Main » 2011 » аравдугаар сар » 17 » Топ модель Э.Сэлэнгэ: Эрч хүчтэй яваа эмэгтэй хүний ард ухаалаг эр хүн бий
9:06 PM
Топ модель Э.Сэлэнгэ: Эрч хүчтэй яваа эмэгтэй хүний ард ухаалаг эр хүн бий

"Гоёл-2011” наадмын топ модель Э.Сэлэнгэ энэ удаагийн маань булангийн зочноор уригдлаа. Тэрбээр "Гоёл-2010” наадмын "Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч, "Asian super model-2009” тэмцээнд амжилттай оролцсон нэгэн. Өдгөө "Шилмэл загвар” компанийн загварын дамжаанд багшлахын сацуу Олон улс судлалын дээд сургуульд суралцаж буй топ модель маань "Miss Mongolia-2008”  тэмцээнээс  "Best Model Miss” өргөмжлөл хүртсэн бол, "Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд-2011” реалити шоунд түрүүлж миссийн титэм зүүсэн билээ. Ийнхүү миссийн тэмцээн, загварын тайзан дээр гялалзаж яваа Э.Сэлэнгэ өнгөрсөн сард Тайланд улсад зохион байгуулагдсан "Super model of Asia Pacific-2011” буюу Ази, Номхон далайн орнуудын супер модель шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Ингээд түүний ярилцлагыг уншигчиддаа сонирхуулья.

 -"Гоёл-2011” наадмын отгон топ моделиор шалгараад хэсэг хугацаанд нам гүм байлаа. Гэтэл саяхан зохиогдсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэж сонссон. Энэ тухайгаа яриач?

-Миний хувьд, "Гоёл-2011” наадмаас хойш нам жим байлаа. Өнгөрсөн сарын дундуур Тайландын Бангкок хотод зохион байгуулагдсан "Super model of Asia Pacific-2011”  буюу Ази, Номхон далайн орнуудын супер модель шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн. "Торго модель” агентлагийн загвар өмсөгч Оюун-Эрдэнэ бид хоёр эх орноо төлөөлж, анх удаа энэ тэмцээнд оролцсон юм. Ази, Номхон далайн орны мэргэжлийн загвар өмсөгчид оролцож байгаа учраас өргөн хүрээнд зохион байгуулагдсан. Тэмцээний шалгаруулалт Тайландын Bangkok болон Pattaya хотуудад үргэлжиллээ. Нийт арав гаруй хоногийн турш моделиудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөн шүү. Орон тус бүрээс 2-3 модель ирсэн тул нийтдээ 30 гаруй загвар өмсөгч оролцсон.

-Тэмцээний шалгаруулалт хэрхэн явагдсан бэ. Та хоёрын гаргасан амжилт юу байв?

-Арав гаруй хоногийн турш үргэлжилсэн тэмцээн болдог учраас моделиуд бэлтгэл ихтэй, зав муутай байлаа. Өглөөнөөс орой хүртэл тэмцээн уралдаан, хүлээн авалтанд оролцоно. Тайланд улс жуулчдыг татсан маш гайхалтай орон учраас үзэж харах зүйл маань ч дуусахгүй юм шиг санагдсан. Зохион байгуулах бүрэлдэхүүн ч энэ тал дээр анхаарч оролцогч бүсгүйчүүдтэй хамт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан, өөрсдийн орны шашин шүтлэг, амьдралын онцлог, хэв маягийг харуулсан нь гайхалтай. "Мисс бикини”, "Мисс фото”, "Хүмүүнлэгийн мисс”, "Авьяаслаг мисс” гэх мэтээр өдөр бүр шалгаруулалт явуулж байсан учраас энэ хэд хоног завгүй хэрнээ маш хурдан өнгөрсөн. Олон улсын тэмцээний нэг онцлог бий. Эцсийн шатны шалгаруулалт бус өдөр тутмын арга хэмжээнд хэрхэн оролцож байгаагаар нь тухайн хүнийг дүгнэх жишээтэй. Тиймээс би өдөр тутам бүхий л байдлаараа хамгийн гоё, хамгийн ухаалаг, хамгийн чадварлаг нь байхын төлөө өөрийгөө дайчлан хичээж байлаа. Миний хувьд, "Best Catwalk” буюу "Тайзны шилдэг алхаатай модель” гэсэн шагнал авсан. Оюун-Эрдэнэ маань "Best figure” буюу "Хамгийн сайхан бие галбиртай модель” гэсэн шагналыг гардсан. Энэ тэмцээний Гран при шагналын эзнээр Индонезийн модель шалгарсан бол, хоёрдугаарт байрт Тайландын модель орсон. Гуравдугаар байрт манай хойд хөрш ОХУ-ын модель шалгарлаа. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Солонгос, Австрали, Тайланд, Япон зэрэг орны шилдэг дизайнер, сэтгүүлийн эрхлэгч гэх мэт чадварлаг мэргэжилтнүүд багтсан байна лээ.

 -Хүчтэй өрсөлдөгчид чинь ямар орны моделиуд байв?

-Ер нь бүгдээрээ л чадварлаг моделиуд байсан шүү. Хүчтэй өрсөлдөгчийн тоонд ОХУ, Украйн, Солонгосын моделиуд багтана. Гэхдээ бусад моделиуд нь муу гэсэн үг биш. Өрсөлдөгчөө басаж болохгүй шүү дээ. Бүгд л эх орноо төлөөлөн гоо үзэсгэлэн болон мэдлэг чадвараараа өрсөлдөх гэж яваа учраас өөрийгөө чамлахаас бус тэднээс дээгүүрт тавьж харж байгаагүй. Моделиуд тэмцээний шалгаруулалтад оролцох бүртээ өөрсдийгөө хөгжүүлж байгаа нь маш сайхан санагдсан. Сурах зүйл минь дуусаагүй, шалгаруулалт болгоноос шинэ мэдлэг, мэдрэмж олж авч байлаа. Нэг шалгаруулалтад хамт орох юмуу тайзан дээр мөр зэрэгцэн алхаж байгаа бусад орны бүсгүйчүүдээс хүртэл огт өөр зүйл харж байсан.

 

-Монгол Улсаа төлөөлж очсон хоёр моделийг маань бусад орны бүсгүйчүүд хэрхэн хүлээж авсан бол. Мэдээж, өөр хоорондоо сэтгэгдлээ хуваалцсан байх?

-Бүх оролцогчтойгоо дотно сайхан найзууд болсон. Хэдийгээр эх орноо төлөөлж хамт очсон ч гэлээ, Оюун-Эрдэнэ бид хоёрыг нэг өрөөнд оруулаагүй. Өөр, өөр орны моделиудтай хамт байснаар илүү нээлттэй харилцаж, сурч мэдэх зүйл нь ч давуу байна гэж тэр. Түүнээс биш, хоёулханаа нэг өрөөнд орчихвол бусадтайгаа төдийлөн харьцахгүй байж мэднэ. Австралийн модель бүсгүйтэй би их сайхан найзалсан. Найзууд маань намайг алиа хошин зантай гэдэг юм. Яг л тэр зангаараа зохион байгуулах бүрэлдэхүүн болон бусад моделиудтай харилцаж байсан. Арваадхан хоног хамт байсан ч гэлээ, бие биедээ нэлээд дассан байна лээ. Тэмцээний төгсгөлд болсон үдэлтийн арга хэмжээн дээр бүгд л нулимс унагаж зогссон. Нэг зүйлийг ажиглаж байхад, моделиуд үнэхээр тэсвэр хатуужилтай юм билээ. Өглөөнөөс орой хүртэл өсгийтэй гуталтай гүйж, шалгаруулалт бүрт байнгын бэлтгэлтэй байна гэдэг тийм ч амар зүйл биш. Монголчууд аливаа зүйлийг амархан сурдаг, хаана ч дасан зохицох чадвар сайтай гэдэг нь илт мэдрэгдсэн дээ.

 -Тэмцээнд оролцохын өмнө хэр зэрэг бэлтгэсэн бэ. Санхүүгийн хувьд,  тусалж дэмжсэн газар бий юу?

-Зайлшгүй бэлтгэх шаардлагатай зүйлүүд байдаг л даа. Үндэсний болон усны хувцас, авьяасын үзүүлбэр, тэмцээний эцсийн шалгаруулалтад өмсөх үдшийн гоёлын даашинз гэх мэт. Үүнээс гадна, хамгийн гол зүйл нь өөрийгөө бэлтгэх. Тайзан дээр хэрхэн харагдах арга, алхааны техник болон моделийн хувьд ч олон зүйл дээр анхаарах ёстой. Зүс царай, үс, арьс, хумс гээд л аль ч талаараа сайхан байх хэрэгтэй. Миний хувьд, бэлтгэлээ маш сайн хангасан учраас амжилт үзүүлсэн болов уу гэж бодож байна. "Шилмэл загвар”-ын хамт олон маань олон улсын тэмцээнд гоёх үндэсний хувцсыг минь бэлтгэж өгсөн. Тухайн улсын өв соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг харуулсан үндэсний хувцасны үзүүлбэр хамгийн сонирхолтой байдаг. Энэ үзүүлбэрт манай монгол үндэсний хувцас үнэхээр гайхамшигтай харагдаж байсан гэдгийг би бардам хэлнэ. Эртний хатдын өмсгөл маш сүрлэг, хийц загварын хувьд ч үнэтэй чамин торгоор урладаг болохоор хэн бүхэн дуу алдана шүү. Үндэсний хэв маягийг орчин үеийн загвартай хослуулсан монгол хатдын өмсгөл маань сүр хүч, гоо сайхныг илтгэсэн учраас бусад орны үндэсний хувцаснаас эрс ялгарч байсан.

 -Зургийн цомгийг  тань сонирхож байхад, манай моделиуд нэлээд өндөр харагдаж байна лээ?

-Тийм ээ, монголчууд нэлээд Европ тал руугаа биетэй, яс томтой улс гэдэг нь тэндээс харагдсан. ОХУ, Украйны охидыг эс тооцвол, бид хоёр нэлээд өндөрт тооцогдож байна лээ. Нийт оролцогчдын хувьд, дундаж өндөртэй буюу 1,75 см. Миний өндөр 1,80 см, Оюун-Эрдэнэ маань 1,78 см шүү дээ. Шагналын хувьд, өргөмжлөл болон тууз гардсан. Олон улсын тэмцээн гэдэг утгаараа нэр хүнд нь өндөр байдаг учраас миний хувьд мөнгө ч юмуу ямар нэгэн ивээн тэтгэгчийн шагнал чухал биш.

 -Отгон топ маань загвар өмсч, тэмцээн уралдаанд оролцохын хажуугаар мэдлэг боловсролдоо анхаарч байгаа оюутан хүн. Сургууль соёлын асуудал юу болж байна вэ?

-Олон улс судлалын дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа. Энэ жил сургуулиа төгсөнө. Сая тэмцээнд оролцох гээд хичээл номоо жаахан цалгардууллаа. Одоо загварын тайз, хичээл, гэр гээд байнгын хэмнэлдээ орчихсон явж байна. "Шилмэл загвар” компанийн загварын дамжаанд багшлах ажлаасаа түр хугацаанд чөлөө авчихсан. Төгсөх курсын оюутан учраас хичээл номоо анхаарах шаардлагатай. Удахгүй загварын ажлууд маань эхлэх байх. Ноолууран хувцасны шоу, "Гоёл” наадам гээд л ар араасаа хөвөрнө дөө.

 -Цаашид мэргэжлээрээ ажиллах уу. Бусад моделиудыг бодвол, та гадаадын загварын агентлагуудтай хамтарч ажилладаггүй юм шиг санагдсан. Энэ тал дээр ямархуу бодолтой явдаг вэ?

-Сургуулиа төгссөний дараа хийх ажил, зорилгуудаа хүртэл тодорхойлчихсон. Магистраар суралцах, олон улсын загварын агентлагт гэрээт моделиор ажиллах зорилготой байгаа. Нас минь залуу, сурах зүйл их байна. Эх орондоо суралцсан хэдий ч өөрийгөө хангалттай хөгжүүлж чадахгүй байна гэж би биеэ чамладаг. Илүү их амжилтанд хүрч, намайг цаашид юу хүлээж байгааг харахыг хүсч байна. Би багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Тэр олон мөрөөдлийг амьдралынхаа зорилго болгон өдийг хүртэл явсан. Ямар ч байсан, энэ эрчээрээ мөрөөдсөөр байх болно. Мөрөөдөл бүхнээ биелүүлж, бүгдэд нь хүрэх юмсан. Дуусашгүй их мөрөөдлийнхөө оргилд нь гарахыг хүсч байна даа.

 -Сэтгүүлзүйн салбарт хөл тавих гэж байгаа хүний тухайд олон талын эргэцүүлэл төрдөг байх. Нууц биш бол, энэ бодлоосоо хуваалцаач?

-Маш хүчтэй хөгжиж байгаа салбар шүү. Сэтгүүлзүй бол хоёр дахь засаглал мөн. Энэ салбар эрх чөлөөтэй, шударга үнэний дуу хоолой болж чадвал улс орны маань хөгжилд тустай. Гэхдээ аливаа зүйлд хэм хэмжээ байдагтай адил эрх чөлөөгөө хэтрүүлэхгүйгээр үнэн зөв, бодитой мэдээллийг үр өгөөжтэй байдлаар хүмүүст хүргэж байвал хэн хэнд маань хэрэгтэй байх. Сэтгүүлчдийн нэр хүндэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, үнэ цэнийг нь мэдэрч ажиллах нь сэтгүүлчдийн бахархал шүү дээ. Сүүлийн үед цахим сайт олноор нээгдэж, мэдээллийг хурдан шуурхай хүргэж байгаа нь сайшаалтай хэрэг. "Сайны хажуугаар саар” гэдэг шиг сөрөг мэдээлэл ч их гарах болж. Энэ нь нэлээд хүндрэлтэй санагддаг юм. Сэтгүүлч хүний зэвсэг бол үзэг. Үзэгний үзүүрээр хүний амьдралыг босгож ч болно, бас нурааж чадна. Тиймээс мэдээллийнхээ үнэн бодитой эсэхийг нягталж үзэх, хариуцлагатай хандах нь хамгийн чухал. Миний хувьд, тодорхой хэмжээнд олны танил болсон учраас худал мэдээлэл сонсох үнэхээр дургүй. Сэтгүүлчид ямар нэгэн салбарыг дагнаж бичих, түүндээ өөрийгөө хөгжүүлж явбал боломж их бий.

 -Тэгвэл таны сонирхож байгаа салбар юу вэ?

-Одоохондоо шийдсэн зүйл алга байна. Загварын ертөнцтэй холбоотой байдаг учраас энэ чиглэлээр мэргэшиж ажиллах болов уу. Урьд нь загварын нэвтрүүлэг хөтөлж байсан туршлага ч бий. Загварын тогоонд олон жил "чанагдсан” хүний хувьд, энэ талын мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч болох байх.

 

-"Монголжингоо” булангийн маань зочинд үлгэр дуурайлал авч, хүндэлж явдаг эмэгтэй олон байгаа болов уу?

-Эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, үнэ цэнэтэй байдаг. Бүгдээрээ л нөхөрт гарч, эх хүн болдог учраас энэ хорвоо дээр муухай эмэгтэй хүн гэж байхгүй. Хувь хүн гэдэг үнэлэмжээ мэдэрч, өөрийгөө үнэлж, хайрлаж, зоригжуулж сурах нь хамгийн чухал. "Санаа зөв бол заяа зөв” гэдэгчлэн үргэлж сайхан зүйл бодож явдаг хүн надад сайхан харагддаг. Тийм ч учраас үнэлж, хүндэтгэж явдаг эмэгтэйчүүд миний эргэн тойронд олон байгаа шүү.

 -Олны танил хүн гэдэг утгаараа, үргэлж анхаарлын төвд байдаг нь тодорхой. Гэхдээ эдэлж хэрэглэх, гоёж гоодох тал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг шүү, та?

-Стиль имиж, хувцас хэрэглэл, гар утас, унаа машин бол материаллаг зүйл. Зүгээр л тухайн үеийн сэтгэл ханамж, хувийн хэрэглээ. Тэр бүхэнд хэтэрхий туйлширч өнгө мөнгө, брэнд энэ тэр шүтэх нь утгагүй. Тухайн үедээ л сэтгэл ханамж авч, өөртөө сэтгэл хангалуун байхад болно шүү дээ. Гоё загвартай, бие галбирыг маань тодотгож чадах хямдхан хувцас байсан ч хамаагүй. Би ер нь хувцас худалдаж авахаас илүүтэй захиалгаар хийлгэж өмсөх дуртай. Хувцаслалт бол тухайн хүнийг илэрхийлэх том хэмжүүр. Тиймээс нэг хэв маягт баригдсан, хэвшмэл ойлголтоос зайлсхийдэг. Амьдрал гэдэг маш олон төрлийн жүжиг болохоор түүнийгээ дагаад хүмүүс янз бүрийн стиль имижийг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа, би ямар нэгэн зүйлд баригдахыг хүсдэггүй. Тайзан дээр дизайнеруудын бүтээсэн хамгийн гоё хувцсыг өмсөөд гарахад ихэмсэг, бас бардам Сэлэнгэ харагддаг байх. Харин бодит амьдрал дээрхи Сэлэнгэ энгийн хэрнээ аятайхан хувцаслачихдаг, даруухан оюутан шүү дээ. Сэлэнгэ гэдэг хүн хэн нэгэнд таалагдаж, өөрийгөө таниулахын төлөө амьдраагүй. Зөвхөн өөрөө өөрийгөө таньж мэдэхийн төлөө амьдарч байгаа.

 -Амжилттай явж байгаа залуухан, царайлаг бүсгүйг янз бүрийн эрчүүдтэй нэр холбох нь цөөнгүй. Ийм асуудалд нэлээд эмзэглэнэ биз?

-Тиймэрхүү зүйл их байдаг шүү дээ. Яагаад эрчүүдтэй холбогдож болохгүй гэж. Бас яагаад заавал тэдэнтэй холбоод байгаа юм бэ. Энэ бүхэн үнэн эсэхийг эргэн тойрны минь хүмүүс мэднэ. Цаг хугацаа ч бас харуулах байх. Хэн нэгэн хүнтэй холбогдож байж амжилтанд хүрэх албагүй. Энэ бол амжилт биш шүү дээ. Бусдын нөмөр нөөлөг дор амьдарч, амжилтанд хүрэх гэж тэмүүлдэг хүмүүс хэр олон байдгийг би мэдэхгүй. Гэхдээ миний гаргасан амжилт өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, хийж буй бүхэндээ тууштай байсны үр дүн юм болов уу гэж боддог. Аливаа зүйлд сэтгэл хөөрлөөр хандах бус үнэнч, шударга, эрч хүчтэй, тууштай байх хэрэгтэй. Тэгж байж хүрсэн энэ хөдөлмөрийг маань зүгээр л хэн нэгэнтэй холбоод бичвэл онцгүй. Хэдийгээр би тоохгүй байж чадах ч гэсэн, миний амьдралд тусах сөрөг мэдээлэл учраас хэзээ ч хүлээж авахгүй.

 -"Хайрыг  тордохгүй бол унтардаг” гэдэг шиг эмэгтэй хүнч гэсэн, халуун дотно үгс сонсч уярах дуртай. Сэлэнгэ одоо хайрын сэтгэлд умбаж явна уу, аль эсвэл?

-Тэгэлгүй яахав. Хайр гэдэг чинь яг л нэмэх хасах цэнэг шиг. Эмэгтэй хүн хайрын үгэнд уярч, халуун сэтгэл нь хөглөгдөж явбал жаргалтай байдаг. Хайртай хүнтэйгээ хамт байхдаа эмэгтэй хүн улам өнгө орж, аз жаргалтай инээмсэглэл цацруулаад эрч хүчээр дүүрэн болчихдог юм шиг санагддаг. Арга билэг гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг, хүчирхэг яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй бий. Эрч хүчтэй яваа эмэгтэй хүний ард ухаалаг эр хүн байдаг. Энэ бол нэг нэгнийгээ нөхөж амьдрах эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдрал. Жинхэнэ хайраа олно гэдэг хамгийн том аз жаргал. Мэдээж, хайртай хүнээсээ сайхан үг сонсоод өглөө босоход маш их эрч хүч, аз жаргалыг мэдэрдэг.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 561 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]