Main » 2011 » аравдугаар сар » 13 » Шведэд тэнүүчлэн амьдарч байгаа монгол хүүхдүүдийн хувь заяа хаашаа эргэх вэ
3:15 AM
Шведэд тэнүүчлэн амьдарч байгаа монгол хүүхдүүдийн хувь заяа хаашаа эргэх вэ
 

Швед улсын Цагаачлалын албанаас өнгөрсөн сард нэгэн бичиг иржээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газарт хаягласан уг бичгийн агуулга нь "Манай улсад Монголын насанд хүрээгүй буюу 15-17 насны таван хүү, хоёр охин нийт долоон хүүхэд тэнүүчлэн, гудамжинд гуйлга гуйж амьдарч явна. Танайх эдгээр хүүхдийг хүлээж авах боломжтой юу. Манай Цагаачлалын албанд бүртгэлтэй байна. Хэрвээ Монгол руу буцаавал танай байгууллага насанд хүртэл нь хариуцаж чадах уу. Хэрвээ чадахгүй бол насанд хүртэл нь энд асарч хамгаална” гэсэн байжээ. Харин энэ захидлын хариуд Хүүхдийн төлөө газраас хүүхдүүдийг  хүлээн авч, эх оронд нь амьдруулахад анхаарч халамжлах боломжтойг бичсэн гэнэ. Гэвч одоогоор Шведээс ямар нэг хариу ирээгүй байна. Хэний хүүхдүүд, хэдийд тус улсад очоод ийн гуйлга гуйн тэнүүчлэх амьдралыг сонгосныг тэд мэдэж байгаа гэсэн. Шведээс ирсэн албан бичигт энэ тухай тодорхой мэдээлэл ирсэн бололтой юм. Гэвч хувь хүний нууц гэдгээр энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй гэснийг нь ойлгохоос аргагүй санагдсан. Хэн байлаа ч монгол гэдэг нь ойлгомжтой болсон эдгээр хүүхдийн араас анхаарал тавьж асууж сурсан хүн байгаа эсэхийг тодруулахаар өчигдөр төрийн хэд хэдэн байгууллагын хаалга татав.

Эхлээд уг бичиг ирсэн гэх Хүүхдийн төлөө газарт очсон юм. Тус газрын Хүүхдийн эрх, хамгааллын хэлтсийн дарга Д.Сайханбилэгтэй уулзлаа.

-Танай газарт Швед улсад тэнүүчилж амьдарч байгаа хүүхдүүдийн талаар захидал ирсэн гэлээ. Яг ямар учиртай захидал юм бэ?
-Тийм захидал ирсэн нь үнэн. Үүний дагуу шалгаж байна. "Танай улсын хараа хяналтгүй насанд хүрээгүй долоон хүүхэд байна. Монгол руу нь буцаавал танайх хариуцаж насанд хүртэл нь харж чадах уу” гэсэн утгатай. Бид захидлын хариуд "Манай байгууллага хариуцаж чадна” гэж бичээд явуулсан. Одоогоор хариу ирээгүй л байна. Хүүхэд асран хүмүүжүүлэх төв манай харьяа гэж явдаг. Тиймээс тэндээ авч насанд хүртэл нь асран хүмүүжүүлэх боломжтой.
-Хэний хэн болохоос эхлээд хэдэн онд төрсөн хүүхдүүд гэдгийг нь мэдэх боломж бий юу?
-Бидэнд хэний хэн болох нь бүгд дэлгэрэнгүй байгаа. Гэхдээ ил тод мэдээлэл өгөх боломжгүй. Яагаад гэвэл тэр хүүхдүүдийн цаана, аав ээж, ар гэрийнхэн, хүүхдийн эрх гэж байгаа. Тэр хүүхдүүд Шведийн гадаад иргэдийг хариуцсан газарт бүртгэлтэй байнга хараа хяналтад байдаг гэсэн.
-Яаж яваад Швед рүү гарсан юм бол. Ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан уу?
-Хүүхдүүд өөрсдийгөө өнчин гэж мэдүүлсэн байна билээ. Ар гэрийнхэн гэж ямар хүмүүс байгааг судалж байна. Монголд ч аав ээж нь байхыг үгүйсгэхгүй. Манайхны таамаглаж буйгаар магадгүй аав ээжийнхээ хамт хууль бусаар хулгай хийж оршин суудаг хүүхдүүд байж болно. Хүүхдүүдээ гудамжинд гуйлга гуйлгаад, ар талд нь өөрсдөө ч байгаа юм бил үү, хэн мэдлээ. Эсвэл хүүхдүүд өөрсдөө хуурамч бичиг баримт бүрдүүлээд  хилээр гарсныг мэдээгүй байж ч болох юм.
-Хууль бусаар хил гарсан байх гэлээ. ХХЕГ-аас хараа хяналт сайн тавьдаг байлгүй дээ?
-ХХЕГ-аас "Өнгөрсөн онд хилээр хууль бусаар хил гарахыг завдсан хүүхдүүдийн тоо байна уу” гэсэн албан тоот явуулж шалгуулсан. Тоотын хариуд одоогоор тийм зүйл бүртгэгдсэн юм алга гэсэн.
-Өөр улс оронд монгол хүүхдүүд тэнүүчлэн амьдарч байсан удаа бий юу?
-2007 онд Швед улсаас нэг хүүхэд авч байсан. Мөн дам яриагаар Норвеги улсад монгол хүүхдүүд тэнүүчилж амьдарч байна гэсэн ч манайд мэдээлэл ирээгүй.
-Иймэрхүү асуудал гараад байхад танай газар ямар нэг зүйл хийж болохгүй юу?
-Энэ мэдээллийн дараа манайхыг ажил хийхгүй байна гэх мэтээр шүүмжилсэн. Үүнд удахгүй манайхаас няцаалт хийх болно. Хүүхдийн эрх зөрчигдсөн бурууг манайхаас хайдаг. Тийм байж болохгүй. Хүүхдийг хамгаалдаг байгууллагаас гадна эцэг эх нь хүүхдээ хамгаалдаг, хараа хяналтаа сайн тавих ёстой гэдгийг ухаарахгүй байна. Үнэнийг хэлэхэд манайх чадах бүхнээрээ хүүхдийн төлөө ажиллаж байгаа. Бид эцэг эх, хүүхдүүдэд мэдээлэл өгөх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажилладаг. Бидний ажлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.
Хүүхдийн төлөө газрын ажилтантай ярилцсаны дараа ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягт хандлаа. Тэрбээр "Би амарч байгаа. Лав өнгөрсөн сард ийм мэдээлэл манайд ирээгүй. Хүүхдүүдийн асуудал юм бол Хүүхдийн төлөө газарт ирсэн байх. Намайг амарч байх хугацаанд Шведийн Консулын газраас тийм мэдээлэл ирснийг би мэдээгүй байж болно” гэв.
Мөн НХХЯ руу холбоо барьж өнгөрсөн онд Швед улсад хэчнээн хүүхэд үрчлэгдсэн талаар лавлахад "Энэ улс руу хүүхэд үрчлүүлж байгаагүй юм байна” гэсэн хариуг өгөв. Тэгэхээр лав дээрх хүүхдүүд үрчлэгдэж очоогүй бололтой.
Очсон газруудаасаа иймэрхүү л мэдээлэл авлаа. Хүүхдийн төлөө газар дээрх хүүхдүүдийн нэгнийх нь ээж Монголд байдаг гэсэн мэдээлэл олж авсан гэнэ. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүдийн овог нэр, төрсний гэрчилгээний дугаар хүчингүй, эсвэл зөрүүтэй мэдээлэл гарсан байна.
Монгол Улсаас гадаадад гарсан, эх орондоо эргэж ирсэн хүүхдүүдийн нарийвчилсан тоо гэж байдаггүй юм байна. Манай улс 1996 онд хүүхдийн эрхийг хамгаалах зургаан бүлэг бүхий хууль баталсан, одоо ч мөрдөж байгаа. Гэтэл хуулийн заалт бодит амьдралтай уялдахгүй, хоорондоо зөрчилддөг. Уг нь хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд өсч амьдрах эрхтэй байтал өнөөдөр янз бүрийн гэмт хэргийн золиос болж амь насаа алдахаас гадна харь нутагт тэнүүчилж гуйлга гуйж явна хэний буруу вэ.
О.САЙХАНЦЭЦЭГ

Views: 997 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]