Main » 2011 » 12-сар » 23 » ХААН банк дампуурах нь
12:44 PM
ХААН банк дампуурах нь

-Монгол улсын нийт айл өрхийн 80 гаруй хувь нь барьцаалагдчихсан "ХААН” банк гүйцэтгэх захирлын албан тушаалаас болж дампуурлын ирмэгт тулаад байна- «ХААН» банк хэзээ мөдгүй дампуурах нь. Тэд өөрсдийгөө хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй Монгол Улсын арилжааны том банк хэмээн зарлан тунхагладаг.

Энэ нь ч үнэн. Орон даяар 500 салбар нэгжтэй «ХААН» банканд манай улсын нийт айл өрхийн 80 гаруй хувь нь барьцаалагдчихсан байна.

Хэрэв Монгол орныг бүрхсэн асар том сүлжээ бүхий "ХААН” банк дампуурчихвал «Анод», «Зоос» банкны дампуурлаас аймшигтай асуудал үүснэ. Харин «ХААН» банкны хувьд энэ асуудалд эсрэг байр суурьтай байна. Яг л «Анод», «Зоос» банк дампуурахын өмнө ТУЗ болон гүйцэтгэх захирлууд нь ярьж байсан шиг «Бид дампуурахгүй» гэсэн товчхон хариулт өгч байна.

Гэвч "ХААН” банкныхан аль хэдийнэ түргэн авч, сандралд орчихоод буй. Бүр арга ядсандаа зээл гаргахаа больж, арай ч хаалгаа барьчихалгүй үлгэн салган үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр «ХААН» банканд малаа барьцаалаагүй малчин, төсвийн, хувийн байгууллагад ажилладаг гэлтгүй зээл аваагүй иргэн гэж алга.

Банк дампуурвал зээл авсан бүх иргэн орон байр, машин тэрэг, мал сүргээ барьцаанд тавиад туучихна. Ерөнхийдөө Монгол Улсын нийт өрхийн 80 гаруй
хувь нь хоосорно. Харин хадгаламж эзэмшигчид хадгалуулсан мөнгөө авч чадахаа байж, хүү өндөртэй том тоо эргэлдсэн ногоон дэвтэртэй л хоцрох биз. Энэ үед монголчууд хоорондоо хэрэлдэж, нэгнийгээ шоронд хийсэн болоод л өнгөрнө.

Харин «ХААН» банкийг эзэмшдэг Япончууд арван жил Монголчуудыг шулж, хүүлж олсон мөнгөө үүрээд нутаг руугаа зугтаачихна. «Алтан дорнод Монгол»-ын эзэн С.В.Паушок, «Транс» банкны дэд захирал С.В.Новожилов гээд ийм жишээ олныг дурдаж болно.

Тэгвэл «ХААН» банк дампуурчих гээд байгаагийн нэг шалтгаан нь гүйцэтгэх захирлын төлөөх ТУЗ-ийн дундах тэмцэл аж. «Бид олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлж ажиллах болно» хэмээн ихэд бардам ажлаа, хүлээн авч байсан «ХААН» банкны гүйцэтгэх захирал Саймон Моррис нутаг буцаад зургаан cap боллоо.

Гурван жилийн гэрээ байгуулж ажлаа эхэлсэн гүйцэтгэх захирал нь ажлаа хаяснаар дотоод үйл ажиллагаанд нь асар том доголдол үүсч гишүүн Д.Хулан ч энэ албан тушаалд очих гэж нэг бус удаа зүтгэсэн боловч мөн л бүтэлгүйтсэн.

Энэ нь «ХААН» банкны эзэн, ТУЗ-ийн дарга Хидео Савада гэгч ТУЗ-дөө тэр дундаа Ц.Баатарсайхан, Д.Хулан нарт итгэдэггүй гэдгээ харуулсан. Өөрөөр хэлбэл Монголчуудын мөнгийг угааж хөлжиж байгаа Япон улсын иргэн Савада гэгч монгол хүнд итгэдэггүй гэдгээ нотолсон хэрэг.

Үүнээс болж ТУЗ-ийн гишүүдийн дунд томоохон хагарал үүсчээ. Энэ ан цав Ц.Баатарсайханыг ТУЗ-Д орсноос хойш буюу 2009 онд үүссэн ч гүйцэтгэх захирал Саймон Моррис ажлаа хаяснаар өрсөлдөөн улам ширүүссэн байна. Аливаа байгууллагын ТУ3 муудалцаж, хуваагдахаар ямар л олиг байв гэж. Иймээс ТУЗ-ийн гишүүдийн албан тушаалын төлөөх энэхүү тэмцлийн уршгаар «ХААН» банк зээлээ гаргаж чадахаа байж дампуурах дээрээ тулжээ.

«ХААН» банкны Төлөөлөн удирдах зөвлөл долоон гишүүнтэй. ТУЗ-ийн даргаар Хидео Савада, гишүүдээр нь Ёшиаки Мишима, Ц.Баатарсайхан, Д.Хулан, Жемалуддин Кассум, Роберт Дрессен, Д.Моломжамц нар ажилладаг.

ТУЗ-ийн дарга Хидео Савада нь 2003 оны гуравдугаар сараас эхлэн «ХААН» банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Түүний эзэмшлийн «Савада холдингс» ХХК нь «ХААН» банкны хувьцааны 53 хувийг эзэмшдэг. Өдгөө Савада  "ХААН” банкны ТУЗ-ийн Засаглал, цалин урамшууллын хорооны гишүүнээр ажилладаг юм байна.

ТУЗ-ийн гишүүн Ёшиаки Мишима мөн 2003 оны гуравдугаар сард ТУЗ-д орсон. Тэрбээр мөн «Савада холдингс» ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг гэнэ. Мишима «ХААН» банкны ТУЗ-ийн Аудитын ба эрсдэлийн удирдлагын хороодын гишүүн юм байна.

Харин банкны хувьцаа эзэмшигч «Таван богд» группийн ерөнхий захирал Ц.Баатарсайхан 2009 оны гуравдугаар сараас ТУЗ-ийн гишүүн болжээ. Ц.Баатарсайхан «ХААН» банкны ТУЗ-ийн эрсдэлийн удирдлагын хорооны гишүүнээр ажилладаг.

Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулан мөн «ХААН» банкны ТУЗ-ийн гишүүн Д.Хулан 2003 оны гуравдугаар сараас эхлэн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. «Таван богд» группийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Д.Хулан «ХААН» банкны ТУЗ-ийн Аудитын хорооны дарга, Засаглал, цалин урамшууллын хорооны гишүүнээр ажилладаг.

ТУЗ-ийн гишүүн Жемалуддин Кассум нь Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/-ийг төлөөлөн «ХААН» банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. 2009 оны гуравдугаар сард томилогдсон тэрбээр Засаглал, цалин урамшууллын хорооны дарга, Аудитын хорооны гишүүнээр ажиллаж байна.ТУЗ-ийн гишүүн Роберт Дрессен 2011 оны дөрөвдүгээр сараас ТУЗ-д орж ирсэн байна.

Тэрбээр банкны хувьцаа эзэмшигч «Девелопмент Алтернативз Инкор» /ДАИ/-ийг төлөөлдөг. Дрессен нь «ХААН» банкны ТУЗ-ийн Эрсдэлийн хорооны дарга, Засаглал, цалин урамшууллын хорооны гишүүнээр ажиллаж байна.

Д.Моломжамц 2011 оны 11 дүгээр сараас ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байгаа Д.Моломжамцыг Сангийн сайд, «Монголбанк»-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдгээр нь илүү сайн таних биз ээ. Тэрбээр мөн Москвад төвтэй Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Д.Моломжамц «ХААН» банкны ТУЗ-ийн Аудит ба эрсдэлийн Удирдлагын хорооны гишүүнээр ажилладаг гэнэ. Харин «ХААН» банкны хувь нийлүүлэгчдийн ихэнх нь гадныхан. Японы «Савада холдингс» ХХК 40.22 хувь, Хонгконгийн «Эйч Эс Интернэйшнл» 12.76 хувь, «Таван богд трейд» ХХК 22.35 хувь, Д.Хулан 12.97 хувь, Олон улсын санхүүгийн корпораци 9.07 хувь, АНУ-ын «Девелопмент алтернативз инк» 1.79 хувь, АНУ-ын «Монголиахолдингс лимитед партнершип» 0.67 хувь, АНУ-ын «Морроу фемили ревокабл траст» 0.18 хувийг тус тус нийлүүлдэг юм байна.

Өнгөрсөн жил 30 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан «ХААН» банк энэ жил 60 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана хэмээн бардамнаж байв. Харамсалтай нь гүйцэтгэх захирлаасаа болж тус банк ашигтай ажиллах нь бүү хэл алдагдалд орж, дампуурахад ойрхон байна гэхэд хилсдэхгүй байх.

2010 онд шинэ гүйцэтгэх захиралтай болсон даруйдаа бүтцийн өөрчлөлт хийж байсан «ХААН» банк ойр ойрхон бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь банк ямар аюултай, эгзэгтэй байдалд очсоныг баталж буй бололтой.

1990-ээд оны сүүлээр одоогийнх шиг нөхцөл байдалд орж, дампуурлын ирмэгт ирчихээд байсан Монголын Хөдөө Аж Ахуйн Банкийг хөл дээр нь босгохын тулд Засгийн газар маш том алхам хийсэн. Тодруулбал Засгийн газар, Монгол банк, Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гаднаас туршлагатай шинэ менежер авч ирсэн нь АНУ-ын иргэн Ж.Питер Морроу байв. Ингэснээр тэрбээр 2000 оны наймдугаар сарын 11-нд ажлаа хүлээж авсан.

Тухайн үед 100 хувь төрийн өмч байсан Хөдөө Аж Ахуйн Банкны үйл ажиллагаа сэргэж эхэлсэн тул 2003 оны гуравдугаар сарын 25-нд Японы «Н. S. Securities» компани буюу одоогийн «Савада» корпораци 6. сая 580,000 мянган ам. доллараар хувьчлан авсан юм. Өдгөө Монгол орны бүх сумдад тарж, хүрч чадсан энэ банкны үйл ажиллагаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа нь «ХААН» банкныханд төдийгүй улс оронд маш том түгшүүр дагуулж байна.

Ямартай ч хэвлэл худал хэлдэггүй гэдгийг «Анод», «Зоос» банкны шил шилээ дарсан дампуурлууд харуулсан билээ. Тухайн үед хэвлэлээр энэ талаар хангалттай бичиж сэрэмжлүүлж байсан ч ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр төр дампуурсан хойно нь л арга хэмжээ авсан.

Бид дараа дараагийнхаа дугаарт «X ААН» болон бусад банкны доллар, мөнгөн хадгаламжийн хүү, зээлийн бодит зөрүү, гадны улсаас хэн гэж хүний, ямар аргаар олсон, хэр хэмжээний мөнгийг манай банкууд Монголчууддаа эргэлдүүлж, хүүлж, гадныхны түрүүвчийг зузаатгаж байгаа талаар хүргэх болно.

Мөн «ХААН» банкийг амжилттай удирдаж явсан орлогч захирал С.Сүхболдыг яагаад хөөж явуулсан зэрэг олон баримтыг цувралаар хүргэнэ.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 701 | Added by: beatbox_battle | Tags: ХААН банк дампуурах нь | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]