Main » 2011 » есдүгээр сар » 13 » Сонгуулиас өмнө АН “өндөглөж” магадгүй
6:45 PM
Сонгуулиас өмнө АН “өндөглөж” магадгүй

Сонгуулиас өмнө АН "өндөглөж” магадгүй

 

Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа учир парламентад суудалгүй намууд бужигнаж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн АН-ынхны хууч сэдрэх нь тэр. Хэзээний дотоод ардчилал хэмээн дотроо хагаралдаж байдаг тус намын хууч энэ удаад хүчтэй сэдрэв бололтой.

Өнгөрсөн долоон хоногт болсон Нийслэлийн Ардчилсан намын XIII хурлаар Ш.Түвдэвдоржийг суудлаас нь авч хаяхаар зэхсэн боловч амжилтад хүрсэнгүй. Гэвч тэд шантралгүй асуудлыг дахин тавихаар зэхэж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх хурлаас нийслэлд нэр дэвшихийг горилогчид 20 сая төгрөгийн татвар тушаах шийдвэр гарсан нь Ш.Түвдэндоржийг унагахад ихээхэн түлхэц үзүүлнэ гэх нэгэн ч бий.

Мөн намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг тэргүүтэй гишүүд Н.Алтанхуягт сюрприз барихаар төлөвлөсөн. Тэд ирэх сонгуульд нэр дэвших гишүүдээс 50 сая төгрөгийн татвар авахыг нь эсэргүүцэж, түүний эл шийдвэрээ цуцлах эсвэл суудлаа тавьж өгөх хоёр арга замын нэгийг нь сонгохыг санал болгох гэнэ.

Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд намд өгөх хандивын дээд хязгаарыг заахдаа хуулийн этгээд болон компани 10 сая төгрөг. Иргэн гурван сая төгрөг хандивлах талаар тодорхой заасан байдаг нь Н.Алтанхуяг төдийгүй Ш.Түвдэндоржийг буулгаж авахад ихээхэн түлхэц болно хэмээн тэд найдаж буй бололтой.

Өөрөөр хэлбэл, 50 саяын татвараар шалтаглан Н.Алтанхуягийг суудлаас нь буулгах төлөвлөгөө боловсруулсан нь энэ гэнэ. Сүулийн үед хамтарсан Засгийн газрыг хүчтэй шүүмжлэх болсон нь ч АН-ын гишүүд. Тэр дундаа С.Эрдэнэ тэргүүтэй хүчний холбооныхон. Хэзээний намынхаа даргатай хэл амаа ололодоггүй С.Эрдэнэ үүнд голлох үүрэг гүйцэтгэдэг.

Ирэх сонгуулиас өмнө Н.Алтанхуягийг суудлаас нь унагахгүй бол АН ялагдал хүлээнэ гэсэн прогноз байгаа аж. МАН-ын хажуу бөөрөнд наалдсан цагаасаа л тэрбээр зарим  гишүүнд  ад үзэгдэх болсон. Гэтэл түүнийг гишүүд дэмжигчид төдийгүй улс төр сонирхогчдоос хасах оноо авах болсон хэмээх яриа гарах болов.

Энэ нь ардчилал ард түмэнд таалагдахаа больсон хэрэг бус АН-ыг толгойлж буй удирдлагад нь хамаг учир байгаатай холбоотой. Учир нь түүнийг ганц УИХ дахь гишүүд нүд үзүүрлээд зогсохгүй залуучуудын байгууллага нь хүртэл түүний эсрэг "бослого” гаргах болсон билээ.

Намаа шинэчлэх далбаан дор жигүүр, хөдөлгөөн, төрийн бус байгууллага байгуулж өөрсдийгөө таниулдаг болсоор удсан. Баглаа цэцэг гартаа барин намынхаа даргатай зөвшилцөлд хүрснээ зарлаж байсан тэд маргааш нь зангаа хувиргаж Н.Алтанхуяг шиг муу хүн байхгүй талаар мэдээлэл цацаж байсан удаатай.

Тэр ч байтугай "Баруун, зуүний үзлээ ялгахгүй Н.Алтанхуягийг өөрчилж АН-аа Ардын намын өврөөс гаргана” гэж мэдэгдэл хийж байсан нь саяхан. Улмаар Сүүдрийн АН байгуулахаар ярилцаж байсан гэх нь ч бий. Ямартай ч улс төр судлаачид дээрх булианыг АН-ынхан өндөглөх нь хэмээн дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг тэргүүтэй "Алтангадас”, УИХ-ын гишүүн З.Энхболд АХХ, Х.Баттулга "МоАХ”, намын генсек Д.Эрдэнэбатын толгойлсон "МҮДН”-ынхан хагаралдаж, нэг бус нэлээд хэдэн өндөг мэндлэх төлөвтэй хэмээн хачирхан ярилцана. Гэхдээ энэ нь АН-д аз бус гай чирнэ гэдгийг ч тэд тодотгож байв.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: "Нийгмийн толь”

Views: 464 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]