Сүүлийн
үед дуучин Мадоннагийн сурталчилж байгаа LV нь бидний мэддэг классик
болсон бор өнгөтэй шар үсэгтэй цүнх, түрийвчээс гадна бүх төрлийн
хувцас үйлдвэрлэдэг бөгөөд эгэл нэгэн жирийн хүний хэрэглэх эд зүйл биш
л юм. Америкт ажиллаж амьдраад сарын дундаж 1000-4000 ам. долларын
цалинтай бид хэд хүссэн ч авч чадахгүй байгаа юмыг Монголд дундаж
100-500 ам. долларын цалин авч байгаа хүмүүс ямар мөнгөөрөө ийм үнэтэй
брэндийн барааг худалдаж авах вэ гэдэг нь л сонин байна. Улсын төсвийн
мөнгийг идэж буй сайд дарга нар, иймээ тиймээ том компани, корпорацийн
захиралууд, тэдгээрийн ар гэрийхэн л иймэрхүү үнэ цэнэтэй юмыг эдлэнэ
үү гэхээс тогтсон цалингаараа амьдардаг энгийн иргэдэд хүртээлтэй эд
биш. Яахав, нэг талаараа манай Монголчууд гадаад дотоод их явж их юм
үзэж нүдээ тайлж, соёлтой улс орны хүмүүс ингэж амьдардаг, ингэж
хувцаслаж, иймэрхүү эд зүйлсийг хэрэглэж, иймэрхүү хоол хүнсийг
хэрэглэдэг гэсэн ойлголттой болж, дэлхийн глобалчилалттай зэрэгцээд
хөлөө нэгтгэн явж байгаа нь мэдээжийн хэрэг сайшаастай.
Yves Rocher, Adidas, Nike, Christian Dior, BMW, Wagner, Swarowski,
LandRover болон бусад брэндийн албан ёсны дэлгүүрүүд бий болж чанартай,
дэлхийн нэр хүндтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулж эгэл жирийн
энгийн хүмүүсд ч танигддаг болжээ. Сүүлчийн мөнгөө шавхаад, энд тэнд өр
тавьж аль эсвэл гадаад дотоодод амьдарч байгаа ээж аав, ах эгчээсээ
мөнгө нэхэн авч, хүсэж мөрөөдөж байсан Mercedes Benz юм үү сүүлийн
үеийн Lexus, Akura, Ford –ын үнэтэй машиныг худалдан авч бензиний
мөнгөгүй, 9911-тэй сүүлийн үеийн үнэ цэнэтэй моодны гар утастай бөгөөд
утасныхаа төлбөрөө хийх чадваргүй Монголчууд бол Монголоороо зөндөө л
байна. Нэг л их гял цал болсон мөртлөөсөө түрийвчэндээ сохор мөнгөгүй
бид яахаараа үргэлж бие биенийхээ дээр гарах гээд байдаг юм бэ?
Ээж ааваараа байр сав, унаа тэргээ авахуулаад гангарч байгаа залуучууд
гэртээ байгаа хүүхэддээ хоол хүнс авах мөнгөгүй байдаг. Нэг л их
ганган, брэнд хөөсөн хүүхнүүд байгаа мөнгөөрөө өөртөө юм худалдан авч,
түрүү жил өмсөж байсан гутлаа дахин өмсөж ажил дээрээ хүмүүсийн "нүдний
булай” болж байснаас гээд шинээр худалдан авч эр нөхрийгөө аль 5
жилийн өмнө авч өгсөн куртка өмсүүлдэг жишээтэй. Хүүхэддээ сургуулийн
бичиг хэрэгсэл авна гэж гарсан эмэгтэй замаараа их дэлгүүр орж өөртөө
үнэтэй нүүрний будаг, үнэртэй ус аваад, хүүхэддээ "тэгэж байгаад нэг юм
аваад өгчихнө” гээд явч байгаа нь Монголчууд бидний л зан.
4 жилийн өмнө Монгол руу очиж найз нөхөдтэйгээ уулзаж ярилцахдаа
"хоолонд орох уу” гэдэг асуултыг сайтар бодож байж хүндээ тавиарай гэж
зөвлүүлэв. Гайхан "яагаад тэр билээ” гэж асуухад нэг л их үнэтэй машин
унасан ганган гарууд тамхины мөнгө зээлээч гэж явч байна, зоогийн газарт
хоолоо идчихээд төлбөрөө төлөхгүй "голорч” байна гэж дуулсан юм.
За би энд хүн муулъя гэж бодоогүй л дээ. Яахав, дуртай хүн LV авна уу,
Gucci авна уу, Prada авна уу – тэр бол тухайн хүний хэрэг. Яахав,
мөнгөндөө умбаж хийх газаргүй л явна биз. Монголд төсвийн мөнгө идээд
халаавчиндаа бэлнээр 10,000 ам. доллартай явж байгаа хүн цөөнгүй л
байна. Монгол гэлтгүй Калифорнид амьдардаг нэгэн найз маань АНУ-д ирээд
өдрийн 2 ажил хийж мөнгөө цуглуулж "хөл дээрээ босож” 7 жилийн дараа
өөртөө Lexus-ийн ганган SUV авсаныг нь танил найзууд нь сонсоод бас
"хүний доор орохгүй” гээд баярхан баахан Lexus авав. Түрүү жилийн баяр
наадмаар нэг нь Movado-ийн цаг авсан чинь бас бөөн хүн шуурч бүгд
Movado-гоор гангарваа. Харин энэ жилийн баяр наадмаар манай Монголчууд
жинхэнэ Louis Vuitton-оор гангарсан гэсэн сураг гарсан.
Саяхан Монголд байхад нэг найз маань "та нар брэнд гэж мэдэх үү, тийм
дэлгүүр бас бараа Америкт байдаг уу” гэж инээдтэй зүйл асууж билээ.
Монголд ухаан алдаад байгаа түүний авсан гэх үнэтэй цагийг WalMart - ад
зардаг гэдгийг тэр лав мэдэхгүй. Хэдийгээр тэрээр олон газар явж
гадаадад олон жил ажилсан ч гадаад брэнд л бол мундаг гэх шинэ Монгол
зан нь түүний нүдийг тагалсан бололтой.
Энэ мэтийн инээдтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг зүйлүүд хаана ч байгаа
Монголчууд бидэнд тохиолдож, мах цусанд нь л шингэх учиртай л юм болов
уу. Харин хий дэмий ингэж мөнгө үрж байснаас бид яагаад Монголд байгаа
ядуу юм уу өнчин хүүхдүүдэд тусалж болохгүй гэж? Яагаад бид тархи
толгойндоо юм нэмж цэнэглэж болохгүй гэж? Apartment-ын 1 bedroom байранд
олон roоmmate-тэй амьдарч байж, гангарч байснаас хэрэгтэй юманд мөнгө
төгрөгрөгөө зарцуулж болохгүй гэж үү? Ядаж Монголд байгаа хүүхдүүдэд
тэтгэлэг маягаар жилд суралцуулах боломжийг нээж өгч болно шүү дээ.
Би л "Монгол”, би л "Чингисийн үр сад”, би л "Монголоороо гоёдог” гэж
орилж хашгирч байснаас Монгол оронд минь юу хэрэгтэй вэ, би гэдэг хүн
жоохон ч гэсэн яаж туслах вэ гэсэн бодолтой болвол улс маань хөгжиж
эхэлнэ. Таныг өдөр болгон 100, 100 доллар явуулж юм хий гэсэн хүн
байхгүй. Наад захад 99 cent дэлгүүрээс бичиг хэрэг, өдөр тутмын
хэрэглээний барааг олуулаа цуглуулж нартай өдөр сайн санааны ачаагаа
бусадтай хамт Монгол руу явуулж ядаж 10 хүүхдэд сургуульд хэрэглэх
юмтай, өмсөх хувцастай, амьдрах зорилготой болгож болно.
Монголчууд бид өөрсдөө хөдлөхгүй бол өөр хэн хөдлөх юм бэ? Биднээс илүү
гадаадынхан сэтгэл зүрхээ Монголын ядуу, өнчин хүүхдүүдэд зориулж сайн
санааны ачаа, 50,000 хүүхэд багачуудад очих өөрсдийн нэхсэн малгай,
бээлий, ороолт, ноосон цамц гэх мэт зүйлүүдийг энд тэндэхийн хүмүүсээс
жил бүр цуглуулан зардлуудаа өөрсдөө гарган контейнерээр явуулж байна
(дэлгэрэнгүй: http://www.fireprojects.org орж танилцаж болно). Юм нэхэж чадахгүй байлаа гэхэд бид хувиасаа мөнгөн тусламж үзүүлж болно. Жишээ: http://www.unicef.org/mongolia/support.html - UNICEF http://www.owc.org.mn/oyuntulkhuur - дуучин Оюунтүлхүүрийн хүүхдүүдэд туслах сан http://www.cebraonline.com/snow-leopard-trust-70-c.asp
- Монголд устаж буй цагаан ирвэсийн тоог үржихэд зориулагдсан энэхүү
хүүхдийн тоглоомны худалдааг дэмжин хүүхдүүдэд Монгол болон Киргизийн
авьяаслаг эмэгтэйчүүдийн хийсэн тоглоомнуудаас худалдан авч болно. http://www.samaritanspurse.org/index.php/CHP/Childrens_Profiles
- North Carolina-д байрлах Христийн Samaritan’s Purse Intl Relief гэдэг
ашгийн бус байгууллага Монгол болон бусад орны хүүхдүүдэд зүрхний мэс
засал үнэ төлбөргүй хийж өгч шинээр амьдрал бэлэглэдэг. http://www.vap.org.uk/asia/mongolia/cultural-projects/workcamp-2009-1.html
- VAP буюу Volunteer Action for Peace ашгийн бус байгууллага нь Монголд
зуны зуслан, өнчин хүүхдүүдэд багшлах багш нарыг үнэ төлбөргүйгээр
ажилуулж хүүхдүүдэд зуны амралт, англи хэлний хичээл заалгах сайхан
боломжийг олгодог жишээтэй юм. *Энэ
хэдэн байгууллага, санг би онлайн search хийж байгаад олж авсан бөгөөд
илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон өөр байгууллагыг та ч онлайнаар хайлт
өгснөөр гарган ирж чадна.
Саяхан эх үрсийн баяраар Бэй Эриа, наадмаар Лос Анжелесд хүмүүс
өөрсдийн хэрэглэхгүй ном, хувцас, шинээр худалдаж авсан бичиг
хэрэгслүүдээ цуглуулан Монгол руу сайн санааны ачааг явууулсан билээ.
Нэг иймэрхүү маягаар бид чадлаараа хэдхээн хүнд ч гэсэн тусалж чадвал
өөрсддөө буян болно шүү дээ. Миний хэлэх гэсэн юм гэвэл, бид хэр удаан
амьдарч, хэзээ хорвоо ертөнцөө орхин явхаа мэдэхгүй. Бид ирэхдээ нүцгэн
ирдэг, явахдаа ч гэсэн авч явах зүйлгүй яваад өгдөг. Бид одоо брэндийн
нэр хөөж хэн нэгний халаасанд мөнгөө өгч "мөнгийг нь угааж өгснөөс”
хажууд туслаж болох хүндээ анхаарлаа тавья гэж уриалмаар байна.
Ер нь тэгээд бид өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй байна.
Хятадын хямд, чанар муутай, юугаар ч хийсэн нь мэдэгдэхгүй, ямар бордоо
хэрэглэсэн ч ойлгомжгүй хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэж байснаас
өөрсдөө гараараа хийсэн эд зүйл, хоол хүнсээ авах хэрэгтэй. Бид өөрсдийн
үйлдвэр үйлчилгээгээ хөгжүүлэхгүй бол хүмүүс тэгээд л ажил төрөлгүй,
идэх хоол ундгүй гадаад руу гарахын тус болно. "Хүмүүсээ гадаад руу
алдаж дууслаа” гээд амаа бариад байгаа мөртлөөсөө хийсэн зүйлгүй л
байна. Бие биений дээр гарч, гэртээ хөргөгчиндөө идэх хоолгүй байж
гадаадын нэртэй компаний барааг өдөр тутмын хэрэглээ болгон баярхаж
явснаас өөрсдийн үндэстний бүтээгдэхүүнээ дэлхийн жишигт яагаад оруулж
болохгүй гэж. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн урамыг бодож, Монголынхоо
мөнгө хөрөнгөө Франц юм уу Англи уруу гаргаж байснаас Монголдоо л
байлгая л даа. Юмыг багаас нь эхлээд хэрэгжүүлж болно. Бид өөрсдөө л
хөдлөж, анхны алхмаа хийх хэрэгтэй байна. Бие биедээ урам хайрлаж,
хүндэтгэн явцгаая. Нэг нэгний доор орж, хийж байгаа юмыг нь муулж
байснаас дэмжээд л явъя л даа. Болохгүй юм гэж байхгүй. Дэлхийн нэртэй
пүүс компаниуд нэг өдрийн дотор нэрд гараагүй нь л лавтай. Өчнөөн олон
жил зүтгэж, шүдээ зууж явсаны эцэст гарч ирсэн шүү дээ. Бид нарт ч
энүүн шиг хийж чадахгүй, мэдэхгүй юм гэж байхгүй.
Харин 3 сая ч хүрэхгүй хүн амтай Монголд Францын Louis Vuitton бол арай
л бид нарт эрт ч байна, хэрэгцээгүй ч байна. Угаасаа мөнгө нь ч манайд
орох биш, гадаад уруу явах тул бид нарт ямар ашиг байгаа юм бэ гэж л
бодох хэрэгтэй. Мөнгө төгрөг, хөрөнгөтэй хүмүүс гадаадын улс орнуудаар
явахдаа л авдаг юм байгаа биз. Харин Монголчууд бид нарт цэвэрхэн хот,
хүүхдийн тоглох, спортоор хичээллэх талбай, хүүхдийн парк, мэдлэгээ
сайжруулах материал, боломж нь хэрэгтэй...
|