Main » 2011 » аравдугаар сар » 13 » П.Сэрдамба: Солонгосын тамирчнаас даагаа нэхэх бодолтой байсан ч барсангүй
3:18 AM
П.Сэрдамба: Солонгосын тамирчнаас даагаа нэхэх бодолтой байсан ч барсангүй
 

Азербайжаны нийслэл Баку хотод болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба хүрэл медаль хүртсэн. Уг тэмцээнд 128 орны 600 гаруй ширэн бээлийтнүүд хүч үзсэн юм. Манай тамирчдын хувьд багийн дүнгээрээ 14 дүгээр байрт шалгарчээ. Боксын шигшээ багийнхныг өчигдөр БТСГ-ын удирдлагууд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбатай ярилцлаа.

-Дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртээд ирсэнд баяр хүргэе. Медальтай ирсэн ч гэлээ өмнөх шиг фэнүүд чинь тосож авсангүй?

-Зүгээр ээ. Урьд нь олимпийн наадмаас мөнгөн медаль, дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн өндөр амжилт үзүүлсэн учраас олон хүн баярлаж байсан. Энэ удаад хүрэл медаль хүртээд ирлээ. Бид нар чинь байнга ирэн очин байдаг. Сая гэр орныхон маань тосож авсан.

-Азийн аваргын үеэр Солонгосын тамирчинд нутагт нь ялагдсан. Сая бас зодуулчихлаа. Барсангүй юу?

-Солонгосын тамирчинтай хоёр удаа таарч, хоёр удаа хожигдлоо. Эхлээд Азийн аваргаар хожигдсон байсан. Харин саяын тэмцээнд мөнгөн медалийн төлөө дахин таарч тоглосон. Ер нь бол Солонгосын тэр тамирчинтай тоглоно гэдгээ мэдэж байсан. Даагаа нэхэх бодол байсан ч болсонгүй.

-Дахиад таарчихаар айх юм уу. Ер нь айдаг тамирчин байдаг уу?

-Тамирчин хүнд өрсөлдөгчдөө хожигдчих болов уу гэсэн эмээх зүйл бол байдаг. Түүнээс учиргүй айгаад байх зүйлгүй. Тэр гар нь хүчтэй, тэр цохилтод нь өртчих вий гэж бодоод, айгаад байвал яаж тулалдах билээ.

-Олимпийн эрх авчихсан тул Лондонгийн олимп хүртэл оролцох тэмцээний тоогоо цөөлөх үү. Олон тэмцээнд орохоор өөрийн чинь тоглолтын тактикийг өрсөлдөгч нар мэдчихнэ гэсэн зүйл байх уу?

-Олимпийн өмнө тэмцээн, уралдаанд нэлээд орох байх аа. Саяын тэмцээний үеэр намайг ямар байгааг манай ерөнхий дасгалжуулагч харсан. Тиймээс багшийнхаа хэлсэн, зөвлөснөөр л бэлтгэлээ хийгээд явна. Ер нь тамирчин хүнд тэмцээн дутагдана уу гэхээс илүүднэ гэсэн юм байхгүй.

-Хариуцлагатай тэмцээний өмнө бэртэл авчихвий гэсэн болгоомжлол байдаг байх. Биеэ нөөгөөд, бэлтгэлээ хийгээд байж болдоггүй юм уу?

-Тамирчин хүн тэмцээнээс тэмцээнд туршлага хуримтлуулж байдаг. Тиймээс бэртчихнэ гэж айгаад рингэн дээр гарахгүй байна гэсэн зүйл байхгүй. Байнгын бэлтгэлтэй байна. Харин томоохон тэмцээний өмнө жингээ хасаад, бэлтгэлээ хийгээд л орно доо.

-Ердийн жин чинь хэд байдаг юм бэ?

-Хэвийн үедээ 56 кг байдаг. Жингээ нэлээд бариад энэ шүү дээ. Түүнээс сул тавьчих юм бол 56-аас дээшээ гарчих гээд байдаг юм. Тэмцээн дөхөөд ирэхээр жингээ сайн барьж байгаад хасна.

-Жингээ яаж барьдаг вэ. Эрэгтэй хүн болохоор асуудалгүй юу?

-Хөлсөө гаргана. Хоол ундандаа анхаарах гээд олон юм байна аа. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэйгээр хийхээр гайгүй ээ.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна вэ. Тэмцээнгүй үедээ бэлтгэл хийх үү?

-Миний хувьд оноос өмнө орох тэмцээн байхгүй. Тэмцээнгүй үедээ бүтэн сайнаас бусад өдөр сэргээлтийн бэлтгэл гэж хийдэг юм. Өдөрт цаг гучин минут бэлтгэл хийдэг.

-Өнгөрсөн зунаас "Худалдаа хөгжлийн банк"-ны тамирчин болсон. Ямар гэрээ байгуулдаг юм бол. Сонирхож болох уу?

-Гэрээг олонд хэлээд байхаар тийм сонин зүйл биш байх аа. Ямар ч байсан тус банкны ТУЗ-ийн дарга Эрдэнэбилэг ахдаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Дэлхийн аваргын хүрэл медалийг ямар бай шагнал дагалдаж ирдэг юм бэ?

-Тив, дэлхийн аваргын медалийг бай шагнал дагалдаж ирдэггүй. Медалиа л авна. Харин төр, засгийн зүгээс хүрэл медаль хүртсэн бол найман сая төгрөг өгдөг.

-Медалиа угааж найр хийх үү?

-Миний хувьд найр хийгээд дууссан. Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гээд бүх дээд шагналыг авсан учраас тэдгээр шагналыг давж угаагдах медаль байхгүй.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын тамирчин байна вэ. Лондонгийн олимпод Солонгосын өнөөх боксчинтой таараад ялагдчих юм биш биз дээ?

-Олимпод таарах л байх. Саяын тэмцээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Украины тамирчид байлаа. Мөн Куба, Орос, Солонгос, Казахстаны тамирчид сайн. Ер нь боксын спорт жигд хөгжиж байгаа учраас тэр орны тамирчин муу гээд байх юм алга.

-Нэр хүндтэй тамирчдад сурталчилгааны санал их ирдэг байх. Сард хэдэн төгрөгийн орлоготой байдаг вэ?

-Рекламанд тоглооч гэсэн санал ирнээ ирнэ. Орлогын хувьд нууц.

-Таны жинд тоглож байгаа сайн хүүхдүүд байна уу?

-Монголоос би л байна. Араас гарч ирж байгаа тамирчид алга. Тэгж байгаад гарч ирэх байлгүй дээ.   

-Бакуд болсон дэлхийн аваргын үеэр тамирчдад болон үзэгчдэд оноо ил харагдаагүй. Энэ нь тоглолтод нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Раундын дундуур багш оноо хэлж өгч байсан. Харин яг тоглож байхад оноо харагдахгүй болохоор хэдэн оноо алдаж, авч байгаагаа мэдэхгүй байсан. Уг нь харагдаж байвал оноогоор дутуу яваа үедээ тухайн үеийнхээ тоглолтын тактикийг өөрчлөх тал байдаг.

-Бакугийн уур амьсгал ямар байв. Тамирчдыг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Азербайжаныхан монголчуудыг их дэмжиж байсан шүү. Армений хоёр ч боксчныг манайхан мулталж өгсөн болохоор биднийг их дэмжинэ. Манайхан рингэн дээр гарахаар Монгол, Монгол гээд балиашиглаж байсан.

-Тамирчид сонгууль болохоор хэн нэгэн нэр дэвшигчийн сурталчилгаанд явж байгаа харагддаг. Таны хувьд сурталчилгаанд явах уу?

-Би ямар нэгэн намын харьяанд байдаггүй. Тэгээд ч энэ надад хамаагүй. Сүүлд нь хэлэхэд "Эрдэнэт" үйлдвэрийн Ч.Ганзориг захиралд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Монголын олимпийн боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Бат-Энх ахдаа талархсанаа илэрхийлье. Биднийг Эрдэнэт дэх "Сэлэнгэ" амралтын бааз дээр бэлтгэлээ хийж байх үед Бат-Энх ах ирсэн. Ирээд хувийнхаа мөнгөөр үхэр аваад шууз хийлгэж өсгөн. Түүнийг нь манай боксчид Бакуд идэж байгаад ирлээ.

Views: 1750 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]