Main » 2011 » есдүгээр сар » 26 » Найзыгаа буудаж, өөрийгөө хөнөөсөн С-ын Facebook-ийг ”сурвалжлав”
2:51 PM
Найзыгаа буудаж, өөрийгөө хөнөөсөн С-ын Facebook-ийг ”сурвалжлав”
 

 

Интернэт, PC тоглоомын газарт найзыгаа буудаж, дараа нь өөрийгөө хөнөөсөн онц ноцтой хэрэг хориод хоногийн өмнө гарч, олныг цочирдуулсан билээ. Сүхбаатар дүүргийн VII хороо, 1-64 дүгээр байрны нэг давхарт  байрлах РС тоглоомын газарт 22-23 насны хоёр залуу буудуулсан  байдалтай амь насаа алдсаныг цагдаагийнхан есдүгээр сарын 8-ны өдөр илрүүлсэн юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас интернэт тоглоомын газрыг ажиллуулдаг, Өвөрхангай аймгийн харьяат, 22 настай С гэгч нь "дробинк” маркийн буугаар Төв аймгийн Зуунмод сумын харьяат, 23 настай эрэгтэй Ц-г буудаж хөнөөн, дараа нь өөрийгөө буудан, амиа хорлосон талаар мэдээлж байв. УМБГ-ын онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст өдгөө энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Харин бид олны анхаарлыг татсан дээрх хэргийг үйлдсэн буюу найзыгаа хөнөөж, дараа нь өөрийгөө буудаж, амиа хорлосон С-ын Facebook хуудастай танилцаж, зарим мэдээллийг цуглууллаа.

Талийгаач black metal гэх хүнд рок урсгалын хөгжим сонсдог, тэр дундаа "Cannibal Corpse”, "Suicide Silence” зэрэг рок хамтлагуудыг сонсдог байжээ. Тэр өөрийн Facebook хуудсанд ангийн болон гар буу барьсан  зургаа  тавьсан байлаа. Хувь хүний мэдээллийн нууцыг хүндэтгэх үүднээс бид түүний Facebook дэх хаягийг нууцалсан юм. С мөн Facebook-тээ "Үхлээс айхгүй бай. Амиа хорлох нь буруу зүйл биш” гэх утга бүхий шүлэг, тэмдэглэл бичиж үлдээсэн байна. Хамгийн гол нь түүний Facebook хуудсаараа найзуудтайгаа бууны талаар ярилцсан зүйлс анхаарал татаж байгаа юм.


-Байлдаж тоглох уу?
-Том буу сонирхдог болсон...
-Гар буу авна. Шууд 500.000-д
-Хорвоогоос явчихсан андууд минь хааяа дуудахин. Удахгүй уулзалднаа
-ТОЗ-66. Хүмүүс шувууны буу гэж ярьдаг. Хоёр амтай дорвинк гэдэг буу. Сумнаасаа шалтгаалаад шувуунаас эхлээд баавгай хүртэл агнадаг буу. Чи "shotgun” гээд ойлгочих. 30-40 метрт юу ч үлдээхгүй бууддаг буу даа...



Энэ бол түүний Facebook дэх бууны талаарх яриа, сэтгэгдлүүдийн нэгээхэн хэсэг нь. Сануулахад, талийгаач С-ын найзыгаа болон өөрийгөө хөнөөсөн галт зэвсэг нь шувууны буу гэж ярьдаг Оросын "дробинк” маркийн буу байсныг цагдаагийнхан илрүүлсэн билээ. Эндээс харахад, магадгүй Facebook хуудсандаа нийтэлсэн зурган дээрх бууг тэр хэргийн газарт ашигласан байж болох юм.

С-ын Facebook хуудасны анхаарал татаж байгаа бас нэг зүйл нь түүний оруулсан гэрэл зургийн цомгууд. Түүний Facebook-т Profile-даа оруулсан зургаас гадна 11 цомог байгаа нь ”Интернэтийн хамгийн аймшигт таван зураг”, "Top secret”, "Хамгийн их үзэн ядагдсан хүмүүс”, "Хамгийн алдартай арван фото зураг”, "Serial killers” /Цуврал алуурчид/ зэрэг нэртэй байв. Зургийн тайлбар болон агуулга нь үхэл, ганцаардсан хүмүүсийн тухай... Бас тэр өөрийгөө Satanist шашинтай гэжээ. Сатаныг товчхондоо Анти-Христ буюу Христийн эсрэг шашин гэж тодорхойлж болно. Ямаан толгойтойгоор дүрслэгддэг Сатан бол тэнгэр элч мэт оршихуй бөгөөд гэм нүгэл үйлдсэнээр өөрийн тэнгэрийн улс дахь байр сууринаасаа унасан гэж үздэг. Бурхныг идэвхтэй эсэргүүцэж, өөрийн бүх хүч чадлаа ашиглан бурхны зорилгыг мухардуулах гэж хичээдэг хэмээн энгийнээр тайлбарладаг шашны урсгал юм.

С-ын Facebook дэх хуудсандаа сонгон оруулсан шүлэг, тэмдэглэлүүд энгийн биш. Сэдэв нь мөн л ганцаардал, амиа хорлолт, үхлийн тухай байгаа нь анхаарал татахаар. Тэр 2011 оны наймдугаар сарын 18-нд "Үхэл ч бас хөгжим” нэртэй шүлэг оруулсан байлаа.



Үхлийн тухай битгий бод, үр минь
Үхлээс ч амьдралаас ч бүү ай
Тэд бидний биед хамтдаа л оршин буй
Тэд бол найз нөхөд: хийл ба төгөлдөр хуур
 Амьдралыг бодож олсон тэрээр л үхлийг бодож олсон юм
Айх хэрэггүй, үр минь, хаана нь ч тэр ертөнц л буй
Жам ёс бүхэнд хүчирхэг аялгуу оршин буй
Жаахан хүү минь! Үхэл ч бас хөгжим юм

Энэ шүлгийг оруулахаас өмнө буюу 2011 оны долдугаар сарын 30-нд /Талийгаачийн хэргийг 2011 оны есдүгээр сарын 08-нд илрүүлсэн/ тэр дараах тэмдэглэлийг оруулсан байв /Жич: facebook дэх үг, үсгийн алдааг засалгүй, бичигчийн өөрийнх нь үгийн сонголт, бичлэгийг тэр хэвээр нь оруулав/.

"...Би яагаад амиа хорлохыг дэмждэг юм бэ. Би зүгээр л амиа хорлолт, түүний мөн чанарыг нөгөө талаас нь харж үзээсэй л гэж хэлэх гэсийм…Илүү нарийн ярьвал философи болно л доо…Үхэх үнэхээр тийм муу зүйлүү? Ялангуяа өөрөө өөрийгөө? Тэр хүний хувьд хичнээн зориг шаардагдах бол? Хичнээн их сэтгэл шаналал, зовлон гуниг түүнд байна? Бүүр миний төсөөлж чадахааргүй тийм их үү? Хэн дуртай нь амиа хорлож чаддаггүй…Нэг өдөр зүгээр би хэн нэгэнд уурлаад, бүх юм утгагүй санагдаад,гутраад амиа хорлохоор шийдлээ гэж бодъё…Тэгээд яг хутгаа гар дээрээ тавьлаа, эсвэл эмийн сангаас 30 боодол демидрол аваад гэртээ орж ирээд усанд уусгаад ам руугаа ойртууллаа…Яг энэ агшинд юу бодогдох вэ? Элдвийн зүйл бодогдоод, хэн нэгнийг өрөвдөөд, хэн нэгэнд хайртай болохоороо амиа хорлож чадсангүй болог…Яагаад зарим нэг нь  чадаад, зарим нь чадсангүй вэ? Надад зүгээр л үхэхэд хангалттай шалтгаан байсангүй, үхэх зориг ч байсангүй, магадгүй амьдралд хайртай хэвээрээ байгаан байж…За тэгээд би чаддагүйн байжээ…Тэгвэл миний нэг найз яагаад амиа хорлочвоо? Тэр надас илүү зоригтой байсан уу? эсвэл үхэх шалтгаан надаас илүү түүнд байсануу???????……..Түүнийг би буруутгахгүй ээ…Түүний бодол өөрөө өөртөө зөв л байсан…Тэр хүн хэн нэгэнд, бидэнд таалагдах гэж амьдраагүй…Тэр бол эрх чөлөөт хувь хүн…Яагаад бид түүнийг хориглох, буруутгах, үзэн ядах ёстой гэж…Хууль дүрэм талаас ярьвал хүн амьд явах эрхтэй болохоос амьд явах үүрэгтэй байдаггүй…Үүргийг хүн биелүүлэх ёстой, харин эрхийг эдэлсэн ч болно, эдлээгүй ч болно…Тиймээс одоохондоо хуулийн талаас буруутгах үндэслэл байхгүй ээ…Нийгэм талаас авч үзье…Ихэнх нь дургүй…Яагаад? Яагаад гэвэл анхнаасаа хүмүүст энэ бол буруу, жигшмээр зүйл гээд ойлгуулчиж…Хүн анх авсан ойлголтоороо л явдаг…Яг л чамайг хэлд ороход нар луу заагаад энэ бол нар гэж чамд заасан шиг…Хүмүүсийн ихэнх амиа хорлолтыг буруу гэж үзсэн тэр чигээрээ л байна…Шууд утгаараа үхэл бол аймаар?…Ялангуяа тэр аймаар зүйлийг бүүр өөрөө хүсээд тийшээ очдог? Амиа хорлогчид /аймаар-үхлийг хүсэгчид/ аймаар зүйл рүү сайн дураараа явсан болохоор л тэнэг, ухаангүй, арчаагүй. Хүмүүс зүгээр ийм л бодолтой байна…” хэмээн тэр бичиж үлдээжээ.

Ийм сэдэвтэй тэмдэглэл, шүлэг хэд хэд байгаагийн нэг нь "Амиа хорлогчийг өмөөрөх нь” гарчигтай дараах хэсэг.  

2011 оны долдугаар сарын 07.

"...Сонин телевизээр хэн нэгэн бүтэлгүй этгээд амиа хорлосон талаар мэдээ гарахад давхийн цочдог байсан бол сүүлийн үед дөжирч өдөр тутмын цаг агаарын мэдээ сонсож байгаа юм шиг л санагддаг болчихож. Тэгээд энэ талаар бага зэрэг бодохоор шийдэв.Хүмүүс амиа хорлосон нэгний талаар юу гэж ярьдаг билээ? Толгойгоо сэгсрэн шогширч шүүрс алддаг. Хайран сайхан амь амьдралаа үрсэн тэнэгийг нь бас ард үлдсэн хүмүүсээ бодолгүй амиа хичээснийг нь гайхдаг... Түүнээс илүү зовлонг үүрч байгаа хүмүүс амьдрах гэж зүтгэж байхад бүгдийг орхиод одсон сэтгэлийн тэнхээ муутай арчаагүй амьтан гэж дүгнэдэг. Бүр сайн дураараа амьдралаас татгалзсан хүмүүст газар олгодоггүй. Амьдралаас өөрөө татгалзсан нэгнийг өөрийн өнцгөөс харж шүүгчийн үүргийг гүйцэтгэнэ. Би ч тэдний нэг байлаа, хэсэгхэн хугацааны өмнө. Энэ хорвоогийн 6 тэрбум хүн бүгд нийлж байж хөдөлдөг энэ агуу амьдралд би ч гэсэн хийх ажил, үүрэг зорилготой ирсэн гэж боддог. Даанч тэр даалгавраа мэдэхгүй...Хүн яах гэж төрсөн тэр үүргээ биелүүлж чадвал улам их урам зориг орж урагшлан давшдаг биз. Харин тэр төрөлхийн зорилгодоо хүрч чадахгүй бол уруудан доройтож хүн сүг болдог юм болов уу? Тэгээд цааш амьдралаа үргэлжлүүлэх гэхээр гишгүүрээ олдоггүй байх. Магадгүй бас бүх зорилгоо биелүүлээд дуусгачихсан хүнд амьдрал утгагүй санагдаж эхлэдгийг үгүйсгэхгүй. Хар залуугаараа л хорвоог орхилоо гэх юм. Залуу ч бай хөгшин ч бай хэзээ нэгэн цагт үхэлтэй учрах л болно. Харин ч жаргал хэзээ нэгэн цагт ирнэ гэж өөртөө итгүүлэн өчнөөн жил зовон зовон амьдраад насны бөгсөнд жаргасан юмгүй үхчихвэл үгүй ээ мөн харамсалтай яа? Тэгж "шатаж” байсанд орвол эртхэн нүд аньчихвал амар ч юм шиг. Тэгээд чамайг төрүүлж өсгөсөн эцэг эх, ойр дотныхноо бодохгүй хувиа бодсон гэж магад. Гэтэл ээжийнхээ яс махаа уран тасдан байж төрүүлсний гавъяаг гаргаж чадахгүй нүдэнд үзэгдэх төдий амьд сүг сүүдэр алхаж явбал яана? Эсвэл төрүүлсэндээ ч харамстал нь өөдгүй амьтан болчихсон байвал яана? Эрх биш махан биеийг нь тэвэрч сэтгэлээ дэвтээх ч хийморь сүнс нь аль хэдийн энэ биендээ байхгүй. Цаашид хийж бүтээх ажил зөндөө байна, тун удахгүй бүх юм сайхан болно гэж үү? Чи магадгүй зорилгодоо хүрэх замаасаа хазайгаагүй болохоор тэр нэгэн "азгүй амьтны” нүдээр амьдралыг харж чадахгүй байгаа байх. Миний нүдээр бүх ердөө л юм хар, цагаан, саарал. Гашуун шорвог. Өнгөгүй үнэргүй амтгүй. Урд нь яаж амьдарч ирснээ, өдийг хүртэл юу хийж явснаа ч ойлгохгүй. Юу ч чухал биш. Хорвоо ертөнц түүн дээр оршин буй бүх юмс хүмүүс мод ургамал, байшин барилга тэр ч бүү хэл тамхины утаа, наранцэцгийн үр, хийсч яваа чихрийн цаас хүртэл нэгэн бүхэл зүйл харин би тэр бүхлээс тасран алслагдаж буйгаа мэдрэнэ. Би төрөхдөө ямар нэгэн зүйлийг энэ их амьдралын төлөө хийх амлалттай төрсөн, амлалтаа биелүүлж чадаагүй бол амьдрал надад аймшигтай хатуу хандаж өшөөгөө авна. Тэрнээс зугтах цорын ганц арга нь бүр мөсөн явах байж болох юм. Гэхдээ үхсэний дараа энэ бүгдээс ангижирдаг юм болов уу би мэдэхгүй. Өөр ертөнцөд өөр амлалт, өөр даалгавртайгаар ахин төрдөг байж ч магадгүй. За тэгээд үхлээ гэхэд хэн ч надаар дутахгүй дээ. Үсрээд л хэд хоног уйлж гашуудаад, хэдэн сар шинэ мэдээ болгож яриад хэдхэн жилийн дотор ор тас мартана. "Өө яасан харамсалтай юм бэ? Сайхан хүү байсан юмсан. Юугаар дутсан гэж тэгж байдаг юм бол доо? Ум ма ни бад мэ хум” Тэгээд л өөр өөрийн мөрөө хөөнө. Юугаар дутсаныг адилхан байдалд орсон нэгэн л гадарлана. Бусад нь өөрийн зогсож буй азжаргалтай өнцгөөс харж шүүн тунгааж мэдэмхийрнэ. Хэрэв насаараа эрж хайж хүлээж зорьж байсан зүйлээ олчихоод ойлгочихоод биелүүлж чадахгүй алдвал цаашаа яах гэж амьдрана гэж? Ууж идэж унгаж хэхрээд урсгал даган гэлдрэх гэж үү? Тэгвэл хүн нэртэй болохоос тэжээмэл малаас ялгаа юун?...”

2011 оны долдугаар сарын 03.

"...Амиа хорлох олон арга бий. Живэх, зүсэх, ханах, хордох, боомилох бас тэгээд буудах, үсрэх, мөргүүлэх. Энэ дундаас хамгийн зөвийг нь өөртөө сонгоно гэдэг амаргүй ажил. Би тэр зовлоныг чинь ойлгох тул тус бүрд нь хэрхэн ямар мэдрэмж төрдөгийг хэлж өгье. Эцэст нь ганц л олдох энэхүү боломжоо үрэн таран хийхгүйн тулд та сонголтоо зөв хийх болтугай хэмээн ерөөе.

Буудах: Толгойндоо л буудахгүй бол энэн шиг зовлонтой зүйл гэж үгүй. Толгойндоо буудах яг тэрхэн мөчид гавлыг чинь өрөмдөх мэт болоод л чи ахин юу ч мэдрэхгүй. Юу ч сонсохгүй, амтлахгүй, харахгүй, хүрэхгүй. Харин өөр хэсэгтээ буудсан бол биенд чинь ямар нэг зүйл нэвтэрч орох нь мэдрэгдэнэ. Халуун тэгээд хатуу тэр зүйл нүхэлж орсоныхоо эргэн тойрон дахь эд эсийг түлэх бөгөөд биений чинь эд эс бүхэн энэ өвдөлтийг мэдрэнэ. Яг л халуун индүү биеэр чинь гүйлгэж буй мэт. Тэгээд түлэгдсэн эд эс чинь цусандаа норон хорсоно. Хорсох мэдрэмж тог гүйж буй мэтээр тархинд чинь хүрэх үед өөрийн эрхгүй чи орь дуу тавин чарлана. Тэгээд аажуухан цус алдана. Үхэл чинь яг л ханах арга шигээр үргэлжилнэ.

Миний хувьд гэвэл би азгүй нэгэн. Үргэлжид аврагдаж байдаг тул хэзээ ч амиа хорлож чадаагүй хохирогч. Танд ийм зовлон тохиолдохгүй байх хэмээн найдаж байна. Хүн төрөлхтөнд үхэх эрх гарцаагүй хэрэгтэй ажээ. Юуны өмнө амиа хорлох гэж буй боловч ямар нэгэн байдлаар гэмтэй мэт мэдэрч буй хэн нэгэнд зөвлөхөд. Нэгэнд чамд амьдрал ямар ч утга үгүй. Ирээдүй чинь хоосон бүрхэг бол хэнд, юунд гэмшинэ вэ? Зүрх сэтгэлээ даган амьдралаас хагацах цаг нэгэнт болжээ. Намайг амиа хорлохыг урайлан байна хэмээн буруушаагч нэгэн, аль эсвэл амиа хорлоно гэдэг бол хулчгар сул доройн шинж хэмээн бодогчийн эсрэг үг хэлэх эрх олгоно уу! Би өөрөө бичиж буй тул би өөртөө ийм эрхийг олголоо...”

Энэ мэт анхаарал татсан, сэтгэц, үзэл бодлын хувьд эрүүл хүн тэр бүр сонирхож, хөндөөд байхааргүй сэдэвтэй зураг, тэмдэглэл С-ын Facebook хуудсанд олон байгаа нь хилийн чанадад гарсан хэд хэдэн хэрэгтэй үйлдэл, шинж чанарын хувьд адилхан байгаа юм.


Тухайлбал, энд АНУ-д 2007 онд 32 оюутныг нэг дор буудан хөнөөсөн аймшигт аллагын эзнийг дурьдаж болно. Хэрэг 2007 оны дөрөвдүгээр сарын 16-нд Виржиния мужийн их сургуулийн Политехникийн институтийн оюутны хотхонд гарсан юм. Тухайн үед цуст аллагыг хэн үйлдсэн бэ гэх асуултын хариуг АНУ-ын төрийн тэргүүнээс эхлээд албаны хүмүүс, цэрэг цагдаа төдийгүй олон нийт сонирхож байв. Удалгүй цагдаа нар алуурчныг олж, тус сургуульд сурдаг, 23 настай солонгос оюутан байсныг тогтоосон юм. Аймшигт аллагын эзэн Чо Сюн Хуи гэгч гурван настайдаа аутизмтай /өөрийгөө бусдаас тусгаарлах сонирхол бүхий нэгэн төрлийн сэтгэцийн өөрчлөлтийг ингэж нэрлэдэг/ нь тогтоогдсон бөгөөд дунд сургуульд байхаасаа сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байжээ. Түүнийг зожиг, этгээд зантай нэгэн байсан талаар оюутнууд ярьжээ. Хэрэг гарсан өдөр Чо Сюн Хуи буутай зурагнуудаа мужийн телевизэд явуулсан байдаг бөгөөд оюутны хотхонд ганцаараа амьдардаг байсан түүний талаар мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй байсан ч сэтгэл мэдрэлийн өвчтэй залуу энэ хэргийг эртнээс төлөвлөснийг цагдаагийн байгууллага удалгүй тогтоосон юм. Чо Сюн Хуи-тай нэг дамжаанд суралцаж байсан оюутнууд түүний бичсэн жүжгийн зохиолыг цагдаа нарт гаргаж өгчээ. Аллага үйлдэхээс жилийн өмнө бичсэн жүжгийн зохиолд тэр хүчирхийлэл, аллагын тухай дүрсэлсэн байжээ. Түүнчлэн түүний бичсэн "Ричард Макбиф" хэмээх гарчигтай өөр нэг зохиолд садар самуунд уруу татсан хэмээн өргөж авсан эцгээ буруутгаж буй хөвгүүний тухай болон эцэст нь нөхрөө цахилгаан хөрөөгөөр хөнөөсөн хүүгийн эхийн тухай өгүүлсэн байсан гэдэг. Үзэл бодол, сэтгэцийн өөрчлөлтийн улмаас аймшигтай хэрэг үйлдсэн солонгос залуу 32 хүнийг буудан хороож, 30 орчим оюутныг шархдуулсны эцэст өөрийнхөө толгой руу буудаж амиа егүүтгэсэн юм.

Үүнтэй төстэй бас нэг хэрэг 2009 онд АНУ-ын Алабама мужийн Женева хотод гарч байжээ. 28 настай Майкл МакЛендон гэгч  эр гэр бүлийнхээ 11 хүнийг хөнөөж, эцэст нь амиа хорлосон юм.  Тэрээр ээжийгээ хөнөөж, байшинг нь галдан шатаасны дараа хамаатныхаа гэр бүлийг, хөршийнх нь охины хамт алсан юм. Арав гаруй хүний аминд хүрснийхээ дараа тэр мөн л солонгос залуугийн адил өмнө нь ажиллаж байсан металлургийн үйлдвэрт очиж, өөрийгөө буудан хөнөөжээ. Хэрэг гарсны дараа Майкл МакЛендоныг сэтгэл мэдрэлийн өвчтэй байсныг тогтоож, хэд хэдэн аллага үйлдэхээр төлөвлөсөн захидлуудыг гэрээс нь олсон байдаг.

Сэтгэхүйн өөрчлөлттэй хүмүүсийн үйлдсэн аймшигт аллагын сүүлийн үеийн өөр нэг жишээ бол Хятадын Фужинь мужийн дунд сургуульд гарсан хэрэг юм. Эмч мэргэжилтэй нэгэн эрэгтэй дунд сургуулийн үүдэнд зогсч байсан найман хүнийг хэдхэн хормын дотор хутгалж, амь насыг нь хөнөөн /долоо нь хүүхэд, нэг нь багш эмэгтэй байсан/, таван хүүхдийг хүнд шархдуулсан хэргийг 2010 оны гуравдугаар сард үйлдсэн. Алуурчин хэрэг үйлдэх үедээ "Тэд нар намайг солиоруулж байна. Бүгдийг чинь ална” хэмээн хашгирч байжээ. Түүний гарт амиа алдсан хүүхдүүд 1-4 дүгээр ангийн сурагчид байсан бөгөөд хэргийн эзэн, 42 настай эрэгтэйг сэтгэхүйн өөрчлөлттэй хүн байсныг цагдаагийн байгууллага удалгүй тогтоосон юм.

Хэдийгээр энгийн амьдрал дээр хүмүүсийн үзэл бодол, сэтгэцийн өөрчлөлтийн хэлбэрүүд ажиглагдахгүй байх нь цөөнгүй ч энэ мэт гэнэтийн, харамсалтай хэргийг тэд үйлддэг байна. Магадгүй, найзыгаа хөнөөж, өөрийгөө буудсан гэгдэж буй С-д ийм төрлийн сэтгэцийн эрүүл бус байдал нөлөөлсөн байж болохыг түүний facebook хуудсан дахь мэдээллүүд тодорхой хэмжээгээр илэрхийлж байна.
Тиймээс цаашид ийм хэргийг давтахгүй байх үүднээс эцэг эхчүүд болон боловсрол, хүмүүжлийн байгууллагууд иргэн хүний нийгэмших асуудалд онцгой анхаарал тавих цаг болсныг онцлохыг хүсч байна. Энэ бүхэнд интернэт тоглоомын газар, галт зэвсгийн хэрэглээ-хяналтын зохицуулалт, садар самуун, хүчирхийллийг ил тод харуулсан кино, нэвтрүүлгүүд ч нөлөөлж байгаатай санал нэгдэх биз ээ.

Найзыгаа хөнөөж, өөрийнхөө амийг егүүтгэсэн гэх С-ын facebook дэх хаягийг нууцалсныг дахин сануулъя. Мөн тэр facebook-т өөрийнхөө нэрээр бус зохиомол нэрээр бүртгүүлсэн байдаг тул бид талийгаачийн хаяг мөн эсэхийг нягталсны үндсэн дээр энэхүү мэдээллийг нийтэлсэн болно. Одоогоор талийгаач С болон түүний найз Ц нарын цогцост хийсэн задлан шинжилгээний дүн  албан ёсоор гараагүй, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул хэргийн талаарх албан ёсны мэдээлэл хаалттай байгаа юм. Удахгүй галт зэвсгийг хаанаас олж авсан, ямар сэдлээр дээрх хэргийг үйлдсэн зэрэг олон асуулт тодорхой болно гэдэгт найдаж байна.

Эцэст нь тэмдэглэхэд, талийгаач С өөрийн facebook хуудсандаа хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сарын 31-нд шөнийн 02.34 цагт "Үүрд шөнө байгаасай” гэсэн тэмдэглэл үлдээсэн бол есдүгээр сарын 13-наас эхлэн түүний найзуудаас "Эмгэнэл илэрхийлье” гэх үгсийг facebook хуудсанд нь бичиж үлдээжээ.

Views: 549 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]