4:27 PM Н.Ариунболд: Аав, ээж маань намайг хэзээ гавъяат авах гэж байна гэдэг | |
"Шинэ үе" продакшны жүжигчин, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ариунболдтой ярилцлаа. -"Шинэ үе" продакшн олон шинэ уран бүтээл гаргалаа. Сүүлийн үед юу хийж байна? -"Шинэ үе" продакшн энэ жил маш их ажилтай байлаа. Өнгөрсөн наймдугаар сараас эхлээд арваннэгдүгээр сар хүртэл тоглолтуудтай байсан. Анхны тоглолтоо "Гайхалтай юм болжээ" гэж нэрлэсэн. Дараагийн тоглолтоо "Амьдрал өөрөө 3D" нэртэйгээр тавьсан. Монголд анх удаа инээдмийн шоу тоглолтыг нүдний шилтэй үзэх боломжийг үзэгчиддээ олгосон. Нэлээд шинэлэг зүйл болж чадсан гэдгийг үзэгчид хэлж байгаа. Бид ч бас шинэлэг болж чадсан гэж бодож байна. "Шинэ үе" продакшн саяхан "Доргио долоон эр" нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино дэлгэцэнд гаргаж, нээлтээ хийгээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Бас Дархан, Эрдэнэтэд тоглолтоо хийгээд ирлээ. Ер нь "Шинэ үе" продакшн ажиллаж байна. Олон үе тэнгийн залуустайгаа хамтарч уран бүтээлээ хийж байна. Энэ жил манай залуу жүжигчин болох Билгүүн, Отгоо хоёр маань БСШУ-ны сайдын хүндэт жуух бичгээр шагнуулж, жүжигчин Ганбаа маань СТА боллоо. Уран бүтээлийн хувьд арвин их ургацтай байлаа. Жүжигчдийн ур чадвар ч тэр улам сайжирч хөгжиж байна. Бидний залуучууд гээд байгаа Ганбаа, Билгүүн, Отгоо, Сөрөлт, Алдармаа, Мөнхгэрэл гээд нөхдүүд маань ардаа дахиад шинэ төгсөгчид авч дунд үеийн жүжигчид боллоо. Одоо бараг 30 нас хүрч байгаа залуучууд шүү дээ. Энэ жил СУИС, КУДС-ийн төгсөгчдөөс таван залуу шалгаруулж авсан. Эдгээр залуусаа шигшиж байгаад "Шинэ үе" продакшны үндсэн жүжигчнээр авна. -Жүжигчин Аглуу гавьяат авсан. Одоо өөрийг тань гавьяат авах байх гэж хүмүүс ярьж байна лээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ? -Боддоггүй ш дээ. (инээв) Манай залуучууд, эргэн тойронд байгаа найз нөхөд чи гавьяат авах ёстой энэ тэр гээд л байдаг. Зарим нь чамайг тодорхойлно, тодорхойлчихсон ч гэж байх шиг, янз бүрийн юм ярьж л байдаг. Гэхдээ би одон медаль авъя гэж нэг их бодохгүй байна л даа. Яахав, уран бүтээлчдийн нас, хийсэн бүтээсэн юм гэж байна. Гэхдээ ичихгүй амьдрах хорвоо. Би гавьяат авчихаад ичиж л болохгүй. Миний хийсэн бүтээсэн зүйл гэж бодох ёстой. Би өнөөдөр гавьяатын дайтай гавьяат байж чадах уу. Гавьяат жүжигчин тайзан дээр хоёроос гурван цагийн турш ур чадвараараа олон түмнийг инээлгэж, барьж чадах уу гэдэг чухал. Гавьяатын дайтай зангарагтай гавьяат болмоор байна ш дээ, тиймээ. Миний хувьд нээх гавьяат авъя гээд хөөцөлдөөд байх сонирхол байхгүй. Төр, түмэн гавьяатын дайтай намайг хүндлээд явж байвал хамгийн гоё зүйл. Тэр цолыг аваад хүмүүст хүндлүүлэхгүй байвал бас хэцүү. Сайн уран бүтээлч шүү гээд дуудагдаад явж байвал надад бахархалтай. Миний ээж, аав хоёр хоёулаа урлагт 40-өөд жил ажилласан СТА хүмүүс. Аав, ээж маань чи одоо хэзээ гавьяат авах гээд байна гэдэг. Миний хувьд би ямар авъя гээд очоод авчих биш дээ. Түмэн олны хүсэл сонирхлоор болно. Би ганцхан зорилготой. Урьд урдах уран бүтээлээ сайн хийе. Үзэгч түмнийхээ итгэлийг сайн даая. Нэртэй аавын зүстэйхүү. Аавынхаа нэрийг жаахан өргөж явъя. -Уучлаарай. Амбийгийн бие тааруу байгаа гэсэн. Та ойрдоо уулзсан уу? -Амбий маань жаахан өвдсөн байгаа. Ойрдоо уулзаж амжаагүй байна. Би саяхан бас гадагшаа яваад ирсэн. Уран бүтээлээсээ жаахан холдох маягтай байгаа. Одоо бие нь ямар байгааг сайн мэдэхгүй байна. Өөртэй нь уулзаж ярьсан нь дээр байх. Манай ээж жаахан өвдөөд. Цаадах чинь надад эмнэлэг зааж өгсөн юм. Бие нь гайгүй байх аа. -"Шинэ үе" продакшн залуу жүжигчдийг их гаргаж ирж байна. Өөрийг тань залуучууд их шүтсэн байдаг юм билээ. Ямар арга барилаар ажилладаг вэ? -Залуучуудад хамгийн гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй гэж хэлдэг. Би жирийн нэг айлын хүүхэд. Хөдөлмөрлөж чадвал үр шимээ хүртэж чаддаг юмаа гэдгийг өөрсдийнхөө үйл хэргээр харуулахыг хичээдэг. Миний өдөр, шөнөгүй ажиллаж, амьдралынхаа төлөө тэмцэж явааг маань манай залуучууд хараад сайхан санагддаг байх л даа. Ууж идэхээ хойш нь тавьж, хийж бүтээх зорилгоо урд нь тавья. "Шинэ үе" продакшнд ороод ажиллаад гарсан залуучууд эрч хүч энерги аваад гардаг гэж боддог. Манайд байсан жүжигчид цаашаа өөрсдөө юм байгуулаад явахад хэсэгтээ л шинэ үеийн эрч хүчээр явдаг юм аа. Бид бусдыг цэнэглэж, бэлдэж өгдөг. Сэтгэлзүйг нь цэнэглэнэ, хүсэл сонирхлыг нь бадрааж өгнө. Бид дайран өнгөрөх цэг ч байж болно. Манай багт ажилласан хүн бүрийг зорилгодоо үнэнч, авьяас чадвараа хурцалсан хүн болгоод гаргана гэж боддог. -Амбий, Хүрлээ хоёр яагаад өөрөөс тань салсан юм бэ? -Тэр яахав дээ. Одоо найзууд учраас уулзаж, учраад холбоотой байдаг. Байгууллагын холбоо бол байхгүй. Тус тусдаа зорилго чиглэлдээ хөтлөгдөөд л гарсан. Хэнтэй, хаана, юу хийж явах нь тэдний дурын асуудал ш дээ. Тус тусдаа юм хийцгээе гээд л гарцгаасан. -Хэд хэдэн кино хийсэн байх. Дахиад кино хийх үү, ер нь хошин урлагийхны хийгээд байгаа кино үзэгчдийг уйдаах вий дээ гэсэн болгоомжлол кино шүүмжлэгчдэд байдаг юм билээ? -"Буруу эргэлт", "Доргио долоон эр", "Үлгэрийн хайр", "Хоёр, хоёрын тав" гээд кинонууд хийсэн. Цаашдаа кино хийнэ. Бид мэргэжлээр нь төгссөн, мэргэшиж яваа уран бүтээлчид учраас чадах юмаа л хийж байна. Тэрнээс биш өнөөдөр Чингис хааны тухай түүхэн сэдэвтэй кино хийчих нас маань болоогүй байна. Бидний хувьд тодорхой хэмжээний цаг хугацааг туулж үзээд нас хүйс тэгшрээд, уншсан номын тоо нэлээд болоод ирэхийн алдад түүхэн кино руу орвол зүгээр юм болов уу гэж бодож байна. Би өнөөдөр тэгтлээ их түүх судлаагүй. Залуу хүний хувьд Чингис хааны түүхэн сэдэвтэй кино, уран бүтээл рүү зориглож гар дүрэхийг хүсэхгүй байна. Тэгж онигоонд ороод яахав. Харин "Шинэ үе"-ийн киног үзсэн хүн инээхгүй байвал том алдаа болно. Тиймээс бид хариуцлагаа ухамсарлаж, жүжигчдийнхээ ур чадварыг өндөр байлгах ёстой. Ер нь чадаж байвал хэн ч гэсэн кино бизнес рүү орж болно шүү дээ. Одоо олон сайхан кино театрууд баригдах гэж байна. Олон залуу уран бүтээлчид кино хийгээсэй. Алдаж онож байж амжилтад хүрдэг. Хүн хийж л байх ёстой. Аяндаа цаг хугацаа хэн нь сайн, хэн нь муу бүтээл хийсэн гэдгийг шигшээд шалгаад өгнө. Завгүй хүнийг зовлон тойрдог юм. Тиймээс завгүй л байж, юм хийж л байх хэрэгтэй. -Драмын нэг жүжигчин телевизэд өгсөн ярилцлагадаа "Хошин урлагийхны юу хийгээд байгааг нь ойлгодоггүй" гэж хэлж байна лээ. Яагаад та нарыг муулаад байдаг юм бэ? -Өнөөдөр Драмын театрыхан 80 жилийнхээ ойд хошин урлагийн бүх продакшнуудыг урьж тоглож өгөөч гэж гуйсан. Үнэхээр чаддаг байсан юм бол тэр яриад байгаа мундаг жүжигчид нь өөрсдөө гараад тоглочихгүй яасан юм бэ. СУИС-ийн зарим багш нар оюутнуудаа сургуулиа төгсөөд хошин урлаг руу оров оо гэж загнадаг гэсэн. Яагаад тийм амбийцтай байдаг юм бэ, би ойлгодоггүй юм. Хошин урлагийн төрөл жанраар явах гэж байгаа залуучуудад хэлэхэд энэ бол хамгийн зөв сонголт юм. Монгол улсад өнөөдөр 500-гаад жүжигчин байна. Үнэхээр чаддаг байсан бол ахуй амьдралаа дээшлүүлээд машин тэрэг авч унаад, байр орон сууцаа сайжруулъя гэвэл бүгд хошин урлагт орох байсан шүү дээ. Монголын үзэгчид тав зургаан зуун хошин урлагийн жүжигчдэд алга таших байсан. Яагаад орж чадаагүй юм бэ. Чаддаггүй л байхгүй юу. Хошин урлагийн жүжигчин гэдэг чинь байгалиасаа төрдөг. Хэн дуртай диплом өвөртөлсөн нөхөр хошин урлагийн жүжигчин болно гэж шийдээд болчихдоггүй юм. Бид бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Тэгээд ч бид драмын театрын жүжигчид тийм, ийм гэж ярьдаггүй. Харин бидний тухай хүмүүс ярьж цагаа үрдэг болохоос. Болж байгаа айл чинь болоод л явчихдаг. Болохгүй байгаа айл яриад л байдаг юм. Хэрүүлтэй айлын тооно нь цөмөрдөг юм, хэн нэгэнд атаархаж яваа айлын гал нь асдаггүй юм аа гэж би залуучууддаа хэлдэг. Бид бусдын талаар яриад хэрэггүй, урдахаа л хийх хэрэгтэй. Манай залуучууд бүгд л сайхан амьдарч байна. Бүгдээрээ л орон сууц, машин тэрэгтэй, нийгмийн даатгалаа төлөөд явж л байна. Монголын театрын хэмжээний статустай мөртлөө арай багавтархан театртай газар бол продакшнууд шүү дээ. Ганц онцлог нь төрд дараа болдоггүй. Төрөөс дэмжлэг хүсч, санхүүжилт авъя гэж нэхдэггүй. Ер нь чөлөөт уран бүтээлчдийг дэмжсэн бодлого байх ёстой болов уу гэж боддог л доо. -Хошин урлагийнхан мөнгө хангалттай олж чадаж байна уу? -Олж байна ш дээ. Ер нь хүн ажлынхаа үр шимийг үздэг. Ганц шоу бизнесээр амьдралаа аваад яваад байна гэж байхгүй. Хажуугаар нь янз бүрийн бизнес хийнэ. Миний хувьд ажлынхаа хажуугаар нь ганц нэг бизнес хийдэг. Тендерт оролцохоос эхлээд янз бүрийн зүйл хийж байна. -Танай тоглолтууд ихэнхдээ нийгмээс сэдэвлэсэн байдаг. Инээдмийг яаж гаргаж ирдэг юм бэ? -Томчуудын проблем багачуудад проблем биш. Энэ хоёрын зөрчилдөөнөөс инээдмийг гаргаж ирж байгаа юм. Дээд түвшний хүмүүст мөнгө гэдэг зүйл проблем биш байж болно шүү дээ. Тэдэнд нэр төр проблем бол доод түвшний хүмүүс юу ч хамаагүй хийе, нүх ч байсан ухъя хамаа алга гэдэг. Энэ хоёр өөр хүсэл сонирхлоос номер их гаргаж байна. Урлаг өөрөө үзэгчдэд гайхшрал, бишрэл алга ташилтыг өгдөг. Хошин урлаг байгаа онож буудах тусмаа үзэгчдээс алга ташилт авдаг. Хошин урлаг өөрөө их ардчилсан урлаг. Аливаа зүйлийн сайн муу, сайхан муухайг хэлдэг. Миний нэг хэлэх дуртай үг байдаг юм. Буянтай хүн үзэж, булхайтай хүн ичдэг гэж. Байгаа олж дугарч чадвал үзэгчид хамгийн чанга алга ташдаг. Жишээлбэл, саяхан "Миний газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг” гэсэн номер хийсэн. Ямар аймаар алга ташиж байна аа. Дараагийн номер эхлэх гээд байхад алга ташаад дуусахгүй байсан. Би дотроо ямар номер дахиулна гэж байх биш дээ гэж бодож байлаа. -Та жүжигчдээ өндөр шалгуураар авдаг гэсэн. Гэтэл одоо байгаа зарим эмэгтэй жүжигчдийг чинь ур чадвар муутай гэж шүүмжилдэг юм байна лээ? -Залуу жүжигчид манайд зөндөө байна. Эд нараас тав нь л лидер болох хэрэгтэй. Бусад жүжигчдийн хувьд аяндаа цаг хугацаа өнгөрч, үзэгчид ямар вэ гэдгийг нь хэлээд өгнө. Болохгүй байна, ур чадвар чинь өсөхгүй байна гээд ах, дүү нар нь ч хэлнэ. Гэхдээ гоё бүсгүй, гоё залуу тайзан дээр байх ёстой. Яагаад гэвэл, тайз маань өөрөө гоо сайхны илэрхийлэл. Авьяастай гээд баахан хар юм тайзан дээр зогсож байвал өнгө дутна. Сайхан охидууд, сайхан бүсгүйчүүд байх ёстой. Бурхан бол хүн бүрт бүх юмыг гүйцэт өгдөггүй юм байна шүү дээ. Хичнээн авьяастай байхад мани шиг намхан жижигхэн байдаг ч юм уу. Эсвэл хичнээн сайхан гоо үзэсгэлэн, зүс царай, нуруу туруу байгаад хажууд нь зогсож байгаа жижигхэн залуу, бүсгүйгийн дэргэд авьяас дутуу байдаг. Тэгэхээр чи тайзан дээр нуруу туруугаа ингэж авч яв. Хөл гараа ингэж гишгэж яв, бие булчингийн баригдалтай байна гээд хэлж заагаад явж байна. Ер нь баг гэдэг чинь янз бүрийн хүнээс бүрддэг болохоос биш нэгэн хэвэнд цутгасан юм шиг хүмүүсээс бүрдэхгүй. -Танай жүжигчид тогтмол цалин авдаг уу. Яаж цалинждаг юм болоо? -Манай бүх жүжигчид уран бүтээлийн гэрээ гэж хийнэ. Тоглолт болгон дээр гэрээ хийдэг. Хэн идэвхтэй ажилласан, оролцсон байдлаар нь гэрээ хийгдэнэ. Жүжигчдийн хувьд тогтмол цалин авах нь царцаадаг, хөлдөөдөг гэж боддог. Цалингаа хүлээгээд дээшээ хараад суудаг хүн болгоно. Тэгэхээр хэн ажиллаж, хөдөлмөрлөж чадаж байна тэр хүний цалин нэмэгдэнэ. Нөгөө талаар залуучуудын хэрэглээ өндөр болж. Тийм учраас жилийн турш нэг дундаж цалин ав гэж би хэлж чадахгүй. "Улаанбаатар палас”-т гурван мянган хүнтэй тоглолт хийчихээд цалин нь хэвээрээ байгаад байж болохгүй шүү дээ. - Сүүлийн асуултыг танд үлдээе. -Удахгүй шинэ он гарах гэж байна. Монгол түмэндээ эрүүл энхийг хүсье. Хорвоо ертөнц цагаан өнгөөр хучигдаж, муу бүхэн дарагдаж, цагаан бүхэн наашлах болтугай. Мөн цагаан сар маань болно. Монгол түмэн маань шинэ жилээ билэг дэмбэрэлтэй нэр өгсөн юм болов уу гэж боддог. Ээж, аав, найз нөхөд, тэр дундаа уран бүтээлч нартаа бүгдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг танай сониноор дамжуулан хүсье. Тэр тусмаа ахмадууддаа сайхан бүхнийг хүсье. Гэртээ сууна гэдэг чинь ахмад хүнд хэцүү шүү дээ. Олонтой бужигнаж явж байгаад гэнэт гэртээ суух хэцүү байдаг байх. Уулзаж чадахгүй юм. Төр түмэн маань өөдөө байж, түмэн олон маань аз жаргалтай сайхан амьдрах болтугай. | |
|
Total comments: 0 | |