэй уулзах гэсэн энгийн иргэн орох гэж мундахгүй олон давааг давдаг. Адгийн наад зах нь өмсөх хувцсанд тавигдах шаардлага хатуу. Ёстой л хурдны морь шинжиж байгаа аятай юм болно доо. Мөрөө ил гаргасан хувцас өмсөж болохгүй, өвдөгнөөс дээгүүр татсан банзал өмсөхгүй гээд л болохгүй зүйлийн жагсаалт тун чиг урт хөвөрдөг атал урлаг соёлын одод яагаад хориотой ордонд ямар нэг хориггүйгээр тоглолтоо хийгээд эхлэв. Дэндүү ялгаварласан хэрэг бус уу.

ДУУЧИН Д.БОЛДЫГ БУС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУРУУТГА
Дуучин Д.Болдыг Төрийн ордонд тоглолтоо хийх эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгосон юм билээ. Тиймдээ ч түүний тоглолт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гэсэн тодотголтойгоор явагдсан юм. Ийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны их танхимд тоглолтоо хийснийхээ хариуд дуучин Д.Болд Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн. Үүгээрээ тэр Төрийн ордонд анх удаа тоглолтоо хийсэн дуучнаас гадна рок попынхон дундаасаа анх удаа Төрийн соёрхол хүртсэн хүн нь болсон юм.

Дуучин Д.Болдыг буруутгахаасаа илүүтэй Төрийн ордонд тоглолтоо хийхийг зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгч нэгийг бодох хэрэгтэй болсон бололтой дог шүү. Дуучин Д.Болдоос Төрийн ордонд анх удаа дуучдаас тоглолт хийхэд ямар байсан талаар сэтгүүлч асуухад "Кремльд олон дуучид тоглож байсан. Цагаан ордонд джаз тоглож байсан тохиолдол зөндөө байдаг. Би "Монгол поп” гэж шинэ урсгал босгож ирэх гэж хөдөлмөрлөлөө. Энийгээ төрийнхөө хоймроос сонсгох бодол байсан. Надад өөр нэг гоё санаа байсан. Энэ бол цагаан эсгийний ёслол.

Бид улаан хивс гэж яриад, дуурайгаад давхиад байсан чинь манайд цагаан эсгийний ёслол гэж гайхалтай гоё уламжлал байдаг байсан юм байна. Тэрнийг сэргээе л дээ. Тэгээд явлаа. Тэр цагаан эсгий ширдэг оёдолчдын ажил аягүй хэцүү ажил байдаг юм байна лээ. Мэдээж нарийн нямбай хүнд хөдөлмөрөөр бүтдэг гоё цав цагаан эсгийн дээр гишгэнэ гэдэг бол өөр л юм байдаг байж таарна шүү дээ. Төрийн ордонд "Монгол поп” тоглолтоо тавих гэж их олон шатаар дамжсан. Ёс жаяг, дэг журам нарийн байхаас ч аргагүй. Ерөнхийлөгчид хүсэлт тавьж уулзаад санаагаа нарийн тайлбарласан. Маш сайхан ойлгож хүлээж авсан. Бүх шатны хурлаар орсон. Тэгээд л тоглосон. Яг хөшиг нээгдэх үед "За, энэ яг үнэн үү” гэж би өөрөөсөө асууж байсан л даа. Үнэхээр сандарсан. Манайхан их гоё хүлээж авсан. Миний хувьд бас л том алхам байсан л даа. Төрийн ордонд тоглоно гэдэг бол” хэмээн хариулжээ.

Аргагүй ш дээ хөөрхий минь. Төрийнхөө ордонд анх удаа тоглолтоо хийж байгаа учраас түүний сэтгэл хамгийн ихээр хөдлөх нь дамжиггүй. Гэтэл анхны гэх тоглолтын салхийг хагалсан түүний араас Б.Чинбат гээд Төрийн ордонд тоглолтоо хийх дуучдын цуваа уртаас урт дараалалтайгаар хөвөрч байгаа дуулдана. Анхных нь дуучныг тоглолт хийхийг зөвшөөрсөн юм чинь дараагийн нөхдүүдэд тоглолтоо хийхийг нь эс зөвшөөрвөл ёстой нөгөө ялгаварлан гадуурхсан хэрэг болох биз. Тэгэхээр дээр йгүүлсэнчлэн Төрицн одны Их танхим урлагийнхан мөд удалгүй спортынхны тоглолт хийж тэмцээн уралдаанаа хийдэг Их танхим болж хувирах вий гэсэн болгоомжлол төрөөд байх юм.

ТӨРИЙНТОМЧУУД БИНИЙГ ИХ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРУУЛДАГ
Шалгуур өндөртэй энэ Төрийн ордонд урлаг соёлынхон тоглолт хийхийг зөвшөөрдөг эсэхийг Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн газрын ажилтнаас тодруулсан юм.

-Төрийн ордон гэдэг хэн дуртай нэгний ороод байдаг газар биш атал яагаад урлаг соёлынхон тоглолтоо хийгээд байгаа юм бэ. Тэдэнд тоглолт хийх эрхийг хэн олгодог вэ?
-Төрийн ордонд төрийн дээд байгууллагууд хууль тогтоомж, үйл ажиллагаагаа явуулах зориулалтайгаар анх баригдсан. Гэхдээ Засгийн газар болоод Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг бас Төрийн ордонд бас явуулдаг. Гэтэл энэ нь сүүлийн үед хүрээгээ тэлээд биднийг маш хүнд байдалд оруулж байна. Ний нуугүй хэлэхэд эрх бүхий хүмүүс дүрэм журам гээд нарийн нандин зүйлээ мэдэж, баймаар байна. Түүнээс гадна нэг том асуудал бий.

-Тэр том асууддынхаа талаар тодорхой тайлбарлахгүй юу?
- 1951, 1961 ондуудад баригдсан барилгуудад бүгдэд нь холбогдох мэргэжлийн байгууллагууд акт тогтоочихсон. Ямар нэг доргио чичиргээнд нурж унахад бэлэн, ан цав их гарсан байгаа. Бидний зүгээс дуучин Д.Болдын арга хэмжээг хориглох гэж нэлээд үзсэн. ЕрөнхийлөгчийнТамгын газраас дэмжчихсэн байсан учраас бид дуучин Д.Болдтой хэд хэдэн удаа уулзаж хөгжмөө аяархан тавих талаар нэлээд их үүрэг хийгээд зөвлөгөө өгсөн. Гэхдээ урлагийн хүмүүсийг дэмжихгүй байхын аргагүй. Дэмжихгүй гээд шууд хэлэхэд их эвгүй байдаг юм билээ. Тоглуулахгүй гэж үзээд дийлээгүй гэх үү дээ. Өөрсдөө хүнд байдалд орох гээд байсан учраас Д.Болдыг хоёр гурван удаа дуудаж уулзсан юм. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг нь хүртэл үзүүлсэн.

-Нэлээд хэдэн жилийн өмнө Төрийн ордны нэг хэсэг нурсан тухай мэдээлэл цацагдаж байсан санагдаж байна?
-2008 оны намар одоогийн энэ тоглолт хийгээд байгаа Их танхимын баруун талд өглөө үүрээр 60 мм-ийн зузаантай тааз нурсан. Яагаад нурсан гэхээр аль эрт 1951 онд баригдсан барилгад засвар xийxээc эхлээд ажил мундахгүй их гарна шдээ. Тэр тоолонд зузаарсаар байгаа ашигт малтмалын давхарга шиг олон давхар үе үүсчихсэн шавар унасан байсан. Төрийн ордны баруун, зүүн хоёр танхимын тэнд байдаг, хүмүүсийн амардаг сандлуудыг бүр өм цөм тасдаад хаячихсан байсан. Ийм аймшигтай зүйл болсон учраас бид маш их болгоомжилдог. Гэтэл одоо иймэрхүү арга хэмжээ зохион байгуулна гээд өндөр дээд албан тушаалтнууд хүсэмжлээд байгаа нь биднийг их хэцүү байдалд оруулдгийг нуух юу байхав. Бүр сүүлдээ аргаа бараад Д.Болдын "Монгол поп” тоглолтыг хагас сайн өдөр зохион байгуулсан хэрэг. Үүнийг далимдуулаад гэдэг юм уу, барьцаад гэдэг юм уу урлагийнхан тоглолтоо хийх гээд байх юм.

-Хөгжмийн зохиолч Б.Чинбат Төрийн ордонд тоглолтоо хийнэ гэдэг бараг зарлачихлаа шүү дээ?
-Д.Чинбат мундаг хөгжмийн зохиолч уу гэвэл мундаг. Үнэхээр сайхан сайхан аялгуутай. Гэхдээ бид тоглолт хийхийг зөвшөөрөөгүй. Энэ хүний тоглолтыг алаг үзэж ялгаварласан зүйл отт байхгүй. Төрийн ордон дотор төрийн үйл ажиллагаа, хурал цуглаан явуулдаг учраас урлагийн арга хэмжээ зохиоход бидний зүгээс татгалзсан хариу өгөөд байгаа. Хуулиндаа УИХ, Засгийн газар үйл ажиллагааны холбогдолтой ажил хэргээ явуулна гээд заачихсан байдаг. Хэдийгээр урлагийн тоглолт хийлгэхгүй гэж хориглосон зүйл байхгүй ч тайз нь урлагийн тоглолт хийх зориулалтынх биш. Хамрийн наад зах нь хөшиг нь гэхэд л нээгдэж хаагддаггүй. Ажиллагаагүй гэсэн үг шүү дээ. Барилгын талаасаа бол урлагийн тоглолт битгий хэл томоохон дуу чимээтэй нүргэлсэн чичиргээнтэй зүйлд аюулгүй байдал талаасаа шаардлага хангахаа байсан. Үүнийг ойлгохгүй Б.Чинбатын тоглолт хийхийг дэмжсэн албан бичиг эрх бүхий байгууллагаас хоёр удаа ирээд байна.

-Хөгжийн зохиолч Б.Чинбат энэ сарын 17-ны өдөр тоглолтоо хийнэ гэсэн биз дээ?
-Энэ сарын 17-ны өдөр тоглолтоо хийе гэж хүсэлт ирсэн. Гэхдээ энэ сарын 17-ны өдөр Засгийн газрын таван яамны хамтарсан 100 жилийн ойн арга хэмжээ болж байгаа учраас боломжгүй гэж хариу өгсөн. Тэгээд ганцхан бид дур мэдэн үйл ажиллагааны зөвшөөрлийг өгдөг юм биш. Зөвхөн болох үйл ажиллагааны бэлэн байдлыг хангадаг байгуулага.

-Зөвшөөрлийг нь хэн олгодог юм бэ?
-Төрийн ордны тухай хууль гэж байдаг. УИХ болоод Засгийн газрын бусад үйл ажиллагаанаас бусад тохиолдолд зөвшөөрлийг олгодог вэ гэдгийг энэ хуулийн хоёрдугаар бүлгийн 6.4-т УИХ-ын Тамгын газар, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн энэ гурван хүний хамтарсан шийдвэрээр үйл ажиллагааг явуулъя гэж шийдсэн тохиолдолд Төр засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газрын бид бүхэн зохион байгуулж бэлтгэл ажлыг хангадаг хэмээн ярилаа.

Тэгэхээр нурах дөхсөн Төрийн ордонд үйл ажиллагаа явуулах эрхийг дээрх гурван дарга олгодог байх нь. Төрийн гурван өндөрлөгийн аюулгүй байдал гэдэг хамгийн чухал байдаг. Нурах дөхсөн энэ байранд тэд аюулгүй ажиллах баталгаа алга болчихсон бололтой. Тэгээд ч тэд өөрсдөө аюулгүй байдлаа бас бодолцох хэрэгтэй болчихсон юм биш үү. Шулуухан хэлэхэд Төрийн ордонг хэн дуртай нэгний тоглолтоо хийх газар болгож "шавар шавхайд” хутгамааргүй байна. Яг үнэндээ Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахад төлбөр мөнгө гэж нөгөө Итгэлт баяны хэлдэг шиг ичмээр дамшиг гэдэг шиг л хөлс авдаг юм билээ.

Бас болоогүй ээ тэр цөөхөн, хэдэн төгрөгөө өгөхгүй луу унжиж хэн нэг төрийн түшээ хийгээд төрийн гурван өндөрлөгийн ивээл дор хэмээн өнгөлөн далдлаад явуулчихдаг гэнэ. Ерөөс сүүлийн үед Төрийн ордонд л арга хэмжээгээ явуулахгүй бол тэр нь иргэд хийгээд томчуудад хүрдэггүй юм уу, хаашаа юм бэ, сав л хийвэл Төрийн ордон руу зүглэдэг болчихож. Энэ мэтээс харахад төр хийгээд Төрийн ордонд ёс журам гэдэг ойлголт байна уу үгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал болчихоод байгаа.

Уг нь дээр өгүүлсэнчлэн Төрийн ордны тухай хууль гэж байдаг юм шүү дээ. Харамсалтай нь тэр хууль хэрэгжихгүй нь бололтой. Хуулиа хэрэгжүүлэх гэсэн хэн нэгнийг "Чи хэн юм бэ” хэмээн дарамталж нуман тулгуурт оруулдаг замбараагүй явдлаа зогсоочихвол зүгээрсэн дээ, Төрийн ордонд тухлан суудаг эрхмүүд ээ. Тэгээд ч дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь яахан суудлаа олох билээ гэдэг үгийг хэрэг болгон нухацтайхан бодоод үз!

Category: Мэдээ мэдээлэл | Views: 490 | Added by: beatbox_battle | Tags: Хаалттай ордны нээлтгэй дүр буюу Тө | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]