Main » 2011 » 12-сар » 1 » Олдошгүй хүнд мундашгүй гуншин зохих болов уу
9:11 PM
Олдошгүй хүнд мундашгүй гуншин зохих болов уу

Ерөнхийлөгч маань ойрын хэд хоног шагналын хур буулгаж байна. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэх шиг алдар цол, одон медалийг баруун солгойгүй цацаж байна. Хуулиар төрийн дээд шагналаар шагнах шийдвэр гаргах онцгой эрх нь ганцхан түүнд байгаа болохоор одоо яалтай ч билээ. Хэзээнээс ч юм бэ, хүндтэй шагнал, алдар цолыг ямар нэг тэмдэглэлт өдөр, баяр наадмыг тохиолдуулан олгодог бичигдээгүй хуультай болжээ. Тийм ч учраас албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага тэрхүү ой, тэмдэглэлт өдрийг угтаад шагнуулах хүмүүсээ тодорхойлдог. Тэгээд томоохон ой дөхөөд ирэхээр баг, сумынхнаас эхлээд яам тамгын газрынхан тодорхойлолт бичих ажилд ихэнх цагаа барж, орон нутгийн иргэдийн хурлаас өгсүүлээд Ерөнхийлөгчийн тамгын газрынхан бөөн цаасанд дарагддаг. Тодорхойлсон болгоныг шагнаад байж болохгүй, татгалзаад байх ч хэцүү, зовлон их бий. Өглөө гэж баярлаж байхад өгсөнгүй гэж гомдох, агсамнах ч цөөнгүй. Арай амиа хорлодоггүй байх. Монголд ямар тэмдэглэлт өдөр, элдэв ой тасрах биш. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар хуулиа баталсны 87 жилийн ой ойрмогхон тохиов. Ерөнхийлөгч ч энэ өдрөөр баахан тэмдэг тараав. Нэг генералын цолыг ахиулж, хоёр хурандаагийн мөрдсийг генералынхаар сольж өгөв. "Урвасан хулгай” Дамбийжаа, Унгерний гар хөл Ванданов буриадын дүр бүтээсэн Цолмонбаатар тэргүүтэй баахан хүнд одон медаль гардуулав. Жирийн ажилчнаас авахуулаад УИХ-ын гишүүн ч шагналаас хоцорсонгүй. Яах вэ, гайгүй шиг ажилтай нэгнээ ийм төмрөөр шагнадаг уламжлалтай болохоор одоо яая гэхэв. Өгсөн, авсандаа өлзий болог гээд л өнгөрмөөр. Гэтэл бас дуугүй байж боломгүй. Хүмүүс дуугарч байнаа. Юу гэж дуугарч байна гэж. Шулуухан хэлбэл, "Монгол поп”-д төрийн соёрхол олгосонд сэтгэл дундуур хүн даанч олон байна. Ерөнхийлөгч жил болгоны намар төрийн соёрхол хүртээдэг юм л даа. Журам нь тийм. Уг нь төрийн шагнал гэдэг байсан юм. Ардчилсан хувьсгалаас хойш нэг хэсэг төрийн соёрхол гэж байгаад дараа нь дахиад төрийн шагнал гэх болсон юм. Харин өнөө жил төрийн соёрхол болсон бололтой юм. Хэргийн учир нэрэндээ ч биш, шагналдаа ч биш, хүртэж байгаа хүндээ л байгааг хэн хүнгүй сайн мэдэж байгаа. Нэг үгээр нүдээ олж уу гэдэг нь чухал. Энэ намар зургаан хүнд тэр соёрхол гээчээ хүртээлээ. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор О.Батсайхан бол Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан эрдэмтний нэг яах аргагүй мөн. Түүнтэй барьцаад байх хүн одоо амьд сэрүүн байгаа түүхчдийн дотор байхгүй л болов уу. ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, ялангуяа 2011 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад VIII Богд Жавзандамба хутагтын гүйцэтгэсэн үүрэг зэрэг сэдвээр түүнийг гүйцэх эрдэмтэн байхгүй гэвэл хилсдүүлсэн болохгүй биз ээ. Энэ чиглэлийн судалгаанд олон жил уйгагүй хөдөлмөрөө зориулсан хүн билээ. Тийм гавьяатай хүн төрийн соёрхол хүртэлгүй яах вэ. Монголын ганц "саалийн үнээ” уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн Ж.Баатархүү, З.Ганбаатар, Ц.Туяа, Ч.Ганзориг нарын баг уурхайн геологийн нөхцөл хүндэрснээс бий болсон тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныхаа төлөө энэ хүндтэй шагналын эзэн болов. Тэр шинэ технологи нэвтрүүлснээр улс орны эдийн засагт өндөр ашиг авчирсан гэдэг нь чухам юу болохыг сонирхлоо. Эрдэнэтийн овооны ордыг ашиглаж эхэлснээс хойш 33 жил өнгөрчээ. Энэ хугацаанд уурхайн гүн 34 метрт хүрч, хүдэр дэх зэс, молибдений агуулга ихээхэн буурсан байна. Тоогоор илэрхийлбэл, бараг 1.5 дахин багасчээ. Энэ бүхэн нь технологийн шинэчлэлийг зүй ёсоор шаардсан байна. Дээр нэр дурдсан нөхөд харин энэ асуудлыг шийдэж чаджээ. Технологийн шинэчлэлийн үр өгөөж үнэхээр их. Зарим баримт дурдъя . Баяжуулах фабрикийн хүчин чадлыг өргөтгөж, жилд 32 сая тонн хүдэр боловсруулдаг болов. Хаягдлын аж ахуйгаа өргөтгөж энэ хэмжээг 35 саяд хүргэх боломж бүрдүүлжээ. Молибден авалт 29.4-46.2, зэсийнх 85-86.5 хувь болж нэмэгдсэн байна. Энэ бүхний дүнд өнгөрсөн онд 26.1 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэ бол 33 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Эдийн засгийн үр ашгийг нь тооцвол жилийн 60 сая ам.доллар гэнэ. Чухам энэ амжилтыг нь үнэлсэн хэрэг биз, 2010 онд "Дэлхийн шилдэг үйлдвэр” гэх алдар хүртсэн байна. "Эрдэнэт” үйлдвэр 30-аад жил Монголын нүүр царай болж байсныг хэн ч үгүйсгэх аргагүй. Улсын төсвийн 30 хувь буюу 1/3-ийг нь эднийх бүрдүүлдэг. 2008 оны хямралын үед бүр 40 орчим хувийг дангаар бүрдүүлж байсан гэдэг. 33 жилийн хугацаанд 3.2 тэрбум "ногоон” оруулсан дүнтэй. Нэг үгээр бол "Эрдэнэт” Монголын, монголчуудын бахархал юм. Ийм үйлдвэрийг чинь "саалийн үнээ” гэхээс яах вэ дээ. Совет нь үйлдвэрийн удирдлагын хүчин чармайлт, үйлдвэрийн ажил үйлсийг "онцсайн” хэмээн үгнэлсэн нь зүй ёсных. Ийм амжилт гаргасан багийнхан төрийн соёрхол хүртэх эрхтэй байлгүй яахав. Тэдэнд нүүр улайх юм огт байхгүй, харин ч омогших бүрэн эрхтэй улс. Харин энэ Д.Болд гэдэг дуучин залууд төрийн шагнал ахадчих шиг болов уу даа. Ерөнхийлөгчийн магтаж буйгаар бол тэр залуу "Монголын үндэсний язгуур урлагийн дахин давтагдашгүй чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулж, хөгжмийн шинэ хандлага, урсгал бий болгосон "Монгол поп” гэдэг гарамгай бүтээл туурвиж, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсөн” юм гэнэ. Ээ базарваань гэж, мундаг магтаал шүү. Өөр салбар чиглэлийн Ц.Дамдинсүрэн, Ү.Ядамсүрэн, Э.Оюун, С.Саранцацралт нартай жишиж харьцуулахаа больё. Д.Болдод хамгийн дөхүүгээс нь С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав, Э.Чойдог, Н.Жанцанноров, З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Шарав, Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, С.Сансаргэрэлтэх, Б.Мөнхболд, Н.Норовбанзад, Х.Уртнасан гээд нэрлээд ирэхээр Д.Болд маань тэр аугаа хүмүүсийн дэргэд даанч жижигдээд болохгүй нь ээ. Үнэнийг хэлэхэд аавынхаа малгайг тавьчихсан балчир жаал шиг л харагдаж байна. Үгүй тэгээд Ерөнхийлөгч маань ийм жаалд яагаад төрийн шагнал хүртээчихсэн юм бол. Төр түмэн нүдтэй гэлцээд байдаг худлаа шив дээ, нохой долоо гэж. Д.Болд сайн уран бүтээлч юм гэсээн. Мэддэг таньдаг хүмүүс нь тэгж байна. Аль арван хэдэн жилийн тэртээ Хөгжим бүжгийн сургуулийн жаахан хүү байхдаа "Камертон” гэдэг хөөрхөн хамтлаг байгуулаад "18 нас” гээд дуулж байсан л даа.Түүнээс хойш бие дааж гурван тоглолт хийсэн аж. Эх сурвалжаас үзвэл, Ц.Элбэгдорж дуучин залууг гадаадад айлчлахдаа дагуулж явдаг, хамтдаа цусны төвд очиж цусаа хандивладаг дотно улс гэнэ. Хүн хүтэйгээ найзалж, дотносч бололгүй яахав, хүний л хорвоо юм чинь. Хэдхэн хоногийн өмнө дөө, "Улаанбаатар палас”-т болсон Д.Болдын тоглолтыг Ерөнхийлөгч тухлан үзэж, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй шахам л харагдсан. Тэгээд л маргааш нь төрийн соёрхол гардуулдаг байна ш дээ. Уг нь төрийн шагнал олгохдоо шинжээчийн баг энэ тэр ажиллаж дүгнэлт гаргасны дараа л олгодог дүрэм журамтай юм билээ. Харин төрийн тэргүүнд тэр журам хамаагүй байдаг юм болов уу. Эсвэл хэн нэгний тоглолт үзчихээд шөнө нь орондоо эхнэртэйгээ ярилцаж байгаад л маргааш өглөө нь алдар цол олгоод байх хачин гажууд жишиг тогтоох гээд байгаа юм уу. Зарим хүн үүнийг "шинэ цагийн шагнал олгох сценари” гэж нэрлээд үүнийгээ " Уржигдрын цаад өдөр монгол поп гэх урсгалаар дуулж, уржигдар Төрийн ордонд тайлан тоглолтоо хийж, өчигдөр "УБ палас”-т тоглоод өнөөдөр төрийн шагнал авдаг” гэдгээр тайлбарласан байна лээ. Тийм ээ, тэр залуу зургадугаар сард Төрийн ордонд концерт тоглосон, хэд хоногийн өмнө "УБ палас”-т тоглосон. Харин Төрийн ордонд концертоо тоглосон Монголын анхны уран бүтээлч байх шүү. Манайхан л үүнийг гайхан хачирхаад байгаа болохоос энд тэнд байдаг ерийн л зүйл. Хойд хөршид гэхэд л Ю.Антонов, Л.Лещенко гээд цөм л Кремлийн ордонд тоглож байдаг шүү дээ. Хөөрхий муу Болд өндөр шагнал авахаа өглөө нь дуулсан гэж байгаа. Тэр байтугай шагнал авна гэж огт төсөөлөөгүй болохоор ямар ч бэлтгэлгүй байсан гэдэг. Аргагүй шүү дээ. Нэг хоногийн өмнө л "Намайг гавьяатад тодорхойлж байгаагүй, би шагналын төлөө явдаг хүн биш, шагналын араас хөөцөлдөх зав ч алга” гээд л ярьж байсан хүн шүү дээ. Хэрвээ түүнийг Хөгжмийн зохиолчдын холбоо энэ тэр тодорхолйсон бол бас яах бол гэж чих тавьж суухсан. "Монгол поп” сайхан тоглолт болсон биз. Гэхдээ л. Тэр монгол поп гэдэг нь дуучны өөрийнх нь тодорхойлсноор бол хариугүй зүйл байна лээ. Уртын дуу, морин хуур, хөөмэйг оролцуулахаар л монгол поп гээч болдог юм гэнэ. Ц.Элбэгдорж шагнал гардуулахдаа хэлж байнаа. "Дэлхий дээрх дуун урлагийн гайхамшигт хоёр урсгалын нэг нь уртын дуу, үүнээс улбаалсан олон урсгал чиглэл бий. Шинэ урсгал гаргасан нь Д.Болдын гавьяа. Төрийн шагналаа дааж яваарай” гэж сургамжлав. Д.Болд хариу барихдаа "Монголчууд, Ерөнхийлөгчдөө баярлалаа” гээд шагналыг итгэл найдвараар хариулна гэв. Түүний улаан фэнүүд Д.Болдыг авьяас онгодоор буцалсан, жинхэнэ уран бүтээлч, Монголын түүхэнд рок попын чиглэлээр хийсэн бүтээл, шинийг санаачилсан бахархууштай үйлстэн, эр хүн шиг эрвэлзэж яваа энэ цагийн баатар, биширмээр амжилт гаргасан дуучин энэ тэр гээд амаа олохгүй магтаж байна. Бас зарим нь юу гэж муулж байна гээч. Төрийн шагналыг Монголын Нобель гээд бодохоор арай дэнджээ, монгол солиорол гэдэг энэ дээ, Болд оо, миний дүү наадхиа буцаагаад өгчих, хэрэггүй юм хүнд хэрэггүй л байдаг юм, шагнал хүндэднэ гэдэг болов, Эбэгийн толгой хамуурчээ, Эбэ зөв зөв, энэ мэтээр Ринчен, Дамдинсүрэн, Явуухулан нарыг доош хийгээд бай, Элбэгдоржийн ачаар Со, Болд хоёр Ри-тэй зиндаа нийлэх нь, шогийн урсгал нэртэй юманд нь төрийн шагнал дэндүү ахадна, Элбэгээ дэмийрчээ, төрийн шагналын нэр хүнд шалан дээр унав, Жанцанноровын "Мандухай сэцэн хатан” киноны хөгжим, "Монгол поп” хоёр нэг зиндааны бүтээл юм байна тийм ээ, хайран шагналын нэр хүндийг дэндүү муухай унагалаа даа чааваас гэж, ам барьж хамраараа гуншиганахаас өөр юу хийсэн юм бэ Болд, авч байгаа нь ч өгч байгаа нь ч таарсан таар шуудайнууд, ингээд нэг тоглолт хийсэн нөхөрт өгчихдөг шагнал юм бол "Амьдрал” /Харанга/, "Цамцаа тайл” /Никитон/, "Гэрэл сүүдэр” /Номин талст/, "Би монгол хүн” /Хар сарнай, Амараа/, "Дурлал шиг асна” /Т.Ариунаа/ тоглолтод өгөхгүй яасан юм бэ гэж гомдоллох нэгэн ч таарч байна. Энэ ардын дууг чинь рок поп стильд оруулсан анхдагч нь Болд биш шүү дээ, аль 1980 хэдэн онд "Соёл-Эрдэнэ” хамтлаг "Тонжоо”, "Боодогтой сэвгэр”, "Дангийн даавуу майхан” гээд л дуулж байсныг манайхан мартаагүй байх аа гэх нөхөр ч бий. Шагнасан Ерөнхийлөгчийн өмнөөс нүүр улайж байна, шагнуулсан дуучны өмнөөс ичиж байна. Гэхдээ яах вэ, олдошгүй хүн мундашгүй гуншинтай болсон биш. Төрийн шагналаас үүдсэн яриа нэг иймэрхүү. Одоо яахав, нэгэнт болоод өнгөрсөн юм чинь.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 724 | Added by: beatbox_battle | Tags: Олдошгүй хүнд мундашгүй гуншин зохи | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]