Main » 2011 » 11-сар » 10 » Миний хойд дүр Монголоос тодроогүй
10:10 PM
Миний хойд дүр Монголоос тодроогүй
http://sonin.mn/wp-content/uploads/2011/11/%D0%B9%D0%B9%D0%B9.jpg

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц их, дээд сургуулийн оюутнуудад өчигдөр "Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц уншлаа. Тус лекцэнд оюутнуудаас гадна Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олон ирсэн байв.

Тэрбээр уг лекцээрээ хүмүүс хэрхэн зөв амьдрах, сайн болоход юуг анхаарах хэрэгтэй зэрэг сэдвийг хөндөн ярилаа. Өнөөгийн залууст бурхан шашны сургаалыг зөв ойлгуулах, мэдлэгтэй байх нь ямар ач тустай зэрэг сэдвээр залууст ойлголт өгсөн юм.
Мөн оюутан залуусыг өөрийн гэсэн зорилготой байхыг хүслээ. Лекцэнд суусан хүмүүст Дээрхийн гэгээнтний найм дахь айлчлалд зориулан хэвлүүлсэн "Шинэ мянганы ёс зүй” номоо өгсөн юй. Ингээд түүний уншсан лекцээс сийрүүлэн хүргэе.

Бид аз жаргалыг эрж хайхын төлөө төрсөн билээ. Аз жаргалын үндэс нь хайр, дотно сэтгэл, нигүүлсэхүйн мэдрэмж байдаг. Бидний хэн ч гэсэн аз жаргалтай байх бүрэн үндэстэй хэмээн би боддог. Ингэснээр аз жаргалд хүрэх дотно сэтгэл хийгээд нигүүлсэхүйн чанарыг илэрхийлэх юм.

"Буддын уг чанар” хэмээх номлолд хүмүүс анхандаа энэрэнгүй хийгээд уур уцааргүй байсан тухай заасан байдаг. Гэвч энэхүү үзлийг буддын сургаалыг үзэлгүйгээр хүлээн зөвшөөрч болох юм. Би үүнийг өөр үзэл санаан дээр үндэслэн хэлж байна. Хайр хийгээд нигүүлсэл нь шашны зарчим төдийгүй өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг юм гэж бодно.

Нэгдүгээрт, хэрэв бидний амьдралыг төрөхөөс нь үхэх хүртэл авч үзвэл энэ хугацаанд бусдын хайр биднийг энхрийлж байгааг харж болох юм. Бид хорвоо дээр төрсен тэр үеийг жишээ болгон авч үзье.

Төрсний дараахь бидний эхний үйлдэл эхийнхээ хөхний сүүг амлахаас эхэлдэг. Энэ нь хайр хийгээд нигүүлслийн нэгэн үйлдэл юм. Үүнгүйгээр цаашид бид амьдрах чадваргүй байх билээ. Энэхүү үйлдлийг хийхийн тулд харилцан бие биенээ хайрлах чадвартай болдог.

Хэрэв нялх хүүхэд түүнд сүүгээ амлуулж буй эмэгтэйн ямар нэгэн хайрыг мэдрэхгүй бол тэр үүнээс татгалзаж болох байсан. Хэрэв эх нь хүүхдэдээ хайргүй байсан бол түүний хөхөнд сүү орохгүй байж болох юм. Энэ бол бодит амьдрал. Цаашилбал, бидний бие сэтгэхүй хайр хийгээд нигүүлсэл дээр оршин тогтнодог.

Сэтгэлийн тайван байдал, хайр болоод нигүүлсэл нь хүний эрүүл мэнд хийгээд биеийн байдалд таатай нөлөөлдөг. Харин айдас, уур уцаар хөөрөх нь бидний бие сэтгэлийг сүйтгэдэг. Хайр нь бидний сэтгэл хөдлөлийн эрүүл байдалд чухал нөлөөлнө. Үүнийг ойлгохын тулд бусад хүмүүс бидэнд хүнлэг эелдэг сэтгэл гаргаж буйг харахад бид юу мэдэрч байгаагаа бодох хэрэгтэй.

Эсвэл бидний хайрын мэдрэмж орчин тойрныг өөрчлөх үед бид юу мэдэрч байгааг ажиглах нь зүйтэй. Энэхүү эерэг сэтгэлийн хөдөлгөөн нь биднийг болон гэр бүлийг, цаашилбал бүхэл нийгмийг аз жаргалтай болгодог. Иймээс миний бодлоор хүний уг чанарын үндсэнд эелдэг чанар оршдог гэж ойлгож болно.

Энэ нь үнэхээр үнэн бол хүний уг чанарын үндсэн хэлбэртэй өөрийн амьдралыг зохицуулж болох юм. Мэдээж хэрэг хэсэг хүмүүс, зарим гэр бүл, нийгэм үндэстэн хийгээд бүх дэлхий даяар аливаа зөрчил, хурцадмал байдалтай байгааг үгүйсгэхийн хэрэггүй билээ.

Үүнээс ургуулан бодвол хүн анхандаа маш хэрцгий байсан гэж зарим хүмүүс үзэж буй. Өөрийн онолыг батлахын тулд бид хүн төрөлхтний түүхээс жишээ татдаг. Гэвч би урьдын адил хүн байгалиас төрөхдөө эелдэг хийгээд нигүүлсэнгүй байдаг гэдэгт итгэх хэрэгтэй.

Уур уцаар, хэрцгий зан чанар хүн бүрээс гарах боловч арай өнгөцхөн бий болдог хэмээн үзэж байна. Тэдгээр нь бид хайр хийгээд дотно байдалд хүрч чадаагүй тохиолдолд бий болдог юм. Тиймээс хэрцгий байдал үүсч болох авч би энэүү зөрчлийн шалтгааныг хүний уг чанараас бус харин хүний төлөвшөөгүй оюун сэхээ, түүний төөрөгдөл, хий бодол гэж боддог.

Хүн төрөлхтний хөгжлийг авч үзвэл бие бялдрын хувьд хүн нь олон амьтдаас хавьгүй сул дорой гэсэн дүгнэлтэд хүрч болно. Гагцхүү оюун сэхээний хүчинд бид хүрээлэн буй орчны нөлөөг эсэргүүцэх боломжийг олж сэдсэн билээ. Хүний нийгэм хөгжих тусам бидний танин мэдэх чадвар хийгээд сэтгэн бодох авьяас улам хөгжих болсон нь чухал үүрэгтэй.

Нигүүлслээр тэнцвэржээгүй оюун нь маш хүчтэй сүйрэлд хүргэдэг. Хүний нийгэм дэх зөрчил нь оюун сэхээг буруу ашигласнаас үүдэлтэй бол оюуныхаа тусламжтайгаар Та эдгээр асуудлыг шийдэх замыг олж болно. Оюун ухааныг эелдэг зан чанар эсвэл нигүүлсэлтэй хослуулбал бидний үйлдэл зөв зүйтэй болдог.

Сайхан сэтгэлийг мэдлэг болон боловсролтой хослуулахад бусад хүмүүсийн эрх хийгээд бодол санааг хүндлэхийн үндэс болдог. Бидний дотор хэчнээн муу муухай чанар байснаа үл харгалзан өмнө тулгарсан зөрчлийг шийддэг арга нь эелдэг чанар хийгээд нигүүлсэлд эргэн хүрэхэд оршино.

Лекцийн үеэр Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламаас оюутан залуус сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та найм дахь удаагаа манай улсад айлчилж байна. Монгол Улсын хөгжлийг гэгээн оюундаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Монгол Улс сайхан хөгжжээ. Дэлхийн бусад орны адил дэд бүтцийн асуудлаа шийдэж байна. Гэхдээ дотоод сэтгэлийн хөгжлөе чухалчлах хэрэгтэй. Энэхүү сэтгэлээ хөгжүүлж байж дотоод сэтгэлийн амар амгаланг мэдрэх болно. Мөн эрдэм мэдлэг, боловсрол чухал юм. Дээрээс нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Залуус өөрийн гэсэн зорилготой байх нь чухал. Хийж, бүтээж чадна гэсэн сэтгэлтэй байвал амжилтад хүрнэ шүү дээ.

-Таны хойд дүр манай улсаас тодорсон тухай сайхан мэдээ сонстох боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний хойд дүрийг Монгол Улсаас тодорсон гэж ярьсан. Саяхан хамба Дамбадоржийн хойд дүр тодорсон. Үүнтэй андуурсан бололтой. Хятадууд үүнийг сонсоод багагүй сандарсан гэсэн шүү. Энэ бол хэн нэгний хий дэмий хэлсэн үг юм. Монголчууд өөрсдөө том толгойтой болохоор том цуурхал гарсан байна.

-Сүүлийн айлчлалаараа архиа бага ууж айргаа тааваараа уугаарай гэсэн сайхан сургаал айлдсан. Одоо сайхан сургаалаа хайрлаач.
-Ганцхан монголчууд архи уудаггүй. Энэ дэлхийн нийтийн сэдэв. Мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай хүн
Мөн архины хорыг сонин телевизээр сурталчлан таниулах нь ач холбогдолтой. Архи бол жигшмээр зүйл шүү. Архи эвтэй найрамдалтай байдлыг эвддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Бурхан багшийн сургаалд "Намайг бодсон хүн архийг шүүдрийн усны төдий ч амсах хэрэггүй” хэмээн сургасан байдаг. Гол нь хүн өөрөө хичээж энэ муу үйлээс татгалзаж чадна. Өмнө нь хэлсэнчлэн Та бүхэн минь архи битгий уу. Үүний оронд цагаан идээгээ хэрэглээрэй гэж захья.

Бурхны шашныг мухар сүсгээр биш эрдэм мэдлэгийнх ,нь талаас нь сурах хэрэгтэй. Би үүнийг зөвхөн танай оронд биш бурхны сургаалтай олон оронд захиж байгаа.

-Монгол Улс газрын баялгаар баялаг. Сүүлийн үед байгалийн баялгийг хайр гамгүй ашигладаг боллоо. Энэ талаар сургаалаа айлдана уу?
-Улс орон байгалийн баялгаа ашиглах хэрэгтэй. Гэхдээ байгалиа хайрлаж зев харьцах нь чухал. Ер нь байгалийн асуудал дэлхийн нийтийн хамгийн гол асуудал болоод байгаа. Ашиг хайгчдын уршгаар байгальтай зүй бус харыдах нь буруу.

-Залуус мөнгөнд шунах болжээ. Ингэхээр Та мөнгөний мөн чанарын талаар айлдахгүй юу?
-Дэлхийн олон оронд үүний талаар ярилцдаг. Мөнгө эд хөрөнгөд шунах нь ганц хүнээс шалтгаалахгүй. Хүний өссөн орчинтой холбоотой. Хүүхэд багаасаа эдийн шуналтай болж байгаа нь сургалтын системтэй холбоотой. Тиймээс гаднаа сайхан харагдахаас илүү дотоод сэтгэлийн сайхан чанар хайрлах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй.

Хамгийн гол нь сургалтдаа хэрхэн үүнийг шингээх талаар бодолцох нь чухал болжээ. Бид бурханд таалагдах гэж мөргөл залбирал хийгээд байна. Манай сургаалд хүн өөрөө хичээж гэгээрэлд хүрдэг хэмээн заадаг. Харин бид номлолоороо хүн яаж гэгээрэхийг сургадаг.

Тэгэхээр сургаалыг ойлгож зөв хүн болно. Мөн нийтийн туршлагаас суралцах хэрэгтэй.

-Хүн хэрхэн сэтгэлээ амар амгалан байлгах вэ?
-Хүн нэг үрэл хүртээд сэтгэл нь амар амгалан болчихгүй. Маш их хүч хөдөлмөрийн дүнд амар амгалан байдал бүрэлддэг юм. Тухайлбал, би 15 нас хүртлээ ном сурсан хэдий ч амар амгалангийн нарийн чанадад хүрээгүй. Харин сүүлд нь уншсан сургамжтай номоо хэрэгжүүлэхээр зорьсон.

Тэгэхээр ямар нэгэн зүйл 14 хоног, нэг сарын дотор өөрчлөгддөггүй. Жилийн дараа бага зэрэг өөрчлөгдөнө. Хичээл бол усны үргэлжлэл мэт тасардаггүй хэмээн сургадаг шүү дээ. Муу үйл хийж байгаа хүнийг хүнийх нь хувьд өрөвдөх хэрэгтэй. Тухайн хүний хийжбайгаа үйлдлийн шалтгааныг нь бодох хэрэгтэй.

Түүнээс тэр хүнийг нь буруушаах хэрэггүй. Нөгөө талаар тэр хүний хийсэн гэмийг нь бодохгүйгээр уучлах хэрэгтэй.

-Сахил санваар хүртээгүй хүмүүс ямар ном үзэж бурхны сургаалыг судлах вэ?
-Бурхны номыг заавал лам хуврагууд уншдаг гэж ойлгож болохгүй. Хүн бүр сурах боломжтой. Гагцхүү хүний хичээл зүтгэлээс хамаардаг. Бурхны сургаал анхлан сурах бодолтой хүмүүс Гүнчин ламын айлдсан номыг судалж болно. Мөн "Бодь мөрийн зэрэг” хэмээх ном унших хэрэгтэй.

Бурхны шашинтай хүмүүс гималайн язгуурын хүмүүс байдаг. Тийм болохоор заавал ламаар ном хуруулалгүйгээр өөрөө хичээвэл ойлгоно. Бурхны шашны номыг нэг уншаад ойлгохгүй. Дахин дахин хичээсний дүнд ойлгоно.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 663 | Added by: beatbox_battle | Tags: Миний хойд дүр Монголоос тодроогүй | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]