Main » 2011 » есдүгээр сар » 10 » Поп стилиэр дуулдаг дуучин зохиолын, ардын дуу дуулах нь том зориг
9:36 PM
Поп стилиэр дуулдаг дуучин зохиолын, ардын дуу дуулах нь том зориг

Поп стилиэр дуулдаг дуучин зохиолын, ардын дуу дуулах нь том зориг

Манай улсад рок пoп хөгжим үүсч хөгжихөд тодорхой хувь нэмэр оруулсан дуучин бол Монгол Улсын гавъяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа.

Чадварлаг хоолой, уянгалаг дуунуудаараа үргэлж фенүүдээ баярлуулдаг тэрбээр тун удахгүй шинэ цомгийнхоо баярыг Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна.  "Аргагүй Монгол аялгуу” нэртэй этник цомгийнхоо баяраар тэрбээр олон гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж байгаа гэсэн.

Түүнтэй уулзаж ярилцсан юм.

-Сүүлийн үед та нам гүм байлаа?

-Нам гүм байсан гэж хэлж болохгүй байх. Энэ хугацаанд олон ажил амжууллаа. Анх дуулж эхэлсэн цагаасаа өдийг хүртэл дуулсан дуунуудаасаа ардын, үндэсний хөг аялгууг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулан дуулсан цомгоо гаргахаар ажиллаж байна. Мэдээж уран бүтээлч хүн уран бүтээлээ хийж байх хугацаанд нам гүм байдаг. / инээв/

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний тусгаар тогтнолын 100 Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил гээд түүхэн ойнуудад зориулан энэхүү цомгоо гаргасан гэж хэлж болно. Энэ жил би олон ажил төлөвлөчихөөд байна. 2004 онд хийсэн "Best of Saraa” тоглолтыг маань "Hero” энтертайментийнхан бүрэн эхээр нь бичиж авсан юм билээ.

Тийм болохоор энэхүү тоглолтоо DVD болгож байгаа. Мөн дан поп стилийн дуунуудаас бүрдсэн цомог гаргаж байна. Бүгдийг нь хийж дуусгана гэсэн зорилготой ажиллаж байгаа. "Аргагүй Монгол аялгуу” цомгийнхоо баярыг сонсогч фенүүдтэйгээ энэ сарын 13, 14-нд Монгол эрчүүд тэр дундаа Монгол бөхчүүдийн маань хийморь шингэсэн Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна.

Би Монгол бөхийн өргөөнд "Учралын блюз”,”Шинэ жилийн шөнө сайхан” зэрэг тоглолтуудаа амжилттай хийж байсан. Тийм болохоор Бөхийн өргөө надад ээлтэй гэж хэлж болно. Энэ тоглолтынхоо дараа хөдөө орон нутгийнхандаа өөрийн дуу хоолойгоо хүргэнэ. Энэ жил баруун аймгуудаас аялан тоглолтоо эхэлнэ гэж бодож байгаа.

-”Аргагүй Монгол аялгуу”цомог "Аргагүй амраг” цомогтой чинь ижилхэн сонсогдож байна шүү?

-Тиймээ. 1996 онд гаргаж байсан "Аргагүй амраг” цомогтой их төстэй. Энэхүү цомог маань бас л ардын дуунуудаас бүрдэж байсан. Одоо шинээр гаргаж байгаа цомгоо "Аргагүй амраг-2″ гэж нэрлэх гэж байсан ч "Next star” студийн захирал найз Энхмандах маань ийм байвал ямар байна гэж хэлсний үндсэн дээр "Аргагүй Монгол аялгуу” гэж нэрлэсэн.

Поп стилиэр дуулдаг дуучин зохиолын, ардын дуу дуулах нь том зориг шүү. Хүмүүс их гайхаж байсан ч тэдний сэтгэлд хүрч чадсандаа баяртай байдаг юм. Дээрээс нь энэ цомгийг гаргахын тулд 35 мянган доллар зарцуулсан. Тухайн үед мөнгөний ханш чанга байсан болохоор нэлээд их асуудалд орж байсан шүү. Залуу байсан болохоор бас л зоригтой байсан байгаа биз./ инээв/

-Та хуучин уран бүтээлээ өөрчлөөд л дуулаад байх шиг?

-Энэ цомогт орсон дуунуудыг хуучин дуунууд гэж бодохгүй байна. Би өмнө нь ардын дуунуудыг этник стильд оруулан дуулж байгаагүй. Бас шинэ цомогтоо Монгол туургатнуудын дуу орсон. Казак, Тува, Өвөрмонгол гээд л.

-Тоглолтынхоо үеэр таныг хөгжим тоглож бас бүжиглэх гэж байгаа гэсэн?

-/инээв/ Би дуучин Баясгалан шиг ятга тоглоод дуулж чадахгүй л дээ. Гэхдээ их сургуульд төгөлдөр хуур сурч байсныхаа гавьяаг гаргах санаатай төгөлдөр хуур худалдаж авсан. Энэ тоглолтон дээрээ тоглохгүй. Гэхдээ удахгүй гэнэтийн бэлэг барих болно. Харин бүжиглэхийн тухайд бол ганц хоёр бүжиг хийж магадгүй л юм.

-Таныг цагаан хоолтон болсон гэж сонссон?

-Үгүй ээ. Би мах идэх дуртай. Махнаас хэзээ ч гарахгүй байх. Харин зүгээр мацаг барьж бясалгал хийдэг болсон. Энэ нь надад сайхан санагдаж байгаа. Миний бие болоод сэтгэл санаа их өөр болсон. Уур уцаар гэдгийг мартсан даа. Нэг үгээр хэлбэл өөрийгөө шинээр нээсэн гэж хэлж болох юм.

-Мацаг барьсны дараа хоолойны тань өнгө өөрчлөгдөхгүй юу?

-Үгүй ээ. Харин ч миний хоолойны өнгө улам сайн болсон гэж бодож байгаа. Өнгөрсөн жил Егүзэр хутагт Галсандашийн мэндэлсний 140 жилийн ойд зориулсан дуу дуулах урилга ирсэн. Энэ үед миний хоолой яах бол гэж айж байсан ч хоолой маань торох юмгүй сайхан дуулсан.

Энэ үед би бурхан тэнгэр намайг цаанаас нь зохицуулж энэхүү дууг дуулуулсан байх гэж ббдож байсан.

-Энэ их ажлын хажуугаар хүүхдүүдийнхээ хичээл сургуулийг яаж зохицуулж байна даа?

-Би гурван хүүхдээ Орчлон сургуульд өгсөн. Хоёр томыгоо сургуульд нь харин охиноо Орчлон цэцэрлэгт нь явуулж байгаа. Тийм болохоор санаа зовох зүйлгүй ажлаа хийж байгаа гэхэд болно.


Эх сурвалж: "Улаанбаатар таймс”

Views: 459 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]