Main » 2011 » есдүгээр сар » 21 » “Петрочайна Дачин Тамсаг”-аас авлига авсан гэж мэдэгдлээ
4:56 PM
“Петрочайна Дачин Тамсаг”-аас авлига авсан гэж мэдэгдлээ
 

Монголд "Петрочайна Дачин Тамсаг Монгол” гэж нэг даварсан компани байна. Сав л хийвэл хууль зөрчиж, сиймхий гарвал авлига авч өгдөг гэх эл компанийнхны маргаан үргэлжилсээр. Дорнод аймгийн ИТХ, "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл”, "Буйр, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах” хөдөлгөөнөөс тус компанийн хууль бус үйлдлийн талаар өчигдөр мэдээлэл хийв.

Тус компани 2005 оноос Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар 2010 оноос ашиглалтын лиценз авсан. Матад сумын таван иргэн өнгөрөгч оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж байгаль орчин бохирдуулсны нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Мөн уг сумын Засаг дарга Ц.Наранцэцэг үүнтэй зэрэгцэн мөн дүүргийн шүүхэд адил утгатай нэхэмжлэл гаргасан байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр байгаль орчинд хамгийн багадаа 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул ийн нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл Тамсагийн талыг тарчлаан там болгосон "Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн удирдлагууд нэхэмжлэгчдэд мөнгө өгч өөрийн талд ятган оруулсан гэдгийг Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байгаа юм. Тухайлбал, байгаль орчны хохирлын нөхөн төлбөр төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан таван малчинд нэг бүрчлэн мөнгө өгч, Матад сумд 30 сая төгрөгийн хандив өгч Засаг дарга Ц.Наранцэцэгийнх нь амыг хаасан гэнэ.

Тус компанийн үйл ажиллагаанаас болж хавийнх нь хөрс газрын тосны хоронд намаг шиг болтлоо бохирджээ. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүгч Ц.Батхүү нотлох баримт шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэргийг компанийн талд нууцаар шийдвэрлэсэн нь шударга бус байна хэмээн хөдөлгөөнийхөн шүүмжилж байна.

Тэд "Ц.Батхүү шүүгчийн гаргасан энэ шийдвэр нь манай шүүхийн байгууллага Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, мөнгө эрх мэдэлтэй нэгэнд худалдагдсан болохыг харууллаа” гэв.

Харин шүүгч Ц.Батхүүтэй холбогдож энэ талаар тодруулахад "Засаг дарга Ц.Наранцэцэг нэхэмжлэлээс татгалзсан бичгээ орон нутгаас факсаар ирүүлсэн. Мөн өөрөө итгэмжлэл өгч шүүх хуралд оролцуулахаар авсан хүмүүсээсээ татгалзсан. Ц.Наранцэцэг нь "Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах” хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт, МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, Э.Удвал нарт итгэмжлэл олгосон.

Түүнчлэн малчид ч нэхэмжлэлээ буцаан авч өмгөөлөгч М.Отгонбаатар, Э.Удвал нарыг өөрсдийгөө төлөөлөх эрхгүй гэсэн.Өмгөөлөгч Ч.Отгонбаатарт энэ талаар хэлсэн. Хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, хамтран ажиллахаар зохицсон гэх үндэслэлээр шүүх хурал хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Бүх зүйл хуулийн хүрээнд болсон. Ээлжийн амралттай байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга” гэв. Эндээс малчид болон Засаг дарга яагаад нэхэмжлэлээсээ татгалзав гэдэг асуулт гарч ирж байна. Үнэхээр мөнгө авсан юм болов уу гэсэн хардлага ч төрсөн.

Матад сумын нутаг Тамсагийн сав газарт 19/21, 22 дугаар талбайд газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа "Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн хууль зөрчсөн үйлдлүүд энэ мэтээр өрнөж байна.

Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллага ч тус компанийн талд үйлчлэх болсон талаар Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Хүрэлсүх хэллээ. Тэрбээр "МХЕГ-т олон удаа хандаж, эл асуудлыг цэгцэлж өгөхийг хүссэн. Гэтэл энэ компанийн үйл ажиллагааг шалгасан Автотээврийн байцаагчийн эрхийг түдгэлзүүллээ.

Нэг ёсондоо, энэ шийдвэр нь "Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийг шалгасан байцаагчдад том сануулга болсон. Уг нь хууль зөрчөөд байгаа компанийн үйл ажиллагааг зогсоох тал дээр арга хэмжээ авах байсан юм. Одоо л тус компаниар нөхөн сэргээлтээ хийлгэхгүй бол бүтэхгүй.

Үйл ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу ажиллах ёстой. Гэтэл бидний шаардлагыг биелүүлж байгаа байдал тэнгэр газар шиг ялгаатай байна. Одоо Мэнэнгийн тал аалзны шүлс шиг болж, газрын тосны хаягдлаар дүүрэн хэн ч харсан сэтгэл эмзэглэхээр болоод удаж байна. Олон салаа зам гарч хөрс нь авах юмгүй болсон” хэмээн мэдэгдэж байна.

Views: 537 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]