Гурав хоногийн өмнө Оросын агаарын
тээврийн "Як-Сервис” компанийн "Як-42″ онгоц хөөрснөөс хэдэн минутын
дараа осолдсон билээ. Онгоцонд нийт 45 хүн байсан бөгөөд хоёр хүн л
амьд гарсан юм. 43 хүн нас барсны 11 нь гадаадын иргэд байжээ. Нас
барагсдын төрөл төрөгсөд нь 39 цогцсыг таньсан бол үлдсэн дөрвөн
цогцост ДНХ-гийн шинжилгээ хийхээр болжээ. Агаарын аюулгүй байдлыг
хангахтай холбоотой Европын агентлагууд "Як-Сервис” компанийн онгоцыг
хамгийн аюулгүйд тооцож байв. Москва хотноо "Як-42″ онгоцны хар
хайрцгийг тайлах ажиллагааг эхлүүлсэн байна. Осол гарсантай
холбогдуулан Ярославльд гурван өдрийн гашуудал зарласан юм. Харин
өнөөдөр амь үрэгдэгсэдтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа Ярославскийн
спорт цогцолбор болох "Арена-2000″-д болох юм.
Ослын газарт ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев хүрэлцэн очжээ. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар нэг талаас техникийн саатал гарсан гэсэн бол нөгөө талаас чанаргүй түлшээр цэнэглэсэн байж болзошгүй” хэмээн таамаглаж байна.
Ослыг нүдээр харсан гэрчүүд ярихдаа "Онгоц хөөрөөд удалгүй шатаж эхэлсэн. Тэгээд дэлбэрч хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь усанд, нөгөө нь Ижил мөрний эрэг дээр шидэгдсэн” гэжээ.
Амьд үлдсэн хоккейчин Александр Галимов болон онгоцны багийн гишүүн Александр Сизов нарыг осол гарсны дараа өдөр Москва хотод авчирч эрчимт эмчилгээнд хамруулсан юм. 90 хувийн түлэгдэл авсан А.Галимовын бие эхэндээ муу байсан ч одоогоор тогтворжиж байгаа талаар эмч нар мэдэгдлээ. А.Галимовыг Москва хотын Вишневскийн нэрэмжит эмнэлгийн мэс заслын тасагт хэвтүүлжээ.
Эмч нарын онцолсноор А.Галимов тамирчин хүн учир хатуужил, тэсвэрээр үүнийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэв. Одоогийн байдлаар түүнд цагаан мөгөөрсөн хоолой суулгах мэс засал яаралтай хийх шаардлагатай байгаа аж. Дэлхий дээр ийм төрлийн хагалгаа нь хамгийн хүндэд тооцогддог байна. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон ч гадны биет ховхорч унах магадлал өндөр байдгаас эрсдэл ихтэй байдаг аж. А.Галимовыг аварсан цагдаа нарын мэдээлснээр тэрбээр шатаж буй онгоцноос өөрөө гарч ирсэн гэнэ. Амьд үлдсэн өөр нэгхүн бол онгоцны багийн гишүүн Александр Сизов юм. Түүнийг Москва хотын Склисросовскийн нэрэмжит эмнэлэгт хүргэжээ. А.Сизовын хувьд тэрбээр 15 хувийн түлэгдэлт авсан бөгөөд одоогоор түүний биеийн байдал ямар байгаа нь тодорхой бус байна.
Эх сурвалж: "Өдрийн сонин”