Main » 2011 » аравдугаар сар » 4 » Оюутнууд С.Төмөр-Очирыг эсэргүүцэж жагслаа
12:35 PM
Оюутнууд С.Төмөр-Очирыг эсэргүүцэж жагслаа
 

Монгол Улсын Их сургуулийн оюут­нууд өчигдөр сургуулийнхаа удирд­лагуудад шаардлага хүргүүлж, тай­ван жагсаал зохион байгууллаа. Жаг­саалыг тус сургуулийн оюутны холбоо, Оюутан конгрессоос зохион бай­гуулсан аж. МУИС-ын хичээлийн гуравдугаар байрны үүдэнд өчигдөр 11 цагийн орчимд очлоо. "Сургууль бол бизнесийн байгууллага биш”, "Оюут­нууд бид саятан биш”, "Да­хин судлах хичээлийн кредитийг гу­равны нэгээр тооцдог болъё” гэсэн шаардлагыг барьсан 100 гаруй оюутан байсан юм. Оюутны хол­боо, Оюутан конгрессийн ги­шүүд "Бид өнөөдөр өглөө  л жаг­саал зохион байгуулах шийдвэр гар­га­лаа” гэж байсан.  Гэсэн ч бүгдээрээ станц, чихэвчтэй, түүгээрээ холбоо барьж жагсаалыг зохион байгуулж байс­наас үзвэл урьдчилж бэлдсэн болов уу. Түүнчлэн оюутнууд "Хонхны дуу”-г эгшиглүүлж "Бид ард­чилсан оюутнууд” гэсэн бичигтэй цаас барьсан байлаа. Оюутнууд жаг­саалаа МУИС-ын төв байрнаас эх­лүүлжээ. Улмаар хичээлийн бүх байр­ны гадна очиж үргэлжлүүлсэн нь энэ аж. Хичээлийн байраар ийн­хүү очиход нь салбар сургуулийн оюут­нууд дэмжиж буйгаа илэрхийлж, жаг­саалд нэгдэж байлаа.

МУИС-ын оюутны холбоо, Оюу­тан конгресийн дэд тэргүүн Б.Мөнх­баяр "Манай сургуулийн за­хир­гаа оюутнууддаа чиглэсэн арга хэм­жээ авахгүй байна. Жил бүр сур­галтын төлбөрөө нэмдэг. Бас да­хин шалгалт өгч буй оюутнуудаас кредитийн төлбөр гэж 100 гаруй мянган төгрөг авдаг. Энэ бүхнийгээ юунд зарцуулдгийг бид мэдэхгүй байгаа. "Урсгал зардалд зарцуулдаг” гэж хэлдэг. Гэтэл номын сангийн фон­дыг огт шинэчлэхгүй байна. Сур­гуулийн засвар тийм ч сайн биш. Тиймээс бид сургалтын төлбөрийг чухам юунд зарцуулдгаа тайлагнахыг шаардаж байна” гэж ярилаа. МУИС-ын ректор С.Төмөр-Очирт хаягласан шаардлагаас нь үзвэл оюутнууд дахин судлах хичээлийн төлбөрийг бүт­нээр биш гуравны нэгээр төлөх, сур­галтын төлбөртэй холбоотой зардлын шийдвэрийг цуцлах, оюут­ны дотуур байранд интернэт тавих, до­туур байрны сантехникийн асууд­лыг шийдэх, сургалтын ор­чинг сайжруулах, дотуур байрны төлбөрийг 2012-2013 оны хичээлийн жилд нэмэхгүй байх, актлагдсан хи­чээлийн гурав, зургаадугаар байрны асуудлыг шийдэхэд тодорхой арга хэм­жээ авахыг хүсч байгаа ажээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ч жагсаалд оролцоод амжсан. Учир нь МУИС-ын оюутнууд тухайн сур­гуулийнхаа ажилтан гэдэг статустай байдаг гэнэ. Тэрбээр оюутнуудтай са­нал нэг байгаагаа илэрхийлж, дэм­жинэ гэдгээ хэлсэн юм. Мөн тэд­нийг төлөөлж тэрбээр С.Төмөр-Очир рек­тортой уулзсан байна. Ямартай ч оюут­нуу­дын дээрх шаардлагад МУИС-ийн за­хиргаа маргааш 12 цагт хариу өгөх аж. Дашрамд дурьдахад, МУИС-ийн оюутнуудын энэхүү жагсаалыг "Оюут­ны хувьсгалын эхлэл” гэх хүн ч жагсаал зохион байгуулагчид дунд байсныг онцлоё. Мөн оюутнууд шаард­лагыг нь биелүүлэхгүй бол хи­чээл хаях хүртэл арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ.

Views: 578 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]