Main » 2011 » 12-сар » 2 » Хятадад ял эдэлж байгаа эгч дүүс эх орондоо ирнэ
11:48 PM
Хятадад ял эдэлж байгаа эгч дүүс эх орондоо ирнэ

БНХАУ-ын шүүхээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн ял сонссон Монгол Улсын харьяат хоёр иргэнийг ялтан солилцох гэрээний дагуу Монголд авчрахаар болжээ.

Тэднийг эх нутагт нь ял эдлүүлэх тухай хүсэлтийг манай улс өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын талд уламжилсан байна.


Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.


-БНХАУ-д хар тамхины хэргээр хоригдож байгаа манай улсын хоёр иргэн эх орондоо ирэхээр болсон гэж сонслоо. Ирэх хугацаа нь товлогдсон уу. Эх оронд нь авчрах саналыг хэзээ тавьсан бэ?

-Гадаадын орнуудад гэмт хэрэгт холбогдон, ял эдэлж байгаа монголчуудаа эх оронд нь авчрах саналыг бид байнга л тухайн улс оронд нь тавьсаар ирсэн. Цаашид ч энэ талын ажлыг хийх болно. БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж байгаа эгч, дүү хоёрыг эх оронд нь авч ирэх саналыг өнгөрсөн зунаас тавьсаар ирсэн. Уг асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.

-Гадаадад ял эдэлж байгаа хүмүүсийг эх оронд нь авч ирэх саналыг тухайн хүний ар гэрийнхэн үү, эсвэл ГХЯ тавьдаг юм уу?

-Ялтан солилцох гэрээний дагуу өөрийн улсын  иргэнээ татах хүсэлтийг тухайн  орны ГХЯ-ны Консулын газраас санал тавьдаг.

-Эгч, дүү хоёр хэзээнээс ял эдэлж байгаа вэ. Ялынхаа хэдэн жилийг эдэлчихээд байгаа хүмүүс юм бол?

-Энэ талаар одоохондоо мэдээлэх боломжгүй. Ямар ч байсан БНХАУ-ын зүгээс албан ёсоор зөвшөөрсөн хариу ирүүлээд, хүмүүсээ нутагт нь аваад ирсний дараа энэ талаар ярьж болох юм. Тэд хаана ч адилхан шоронд хоригдох ч эх орондоо ирнэ гэдэг нь хамгаас чухал.

-Эгч, дүүс Монголдоо ирэх асуудал эцэслэн шийдэгдчихвэл улс хоорондын зардлыг хаанаас, хэн гаргах вэ?

-Зардал чухал биш. Нэгэнт л асуудлыг нэг мөр шийдээд манай улс хүнээ авч ирэхээр болчихвол яаж ийгээд аваад ирнэ. Зардлаас илүү чухал зүйл нь эх орондоо ирж байгаа явдал шүү дээ.

-Өнөөдрийн байдлаар хар тамхины хэргээр БНХАУ-д ял эдэлж байгаа хэчнээн Монгол хүн байгаа вэ?

-Гаднын улс орнуудад гэмт хэрэгт татагдан, ял эдэлж байгаа нэлээд хэдэн хүн бий. Үүнээс Хятад Улсад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа 17 хүн бий. Бид цаашид ч энэ хүмүүсийн эдлэх ёстой ялыг эх оронд нь эдлүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авах болно.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 612 | Added by: beatbox_battle | Tags: Хятадад ял эдэлж байгаа эгч дүүс эх | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]