Main » 2011 » есдүгээр сар » 26 » УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш
4:02 PM
УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш
 
 "Хэнтийн гурван тэнэг” гэж нутгийн шог хэлц үг бий. Жалга довны үзэлсэг манайхан аймаг бүрт нэр хоч оноон түүгээрээ бие биеэ егөөдөх нь элбэг. Баабар нэг удаа "Хэнтийн гурван тэнэг” гэсэн нийтлэл бичиж байв.

"Урьд нэгэн тээврийн жо­лооч Дорнодод шата­­хуун хvргэчихээд буцаж явжээ. Хээр замаас холгvй боодог хийгээд сууж байгаа гурван эртэй халз таарч. Гэдэс нь хонхолзож явсан жолооч бөөн баяр хөөр болон буув.

Тарваганы боодог гал дээр шаргалтаад бэлэн болжээ. Харин нөгөө гурав боодогтоо хvрч ядаад нэг л янзгvй, жолоочийг гал руу урив. Жо­лооч хутгаа гарган тарвагыг огтолтол урдаас нь буудан сvйд болов. Мань гурав ерөө­сөө боодог хийж vзээгvй, ганц тарвага алсныгаа гэдэс дот­рыг нь гаргасангvй хэдэн улайдсан чулуу бөгсөөр нь чихчихээд халуун нурман дээр тавьж орхисон юмсанж. Vvнээ янзлаад идэх гэхээр айгаад бие рvvгээ чихээд сууж байтал жолооч ирсэн аж. Тарваганы гэдэс дотор, ха­луун шөлөнд будагдан тv­лэгдсэн жолооч:

-Газар газрын тэнэгvvд ганц ганцаараа явдагсан, Хэнтийн тэнэгvvд хэлхэлдээд гурваараа явдаг хэрэг vv гээд машиндаа суун оджээ” гэж эхэлдэг нийтлэлийг Хэнтий аймгийн хэн нэгэнд зориулж егөөдөн бичжээ.

Нийтлэл гарсны маргааш нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Би тэнэг биш” гэж ярилцлага өгөв. Одоогоор нутагтаа амьдарч байгаа 70 мянган Хэнтийчүүд, болон Улаанбаатарт ажиллаж байгаа олон мянган Хэнтий аймгийн гаралтай иргэдээс хамгийн түрүүнд "Би тэнэг биш” гэж хэлсэн хүн бол алдарт аварга бөх, гишүүн. Уг нь Баабар түүнийг тэнэг гэж онцлоогүй л дээ.

Хулгайч өөрөө хулгай хийчихээд "Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг шиг л юм болж. Тэгэхээр эрхэм гишүүн, аварга маань өөрийгөө тэнэг юм биш байгаа гэж бодож явдаг байх нь.

Хэнтийчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон. Эхний дөрвөн жил мань хүн хаана, юу хийж суугаагаа мэдрэх гэж суусаар юу ч хийсэнгүй өнгөрчээ. 2004-2008 онд УИХ-ын "хөгжлийн бэрхшээлтэй” гишүүнээр тодорч байв. Учир нь тэрээр монгол улсын хамгийн их хэл амтай хүмүүсийн дунд 1460 хоног чимээгүй суусан юм.

Бөх моринд дуртай ард түмэн УИХ-ын гишүүний суудлыг шагнал гэж ойлгон нутгаасаа гарсан ганц аваргаа мөн л дахин төрийн түшээ болгосон. Монгол бөхийн түүхэнд нэгэн цагт од болон гялалзаж явсан түүнийг тамирчид болон монгол бөхөө дээдэлдэг ард түмэн УИХ-ын гишүүний суудалд хадагдахад дуртай байгаагүй ч спортын хөгжилд хувь нэмэр оруулах хууль санаачлах байх гэж харж байв. Монгол бөхийн өнөөгийн байдал даваа, цолны наймаа, найраа гээд л цэгцлэх асуудал их бий. Харамсалтай нь мань хүн биеийн тамир спортынхонд зориулсан ганц ч хуулийн төсөл санаачилсангүй найман жил болжээ.

Аварга бөхтэй адилхан бас нэг бөх УИХ-д бий. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга самбо, жүдогийн дэлхийн хэмжээний бөх хүн. Тэрээр самбо бөхийн найман удаагийн аварга, Самбо бөхийн  дэлхийн аварга, дэлхийн цомын аварга хүн. Б.Бат-Эрдэнэ аваргатай адилхан бөх хүн улс төрд хийсэн бүтээснээрээ өнгөлж, шилдэг улс төрчдийг хэдийнэ манлайлах болсон. Улстөрчдийн рейтинг тогтоох судалгаанд Х.Баттулга эхний гуравт бичигддэг бол мань аваргын нэр сураггүй. Х.Баттулга сайдын удирдаж буй яамны ажил үйлс бусдыгаа манлайлан хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд ил харагдаж олны талархлыг хүлээж байгаа бол аварга бөхийн хийсэл зүйл гэж нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алга. Ганц санаачилсан хууль нь ажил болох нь байтугай хэл амны бай болж, хэл ам хэрүүл тэмцлээс өөр үр дүн авчирсангүй.

Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ-ын гишүүн болсноосоо хойш зургаан жил бодож бодож ганцхан хууль санаачлан батлуулсан. Ганц санаачилсан хууль нь ганц тэнэг ганцддаггүй гэдгийг үлгэр болж, хууль хуулиудын дотроос хэрэгждэггүй ганц хууль болон "ад үзэгдэж”  байна.

Энэ нь "ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” хууль юм.

Бас хамгийн урт орооцолдсон нэртэй хууль учраас цаашид "урт нэртэй хууль” гээд нэрлэчихье.

Уг нь мань хүний гол, усны эхийг сүйтгэхгүй, бохирдуулахгүй байя гэдэг санаа нь зөв боловч, хэрэгжих боломжгүй "муйхар” зүйл болжээ. Анх энэ хуулийн үйлчлэлд хамаарах 392 тусгай зөвшөөрлийг цуцлахаар Ашигт малтмалын газраас нэрсийг нь гаргасан боловч энэ нь "ямар нэгэн үл мэдэгдэх, зөвхөн АМГ-ын дарга Д.Батхуяг л мэдэх” шалтгаанаар хасагдсаар 254 болж цөөрсөн. Эдгээр ордуудын 90 хувь нь алтны шороонд орд. Хоёрхон хуудас хуулийн 4-ийн 6-д Ашигт малтмалын хуулийн 56-гийн 1-ийн 3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох бөгөөд холбогдох журмаар Засгийн газар зохицуулна гэж заасан.

Засгийн газрын үнэлгээгээр 511 тэрбум төгрөгийг эдгээр уул уурхайн компаниудад нөхөн олговор болгон олгохоор тогтжээ. Компаниуд харин энэ мөнгийг хувааж чимээгүйхэн сална гэдэг юу л бол. Алтжин хатагтайн Бөмбөгөр зах шатахад хүмүүс нөхөн олговроо хэд дахин нэмж байлаа даа. Тэгээд ч алтны шороон ордын тусгай зөвшөөрөл нь лангууны түрээслэгчидтэй харьцуулахад улс төрийнхны халаасны хүмүүс, хамаатан садангуудаас бүрдсэн хүмүүсийн өмч.

Уг нь энэ мөнгөөр манай улсын бүх сум суурингийн талд нь шинэ сургууль, эсвэл цэцэрлэг барих мөнгө юм.

 

Урт нэртэй хууль 2009 оны хаврын чуулган завсарлах үеэр хэрүүлтэй, хараалтай батлагдсан. Батлагдсанаас хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд нэг ч уурхайг голын эхээс хөөсөнгүй. Хөөх ч аргагүй юм. Ашигт малтмал олборлох, эрэх хайх гэдэг их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бизнес юм. Дурын нэг хүн хүрз бариад шороо малтахтай зүйрлэж болохгүй. Уул уурхайн тоног төхөөрөмж өндөр үнэтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд ихэнх аж ахуйн нэгж банкнаас их хэмжээний өндөр хүүтэй зээл авсан байдаг. Олон хүн цалинжуулан ажиллуулдаг. Ингэж өөрийгөө зовоож байхаар улсаас бэлэн нөхөн олговроо авчих нь уурхайн эздэд "аманд нь орсон шар тос” юм. Харин олон мянган ажилчид нь "лааз өшиглөх” болно.

Урт нэртэй хуулийг санаачлагчид их амархнаар төсөөлжээ. Амьдралаас тасарчихсан.

Голын эх дээр лиценз авсан уурхайнуудыг шууд л хөөчихнө, тэгээд л байгал эх, нутаг ус минь онгон дагшин төрхөө хадгалан үлдэж, сонгогчид минь миний ачийг үеийн үед мартахгүй гэж их л гэнэн тэнэг тооцсон. Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлож байсан "Эрэл” компани олборлолтоо зогсоогоод явахад яалаа. Үлдсэн шороон дээр нь хэдэн жилийн турш хэдэн арван мянган нинжа бужигнаж, булсан газрыг буцааж ухан "сарны гадаргуу” болгосон. Одоо хууль ,журмын дагуу тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа 254 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход дараа нь юу болох нь тодорхой. 365 сумын иргэдийн ажилтайгаасаа ажилгүй нь их. Тэдний арми "нинжа” болохоор бэлэн жагсаж байгаа. Буу шийдэмтэй харуул хамгаалалтынхан дийлдэггүй тэднийг төр дийлэх үү. Өлссөн, ядарсан иргэд хичнээн урт нэртэй ямар ч хуульд захирагдахгүй. Мөнгө цагаан нүд улаан шүү дээ.

Гиннесийн номонд орох гээд барилдаж байгаа аварга маань ийм л хууль сэтгэн санаачилсан байна. Уг нь спортын хүн өөрийн салбартаа ойрхон хууль санаачилвал өөрт нь төдийгүй олон хүнд хэрэг болох байв. Нийтийн биеийн тамирын салбар доройтсоноос хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөл ихэссэн.

 

Нэр уснаас нь хальт харахад байгаль, экилогод хэрэгтэй мэт боловч, үнэхээр л хэрэгжихийн аргагүй тэнэгдүү хууль ажээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалах хууль эрх зүйн орчныг арай өөрөөр бүрдүүлж болох олон хувилбар бий. Шинээр тусгай зөвшөөрөл олгохыг хориглоод одоогийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад нөхөн сэргээлт хийх хатуу заалт бүхий чанга хууль санаачилж болох л байсан. Мэдэхгүй юмаараа оролдож ийм бантан хутгах нь наадмынхаа торгон ногоон дэвжээн дээр дөрвөн цаг барилдан ард түмнээ залхааж байснаасаа долоон дор юм байна шүү, аварга аа.
Views: 562 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]