Main » 2012 » хоёрдугаар сар » 7 » Хуучин үнээр шатахуун зарна гэдэг “үлгэр” бололтой
10:53 AM
Хуучин үнээр шатахуун зарна гэдэг “үлгэр” бололтой

Шатахуун импортлогч компаниуд  үгсэн хуйвалдан, амралтын  өдрийг далимдуулан шатахууны үнийг нэмсэн нь үнэн болохыг Засгийн газраас томилсон Ажлын хэсэг олон нийтэд зарласан.  Үгсэн хуйвалдсан компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, 10 тэрбум төгрөгөөр торгоно гэж Засгийн газар сүр дуулиантай зарласан ч хэрэгжүүлэх эсэх нь бүрхэг хэвээр байсаар замхрах бололтой. Харин МҮЭХ өнгөрсөн долоо хоногт чихэнд чимэгтэй мэдээлэл хийсэн юм.  Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс шатахууны үнийг хуучин үнээр нь зарахаар боллоо гэдгийг дуулаад  олон нийт энэ өдрийг хүлээж байна. Маргаашнаас шатахуун яг хэдэн төгрөгөөр зарах тухай эх сурвалжаас тодрууллаа.

Эрдэс баялаг эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга Эрдэнэпүрэвээс  энэ тухай тодрууллаа.
"МҮЭХ шатахууны үнийг бууруулах тухай шаардлага тавих нь тэдний эрх.  Энэ нь шууд шатахууны үнийг буулгана гэсэн үг биш. НӨАТ-ыг бууруулсан тохиолдолд хуучин үнээрээ зарах боломжтой гэсэн судалгаа л байгаа. Манай яамны Ажлыг хэсэг татан буугдаад Сангийн сайдаар ахлуулсан шинэ Ажлын хэсэг байгуулагдсан. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.” гэв.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Ариунболд "Гурван талт хэлэлцээрийн үед МҮЭХ ийм шаардлага тавьсан. Засгийн газраас шууд үнэ тогтоох эрх зүйн орчин одоогоор байхгүй. Гэхдээ ЭБЭХЯ-ны хүрээнд энэ талаар ярилцаж байгаа бололтой” гэсэн хариулт өглөө. 
МҮЭХ-ны  ерөнхийлөгч С.Ганбаатар ажлаар гадаад явсан учир тус холбооны Нийгмийн бодлогын газрын дарга Б.Батбилэгээс тодрууллаа.
-Иргэд маргааш шатахууны үнэ буурч, хуучин  үнээрээ борлуулна гэсэн итгэлтэй хүлээж байна. Та бүхний тавьсан шаардлагыг  биелүүлэхгүй  бололтой?
-Шатахууны үнийг нэмсэний дараахан байгуулагдсан Ажлын хэсэг судалгаа хийж хуучин үнээрээ зарах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл өнөөдөр ямар ч арга хэмжээ авахгүй, тэгсхийгээд өнгөрөөхийг хичээж байгаа бололтой.
-Та бүхний ярьж байгаагаас өөр тооцоо, судалгаа Засгийн газар, шатахуун импортлогч компаниудад байгаа бололтой. Шатахууны үнийг бууруулах ямар арга байгааг та бүхэн холбогдох газруудад санал болгосон уу?
-Валютын ханшийг тогтворжуулж, НӨАТ-ыг өөрчилж асуудлыг шийдэж болно. Иргэн бүрийн амьдралд шууд нөлөөлж буй энэ асуудлыг шийдэхэд тийм төвөгтэй биш. Харин хүсэхгүй байгаа бололтой гэв. 
Шатахуун импортлогч компаниудаас төлөөлөл болгон  "Петровис” ,”Жаст Ойл”, " Сод Монгол” компанийн Маркетингийн албанынхантай холбогдон энэ тухай тодруулахад "Зах зээлийн бодит тооцоо судалгаан дээр үндэслэн үнээ нэмсэн. Бидэнд үнэ бууруулах боломж байхгүй. Валютын ханшийг бууруулж, НӨАТ-ыг өөрчлөх замаар үнийн асуудлыг зохицуулж болно” гэсэн ижил хариултыг өгч байлаа. МҮЭХ шатахууны үнэ бууруулах талаар дахин эсэргүүцэл зарлаж, дараагийн арга хэмжээ авна гэдгээ хэлж байв. 
 
Category: Нийгэм | Views: 512 | Added by: beatbox_battle | Tags: Хуучин үнээр шатахуун зарна гэдэг “ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]