Сүхбаатар дүүргийн VII хороо 1-64 дүгээр байрны нэг давхарт хүний амь нас хохирсон хэрэг гарлаа гэх мэдээллийн дагуу хэргийн газар очлоо. Цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг хийж байв. Тус байрны нэг давхрыг өргөтгөн PC тоглоомын газар ажиллуулаад удаж байгаа гэнэ. Байрны эзэн нь эмэгтэй хүн байдаг ч ажлын ачааллаас болж хохирогч Ц-д түрээсэлдэг байсныг ойролцоох цайны газрынхан хэллээ. Энэ хэрэг энэ сарын 5-нд үйлдэгдсэн байж болзошгүй гэж хэргийн газар ажилласан цагдаагийнхан үзэж байна. Учир нь талийгаач 23 настай Ц-ын эзэмшлийн 11-40 УНО дугаартай "Ниссан санни” машин интернэт кафений гадаа хоёр өдөр өнжсөн гэж хүмүүс ярьж байв. Талийгаачийн эхнэр оюутан бөгөөд нөхөр нь тус байрыг түрээслээд нэг жил гаруй болж байгаа гэнэ.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст талийгаач Ц-ын эхнэр анхны мэдээлэл өгсөн юм байна.Нөхөр нь энэ сарын 5-нд гэрээсээ гарахдаа "Ажил дээрээ очоод эргээд ирнэ. Өнөөдөр би хүүхдээ харна” гэсэн ч хоёр өдөр ирээгүй учир цагдаад мэдэгдсэн юм байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст талийгаачийн найз Х "Манай найз, найзыгаа буудчихлаа гэсэн мессэж ирүүллээ. Би итгэлгүй түүнийг хайсан боловч буудсан гэсэн хүн нь болон өөрөө олдохгүй байна. Ажиллуулдаг PC тоглоомын газар нь очсон боловч үүдэнд нь машин нь л байна. Үүдээ нээж өгөхгүй байна” гэжээ.
Мэдээллийн дагуу хэргийн газрыг өнгөрөгч лхагва гаригийн оройноос эхлэн цагдаагийнхан хамгаалалтад авч, ажиглаж хоножээ. Нэг ч хүн орж, гараагүй учир пүрэв гаригийн өглөө тусгай ажилтнууд хаалгыг эвдэн орсон юм байна. Тус PC тоглоомын газар нь хоёр тасалгаатай бөгөөд нэг өрөөнд нь Ц-г хоёр удаа буудан хөнөөсөн байжээ. Цогцос хөөж, үнэр орсноос харахад гэмт хэрэг үйлдэгдээд удсан бололтой. Харин талийгаач 21 настай С амьсгал хураагаад удаагүй байсан гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Хэргийн газраас дорбинк маркийн шувууны бууг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Талийгаач залуус Өвөрхангай аймгийн уугуул, нэгэн нутгийн, хамт тоглож өссөн, эртний танилууд аж. Хэргийн газар биднийг очиход талийгаачийн эгч нь гэх эмэгтэй гурван хүний хамт ирсэн байв. Тэд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явав. PC тоглоомын газрын хажууд цайны газар, бичиг хэргийн дэлгүүр зэрэг байгууллагууд байх аж. Дэлгүүр, тус тоглоомын газрыг цэвэрлэдэг гэх эмэгтэй бидний асуултад хариулсан юм. "Энэ тоглоомын газрыг 25 орчим насны нэг залуу ажиллуулдаг байсан. Би сайн танихгүй. Надад 2500 төгрөг өгөөд цэвэрлүүлдэг байсан юм.
Хамгийн
сүүлд өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 3-нд цэвэрлэж өгсөн. Тэр үед
ямар ч асуудалгүй байсан. Хэдэн оюутнууд тоглоод сууж байсан. Сүүлийн
хэдэн өдөр хөшиг нь хаалттай, хүн орж гарч байгаа харагдаагүй” гэв.
Хэргийн газрын үзлэг 12 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд шинжилгээний хариу
гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Х.ОЮУНСҮРЭН