Main » 2011 » есдүгээр сар » 22 » Тачаангуй бүсгүйчүүд яг ижил асуултад өөр өөрийнхөөрөө хариуллаа
6:47 PM
Тачаангуй бүсгүйчүүд яг ижил асуултад өөр өөрийнхөөрөө хариуллаа

 Гадаад өнгө төрх, олон сайхан уран бүтээлээрээ олонд хүлээн зөвшөөрөгдөж, өөрсдийн шинэ ертөнцийг урлагийн тэнгэрт тунхаглаж чадсан охидын хамтлагууд бол "Киви”  болон "Гурван охин”. Тус хоёр хамтлагийн гишүүн Намуунаа болоод Ану нарын яг ижил асуултад өөр өөрийнхөөрөө хэрхэн хариулсаныг сонирхуулъя. 

 Залуусыг   байлдан дагуулж буй охидын хамтлагт дуулж байгаагаараа бахархдаг уу?

 Намуунаа: Өөрөөрөө бахархаж байсангүй. Харин өдий зэргийн амжилттай яваа хамтлагийн гишүүд болон сайн продюссерээрээ бахархаж явдаг. 

 Ану: Хүн өөрийнхөө хийж буй ажлаар бахархаж, түүндээ сэтгэл ханамжтай байж чадвал аз жаргалтай амьдарч байна гэсэн үг. Тиймээс би хийж байгаа ажилдаа дуртай, сэтгэл хангалуун явдаг. Хамгийн гол нь зорилгодоо үнэнч байх нь чухал.

Хэдий сайхан ч энэ адармаатай урлагийн ертөнцөөс чухам юуг олж авсан бэ?

 Намуунаа: Би нэгдүгээр ангиасаа л Хөгжим бүжгийн сургуульд сураад, дараа нь СУИС-ийг дүүргэсэн. Ингээд бодохоор урлаг миний амьдралын салшгүй нэг хэсэг. Багаасаа төгөлдөр хуурын ангид сурч хөгжмийн гайхамшгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг болсон. Тэгэхээр урлагаас би олон зүйлийг авсан, бас сурсан гэж болно. Наад зах нь аливаа зүйлийг үнэн сэтгэлээсээ хийж, хөдөлмөр, хичээл зүтгэлийг сурчихаад түүнийхээ үр дүнг харахад сайхан байдаг. Урлагийн амьдралд зургаан настай байхдаа орсон би ачаалал дааж сурсан. Ер нь урлагаас олж авсан гэхээсээ сурсан зүйл олон бий.

 Ану: Олон зүйлийг олж авсан. Сэтгэлийн тэнхээ, хүсэл тэмүүлэл, зорилго гээд л. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй, хамгийн гол нь би өөрийнхөө бодолд үнэнч, зоригтой байж чаддаг болсон шүү.

 Хэдийгээр "Киви" болон "Гурван охин" хамтлагийн охидыг найзууд гэдэг ч  уран бүтээлийн далдхан өрсөлдөгчид мөн үү?

 Намуунаа: Бидэнд өрсөлдөх шаардлага байхгүй. Уран бүтээлийн найзууд шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд сурч байх үед тэд хамтлаг байгуулаад дуулдаг байсан. Монголын рок поп урлагт адилхан уран бүтээлээ хийгээд явж байгаа охидын хамтлаг шүү дээ. Тиймдээ ч нэг зүйлийн төлөө зүтгэж байгаа учраас биенээ дэмжиж явах ёстой уран бүтээлийн найзууд.  

Ану: Хэн нэгнийг бидний өрсөлдөгч хэмээн бодож, уран бүтээл хийж явсангүй. Үзэгчид, сонсогчид хооронд нь харьцуулж сонсдог учраас өрсөлдөгч гэсэн ойлголттой болдог байх. Бидний хувьд хэн нэгнээс илүү гарах гэж уран бүтээл хийх биш өөрсдийн хийхийг хүсч тэмүүлж байгаа уран бүтээл, зорьсон зорилгынхоо төлөө л хөдөлмөрлөж явна.

  "Киви" хамтлаг сайн продюссерийн ачаар өдий зэргийн амжилтад хүрсэн. Харин "Гурван охин"өөрсдийн бор зүрхээр явна гэх хүмүүс олон байдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

 Намуунаа: "Гурван охин”-ыг ямар менежментээр явааг би сайн мэдэхгүй. Бидний хувьд хамгийн шилдэг продюссертэй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Багш маань бидэнд маш их тус дэм болдог. Биднийг багшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дээрээс нь бидний өнгө төрх авьяас чадвар нөлөөлж байгаа.

 Ану: Сайн продюссер гэдэг ямар ч хамтлагт маш их хэрэгтэй. "Киви" хамтлагийг Ангирмаа эгчгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Үнэхээр чадалтай, хөгжмийн өндөр мэдрэмжтэй, дайчин эмэгтэй. Тийм ч учраас бид хүндэлж явдаг юм. Харин бидний хувьд бүр багаасаа л урлагийн замд орж, бүхнийг сурах гэж өөрсдөө л оролдож, хичээж явсаар өдий зэрэгт хүрсэн болохоор одоо продюссертэй болох юмсан гэж боддоггүй. Гэхдээ мэдээж бидэнд уран бүтээлийн тал дээр зөвлөгөө өгдөг сайн продюссерууд бий.

 Залуу бүсгүйн хувьд мэдээж гоо сайхандаа багагүй цаг зардаг байх. Ямар фирмийн үнэртэй ус, гоо сайхны бутээгдэхүүн хэрэглэдэг вэ, гоо сайхандаа сард хэдий хэрийн мөнгө зарцуулдаг вэ?

 Намуунаа:  Ер нь цаг гаргадаг шүү, Эмэгтэй хүн юм чинь гоо сайхандаа анхаардаг, Наад зах нь орой гэртээ хариад нүүрээ арчлах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ зарцуулсан мөнгөө тооцдоггүй. Бусад эмэгтэйчүүдийн л адил үнэртэй усанд дуртай учраас зөндөө ус байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд өөрийн, арьсандаа таарч буйг сонгодог. Үнэтэй, хямд гэлтгүй.

 Ану: Ерөнхийдөө анхаардаг шүү. Бид сүүлийн үед "Golden beauty" салонтой хамтран ажиллаж байгаа. Сайхан арьстай байх нууцаа тэдэнд даатгаад л явж байна даа. Үнэртэй усны хувьд " Armani, D&G, Bulgari, Escada, Diesel”- ын уснууд хэрэглэж байгаа. Харин гоо сайхны бүтээгдэхүүний хувьд сүүлийн үед " Estee lauder-ийг таалах болчихоод байгаа. Сарынхаа тооцоог гаргаж үзээгүй юм байна. Нэг бүтээгдэхүүнийг хоёроос гурван сар хэрэглэх тохиолдол гардаг л даа.

 Тэгвэл биеийнхээ жинд хэрхэн анхаарал хандуулдаг вэ? Гоолиг сайхан байх ямар нэгэн нууц жор байдаг байх?

 Намуунаа: Хамгийн чухал нь зөв, эрүүл хооллолт. Бид бүжгийн бэлтгэл маш их хийдэг, чөлөөт цагаараа фитнессээр хичээллэж байна. Нууц жор байхгүй шүү.

 Ану: Баярлалаа, нууц жор байхгүй ээ. Өөрийнхөө биеийг хөгжүүлэх талаас нь анхаардаг. Эмэгтэй хүн учраас биеийнхээ жинд тодорхой хэмжээгээр анхаарах шаардлага гардаг. Хоолны   дэглэм   барьж, фитнессээр хичээллэдэг дээ.

 Эмэгтэй хүн туранхай байхаас гадна сайхан харагдахын тулд ямар байх ёстой вэ?

 Намуунаа: Дотроосоо гэрэлтэй байхад бүх эмэгтэйчүүд сайхан харагддаг.

 Ану: Эмэгтэй хүн заавал туранхай байж гоё харагддаг гэж бодохгүй байна. Хүн болгон давтагдашгүй байдаг. 

 Юунаас эрч хүч авч байна?

 Намуунаа: Олон зүйлээс авна. Өөрсдийнхөө уран бүтээлээс, багшаасаа, мөн үзэгчдийн алга ташилтаас авдаг. Гэр бүл, найз нөхдөөсөө ч авна. Ажил үйлс бүтэмжтэй бол бас л эрч хүч авна. Ер нь алхам тутамд хийж буй үйлдлээсээ эерэг энерги, эрч хүчийг авч чаддаг.

 Ану: Олон юмнаас авна шүү. Найз нөхөд, гэр бүлээсээ авна. Заримдаа сайхан дуу сонсоод л эрч хүчтэй болно. Уурлаж бухимдсан үедээ тэнгэрийн хаяа ширтээд л хэсэг чимээгүй зогсох, хөдөө цэвэр агаарт гараад эх орныхоо уудам тал хөндийг харахад бас л эрч хүч авах шиг болдог.

 Таны ирээдүйн нөхөр ямар хүн байх  ёстой вэ? Гадаад байдлыг нь илүү авч үзэх үү, дотоод сэтгэл нь чухал уу?  Ер нь ямар шаардлага хангасан эр танд таалагдах бол?

 Намуунаа: Найз залуу байгаа. Түүнд ямар шалгуур тавих нь миний хувийн нууц болоод үлдсэн нь дээр байх аа.                      

 Ану: Бие биедээ хайртай л бол элдэв шалгуурууд хэрэггүй биз дээ. Гэхдээ ямар ч байсан эр хүн амьдралаа, ар гэрээ авч явах хариуцлагатай, сэтгэлийн хаттай, зоригтой, бие даасан байх ёстой гэж боддог.

Танд олон эрчүуд сэтгэл алдардаг байх. Та юугаараа эрчүүдийг татдаг гэж боддог вэ?

 Намуунаа: Тийм олон байдаггүй ээ. Олны танил болохоор л нөгөө "Киви"-гийн гурвыг залуус эргүүлдэг гэж боддог бололтой.

 Ану: Хамгийн гол нь олны танил гэхээсээ илүүтэйгээр залуу хүн, бүсгүй хүн гэдэг утгаар нь ханддаг. Түүнээс биш би бусдаас ялгараад, олон эрчүүд араасаа гүйлгээд явдаг эмэгтэй биш. Би хувь хүнийхээ хувьд энгийн л нэгэн бүсгүй шүү дээ. Найз нөхөд маань миний байгаагаараа л байдаг зан таалагдцаг гэдэг юм. Магадгүй тодорхой хэмжээнд олны танил болохоор хүмүүсийн анхаарлыг татдаг ч байж болох юм.

Хэн нэгэн баян эрхэм бүхий л хүслийг чинь биелүүлж өгье, эхнэр минь болооч гэж санал тавибал?

 Намуунаа: Шууд татгалзана. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Аливаа зүйлийг мөнгөөр шийддэг хүмүүс надад таалагддаггүй. Шууд л "Чиний хүслийг биелүүлсэн. Энэ асуудлыг чинь шийдчихсэн" гээд сууж байдаг хүмүүс хүйтэн, хөндий юм шиг санагддаг. Хүнд зүрх сэтгэл, тэмүүлэл тэж байх ёстой, Энэ миний хүслийг биелүүлдэг гээд л саналыг нь хүлээж авна гэдэг бол утга учиргүй хэрэг.

 Ану: Тэр хүний баян хоосон гэхээс илүүтэй тухайн хүнд би хайртай эсэх нь чухал. Хүсэл мөрөөөдлийг өөртөө бий болгож, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, өөрөө биелүүлбэл илүү амттай. Түүнээс энэ хүн миний хүслийг биелүүлнэ гээд гэрлэх нь байж болшгүй асуудал. Миний хувьд хайртай хүнтэйгээ л гэрлэнэ гэж боддог. Миний хувьд хунийг баян, ядуу гэдгээр нь  сонирхдоггүй ээ.

 Эрчүүдээс бэлэг их авч байсан уу. Хамгийн үнэтэй ямар бэлэг авч байсан бэ?

 Намуунаа: Найз залуугаасаа л их бэлэг авч байсан.

 Ану: Маш гоё ээмэг зүүлтний хослол авч байснаа санаж байна. Ер нь намайг баярлуулах гэж сэтгэл гаргаж бэлдсэн бүх бэлэг надад үнэ цэнэтэй сайхан санагддаг.

 Хэрвээ таныг бодибилдингийн залуу, загвар өмсөгч хоёрын аль нэгийг сонго гэвэл алийг нь сонгох вэ?

 Намуунаа: Алийг нь ч сонгохгүй.

 Ану: Алийг нь ч сонгохгүй.

 Залуу хүний хувьд сөксийн талаарх таны бодол?

 Намуунаа:Энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө л сэтгэдэг.

 Ану: Секс бол хайр сэтгэлийн илэрхийлэл, хамгийн гайхалтай мэдрэмж. Ер нь аливаа зүйл хэр хэмжээнээсээ давахаар л асуудал болдог юм болов уу. Сексийг зөвхөн хэрэглээ мэт үздэг хүмүүс  надад таалагддаггүй.

 Охидын хамтлагууд хэт задгай, секси имижээрээ бусдын сонирхлыг татдаг гэдэгтэй санал нийлэх үү?

 Намуунаа: Үгүй, бид хэт секси имижтэй гэж бодохгүй байна. Эмэгтэй хүн бүрт байдаг секси дүр төрхийг л гаргадаг. Сайн уран бүтээл зөв менежмент, дүр төрх, авьяас чадвар бүгд хосолсон байхад бусдын сонирхолыг татаж чадна. Эмэгтэй хүн, тэр дундаа урлагийн хүн бусдаас содон сайхан харагдах хэрэгтэй. Олны нүдэн дээр байгаа хүмүүсийг цаг үргэлж шинжиж байдаг биз дээ.

 Ану: Нийлэхгүй байна. Энэ бол шоу бизнес. Урлаг өөрөө хүнээс их өөрчлөлт, их хөдөлмөр шаарддаг. Үүнийг зөвхөн бусдын сонирхлыг татахын тулд хийж байна гэж ойлгож болохгүй.

 Та   ямар   фирмийн дотуур хувцас өмсдөг вэ?

 Намуунаа: Биед эвтэйхэн загвар сайтай л бол заавал фирм гээд байдаггүй ээ.

 Ану: Би "Victoria secret"-ийн үнэнч хэрэглэгч.

 Та дуу дуулаад өөртөө хангалттай хэмжээний мөнгө олж чадаж байна уу?

 Намуунаа: Миний хүсэл мөрөөдлийн нэг бол дуулах. Харин дуулаад хэр их мөнгө олж байгаа нь чухал биш. Хамгийн гол нь би өөрийхөө хүссэнээр дуулаад, амьдарч чадаж байна.мэдээж хэрэг өөрт хангалттай хүрэх хэмжээний мөнгө олж байгаа. Сайхан уран бүтээл хийгээд, түүнийхээ төлөө хүч хөдөлмөрөө зарж чадвал мөнгө аяндаа орж ирдэг. Тэр мөнгө маш амттай санагддаг.  

  Ану: Чадалгүй яах вэ. Өөрийнхөө хөдөлмөрөөр олж байгаа мөнгө амттай, үрэхэд ч хайран санагддаг шүү дээ. Мөнгөний төлөө амьдрах биш, мөнгийг өөрийнхөө төлөө ашиглаж сурах хэрэгтэй байх.

 Та өдөрт хармааны мөнгө хэдэн төгрөгтэй явдаг вэ?

 Намуунаа: Янз бүр л байдаг.

 Ану: Янз бүр л байдаг даа. Заримдаа 10000 төгрөгтэй  явах ч үе  гардаг.

 Таныг дэлгүүрт явж байтал 2, 3 мянган долларын үнэтэй маш гоё платье байлаа гэж бодъё. Тэр платье танд маш сайхан зохиж байвал та авах уу?

 Намуунаа: Тухайн үеийн боломжоосоо шалтгаалах байх.

  Ану: Яг өнөөдрийн нөхцөлд бол авахгүй. Тэр мөнгийг ямар нэг платьенаас илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулах хэрэгтэй шүү дээ.

 Та  жаргалтай бүсгүй мөн үү? Хэзээ хамгийн их жаргалыг мэдэрдэг вэ?

 Намуунаа: Мөнөөс мөн. Яг одоо ч би жаргалтай. Учир нь уран бүтээлээ хийж байна. Бүх зүйл бүтэмжтэй сайхан байна. Учир нь уран бүтээлээ хийж байна. Хамгийн гол нь миний хайртай хүмүүс эрүүл энх байгаа учраас би өөрийгөө жаргалтай хүнд тооцно шүү.

 Ану: Мөн, яг одоо ч би аз жаргалтай байна. Хайртай хүмүүсийнхээ дунд, дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдарч байгаадаа би жаргалыг мэдэрдэг. Өдөр бүр амьдралаас аз жаргал, сайхан мэдрэмж өөртөө авахыг хүсдэг.

 Тэгвэл бусдад хэр их жаргал бэлэглэж байна?

 Намуунаа: Тодорхой хэмжээгээр аз жаргал бэлэглэж байгаа. Үүнийг надаас аз жаргалыг авч чадсан хүн хэлэх байх.

 Ану: Гайгүй шүү, миний эргэн тойрны хүмүүс, найз нөхдөд маань тусламж хэрэгтэй үед туслахыг хичээдэг. Ямар ч үед хамгийн найдвартай дотны найз нь байж, бусдад тусламж үзүүлэх юмсан гэж боддог. Хүмүүст урам өгч, хэрэгтэй үед нь туслах хамгийн том бэлэг байх.

 Таны давуу зан чанар буюу бусдаас ялгарах онцлог?

 Намуунаа: Өөрөө хэлж мэдэхгүй байна.  

Ану: Тууштай зан юм болов уу. Нэг шийдвэр гаргавал эргэж буцаад байдаггүй.

 Дутагдалтай зан чанар?

 Намуунаа: Хэлмээргүй байна.

 Ану: Зөрүүд талтай.

 Ухаалаг эмэгтэй гэж хэнийг хэлэх бол. Та өөрийгөө ухаалаг эмэгтэйн тоонд орно гэж боддог уу?

  Намуунаа: Өөрийгөө ухаалаг биш гэж хэлдэхгүй ээ.

 Ану: Ер нь хүн заавал суут ухаантай байх апбагүй. Гэхдээ хүнийг ойлгодог, мэдрэмжтэй, хүнлэг байх ёстой байх. Надад тийм зан чанар байгаа.

Views: 572 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]