Main » 2011 есдүгээр сар 20 » Нутгийн иргэд vs “Петро чайна дачин тамсаг”
11:19 AM Нутгийн иргэд vs “Петро чайна дачин тамсаг” | |
"Петро Чайна Дачин Тамсаг” компанийн нефтийн тээвэрлэлтээс болж дэлхийд ховорхонд тооцогдох Мэнэнгийн тал цөлжихөд хүрсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл "Петро Чайна Дачин Тамсаг”-тай холбоотой тээвэрлэлтийн асуудлаар орон нутгийн иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэхийнхээ өмнө нэхэмжлэхээ татсан нь шүүгчдийг ч алмайруулахад хүргэжээ. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг утгаар нь нутгийн иргэдийг төлөөлж тус сумын Засаг дарга Ц.Наранцэцэг, Д.Очирваань, Г.Нарангэрэл, Н.Шагдар, Б.Наранболд, Д.Гомбо нарын төлөөлөл "Нөхөн сэргээлт хийлгэх, хохирол барагдуулах тухай” нэхэмжлэлийг өнгөрсөн зургадугаар сарын 25-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд хүргүүлсэн байсан. Гэтэл дээрх төлөөллүүд нь юунаас болсон юм бүү мэд хоёр сарын дараа буюу наймдугаар сарын 4-нд нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт ирүүлжээ. Тиймээс энэ сарын 2-нд дээрх нэхэмжлэлийг хүчингүй болгох шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ц.Батхүү 1963 тоот захирамжаар баталгаажуулсан байна. Ингээд шүүхээс гаргасан захирамжийн дагуу нэхэмжлэгчдийн хүсэлтээр "Мөнх-Оргил Трейд” компанийн мэргэжлийн шинжээчдээр хийлгэсэн үнэлгээний ажлын хөлс болох таван сая төгрөгийг "Петро Чайна Дачин Тамсаг” компаниас, нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 төгрөгийн 50 хувь болох 125 төгрөгийг Баянзүрх дүүргийн шүүхийн орлогоос гаргуулахаар болжээ. Нутаг усаа төлөөлөн нэхэмжлэх гаргасан нөхөд яагаад буцах болов. Орон нутгаа төлөөлж нэхэмжлэл гаргасан төлөөлөгчид авлигын хэргээр шалгагдаж ч магадгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь тэд энэ хугацаанд "Петро Чайна Дачин Тамсаг” компаниас мөнгө авсан байж болзошгүй юм. Тиймээс "Петро Чайна Дачин Тамсаг”, Матад сумынхнын хооронд өрнөсөн "дайн”-д одоогоор орон нутгийнхан ялагдал хүлээлээ. Түрүүн дурьдаад өнгөрсөн шүүхийн захирамжид "....Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, бусдын эрх ашгийг хөндөхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоход хуульд харшлахгүй юм” гэж заасныг Матад сумын иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тиймээс ч орон нутгийн иргэд энэ удаад төрийн бус байгууллага байгуулан тэмцэхээр болжээ. Тэд эхний удаад "Олон салаа замаар газрын тосыг тээвэрлэх явцад хөрсийг гэмтээж, цөлжих, тэр хэмжээгээр малчин ард иргэд амьдрах, суурьших боломжгүй нөхцөл бүрдүүлсэн бодит байдал нь бусдын эрх ашгийг хөндөхийн дээдээр хөндөж байна” гэх үндэслэлээр шүүхийн 1963 тоот захирамжийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлэхээр албан бичиг үйлдээд байгаа гэнэ. Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар төлөөлөл болгон сонгож нэхэмжлэл гаргасан иргэдийг "Петро чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагуудаас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө амалснаас болж, нэхэмжлэлээсээ татгалзсан гэх хардлага ч Матад сумынхны дунд одоо хэр байгаа аж. Мөн дээрх төлөөллүүд нь тус дүүргийн шүүхэд өөрийн биеэр очиж хүсэлт гаргаагүйгээр барахгүй нотлох бичиг баримтыг бүрдүүлээгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Ийнхүү Дорнод аймгийн Матад сумын иргэд болон "Петро Чайна Дачин Тамсаг” компанийнхний дунд байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар үл ойлголцолд хүрснээр барахгүй цаашид шүүх байгууллагаас нэхэмжлэлийг хүчингүй болгох шийдвэр гаргахгүй аваас цаашид олон нийтийг хамарсан нутаг орноо хамгаалах жагсаал цуглааныг зохион байгуулах талаар төлөвлөөд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр "Петро Чайна Дачин Тамсаг” нь өөрсдийн ухсан нүхэнд нефтийн хаягдал тосыг устай хольж хийдэг учраас өнөөг хүртэл техникийн нөхөн сэргээлт бараг хийгээгүйгээр барахгүй хоёр гуран жилийн өмнө өрөмдсөн өрмийн нүхээ одоог хүртэл булшлаагүй хэвээр буй аж. Саармагжуулаагүй буюу ус тос нь холилдсон тосыг доош нь нэвчүүлэхгүй стандарт материал нь хасах 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй бидний хэллэгээр хатуу целлойд байдаг ба 20 жилийн баталгаатай материал байдаг ч энэ стандартыг хангах бус зүгээр л гялгар уут дэвссэн болоод орхисон гэдгийг ч батлах цөөнгүй хүн байна.Түүнтэй холбоотойгоор "Дачин Тамсаг”-ийн хар тос бүхий гялгар уутаар хучсан нүхэнд нутгийн залуу унаж нас барсан тохиолдол ч гарч байсан удаатай. Нөхөн сэргээлт бүү хэл, алтыг нь аваад авдрыг нь хоосон орхих ёс тогтсон гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн хавар төр төлөөлсөн мэргэжилтнүүд тус компанийг тээвэрлэлтээс шалтгаалан байгаль орчин болоод оршин суугчдийн эрх ашиг зөрчигдөж байна. Цаашид зориулалт бүхий авто зам барих асуудлыг шийдэхээс нааш тээвэрлэлт хийхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэсэн хэдий боловч Авто тээврийн даргад хандан "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд "Засгийн газартай чинь бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн, түүнээс гадна өндөр үнэ бүхий техникийг нэг л өдөр зогсоох юм бол өч төчнөөн алдагдал хүлээнэ” гэх мэтийн айлгах, аргадах хоёрын завсарт "том дуугарч” байгаад тээвэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэхээр болсоныг санаж буй биз ээ. Ямартай ч Матад сумынхан төрийн бус байгууллага байгуулан дахин "Петро Чайна Дачин Тамсаг”-ийг шүүхдэхээр болж байна. Гэхдээ тэдний дундаас "Петро чайна Дачин Тамсаг”-ийн талд урвах урвагчид байгаа эсэхийг үгүйсгэх аргагүй гэж нутгийн иргэд болгоомжилж сууна. | |
|
Total comments: 0 | |