Main » 2011 » есдүгээр сар » 26 » Л.Гүндалай: Ш.Сайхансамбуу Өмнөговийн нүүрсийг хараад би ТҮЦ ажиллуулдаг юм байна гэж билээ
4:00 PM
Л.Гүндалай: Ш.Сайхансамбуу Өмнөговийн нүүрсийг хараад би ТҮЦ ажиллуулдаг юм байна гэж билээ
 
УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.

-Хаврын чуулган завсарлахын өмнө АН чуулганы үйл ажиллагаанаас завсарлага авсан. Намрын чуулганаар завсарлагаа үргэлжлүүлнэ гэсэн үнэн үү?
-Энэ хуулийг шинэчилж, боловсрол, нийгэм, аюулгүй байдалд тохируулахгүй бол АН УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганаас завсарлага авна гэсэн шийдвэрийг манай бүлэг гаргасан. Завсарлага авах санаачлага гаргасан хүний хувьд хүссэн үр дүндээ хүрэхгүй бол завсарлагаа үргэлжлүүнэ. УИХ-ын чуулган эхлэнгүүт намын дүрмийн дагуу АН завсарлага авна. Чуулганы нээлтэд оролцоод дараагийн асуудал хэлэлцэх болоход бид завсарлага үргэлжлүүлэх тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэнэ. Учир нь манай намын бүлэг энэ завсарлагыг болих, болихгүй дээр дахин санал хураагаагүй байгаа.


-Чуулган завсарлахын өмнө нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд АН оролцсон шүү дээ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан оюутнуудад цалин олгох болон 2011 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудал, 2010 оны Засгийн газрын ажлын гүйцэтгэл гэсэн асуудлуудыг хаврын чуулганаар хэлэлцье. Өөр бусад асуудал дээр орохгүй гэж бид ярилцсан. Энэ талаараа ч тухайн үед олон нийтэд хэлж байсан. АН чуулганы нээлтийн дараа шууд завсарлага авах ёстой.

-Таны энэ саналыг одоо бүлгийн бусад гишүүд дэмжих болов уу?
-УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны бусад үйл ажиллагаанаас Сонгуулийн хууль дээр тохиролцоонд хүрэхээс наана оролцохгүй гэсэн саналыг би гаргаж, манай бүлгийн гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн. Үүнийг хэн ч өөрчлөхгүй. Бүлэг гэдэг УИХ-ын үйл ажиллагааны нэг хэсэг. Бид эцсийн шийдвэрээ гаргасан. Миний гаргасан саналыг дахиж хэлэлцэж, унагадаггүй л юм бол завсарлага үргэлжилнэ. Энэ саналыг манай нам, бүлгийн дарга, хэн нэг гишүүн бие даан өөрчлөх эрхгүй.  Бүх бичлэг баримт бичиг нь архивт хадгалагдсан.

-АН завсарлага авснаар багагүй шүүмжлэлд өртсөн. Цаг хугацаатай улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэхгүй гэх байдлаа дахиад намрын чуулганаар үргэлжлүүлнэ гэж байгаа нь  сонгууль дөхөж байхад эрсдэл дагуулах зүйл биш үү?
-Чухал асуудлууд бий л дээ. Гэхдээ Сонгуулийн хуулиа хэлэлцээд дараа нь бусад хуулиа хэлэлцэх боломж нь МАН-д байгаа. Бид огт хэлэлцэхгүй, орохгүй гээгүй. Сонгуулийн хуулиа яаралтай шинэчилье гэсэн. Гэтэл МАН-ынхан энэ асуудлыг зүгээр л яриад, тойруулаад цаг алдаад байна. Ингэж муур, хулгана болж тоглож болохгүй. Сонгуулийн хуулийг өөрчлөх нь энэ Хамтарсан Засгийн газрын гэрээний дөрөв, таван ажлын нэг. Одоо үүнийг хийх цаг болсон. Гэтэл үүнийгээ хийхгүй өөр зүйл хийгээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг яваад байна. Гэхдээ нөгөө талд АН завсарлага авснаар улс орны хөгжил гацахад хүрсэн хууль хүлээгдээд байгаа зүйлийг би олж харахгүй байна.

-Тавантолгой, Төсвийн тухай хуулиуд гээд олон асуудал хүлээгдэж байгаа?
-Төсвөө бид чинь баталчихсан шүү дээ. Энэ төсвөөс мөнгө илүү гарсан байна. Илүү гарсан мөнгөө яаж зарцуулах вэ л гэсэн асуудал байгаа. Хэрвээ зарцуулж чадахгүй байгаа бол дараа оны төсөв рүү тусга л даа. Мөнгө үрэх гээд гар нь загтнаад байгаа хүмүүс үүнийг ярьж байгаа. Энэ илүү гарсан мөнгөөр гоё юм хийх гэсэн чинь АН гацаагаад байна гэсэн зүйл би олж харахгүй байна. Ингэж ч ярихгүй байгаа. Тийм чухал байсан юм бол чуулганы завсарлагын гурван сарын хугацааг ашиглаж болох байсан. Энэ хугацаанд Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаад шийдвэрт хүрсэн байсан бол маргааш нь залгуулаад Төсвийн тодотголоо хийж болох байлаа. Гэтэл хийхгүй биз дээ.

-Сонгуулийн хууль дээр МАН буулт хийхгүй, АН завсарлагаа үргэлжлүүлсээр яваад хуучин хуулиараа 2012 оны сонгуулийг явуулах сонирхолтой хүмүүс хоёр намд аль алинд нь байна. Тиймээс энэ хууль ийм байдалтай өнөөдрийг хүрч байна гэж хүмүүс ярьж байгаа. Та ямар бодолтой байгаа вэ?
-Сонгуулийн хууль дээр АН цаг авч байгаа зүйл байхгүй. Манай нам МАН-д дарамт шахалт үзүүлж байна. Чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулья. Ингэхийн тулд Сонгуулийн хуулиа шинэчлэе гэж байна. Харин МАН энэ дээр цаг авч, АН завсарлагаа үргэлжлүүлэг, бидэнд ашигтай хувилбараар сонгууль явж л байвал улс орын хөгжил хамаагүй гэж асуудалд хандаж байна.

-Ийм байдал үргэлжилбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа л сонгууль явах юм биш үү?
-2008 оны хуулиар явж болно. Гэхдээ энэ хуулийг шинэчилж, өөрчилтөл манай намын завсарлага үргэлжилбэл арванхоёрдугаар сарын 1-ний дотор УИХ-ын чуулган төсвөө батлаж чадахгүй. Төсвөө батлаж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар хуулийн дагуу огцрох ёстой. Мөн Тавантолгойгоо гадныханд өгч урьдчилгаанд нь 500 сая ам.доллар авъя гэж яриад байгаагаа авч чадахгүй. Энэ мөнгийг сонгуулийн өмнө авч, ард түмэнд тарааж үнэлгээ авах санаа нь бүтэлгүйтэнэ. Бид бүдүүлэг харанхуйгаар завсарлагаа үргэлжилбэл Засгийн газар хариуцлагыг нь хүлээнэ.  Гэхдээ бид улс орны цаашдын хөгжил тусгаар тогтнол гээд олон чухал асуудалд нөлөөтэй тул бид ийм алхамыг сонгож байгаа. Түүнээс бид илүү зүйл, бүтэхгүй юм шаардаж, зориуд гацаагаагүй. Бид үлгэр дээр гардаг "Хаана ч биш газар очоод юу ч биш юм аваад ир” гэсэнгүй.

-Сонгуулийн хууль батлагдаагүй байхад орон нутагт сонгуулийн уур амьсгал аль хэдийнэ эхэлсэн байна. Та бэлтгэлээ хэрхэн хангаж байна?
-Миний ажиглаж байгаагаар МАН-ын гишүүд, нэр дэвших сонирхолтой олигархиуд л тойрог руу гүйж байна. Энэ нь МАН жижиг тойргоор 2012 оны сонгууль явна гэж дүгнэснийг илтгэж байгаа. МАН-ынхан маш их судалгаа хийж, хаана хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ шийдсэн байгаа гэсэн.  Дандаа мөнгөтэй, олигархиуд дэвшүүлэхээр зэхэж байна гэж сонссон.

-2012 онд Хөвсгөл хатуу тойргуудын нэг болох төлөвтэй байна гэж байгаа. Экс Ерөнхий сайд С.Баяр, "MCS”-ын тэргүүн дэд ерөнхийлөгч М.Энх-Амгалан гээд олон хүн дэвшихээр зэхэж байна гэсэн?
-МАН-ын Хөвсгөлд нэр дэвших санаатай хүмүүсийн тоо 10 гарсан байгаа. Багтаж, чихэлдэж ядаад биеэ хялалзаж, цэхэлзэж хараад яваа сураг байсан. Хөвсгөлд мөнгө төгрөг гаргаад яваа хүмүүсийг би нэр дэвших сонирхолтой байна гэж харж байна. Түүнээс нутгийн ард түмэнд хайртай даа биш байх. Мөнгө нь багтаж ядахаараа хүмүүс ингэдэг юм.

-Та ийм их мөнгөтэй, нөлөөтэй хүмүүстэй яаж өрсөлдөнө гэж бодож байна?
-Би оройхон гараад ширүүхэн дайрна даа. Юуны өмнө Сонгуулийн хууль хэрхэн батлагдах вэ гэдгийг харж байна. МАН-ын олиграхиудыг тэртэй тэргүй би мөнгөөр дийлэхгүй юм чинь ард түмэндээ очоод үнэнийг нь хэлнэ дээ.

-Сонгуулийн өмнөх жил гэхэд урьд жилүүдээс илүү улайрсан улстөрчид олноор бий болж байна. Энэ нь дахиад эмгэнэлт байдалд монголчуудыг хүргэх вий гэсэн болгоомжлол бий болгож байна гэж зарим хүмүүс ярьж байсан. Танд ийм зүйл ажиглагдаж байна уу?
-Мөнгөтэй залуучууд улс төр рүү их улайрдаг болсон. Тэд бүх зүйлийг мөнгөөр шийддэг болсон. Монголын нэг олигархийн хүүд "Та асуудлыг ямар зарчмаар шийддэг вэ”  гэсэн асуулт тавихад, "Би бүх юмыг мөнгөөр худалдаж авна” гэж хариулахаар нь "Мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл байвал яах вэ” гэсэн чинь "Тэгвэл бүр их мөнгөөр худалдаж авна”  гэсэн гэдэг онигоо гарсан байсан. Их л мөнгө гаргах юм бол юуг ч худалдаж авч болдог гэсэн ойлголттой болсон ийм хүмүүс олон байна. Саяхан Ш.Сайхансамбуу Өмнөговь руу явсан гэнэ. Тэнд очоод хил дээр нүүрс зөөж байгаа машинуудыг тоолоод хэдэн тонн нүүрс ачиж байна гэдгийг тооцоолсноо "Би чинь ТҮЦ ажиллуулдаг юм байна шүү дээ” гээд санаа алдаж байна гэсэн. "Хүн ахтай, Сайхансамбуу захтай” гэдэг биз дээ. Гэтэл өнөөх захтай хүн нь тэнд очоод санаа алдаад явж байна гэсэн. Энэ нь сонгуулийн өмнө уул уурхайгаас ямар мөнгө орж ирж, хүмүүсийг ямар байдалд оруулж байгааг харуулж байгаа биз дээ.
Views: 458 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]