Main » 2011 » аравдугаар сар » 31 » Пеле: Месси, Криштиано Роналдо хоёр харьцуулахын аргагүй өөр тоглогчид
7:23 PM
Пеле: Месси, Криштиано Роналдо хоёр харьцуулахын аргагүй өөр тоглогчид
 Пеле: Месси, Криштиано Роналдо хоёр харьцуулахын аргагүй өөр тоглогчидХөлбөмбөгийн хаан Пеле буюу Бразилын домогт хөлбөмбөгч Эдсон Арантес ду Насименту 71 насны босго даваад хэдхэн хоног өнгөрч байна. Түүнийг төрсөн өдрийнх нь ойгоор Лондонд хүлээн авч, ёслол зохион байгуулсан аж. Энэ үеэр Испанийн Марса-гийн сэтгүүлч Пелетэй ярилцжээ. Эрхэм хөлбөмбөг сонирхогчдодоо хөлбөмбөгийн хааны ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 -          Юун түрүүнд би таниас Испанийн шигшээ багийн тухай зайлшгүй асуух ёстой юм шиг санагдаад байна. Танд Испанийн шигшээ багаас юу нь таалагддаг вэ?

-          Испанийн шигшээ баг бол өнөөгийн хөлбөмбөгийн гол чиглүүлэгч болжээ. Хөлбөмбөгийн ур чадвар, багийн тоглолтыг эрхэмлэдэг хүн бүр хамгийн түрүүнд Испанийн шигшээ багийг үнэлдэг. Энэ бол дэлхий дахинд өөрийнхөө жишгийг тогтоосон баг юм. Энэ бол нэг тоглогчийн баг биш, хэрхэн довтолж, хэрхэн хамгаалахаа маш сайн мэддэг хэсэг бүлэг тоглогчийг бүрдүүлж чадсан баг. 1970 онд дэлхийн аварга болсон Бразилын шигшээ багийнхан нэг нэгнийхээ тоглолтыг мэдэж, мэдэрдэг байлаа. Хөл нийлчихсэн тоглогчид болохоор элдэв хүндрэл, үл ойлголцол бараг гардаггүй байж. Бөмбөг эзэмшилт, ур чадвар гээд тэр баг бүхнийг төгс хийдэг байв. Эдүгээгийн Испанийн шигшээ баг тэр багтай төстэй санагддаг. Тиймээс дэлхийн аваргын алдрыг хүртэж чадсан энэ багийн тоглолт надад ч таалагддаг.

-          Тэгвэл 1970 оны дэлхийн аварга Бразилын шигшээ багтай хамгийн төстэй нь гэж хэлж болох нь ээ?

-          Тэгж хэлж болно. 1970 оны дэлхийн аварга болсон тэр багийнхан хамтдаа найман жил тоглочихсон байсанд хэргийн учир оршино. Харин Испанийн шигшээ багийн хувьд тэд хөлөө олж дөнгөж эхэлж байна гэж хэлж болно. Тэдний туулсан зам одоогоор харьцангуй богино байна. Гэхдээ ирээдүйд улам урт болох байх гэж найдья. Хамгийн гол нь гүйцэтгэл, ур чадварын хувьд тухайн үеийн Бразилын шигшээтэй төстэй байгаа юм.

-          Висенте Дель Боске нэгэн ярилцлагадаа хэрвээ эргээд хөлбөмбөгч болвол Серхио Бускетс болох байсан гэж хэлсэн удаатай. Харин танд тийм боломж олдвол Испанийн шигшээгийн тоглогчдоос хэн нь болох вэ?

-          /Инээснээ/. Хэрвээ тийм боломж байвал би Чави болно оо. Тэр надтай яг адилхан үүрэг гүйцэтгэдэг. Талбайн гүн рүү татаж, цохилт хийж болохоор зайд гарч, яг л миний байрлал дээр тоглоод байгаа. Хүмүүс намайг төвийн довтлогч байсан шиг санадаг. Гэтэл үнэндээ би Бразилын шигшээдээ довтолгооны шугмын гуравдахь хүн байлаа шүү дээ. Гуравдахь нь гэдгийг сайн тунгаагаарай. Хамгийн гол нь багийнхаа төлөө л тоглодог байх нь чухал.

-          Гурван жилийн дараа алдарт "Маракана” цэнгэлдэхэд дэлхийн аваргын төлөө Бразил-Испанитай тоглоосой гэж та хүсч байна уу?

-          Тэгэлгүй яахав. Гэхдээ хэн сайхан тоглолт гаргаж, хэн өрсөлдөгчөө хожиж чадсан нь л аваргын төлөө өрсөлдөг гэж хэлсэн нь шударга байх. Танай шигшээ багийг хоёрдахиа аварга болохоор зүтгэнэ гэдгийг мэдэж байна. Гэхдээ манай шигшээ багт өмнө нь хүртсэн таван дэлхийн аваргын алдар хангалттай гэж бодоогүй биз дээ. Тэгж бодож буй бол их том алдаж байна даа.

-          Мөдхөн болох Багуудын дэлхийн аваргын шигшээ тоглолтод "Сантос”-"Барселона”-тай үлдэж, бразил, испани хөлбөмбөгийн сургуулийн тулаан болно гэж олон хүн тэсч ядан хүлээж байна. Үнэхээр сүртэй сайхан сонсогдож байгаа биз?

-          "Барса”-д Испанийн шигшээ багийн найман хөлбөмбөгч тоглодог үнэхээр хүчтэй баг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ "Сантос”-т 4-5 өндөр зэрэглэлийн хөлбөмбөгч бий. Неймар байна. Гансо байна. Гэхдээ Гансогийн бэртэл нь тэгэхэд эдгэж амжихыг сайн хэлж мэдэхгүй юм. Энэ тэмцээнд гэнэтийн явдал их гардгий ч хөлбөмбөг сонирхогчид андахгүй. Бразилын шилдэг баг гэж энэ тэмцээнд оролцсон Порту-Алегригийн "Интер” шигшээ тоглолтод хүрч чадаагүй явдал гарсан шүү дээ. Гэхдээ би "Сантос”-"Барселона” хоёр таарна гэж найдаж байна. Тэгэхээр тэнд л уулзья.

-          Та Неймарын тухай ярьж өгөөч. Тэр үнэхээр тийм сайн хөлбөмбөгч үү?

-          Онцгой тоглогч. Би бүх сэтгэл зүрхээрээ "Сантос”-ын хүн шүү дээ. Тэгэхээр түүнийг хаашаа ч битгий яваасай л гэж боддог. Манай багт бас Данило гэж баруун жигүүрт тоглодог сайн хөлбөмбөгч бий. Залуучуудын дэлхийн аваргаар Данило их сайн тоглосон. Ер нь "Сантос”-т сайхан залуу хөлбөмбөгчид цуглаж байна. Энэ чигээрээ байвал мөн сайхан даа л гэж бодох юм.

-          Неймар "Барселона”, "Реал”-ын алинд нь очих бол. Та юу гэж бодож байна вэ?

-          "Реал”, "Барселона”-гийн аль нэг рүү явах эсэх талаар би хэлж мэдэхгүй. Миний хүсэл бол түүнийг хаашаа ч явуулахгүй байх. Хэрвээ би шийддэгсэн бол Неймарыг яг өөр шигээ зөвхөн "Сантос”-т тоглуулна. Яахав, зодог тайлахынхаа өмнөхөн над шиг өөр багт цөөхөн жил тоглож болох юм.

-          Та амласнаараа Месси рүү "Үүрдийн Пеле” баримтат киногоо илгээчихсэн үү?

-          Одоогоор амжаагүй л явна. Гэхдээ илгээнэ ээ. Заавал шүү.

-          Та Мессигийн тухай юу гэж боддог вэ?

-          Сайн хөлбөмбөгч ч гэсэн түүнийг Пелетэй зүйрлүүлэхэд эрт байна. Намайг хөлбөмбөг тоглож эхэлснээс хойш олон хөлбөмбөгчидтэй зүйрлэн ярилцах болсон. Эхлээд ди Стефано, дараа нь Сивори, тэгээд Беккенбауэр, Платини, Марадона гээд. Бүр дэлхий даяараа л Пелегийн залгамжлагчийг хайх ажилд гарчихсан юм шиг л байдаг. Месси гайхалтай хөлбөмбөгч. Түүний тоглолтод өөрийн гэсэн онцлог тал бий. Тэгэхээр тэвчээртэй хүлээж, ирээдүйд хэн болохыг нь л харах хэрэгтэй.

-          Урьд Пеле-Ди Стефаногийн дуэль гэж их яригддаг байж. Харин одоо Криштиано Роналдо-Мессигийн дуэль гэж яригдах болжээ...

-          Хоорондоо харьцуулж, адилтгаж болохооргүй хөлбөмбөгчид шүү дээ, тэд чинь. Месси илүү ур чадвартаа түшиглэж, багийн тоглолтод түлхүү оролцдог. Харин Криштиано Роналдо хурд, хүчээр ааглаж, зүтгэж, ширүүн тоглодог.  Тэгэхээр тэднийг хооронд нь харьцуулж, дуэль гэх хэрэггүй л дээ.

-          Та энэ оны "Алтан бөмбөг”-ийг хэнд өгөх вэ?

-          Би бол Неймарт л өгнө. Тэр үнэхээр шилдэг нь байж, гайхалтай улирлыг өнгөрөөж байна.

-          Моуриньогийн удирдлага дахь "Реал” танд таалагдаж байна уу?

-          Моуриньо дасгалжуулагчийн хувиар надад таалагддаг гэдэг нь тодорхой зүйл. Гэхдээ дасгалжуулагчаас гадна баг нь сайн бүрэлдсэн байх ёстой. Энэ их чухал шүү.

-          Тэгвэл та багийнх нь тухай юу хэлэх вэ?

-          "Реал” бол хүчирхэг сайн баг. Какагийн гэмтлийн тухай л их боддог юм. Тэр өдөр бүр сайжирч, улам сайн хөлбөмбөгч болж байсан. Гэтэл хүнд бэртэл авч, их хугацаа алдлаа. Криштиано Роналдо урд тоглож, жаахан ард нь Кака дэмжиж, тоглох ёстой байлаа. Гэтэл Кака гэмтчихсэн. Энэ зуур "Барселона” тун сайжирсан. Тэднийг "Барса”-тай харьцуулахад хүнд. Каталоны баг илүү төгс боловсорсон гэж хэлж болох юм.

-          Тань шиг мянган гоол оруулах хөлбөмбөгч дахин төрөх болов уу?

-          Үнэндээ бэрх л санагддаг юм. Ингэхийн тулд үргэлж гоол оруулах чадвартай байх хэрэгтэй. Толгойгоороо сайн тоглодог байх ёстой. Месси шиг хөлбөмбөгчид довтолгоог төгсгөхөөс гадна өөрсдөө довтолгооныг зохион байгуулагчид болж хувирч байна. Хэрвээ анзаарсан бол би пенальти цохьдог байгаагүй. Шигшээ багт Карлос Альберто, "Сантос”-д Пепе пенальти цохьдог байсан. Тэгсэн ч би мянган гаруй гоол оруулж чадсан. Тэгэхээр хөлбөмбөгч хүн маш олон талтай л байх хэрэгтэй. Баруун, зүүн аль ч хөлөөрөө сайн цохихын зэрэгцээ толгойгоороо сайн тоглох хэрэгтэй. Үүн дээр Мессид асуудал бий. Өөрөөр хэлбэл, тэр толгойгоороо сайн тоглож чаддаггүй. Энэ асуудал шүү.

Category: Спорт | Views: 865 | Added by: beatbox_battle | Tags: Пеле: Месси, Криштиано Роналдо хоёр харьцуулахын | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]