Main » 2011 » есдүгээр сар » 22 » Хар сүлдийг цэнгүүлэх биш, сүр сүлдийг нь гутаагаад байна
9:47 AM
Хар сүлдийг цэнгүүлэх биш, сүр сүлдийг нь гутаагаад байна
 

Ардчиллын анхны жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, үе үеийн батлан хамгаалах салбарын удирдлага, зэвсэгт хүчнийхэн ч хааяа л нэг цэнгүүлэх ёслол үйлддэг байлаа. Гэтэл эрхэм сайд Л.Болд бүх цэргийн хар сүлдийг хүссэн газартаа хэзээ ч хамаагүй цэнгүүлж байдаг болов.

Монгол цэргийн баяр, батлан хамгаалах салбарын 100 жилийн ой өнөө жил тохиож байна. Түүхт их ойн тодотгол дор их төрийн мандал бадралын бэлгэдэл, бүх цэргийн хар сүлдийг хоёр ч удаа цэнгүүллээ. Батлан хамгаалахын сайд Л.Болдын эл шийдвэр түүхт ойн тодотгол дор хэрэгжиж буй болохоор буруутгах аргагүй.

Нөгөө талаар энэ нь жижиг асуудал, зүгээр нэг ёслолын чанартай үйл ажиллагаа мэт боловч уг салбарын уламжлалт бодлого алдагдаж, гээгдсээр байгаагийн илэрхийлэл болж байна гэлтэй.

Учир нь бүх цэргийн хар сүлдийг хоёр жилд нэг л удаа цэнгүүлсээр ирсэн. Эзэн Чингис хааны цэргийн сүр сүлд болж байсан их хар сүлдийг 1992 онд шинээр бүтээн, Монгол Улсын бүх цэргийн сүр сүлд болгон залсан түүхтэй. Их хар сүлдийг өнөө жилийнх шиг хаа дуртай газраа, жилд бүр хоёр удаа цэнгүүлж байсангүй.

Их хар сүлд гэдэг эзэн Чингис хааны үеэс сүрдэм, эрхэмсгийн бэлгэдэл болж, энэ ч утгаараа хааяа нэг цэнгүүлэн хийморь лундаагаа сэргээдэг байж. Ардчиллын анхны жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, үе үеийн батлан хамгаалах салбарын удирдлага, зэвсэгт хүчнийхэн ч хааяа л нэг цэнгүүлэх ёслол үйлддэг байлаа.

Гэтэл эрхэм сайд Л.Болд бүх цэргийн хар сүлдийг хүссэн газартаа хэзээ ч хамаагүй цэнгүүлж байдаг болов. Уламжлал ёсоор их цэргийн хар сүлдийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өгөөмөр толгой хэмээх ууланд тахисаар ирсэн. Энэ нь монгол цэргийн бааз буюу хээрийн сургуулилт хийдэг Тавантолгойн өмнөх уул юм.

Анх хар сүлдийг цэнгүүлэхдээ уг газар нутгийн тааламжит сайхныг бодолцож үзсэн хэрэг биз. Гэтэл өнгөрсөн зун анх удаа "Женко” Х.Баттулгын ирээдүйн бизнес цэцэглэх Төв аймгийн Эрдэнэ сумын наахна байх Цонжин болдогт, Чингисийн хөшөөний хажууд их хар сүлдийг тахисан.

Энэ нь их хар сүлд цэнгүүлэх ёслолоор далимдуулж, Цонжин болдогийн тийш олны анхаарлыг татах, улмаар бизнесээ цэцэглүүлэх зорилготой байсан гэдэг. Ингэж Л.Болд цэргийн сүр хүчийг бататгаж, төрт ёсыг төвшин амгалан байхыг бэлгэдэн цэнгүүлдэг хар сүлдийг нам, улстөр, бизнес, халаас нэгт андынхаа ирээдүйн "их үйл хэрэг”-т зориулан цэнгүүлвэй.

Дараахан нь буюу саяхан нийслэлийн төвд Офицеруудын ордны өмнө бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх ёслолыг үйлдлээ. Л.Болд сайдынхаар бол Батлан хамгаалах яамны 100 жилийн ойд зориулсан учраас хар сүлдийг хаана ч цэнгүүлж болох бололтой. Энэ янзаараа бол нисдэг тэргээр хөлхдөг гэх гэрийнхээ гадна очоод цэнгүүлж байхыг ч үгүйсгэх газаргүй.

Их хар сүлдийг ийнхүү ойр ойрхон тахиад байгаагаас харахад манай батлан хамгаалах салбарын удирдлагуудын сүр сүлд жаахан тиим байгаа юм болов уу гэж бодмоор. Учир нь хийморь лундаа нь унасан хүн л тахил шүтээндээ ойр ойрхон залбирдаг. Нөгөө талаар хар сүлдийг Чингисийн үеийн тэр л ёс дэгийн дагуу тахина гэдэг өнөө үед мэдээж учир дутагдалтай.

Гэхдээ ёс журамд заасан наад захын шаардлагыг биелүүлж гэмээнэ бэлгэ дэмбэрэл талаасаа утга учир нь илэрхийлэгдэх болов уу. Уг нь их хар сүлдийг жирийн нэг цэрэг эр биш, цэргийн эрдэмд мэргэшсэн, хүч ихтэй эр хүн тахих ёстой гэдэг. Тэр хүн нь бар жилтэй, бар өдөр төрсөн байх ёстой аж.

Иймээс өнгөрсөн жилүүдэд энэ хүндтэй, сүрдэм албыг жил, өдөр нь таардаг хэмээн ЗХЖШ-ын орлогч дарга асан, хошууч генерал Шагдар үүрч иржээ. Мөн ёслолын үеэр ууц шүүс, тавгийн идээ тэргүүтнийг засаж их төрийн хүндэтгэл үзүүлэн, 81 алд цагаан хадагны нэг үзүүрийг хар сүлдний ишнээс уяж, нөгөөг нь дэлгэн ёслолд оролцож буй бүх цэрэг адис хүртдэг уламжлалтай.

Хар сүлдээ хаана, хэзээ тахих нь өнөөдрийн салбарын удирдлагын үзэмжийн асуудал болсон болохоор энэ мэт нарийн ширийн дэг жаягийг дээдэлдэг, эсэх нь үнэндээ эргэлзээтэй. Их цэргийн хар сүлд үзмэр биш, хэн нэгэнд гайхуулах хөрөнгө ч биш. Өвөг дээдсээс өвлөж ирсэн монгол цэргийн сүр хүч, лундаа хийморь гэдгийг тус салбарынхан мэдмээр сэн дээ.

1992 онд их хар сүлдийг анх залахдаа их л хүндэтгэн үзэж, уламжлалыг шингээхийг оролдсон байдаг. Монгол Улсын эрдэнэсийн сангаас 180 грамм шижир алт, 300 грамм цалин цагаан мөнгийг гарган, эртний Монголын нийслэл Хархорум хотын орчмоос суурийн чулуу, Хэнтий аймгаас шилбэний хус, Эрдэнэтээс зэс тэргүүтнийг залж авчран шилдэг уран дархчууд урлан бүтээж байв.

Энэхүү хар сүлд нь титэм, туг нөмрөг, суудлаас бүрддэг бөгөөд титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй, 40 см урт гилбэр 4.5 см-ийн хэмжээний дөрвөн ганцэцэг, гурван см-ийн голчтой хоёр зангилаанаас бүрдсэн байна. Туг нь дээвэр, залаа, бүч, бүслүүр зэргээс бүрддэг гэх мэтчилэн бүх зүйлийг их хааны үеийнхээр урлаж хийжээ.

Түүнээс хойшхи хугацаанд ч ёс жаяг бүхнийг ёечлон дагаж ирсэн. Гагцхүү эрхэм сайд Л.Болдын үед л ёс журам зөрчигдөж, монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээний утга алдагдахад хүрээд байна. Их хар сүлдийг онгон зэлүүд газар тахидаг нь нэг талаар ариун дагшныг бэлгэддэг байж таарна.

Гэтэл нэг бол бизнесийн түншдээ "хөрөнгө оруулах” зориулалтаар гадна, дотныхны нүд, шүлс унасан газар тахиад байдаг. Нөгөө бол түм түжигнэж, бум бужигнасан их хотын тоос шороон дунд тахиж байгаа нь үнэндээ ёс жаяг, өвгөдийн их үйлээс гажсан хэрэг болж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын батлан хамгаалах салбарыг удирдаж яваа эрхэм сайд Л.Болдод дамжуулах үг байна. Та салбараа мэдэхгүй байж болно, уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоог ч ухаж чадахгүй өдий хүрсэн байж магадгүй.

Гэхдээ монгол төр, цэргийн уламжлал гэж нарийн нягт зүйл байдаг юм шүү гэдгийг эргэж нэг санах хэрэгтэйг зөвлөмөөр байна. Хамгийн гол нь аливааг бэлгэшээн боддог ард түмний дунд эвгүй бодол төрөх вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй шүү.

Views: 502 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]