Main » 2011 » 11-сар » 3 » С.Тулга: Монгол улс сагсан бөмбөгөөрөө дэлхийд гарах бүрэн боломж бий
4:11 PM
С.Тулга: Монгол улс сагсан бөмбөгөөрөө дэлхийд гарах бүрэн боломж бий
 С.Тулга: Монгол улс сагсан бөмбөгөөрөө дэлхийд гарах бүрэн боломж бий

Сүхбаатарын Тулга Улаанбаатар хотын унаган иргэн. Аав маань Сүхбаатар аймгийн уугуул хүн гэх энэ залуутай тавдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Спрайт лиг болон, өөрийнх нь сагсан бөмбөгчөөр туулсан замнал, шавь нар сүүлийн үед хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа их ажлынх нь талаар ярилцлаа.

 

 

 

СПРАЙТ ЛИГТ МААНЬ 1000 ГАРУЙ ТАМИРЧИД ДАСГАЛЖУУЛАГЧИД БАЙНА
 

Сайн байнa уу, юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай сайтад зочилж байгаан таньд баярлалаа. Ойрын хугацаанд нэлээд завгүй байх шиг байна. Төрийн бус байгууллагын чинь талаар яриагаа эхлэх үү?

Манай "TLG 13” төрийн бус байгууллага чинь 2005 онд байгуулагдсан. Анх  "And one” хийдэг хэдэн залуус л байлаа. Одоо бол манай байгууллага жилд хорь гаруй томоохон үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн зуу гаруй оронд зэрэг зохиогддог "Цангаандаа захирагд” тэмцээнийг дэлхийн топ брэндүүдийн нэг "Coca cola”-тай хамтарч сүүлийн жилүүдэд тасралтгүй зохион байгууллаа. Хийсэн болон хийхээр төлөвлөж байгаа их олон ажил байна даа.

Спрайт лиг энэ жил хэд дэх улиралдаа зохион байгуулагдаж байна вэ? Оролцох хүрээ ч өргөжиж үзэгчид ч ихтэй болж байх шиг?
"MCS coca cola”,  "TLG 13” төрийн бус байгууллага хамтраад тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Анх 24 багтайгаар эхлүүлж байсан бол одоо чинь хөгжлийн лигийн 48 баг, супер лигийн 16 нийт 64 багийн 1000 гаруй тамирчин дасгалжуулагчтай болоод байна. Анх зохион байгуулж байхад ч галзуу солиотойгоороо л дуудагдаж байлаа. Хүмүүсийг амралтын өдрөөр тоглуулдаг яадаг нөхөр вэ гээд. Одоо бол манайх хүрээлэлтэй ч болсон үзэгчидтэй ч болсон.

Дээд лигээс нэлээд олон тоглогч танай лиг руу орсон шиг байна...?
Тэгсэн, уг нь өмнөх жилүүдэд манайхаас хорь гаруй хүн дээд лиг рүү өгдөг байсан юм. Одоо харин эсрэгээрээ дээд лигээс манайх руу чиглэсэн хөдөлгөөн хийгдэх боллоо. Энэ жил үндэсний шигшээ багийн гишүүн өсөх ирээдүйтэй шилдэг залуу тоглогчид болох Т.Санчир, Б.Билгүүн, О.Ууганбаяр нар манайд тоглож байна. Ер нь дээд лигт хүч үзэж байсан 20 гаруй тоглогч манай Спрайт хөгжлийн лигт тоглож байгаа. Супер лигт бол үүнээс ч илүү тоо гарах төлөвтэй байна.

Хөгжлийн лиг, Супер лиг гэхээрээ NBA шиг доод лигтэй болж байна гэсэн үг үү. Манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
Одоо явагдаж байгаа 48 багтай "Sprite D” буюу доод лиг маань нэгдүгээр сард дуусна. Энэ доод лигээс шалгарах зургаан баг дээр өнгөрсөн жилийн өндөр амжилт шилдэг найман баг, Дархан Эрдэнэтийн хоёр баг нийлээд 16 баг Спрайт супер лигийг бүрдүүлнэ. Супер лигийн тоглолтууд Буянт-Ухаагийн шинэ ордонд нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногоос эхлэн явагдаж тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Манай лиг монголд анх удаа залуу хүмүүсийн сэтгэхүйгээр олон улсын жишигийн дагуу, шилдэг менежментээр зохиогдож байна. Сагс тоглоод эхний тамирчин цоо шинэ гурван өрөө байранд орсон бол, эмэгтэй эрэгтэй гурван хүн байр авч байна. Монголын залуус сонин сэтгүүл, интернетээр телевизээс хардаг лигээ өөрсдийн зарчим дүрмийнх нь дагуу тоглох бүрэн боломжтой болж байна гэсэн үг.

Дархан Эрдэнэтээс багууд орох хэрэг үү?
Тэгнэ. Дарханаас нэг, Эрдэнэтээс нэг баг Супер лигт тоглоно. Манай лиг хот дамжсан тоглолтын эхлэлийг тавьж байна гэж хэлэхэд болно. Улаанбаатарын багууд Дарханд, Эрдэнэтэд очиж тоглохын зэрэгцээ, тэд бас энд ирж тоглоно гэсэн үг.

Одоогоор хөгжлийн лигийн хэдэн тоглолт явагдаад байна вэ? Түрүүлсэн баг Европ руу явж  тэмцээнд оролцоно гэсэн мэдээ гарсан байсан?

Багууд наймаас ес зарим нь арван тоглолт хийгээд байна. Дахиад 17 тоглолт хийнэ. Нийт хийгдэх 364 тоглолт яг талдаа ороод явж байна даа. Хөгжлийн лигийн аварга баг маань Европ дахь  Монголчуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрх авна. Харин супер лигийн аварга баг маань ирэх 7-р сарын 4-нд Чикагод болох Америк дахь Монголчуудын аварга шалгаруулах тэмцээнд явна. Аварга болсон багт  НБА-гийн адил малгай, бөгж, футболка гээд бүгдийг өгнө дөө.
 

Эмэгтэй лигийнхээ талаар?
Нэгдүгээр сараас супер лиг зохион байгуулагдахтай зэрэгцэн болно.

Тэгэхээр АНУ чинь статистикийн эх орон, НБА бол бүр ярих ч юмгүй сайн статистикаа хөтөлдөг танайх бас сайн хөтөлж байгаа юу?
Доод лигийн хувьд 48 багийн тоглолтон дээр нарийн стастик хөтлөхгүй байгаа, харин супер лигт бол маш нарийн хөтлөх болно. Ер нь бол сагсан бөмбөг гэдгийг манайхан ганц оноо авалтаар ойлгоод байдаг шиг байгаа юм. NBA-д л гэхэд 9 үзүүлэлтийг хөтөлдөг ш дээ. Энэ үзүүлэлтүүдийг бид бүгдийг нь хөтөлнө. Супер лиг дээр NBA фантази шиг "Спрайт лиг фантази” хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн NBA-тай ижил зарчмаар драфтыг зохион байгуулах гэж байна. Дэлхийн нийтээрээ л Нью-Ойркод жил бүрийн 6-р сарын 24-нд болдог НБА-гийн драфтыг чих тавин хүлээж ямар залуус шинээр орж ирж байна, хэн нь цаашдаа хэрхэн тоглох бол гээд таамаглал дэвшүүлдэг шүү дээ. Үүнтэй яг ижил зарчмаар ирэх оны нэгдүгээр сард хөгжлийн лигээс эрх авч чадаагүй багийн тоглогчидоос супер лигт байгаа багууд нь сонголтоо хийх болно. Мөн хэд хэдэн ленионор тоглогч орж ирэх байх.

Аргентины Карлос Дэлфинотой Туркийн дэлхийн аваргаар

NBA-гийн жил хаялт дорвитой үр дүнд хүрэлгүй байсаар улирал тулчихлаа. Үүнийг үзэгчид, тамирчид бүгд л хүсэхгүй байгаа байх?
Сагс өөрөө багийн спорт дотроо хамгийн жижигхэн бүтэцтэй, таван хүнтэй, яваандаа сагсыг  нэгдүгээр үе хоёрдугаар үед тав таваараа солигдоод, гурав дөрөвдүгээр үед эргэж солигдож явагддаг болох болов уу гэж боддог. НБА-гийн одоогийн болоод байгаа ажил хаялтын гол агуулга нь хэтэрхий нэг хүнийг тахин шүтдэг, хоёр гурван од нийлээд нэг багийн хувьцааг шийдээд байгаад оршино. Бостоноос эхэллээ ш дээ. Гарнет, Аллен, Пийрс нэгдээд аварга авсан. Тэр нь Миамид халдварласан, одоо Никсийг хар.  Европт бол яах аргагүй багийн спортоороо байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг л сарниаж задлах гарц хайж, НБА-гийн удирдлагын зүгээс явуулж байгаа бодлогын үр дүн.

Өмнө ч бас ажил хаялт болж байсан шүү дээ?
НБА-г олонд алдаршуулж олон үзэгчтэй болгосон хүн нь Жордан, харин баяжуулсан хүн нь Яо Мин. НБА 2001 оны драфтаар Яо авснаараа дампуурлаас гарсан. ФИБА (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) Хятадын зах зээлийг АНУ-д алдсандаа их харамсаж байгаа. Гэхдээ Яо бол Америкчуудын хүсэж байсныг чадсан харин одоо Ий Жианлиныг өөд нь татах гээд үзээд байхад нөгөөдөх нь чадахгүй байна. Ингээд дахиад л ажил хаялт. Одоо ФИБА Серби дасгалжуулагчаа өгөөд Энэтхэгийн зах зээлийг базах гээд л үзээд байна. Хятад, Энэтхэг хоёр нийлээд л дэлхийн хүн амын хагас ш дээ.
 

2010 оны Туркэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр

ДАГВАДОРЖ АВАРГА САГСААРАА ЯВСАН БОЛ МОНГОЛЫН ТОП САГСЧИН БОЛОХ БАЙСАН


Ер нь спорт ч гэлтгүй юм бүхэнд л төрийн дэмжлэг хэрэгтэй байна гэх болж, төр засгийн дэмжлэггүй байж болдоггүй юм уу?
Монголын ямар ч төрлийн спорт төрөөс дэмжлэг авч, бодлогоо тодорхойлуулдаг. Энэ тодорхой хэмжээгээр байх л ёстой болов уу. Гэхдээ дэлхийн жишигт спорт гэдэг чинь бизнес болчихсныг манай зарим хүмүүс ойлгодоггүй. Хорвоод ганц зөвшөөрдөг хүний наймаа чинь спорт дээр л байдаг. Зарим нэг юмыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголд сагсан бөмбөгийг  багийн спортын хувьд үндэснийх болгох өргөн хүрээтэй суурь үндэс байгааг бид энэ хугацаанд нээлээ. Урьд чинь дээд лигийн найман багтай, зарим жил тав болоод зохиогдохгүй өнжиж байсан удаа ч бий. Одоо гэтэл 80 гаруй багтай болчихсон, мөнгөн дүнг сонсоход ч сонин тоо гарна. Нийт мөнгөн дүнг нь тооцвол топ тоглогчид сая илүү төгрөгний цалин авч байна, дээрээс нь байр амлаж байна, хамгийн багаар бодоход багийн төсөвт таван сая төгрөг зарцуулагдаж байгаа. Дунджаар 10 сая төгрөг гээд  бодоход 48 багийн нийт 500 шахам сая төгрөг эргэлдэж байгаагаас үзэхэд манайд шоу бизнесийн хэлбэр рүү ороод багийн спортын хувьд үндэсний хэмжээний болон хөгжиж болно гэсэн үг.

Монголд багийн спорт хөгжихгүй гэж ярьдаг олон хүн бий, таны бодол?
Сагсыг сайн хөгжүүлж чадвал улсдаа гэлтгүй дэлхий рүү ч гарах боломж бий. Монголд багийн спорт хөгжихгүй гэж ярьдаг олон хүн бий, гэхдээ би хүүхдүүдтэй сүүлийн хэдэн жил ажиллаж байгаагийн хувьд Монгол хүүхдүүдийн сурах онцгой авьяас, генд итгэдэг болсон. Бас нэг шалтгаан нь хүн ам цөөн гэдэг. Гэтэл Литви манай улстай яг ижил тооны хүн амтай мөртлөө дэлхийн топ гурван багийн нэг. Хамгийн гол асуудал бол нурууны өндөр. Зөв менежменттэй олон хүнд хүрч чадвал өндөр хүүхдүүд олдоно шүү. Сахагийн хүүхдийн наадамд би найман хүүхэдтэй яваад тавдугаар байрт орсон. Тавдугаар байрын төлөө Иордантай тоглож хожсон ш дээ. Өнгөрсөн Азийн аваргад Хятадтай финалдсан тивийн шилдэг хүүхдүүдтэй манайхан тоглож хожсон байхгүй юу. Гэхдээ бид нар наймуулаа явсныг энд хэлэх хэрэгтэй. Биеийн тамир спортын улсын хороо бүтэн багтай явуулалгүй, сагс тэртэй тэргүй хожихгүй гээд сэлгээний баггүй явсан. Тэмцээний явцад дөрвөн хүн ч болчих гээд л.  Эсрэг багууд 12 хүнтэй 6 дасгалжуулагчтай төрийн дууллаа дуулаад зогсож байхад бид есүүлээ тэгж сайн тоглосон юм даа.
Хэдэн хүүхдээ хаана бэлтгэл хийлгэх үү, хаанаас тэр мөнгийг гаргах уу гээд асуудал их бий. Багийн спортыг шүүмжлээд байгаа хүмүүс энэ мэт зовлонг нь ойлгодоггүй л дээ.  Дараагийн 2012, 2013 оны наадмуудад хүүхдүүдээ авч явж эхний гуравт багтах хүсэл бий. Манай хүүхдүүд багадаа Азийн шилдэг гээд байгаа Тайвань, Япон, Солонгосоос илүү байдаг, томрох тусмаа дийлэхээ больдог. Энэ нь байнгын бэлтгэлжилттэй холбоотой, тэд өдөр бүр л бэлдэж байсны үр дүнд ийм болж байгаа юм.  Үүнийг би төсөөллөөрөө биш нүдээр харсан хүний хувьд ярьж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбоонд та ямар нэгэн гишүүнчлэлтэй юу, "Дрийм Тийм” гэж улс орон даяар зохиогдох тэмцээний талаар яригдаад байгаа, энэ тухай?
Би чинь холбоонд хамааралгүй ш дээ. МСБХолбоонд бол би нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Жилдээ ганц лиг л зохион байгуулж байна. Дээр нь ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиодог. Ахмадын аваргыг яахав зохион байгуулж болно л доо, гэхдээ ирээдүй болсон өсвөр үе залуучуудын улсын аваргыг сүүлийн хоёр жил хийсэнгүй. Түүний өмнөх жилүүдэд манай хүүхдүүд хоёр жил дараалан аваргыг нь авсан ш дээ. 2008, 2009 оны өсвөрийн аварга 2010 оны залуучуудын улсын аварга. Энэ тэмцээнийг хийхгүй болохоор морь уячихаад наадам нь болоогүй уяач шиг л байна. Ази дэлхийд олон л тэмцээн зохиогдож байна. Тэр бүхэнд заавал сагсан бөмбөгийн холбоогоор дамжиж явах шаардлагатай болоод байна. Ер нь тэгээд өрсөлдөөнөөс л сайн юм гарна. Монголын сагсан бөмбөгийг хоёр хуваагдчихлаа гээд л яриад байгаа. Бодвол нэг тал нь би, нөгөө тал нь МСБХ юм байлгүй.
Харин ерөнхий сайд С.Батболд биднийг маш их дэмжсэн. Энэ жил ерөнхий сайдад хүсэлт тавиад  орон даяар ерөнхий сайдын ивээл дор "Дрийм тийм” арга хэмжээг Монголын 750 сургууль 329 суманд 9-11, 12-15, 16-18 гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулна. Бидний зүгээс олон олон ажлыг амжуулж байгаа, чамгүй өндөр шагналын сантай энэ тэмцээн ирэх сарын 12-нд нээлтээ хийнэ. Урьдчилсан мэдээгээр 264 мянга гаруй хүүхэд тоглоно гэсэн тооцоо гарч байна. Эндээс шалгарсан хүүхдүүдийг АНУ-д ч юм уу аваачаад үеийн хүүхдүүдтэй нь тоглуулчих хэрэгтэй. Нүд нь  нээгдэж, онцгой авьяастай бол тодроод ирнэ. Сагс тоглоод амтанд нь орсон хүн гардаггүйг би өөрийн амьдралаараа туулсан хүн.

Двайт Ховардыг Монголд ирэх үеэр

Монголын сагсан бөмбөг яг ямар түвшинд байна вэ?
Сагсан бөмбөгийн хувьд манайх дэлхийн чансаанд байдаггүй. Хөлбөмбөг бол чансаанд нь харагдах юм билээ. Манай улс хөгжиж байна, дэлхий анхаарлаа нааш нь хандуулж байна. Ер нь улсын хөгжил багийн спортоос харагддаг гэж үг бий.  1990 ээд онтой харьцуулахад бол газар тэнгэр шиг зөрүү бий. Анх чинь их олон онооны зөрүүтэй хожигддог байсан. Одоо бол 20 орчим онооны зөрүү л гарч байгаа болов уу. Дэлхийн топ багуудад ч 20 онооны зөрүү байдаг л даа. Гэхдээ хожил бол чухал, нэгээр илүү бол мянгаар илүү шүү дээ. Яваандаа олон олон хожил авах сайхан ирээдүй Монголчуудад бий. Серби ч юм уу, хуучин Югославын орнуудаас л дасгалжуулагч авчрах хэрэгтэй, зургаа салсан ч тэд дийлдэхгүй л байна шүү дээ.

Ер нь тэгээд хөгжүүлэхийн тулд олон арга хэмжээ авах хэрэгтэй байх л даа?
Өөрийн гэсэн онцлогтой школыг бий болгох хэрэгтэй. Би Европын аварга, Азийн аварга, Дэлхийн аварга, олон улсын тэмцээнүүдийг очиж үзэж байна. Телевизээр ч үзэж л байна. Азиуд хурд ихтэй, гурваас шидэж тоглодог. Европууд өндөр нуруун дээрээ, комбинаци хувилбарууд сайн хийж багийн спорт гэдгийг утгаар нь хийдэг, Америкууд хувь хүний ур чадвар дээд зэргээр хөгжсөн гээд тус тусдаа өөр стильтэй. Эндээс Азиудын хурд, Европчуудын багийн тоглолт, тэгээд хувийн чадвараа сайн хөгжүүлбэл болохгүй юм байхгүй. Монгол хүүхдүүд зурагтаар харсан зүйлээ зааланд орж ирээд хийж байгаа харагддаг. Дэлхийн одуудын тэр элементийг гадаадын хүүхдүүд хийж чадахгүй байхад монгол хүүхдүүд хийдэг л юм даа.

Монголын лигт нэлээн хэдэн жил хүч үзсэн дээ. Өсвөр үе залуучуудын аварга болж л явсан биз?
Миний тэгж мундаг тоглох ч гэж юу байхав. Гэхдээ Монголд болсон сагсны бүх тэмцээнд түрүүлж үзсэн. 1998 онд өсвөр үеийн улсын аварга, 2002 онд залуучуудын улсын аварга болсон.  МУИС-ийн оюутны шигшээд Чинзоригтой цуг орж байлаа. Дараа жил нь Мэргэн, Сайнбаяр хоёр манай секцэнд орж ирээд Ихбаяр нэмэгдэж энэ баг босож ирсэн дээ. Хоёр жил гаруй энэ баг хожигдоогүй, одоо ч МУИС-ийн шигшээ Монголын топ багуудын тоонд зүй ёсоор орно. Сүүлдээ би лигийн аварга болохыг их мөрөөддөг байлаа. 2005 онд мөрөөдлөө биелүүлж Лидер багаасаа Шараваа ах, Оогий ахтай цуг аварга болсон. Манай Лидер чинь дээд лигийн гурван удаагийн аварга баг шүү дээ. Тамирчин хүн нэгэн үе гялалзаад цагийн эрхээр гунддаг. Монголын гандан бууршгүй од бол Т.Түвшинбаяр. Лигт 12 жил тоглохдоо зургаа аваргалж, зургаа удаа мөнгө аваад зодог тайлсан, үнэхээр гайхамшигтай түүх шүү.

Хүүхдийн лиг гээд болдог байсан санагдана, түүнд оролцож байв уу?
Орж байлгүй яахав,  1996 онд Сэдээ бид хоёр чинь 97-р сургуулиас цуг орж байсан. Бид хоёр Я.Дэмбэрэл багшийн шавь нар. Энэ сумогийн их аварга Д.Дагвадорж чинь тэр жил тоглож байсан юм даа. Хорооллын 77-р сургуулиас тоглодог, аварга чинь тухайн үед хүүхдийн лигийн бас сайн тоглогчдын нэг байсан. Хожим их Монголын алтан одод гээд сумочдыг авчирч тоглуулахад чинь би урьдын танилын хувиар Давгаатай холбогдож байгаад авчирч зохион байгуулж байсан юм.

Их аварга аль хэр тоглогч байсан бэ?
Арван жилд байхдаа сагсанд мундаг байсан. Өндөр, биеийн хөгжилт их сайтай мөртлөө урд ч сайн, хойно ч  сайн тоглодог байсан. Сагсаараа явсан бол яах аргагүй монголын топ сагсчдын нэг болох байсан. Ер нь юм юмандаа авьяастай төрчихсөн хүн л дээ.

Та дээр Дэмбэрэл багшийн шавь гэлээ, Дэмбэрэл багш чинь өөрөө лигт тоглож байсан байх аа?
Тоглохоор барах уу даа. Ид байх үед тоглох эрхийг нь хасаад бор дарсанд ч нэлээн орсон. Тоглох эрхээ хасуулж байх үед нь түүний дөрвөн шавь Монголын шигшээд байсан юм ш дээ. Шаравжамц ах тэгээд нөгөө дөрөв нь Дэмбэрэл багшийн шавь байсан нь гайхалтай. 161 см мөртлөө л монголын дээд лигт сайн тоглож байсан хүн. Шавь нараас нь лигийн дөрөв таван ч тэргүүн тоглогч тодорсон.

Испаний шигшээ багийн тоглогч Хуан Карлос Наваррогийн хамт

Бусад спорт хэр үздэг вэ?
Дэлхийн чөлөөт хувцасны моодыг сагсан бөмбөгчид тодорхойлдог юм ш дээ. Дэлхийн алдартай одууд, репперүүд Жордан, Адидас, Найк өмсдөг шүү дээ. Гэхдээ би хөлбөмбөг үзэх дуртай, хөлбөмбөг бол гарцаа байхгүй номер нэг спорт л доо. 

Сагсчдаас хэнийг шүтдэг вэ. Гэхдээ их гүнзгий орчихсон хүн ч тэр энэ гэж нэр цохдоггүй л дээ?
Яг үнэн. Олон жил үзээд ирэхээр бүгдийнх нь сайн талыг ч сул талыг ч хардаг болдгийн. Жордан бол тэртэй тэргүй хэлэлтгүй агуу. Өөрийн гэсэн онцлогтой гоё гоё холбогч нар байна ш дээ. Айверсон байна, тийм намхан нуруутай мөртлөө дэлхийн шилдэг лигт гайхуулж явсан хүн. Жейсон Кидд, Биллапс, энэ цагийн тод од Дэррик Рөүз гээд олон доо олон. Рөүз бол НБА-гийн нэрийн хуудас болж байна. Хоёр хөл дээрээ тоглодог жинхэнэ Америк стиль.

Монголоос бол Отгонбаяр ах байна. Оогий ахтай нэг багт тоглох бол миний мөрөөдөл байсан. Бага байхдаа Оогий ах тэдэн настай гээд өөрийнхөө насыг нь хасаж үзээд  нэг багт тоглож чадах болов уу гэж боддог байлаа. Сэдээ бид хоёр чинь лиг үзэх гэж бөөн юм болдог байсан. Тухайн үед билет 1000 төгрөгний үнэтэй. Спортын төв ордны дээврээр нь гараад гэрэл унжиж байгаа тэр завсарт шургаж орж лигийг үздэг байлаа.

Category: Спорт | Views: 695 | Added by: beatbox_battle | Tags: С.Тулга: Монгол улс сагсан бөмбөгөө | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]