Main » 2011 » 12-сар » 8 » Н.МӨРӨН: Өөрийнхөө тоглосон хэсгийг үзэхэд чамлахаар зүйл их байсан
10:13 PM
Н.МӨРӨН: Өөрийнхөө тоглосон хэсгийг үзэхэд чамлахаар зүйл их байсан
1e1bdc16db18df6bbig



"Wisdom Film Production"-ны бүтээл, "Бодлын хулгайч” уран сайхны
кино одоо ид кино театруудаар гарч байгаа. "90 саяын Гансүх”-ийн туулсан
амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд Нарангоо бүсгүйн дүрийг
бүтээсэн бүжигчин Н.Мөрөнтэй ярилцлаа.


-Өөрийг тань "Бодлын хулгайч” киноны Нарангоогийн дүрээр
үзэгчид хэдийнэ мэдэх болсон. Харин хувь хүн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй
байх. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?


-Намайг Нямаагийн Мөрөн гэдэг. Хөгжим, бүжгийн коллежийг өнгөрсөн
хавар  бүжигчин мэргэжлээр төгссөн. Зургаан жил суралцсаны эцэст монгол
бүжгээр мэргэшиж төгссөн. Одоо ҮДБЭЧ-д бүжигчнээр ажиллаж байна.


-Тэр том чуулгад орохын тулд тодорхой шалгуурыг давдаг байж таарна?


-Чуулгад орохын тулд шалгалт өгдөг. Бүхий л бүжигчдийн нэгэн адилаар
шалгалтаа өгөөд, чадвараа шалгуулаад л орно. Тэгээд чуулгын уран сайхны
зөвлөл хэлэлцэж байгаад сонгож авдаг юм. Би энэ журмаар л явж чуулгад
орсон.


-Чамайг балетчин гэж яриад байсан худлаа байжээ?


-Миний үндсэн мэргэжил бол монгол ардын бүжиг. Гэхдээ ХБК-д
мэргэжлийн бүжиг, балет заадаг л юм. Би ардын бүжиг талдаа илүү
суралцаж, одоо чуулгын үндсэн бүжигчин хийгээд, тоглолтод оролцоод явж
байна.


-Мэргэжлийн бүжгийн хамтлагтай гэж сонссон. Хамтлагаа танилцуулах уу?


-Бидний хэсэг залуус сонирхлоороо нэгдээд B&B нэртэй хамтлаг
байгуулсан. Брек болон биелгээг хослуулдаг болохоор ингэж нэрлэсэн юм.
Хамтлагийн гишүүд дунд манай чуулгын бүжигчид байхгүй. Харин бусад
чуулгаас буюу "Түмэн эх” чуулга, ХЦДБЧ-ын бүжигчин байдаг юм. Бидний
онцлог бол биелгээ, брек хоёрыг хослуулдгаараа ялгардаг.


-Тэгвэл бас брек бүжиглэдэг байх нь ээ?


-Бүжигчин хүн гэхээр л ганц дагнасан бүжгээ хийгээд байх ёстой гэж
ойлгож болохгүй. Бүх л бүжгийн элементийг мэддэг байх хэрэгтэй. Брек
бүжиглэнэ гэдэг эмэгтэй хүний хувьд хэцүү. Үзүүлбэр ихтэй, эргэлт,
үсрэлт гээд. Гэхдээ л манай хамтлагийн биелгээ, брекийг хослуулж хийдэг
болохоор би ч гэсэн аль алинаар нь хичээллэдэг. Гэхдээ далан дээрээ
эргэх ч юм уу, толгой дээрээ эргэх гээд хүнд үзүүлбэрүүд хийж чаддаггүй.
Зүгээр үсрэлттэй, эргэлттэй үзүүлбэрийг хийдэг юм.


-Хамтлагийн гол зорилго чинь юу вэ?


-Бид өөрсдөө хүсэл сонирхлоороо л хамтлаг байгуулж бүжиглэж байгаа.
Ямар нэг албан байгууллагад харьяалагддаггүй. Өөрсдөө хувьдаа бэлтгэлийн
заалтай. Өөрсдөө аяа бичүүлээд, бүжгээ дэглэж хийдэг. Бүжгийн маань ая
хүртэл Beatbox, хөөмий, морин хуур хосолсон байдаг. Манай хамтлаг
үндэсний бүжгээ орчин үеийн бүжигтэй хослуулж хийж, хүмүүст хүргэе л
гэсэн зорилготой. Өнөөдөр зарим хүмүүс хэтэрхий орчин үеийн бүжиг,
хөгжим сонирхоод үндэснийхээ урлагийг мартаад байгаа. Гэтэл нөгөө хэсэг
нь зөвхөн үндэсний урлаг гэж туйлшраад орчин үеийн урлагаа түлхээд
байдаг. Тэгэхээр энэ хоёрыг хослуулж хийдгээрээ бид онцлогтой.


-Хамтлагаа, хийж байгаа зүйлээ хүмүүст хүргэхийн тулд юу хийж байна. Бүжгээ клипжүүлэх ч юм уу?


-Бид хамтлагаа байгуулаад дөнгөж жил л болж байна. Гэхдээ урлагийн
хүрээнд танигдчихсан. Цаашдаа клип хийх, олонд хийж байгаа зүйлээ
хүргэхийг бодож байгаа. Гэхдээ одоогоор зарим гишүүн маань Туркт байгаа,
тоглолтоор явсан. Тэднийгээ хүлээгээд, клипний асуудлаа хойш нь
тавьчихаад л байж байна даа.


-Бүжигчний ур чадварын тал дээр өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ. Хүн бүрт өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж байдаг даа?


-Би өөрийгөө үнэлнэ гэж юу байх вэ. Хүмүүс л мэдэх байх.  Тэгээд ч
бүжигчин хүн хэзээ ч өөрийгөө чадаж байна, болчихлоо гэж бодож болохгүй л
дээ. Бид үргэлж суралцаж байдаг. Байнга суралцаж байж сайн уран бүтээл
гаргах байх.


-"Бодлын хулгайч” киноны Нарангоогийн дүрд тоглосон. Энэ дүрд тоглох завшаан хэрхэн олдсон бэ. Киноны гол дүрүүдийн нэг шүү дээ?


-Энэ кинонд тоглохоор болсон тохиолдол нь их сонирхолтой. Өнгөрсөн
хавар  Дархан руу хамтлагаараа тоглолтоор явж байсан чинь Амараа ах
залгасан. Тэгээд "Би Энхгэрэл гэдэг багштай чинь ярьсан. Чамайг надад
санал болгосон юм аа” гэж байна. Би гайхаад "Юунд санал болгосон юм бол”
гэж асуусан чинь нэг кино хийж байгаа юм, проб өгөөч гэсэн юм. Би учраа
хэлээд маргааш болъё гэтэл шөнө ч хамаагүй ирээд проб өгөөрэй гэлээ.
Тэр үедээ надаас Facebook хаягаа өгөөдөх гээд авсан юм. Түүнийхээ дараа
нэг их удалгүй залгаад "Шөнө ч ирсэн бай хамаагүй ирэнгүүтээ яриарай”
гэсэн. Би хотод үүрээр ирсэн. Тэгээд нөгөө асуудлыг ч мартчихаж. Тухайн
үедээ хонхны баяр, энэ тэр гээд зав муутай байсан болохоор тэр. Гэтэл
өдөр нь над руу залгаад, яг одоо ирж пробод ор гэсэн. Яг ямар кино юм,
утга санаа нь юу юм гэдгийг нь огт мэдэхгүй байж байгаад л проб өгсөн. Энэ
хэсэг дээр ингэж жүжиглэнэ шүү гэж туслах найруулагч нь хэлсэн. Би
нөгөө текстийг нь уншаад л бодсон. Тэр үедээ эргээд яръя гэсэн юм. Төд
удалгүй яриад гэрээ хийхээр болсон. Тэгээд л тоглохоор болсон доо. Урьд
нь энэ дүрийг загвар өмсөгч байхаар зохиол дээрээ бичсэн юм билээ.
Тэгээд сүүлдээ бүжигчин болгосон юм билээ. Надад бүжигчин болоод кинонд
тоглоно гэхээр сонирхолтой санагдсан. Би өөрөө бүжигчин, дээрээс нь
бодит хүний амьдралаас сэдэвлэсэн болохоор тоглоод үзэхэд болохгүй юмгүй
гээд л шийдсэн юм.


-Өөрийн тань тоглосон дүр Сарангоо гэдэг бодит хүний түүхээс сэдэвлэсэн. Тэгэхээр тэр хүнийг тодорхой хэмжээнд судалсан л байх?


-Нэг их судлаад байсан юмгүй. Хүмүүсийн ярианаас л ямар хүн байсныг
нь мэдэж авсан. Гансүх гэдэг хүн ч ярьж өгсөн. Жүжигчин Амараа ах ч
ярьсан. Яг бодит амьдрал дээрээ Сарангоо гэдэг хүн загвар өмсөгч байсан
юм билээ.


-Мэргэжлийн жүжигчин биш. Тэгсэн мөртлөө бодит хүний
амьдралаас сэдэвлэсэн том кинонд тоглоход ямар байсан бэ. Зураг авалтын
үеэр тохиолдож байсан сонирхолтой явдлуудаасаа хуваалцвал?


-Мэргэжлийн жүжигчин биш учраас нэлээд хүндрэлтэй юм билээ. Киноны
мэргэжлийн үг хэллэгийг мэдэхгүй болохоор хэцүү байсан. Гэхдээ адилхан л
тайзан дээр гардаг уран бүтээлчид гэдэг утгаараа давуу тал болж байлаа.
Дээрээс нь кино багийнхан их зааж өгч байсан, тийм болохоор хүндрэлтэй
зүйлүүдээ давж гарч байсан. Хамгийн хэцүү зураг авалт гэвэл бороонд
бүжиглэдэг хэсэг байсан. Бид голоос ус татаж бороо оруулсан.  Тэгээд
голын эрэг дээр хөл нүцгэн бүжиглэсэн. Яг бүжиглэж байх үед чулуу, шилэн
дээр гишгээд хэцүү байсан шүү. Дээрээс нь их хүйтэн. Модтой газар
болохоор шумуул ихтэй. Хувцасны цаанаас нэвт хазаж байгаа юм чинь. Энэ
бүхэн их хүндрэлтэй байсан. Түүнээс гадна киноны эхэнд авдаг хэсэг хэцүү
байсан. Дайны зураг авалттай хэсэг шүү дээ. Уг нь гарч байгаа хэсэг
цөөн мөртлөө бутарсан тоосгон дээр хэвтээд, дээрээс хүн дарахаар хэцүү
юм билээ. Бие шалбараад, трико урагдаад бөөн л юм болсон.


-Мэргэжлийн жүжигчин биш учраас ярьж, жүжиглэх хэсэг цөөн өгсөн юм шиг анзаарагдсан?


-Яг зохиолын дагуу л явсан. Зохиол дээрээ л тийм цөөхөн үгтэй байсан.
Би чинь тайзны ярианы хичээл заалгаж байгаагүй болохоор жүжиглэж ярина
гэдэг хэцүү юм билээ.


-Жүжигчин Амарсайхантай үнсэлцдэг хэсэг байдаг. Тэр хэсэг дээр нэлээд барьц алдсан байх?


-Хүн бүр энэ асуултыг их тавьж байгаа. Тухайн үедээ нэг их хүндрэлтэй
байгаагүй. Энэ чинь киноны л хэсэг шүү дээ. Гэхдээ жаахан эмээх зүйл
байсан.


-Анх киногоо үзэхэд ямар байв. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?


-Ямар кино болсон бол гэж их бодсон.  Би өөрийнхөө тоглосон хэсгийг ч
үзээгүй байсан. Тэгээд нээлтээ хийх үед нь киногоо үзэхэд үнэхээр их
сэтгэл хөдөлсөн. Тэр дундаа киноны төгсгөлийн ээжтэйгээ уулздаг хэсгийн
зураг авсныг ч би мэдээгүй байсан. Яг үзэхэд тэр хэсэг дээр сэтгэл
хөдөлж, уйлах шахаж байсан. Харин өөрийгөө үзэхэд чамлахаар юм их
байсан.


-Чухам яагаад өөрийг тань энэ дүрд тоглуулахаар сонгож
авсан юм бол. Тэр Сарангоо гэдэг бүсгүйтэй дүр төрхөөрөө адилхан байсан
юм уу?


-Түүнийг би сайн мэдэхгүй байна. Чухам яагаад намайг сонгож авснаа
надад хэлээгүй. Бүжигчнийхээ хувьд ч тэр, бусад талаараа ч тэр
таалагдсан юм байгаа биз. Проб өгөөд тэнцсэн юм чинь бусад хүмүүсээс
арай дээр байсан байх л даа. Тийм болохоор  тэнцсэн байх гэж бодож
байна.


-Мэргэжлийн бус хүмүүс кино урлагийн нэр хүндийг унагаж
байгаа гэж яриад байгаа. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ. Өөрөө
мэргэжлийн жүжигчин биш байж кинонд тоглосон хүний хувьд нэг юм хэлэх
болов уу?


-Одоо Монголын кино урлаг хөгжиж байгаа гэж би боддог. Олон кино ар
араасаа гарч байна. Олон зүйлийн тухай өгүүлж байна. Тэр утгаараа хөгжиж
байгаа. Харин олон кино гарч байгаагийнхаа хэрээр мэргэжлийн жүжигчин
дутагдаж байгаа байх. Тэгэхээр тухайн дүрд таарах хүн олохын тулд кино
урлагийнхан мэргэжлийн бус хүн сонгож байж болох юм. Тийм болохоор
мэргэжлийн бус гэдэг дээр буруу өгөөд байх шаардлага байхгүй.


-Кинонд тоглооч гэсэн санал ирж байна уу?


-Одоогоор киноны санал ирээгүй л байна. Харин хэд хэдэн клипэнд
тоглох санал ирсэн. Ер нь цаашдаа би кино урлагт орно гэж бодохгүй
байгаа. Мэргэжлийн биш учраас хэцүү юм билээ. Тэгээд ч би бүжигт илүү
хайртай, эзэмшсэн мэргэжлээрээ юманд хүрэхийг хүсдэг болохоороо кино
урлагт орох гэж нэг их хүсэхгүй байгаа. Клипний саналаас ч татгалзаж
байгаа.


-Хэрвээ гоё киноны санал ирвэл хүлээж авахгүй гэсэн үг үү?


-Эхлээд зохиолыг нь уншиж үзнэ. Тэгээд би тэр дүрд тохирох уу, тэнд
миний хийж чадах юм юу байна гэдгийг сайн судалж, мэдэрч байж зөвшөөрнө.
Түүнээс чадахгүй юмаа чадна гэж дайраад хэрэггүй. Би бүжигтээ илүү
хайртай. Олон жил хөдөлмөрлөж байж эзэмшсэн мэргэжлээрээ л сайн ажиллах
нь миний зорилго.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 610 | Added by: beatbox_battle | Tags: Н.МӨРӨН: Өөрийнхөө тоглосон хэсгийг | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]