Main » 2011 » 11-сар » 8 » Улаан чөтгөрүүд-ийн төлөө 25 жил өдөр бүр 18 цаг ажилласан Сэр Алекс Фергюсон
6:50 AM
Улаан чөтгөрүүд-ийн төлөө 25 жил өдөр бүр 18 цаг ажилласан Сэр Алекс Фергюсон
 ”Улаан чөтгөрүүд”-ийн төлөө 25 жил өдөр бүр 18 цаг ажилласан Сэр Алекс Фергюсон

Орон гаран довтлогч

Тэр "Манчестер Юнайтед”-д 25 дахь жилдээ ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүнийг "улаан чөтгөрүүд”-ийн жолоог атгаж эхлэхэд дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиано Роналдо хөлд ч ороогүй байж. Бас "МЮ” Английн аварга шалгаруулах тэмцээний арван хэдэд бичигдэж байлаа. Харин одоо дэлхийн агуу арван багийн тоонд "Манчестер Юнайтед”-ыг нэрлэхгүй хүн үгүй болжээ. Энэ бол Алекс Фергюсоны ажлын үр дүн юм. Ингээд түүний намтрыг дарааллаар нь танд товчлон хүүрнэе.

Александр Чепмэн Фергюсон 1941 оны арванхоёрдугаар сарын 31-нд Шотландын Глазго хотноо мэндэлжээ. 16 настайдаа "Куинз Парк” багт довтлогчоор тоглохын сацуу ажил хийдэг байж. Хэдийгээр багтаа 31 тоглолтод оролцож 20 гоол оруулсан ч гарааны бүрэлдэхүүнд багтахгүй байсан тул "Сент Жонстон” багийг зорьжээ. Энэ багт тоглож байхдаа "Рейнжерс”-ийн хаалганд хет-трик хийсэн нь "Данфермлайн” багийн удирдлагуудын анхаарлаг татав. Удалгүй "Данфермлайн” мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээг санал болгосон аж. Эхний улиралд тэр амжилтад үзүүлсэнгүй. Гэвч удаахь улиралдаа 51 тоглолтод 45 гоол оруулж, гайхалтай тоглолоо.. Мэдээж, Шотландын шилдэг багууд түүний энэ амжилтыг анзааралгүй өнгөрсөнгүй. Түүнийг "Глазго Рейнжерс” 1967 онд 65 мянган паунпаар худалдан авсан нь Шотландын лигийн дээд амжилт болсон юм. 1969 онд тэр нөөц багт шилжжээ. Шотландын аваргын хариуцлагатай тоглолтод гоол оруулах алтан боломж алдсаных нь төлөө түүнийг Глазгогийнхон нохойнд ч хаяж өгөхөд бэлэн байж. Дараахь улиралд нь Фергюсон "Ноттингем Форест” руу явах төлөвлөгөөтэй байсан ч эхнэр нь Англид очихыг хүссэнгүй. Ингээд тэрбээр "Фолкерк”-т тоглогч-дасгалжуулагчаар ажиллах болжээ. Гэвч шинэ дасгалжуулагч ирснээр Алекс "Эйр Юнайтед” клуб руу одлоо. Тэндээ 1974 он хүртэл тоглоод зодог тайлсан юм.

Амжилт дагуулагчийн эхний алхмууд

Фергюсон 32 настайдаа "Ист Стирлингшир” багийн дасгалжуулагч боллоо. Хачирхалтай нь тэр багт нь хаалгач нэг ч байгаагүй гэдэг. Долоо хоногтоо 40 паундын цалин эхэндээ авч байлаа. Залуухан дасгалжуулагч Фергюсон маш хатуу сахилга баттай байхыг шаардахаас  гадна ухаалаг тактикаараа ялгарч эхэлсэн юм. "Сент Миррен” түүнийг ажилд урьснаар Алекс 1974-1978 онд тэнд ажиллалаа. Хоёрдугаар дивизионы хомоол хамагч байсан "Сент Миррен” тэрхэн зуур нэгдүгээр дивизионыг шуугиулагч болон хувирчээ. Алекс тэр багаас Тони Фицпатрик, Билл Старк нарын оддыг нээн гаргасан юм. Гэвч тамирчдын цалингийн элдэв асуудлаас болж, Фергюсон ажлаасаа чөлөөлөгджээ. 1978 оны зургадугаар сард Шотландын "Абердин” түүнд санал тавилаа. Эхний улиралдаа дөрөвдүгээр байр эзэлж, Шотландын цомын шигшээ тоглолтод ялагдал хүлээн гайхалтай амжилтад хүрсэнгүй. Харин хойтон нь улсынхаа аварга болсон "Абердин”-ы амжилтыг Фергюсонтой холбохоос өөр арга байсангүй. Түүнийг бүгд хүндлэх боллоо. 15 жил ээлжлэн Шотландад ноёрхсон "Селтик”, "Рейнжерс”-ийн хаанчлал ийнхүү тасалдах нь тэр. 1982 онд Шотландын цомын тэмцээнд түрүүллээ. 1983 онд Мадридын "Реал”-ыг даруухан "Абердин” хожиж, Цомтой багуудын цомын тэмцээний аварга болжээ. Удаахь хоёр улиралд Фергюсон амжилтаа давтлаа. Энэ үед "Арсенал”, "Тоттенхэм” зэрэг баг түүнийг урьж эхлэв. 1985-1986 онд Шотландын шигшээ багийг хэсэг удирдаад 1986 онд "Манчестер Юнайтед”-д иржээ.

Бүтэлгүй чалчаагаас сэр хэргэм хүртэл

Эхний гурван жил Фергюсоны ажлын үр шим төдийлөн мэдрэгдэхгүй байлаа. Багтаа хатуу сахилга бат тогтоон, Английн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар хагасаас дээш гаргах гэж чармайна. 1988 онд амжилт олж, хоёрдугаар байрт бичигдсэн ч удаахь улиралдаа 11-р байрт орчихлоо. Ялангуяа 1989 онд өстөн "Манчестер Сити”-д 1:5-аар хожигдсоны дараа энгийн нэгэн хөгжөөн дэмжигч хүртэл Алексийг ажлаа өгөх ёстой гэж бодох болов. Дараагийн тоглолтод амжилт олохгүй л бол клубын удирдлага түүнийг зайлуулах нь нэгэнт тодорхой. Энэ үед хожигдол болгоныхоо дараа тайлбар хийдэг түүнийг "Бүтэлгүй чалчаа” хэмээн хочлох болжээ. Ингээд удаахь тоглолт нь Английн цомын 1/32 шигшээд "Ноттингем Форест”-тэй тоглох байв. 1990 оны нэгдүгээр сарын 7-нд болсон энэ тоглолтод Марк Робин ганц гоол хийснээр "МЮ” хожиж чадсан. Хэрвээ тэгэхэд Робин гоол хийгээгүй бол Алекс тэнд үлдэхгүй, амжилт "Манчестер Юнайтед”-д ирэхгүй байж. 1989/90 оны улиралд лигтээ 13-р байрт жагссан ч Европын цомтой багуудын цомд "Барселона”-г шигшээ тоглолтод хожсон нь их ялалтын эхний дохио боллоо. Удаахь улиралдаа Лигийн цомдоо түрүүлээд, лигт хоёрдугаар байр эзэллээ.

Эрик Кантонаг "Лидс”-ээс авсан нь Фергюсоны анхны хамгийн зөв цус сэлбэлт болов. Түүнийг ирснээр баг хүчирхэгжиж, сүүлийн 26 жилийн турш хүртээгүй Английн аваргын алдарт хүрч чадлаа. Харин Алекс Фергюсоныг Английн шилдэг дасгалжуулагчаар нэрлэсэн байна. Удаахь улиралд Лигийн цомын алтан медаль хүртсэний зэрэгцээ багтаа Рой Кинийг Будант Альбионд урьд нь дуулдаагүй их үнээр буюу 3.75 сая паундаар өөрийн болгов.

1994/95 оны улиралд "МЮ” ямар нэгэн цом хүртсэнгүй. Гэлээ ч өөрийн академийн таван залууг /Бекхэм, Батт, Скоулз, ах дүү Невилл/ нарыг гарааны тоглогч болголоо. Удаахь удиралдаа залуусаар хүчээ сэлбэсэн "улаан чөтгөрүүд” алтан дубль хийж чадсан юм. Түүний дараа Кантона гэнэт зодог тайлж, багийн лидерийн үүргийг Бекхэм, Скоулз, ах дүү Невилл үүрэх болов.

1999 онд Фергюсон аз, од бүрэн гийжээ. Баг нь Аваргуудын лиг, Английн цом болон Английн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Энэ гайхамшигт ялалтыг нь үнэлж түүнийг Их Британийн Хатан хаан Сэр хэргэмээр шагналаа. Глазгогийн энгийн ажилчдын дүүргийн хүү ийнхүү Их Британийн Сэр болов. Бүр алдарт Мэтт Басби хүртэл насныхаа эцэст энэ хэргэмийг хүртэж байсан билээ.

"Манчестер”-ийн хаант улс

Хүртэж болох бүхий л шагналыг түүсэн Алекс Фергюсон ажлаа орхих эсэх тухай бодолхийлэх болов. Тэр бүр 2002 оны сүүлчээр ажлаа өгөх тухайгаа ил хүртэл хэлсэн удаатай. Цагтаа түүнийг удирдлагууд нь халах гэж ярилцаж байсан бол энэ удаад үлдээх гэж ятгах болжээ. 2000/01 оны улиралд дахин улсынхаа аварга түрүүлснээр Английн хөлбөмбөгийн түүхэнд гурван жил завсаргүй багаа магнайлуулсан анхны дасгалжуулагч болов.

Удаахь улирлын дундуур багаа орхино гэж зарласан Фергюсон зун нь 50 сая паундыг Рууд ван Нистелрой, Хуан Себастьян Верон нарыг авахад зориуллаа. Гэвч асар үнэтэй тоглогчдоо бүрэн ашиглаж "Арсенал”-ыг гүйцэж чадсангүй. Европын дэвжээнээ Леверкузений "Байер”-тай хоёрантаа тэнцээд Глазгод болон Аваргуудын лигийн шигшээ тоглолтод орох эрхгүй болчихлоо. Уг нь Алекс төрөлх хотдоо ялалт байгуулаад зодог тайлахаар төлөвлөж байж.

Амжилт олоогүй улиралдаа шаралхсан Сэр Алекс "Улаан чөтгөрүүд”-тэй гэрээгээ сунгахад хүрчээ. Тэр туслахаараа Карлос Кейрушийг тэгэхэд урьсан юм. Мөн ондоо "Лидс Юнайтед”-аас Рио Фердинандыг асар өндөр үнээр авчирлаа. Энэ улиралд Аваргуудын лигийн шигшээ тоглолт "Олд Траффорд”-д болох байсан тул талбай дээрээ дахин Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлэх хүсэлд тэр бүрэн автжээ. Гэвч Мадридын "Реал” замд нь хөндөлслөө. Энэ ялагдлын дараагаар "МЮ” оддоо бусдад алдах нь гэсэн цуу тарав. Бекхэмийг "Реал” руу 35 саяар, Райан Гиггзийг "Интер” рүү явна гэх мэтээр яригдана. Английн цомын тавдугаар шатанд "Арсенал”-д хожигдсон ч лигийн сүүлчийн хэдхэн тойрогт "их буучид”-ын есөн онооны илүүрхлийг нэхэн гүйцэж чадснаар сүүлийн 11 жилийн хугацаанд найм дахиа аварга болов.

2003 оны зун "Реал” руу Бекхэм үнэхээр явлаа. Гэхдээ 25 саяар. Харин Вероныг "Челси” 15 саяар авав. Бартез чөлөөт тоглогч болсон тул эх орон руугаа буцлаа. Тэдний оронд америк хаалгач Тим Ховард, Лиссабоны мандаж буй од Криштиано Роналдо нарыг авсан юм. Мөн Давид Белльон, Эрик Жемба-Жемба, Клеберсон нарын хожим багт хөлөө олоогүй гурван залуугаар бүлээ нэмлээ. Энэ улиралд "Арсенал” лигт нэг ч ялагдал хүлээлгүй тасархай түрүүллээ. Рио Фердинанд допингийн шинжилгээнд орохоос зугтсаныхаа төлөө найман сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан нь "улаан чөтгөрүүд”-д том цохилт болсон юм. Тэр жил Фергюсон Английн цомын шигшээ тоглолтод "Миллоул”-ыг хожиж л сэтгэлээ аргацаасан гэж хэлж болно. Тухайн онд Аваргуудын лигт Жозе Моуриньогийн удирдсан "Порто” саад болсон билээ. 2004/2005 онд Уэйн Руниг 30 саяар авлаа. Мөн "Лидс”-ээс Алан Смитийг урвуулав. Гэлээ ч тэд улиралд ердөө 58 гоол оруулсан нь үнэхээр чамлалттай. Рууд ван Нистелрой гэмтлийн улмаас олон тоглолт өнжсөн нь үүнд шууд нөлөөлсөн. Ингээд лигтээ гуравт бичигдэж, түрүүлсэн "Челси”-гээс 18 оноогоор хоцорлоо. Английн цомын шигшээ тоглолтод харин "Арсенал”-д пенальтиар харамсалтай хожигдлоо.

2005/06 оны улирлын эхэнд "Фулхэм”-ээс Эдвин ван дер Сарыг, ПСВ-гээс Пак Жи Суныг авчрав. Улирал эхэлмэгц хагас хамгаалагчдыг гэмтэл ээрсээр Абрамовичийн "цэргүүд”-ээс олон оноогоор хоцорч эхэллээ. Гэвч "Челси”-гийн 40 тоглолт хожигдолгүй явсан цувралыг чухам Фергюсоны шавь нар зогсоож чадсан юм. Даррен Флетчер "МЮ”-"Челси”-гийн тоглолтод цорын ганц гоолыг оруулсан. 2006 оны нэгдүгээр сард Видич, Эвра нарыг авлаа. Лигийн цомд "Кардифф”-ыг 4:0-ээр бут ниргэн түрүүллээ. Үүний дараа долоон тоглолт дараалан хожиж, "Челси”-гээс долоон онооны зөрүүтэй болгож бага зэрэг ойртуулсан ч гүйцэж чадсангүй.

Удаахь улирлын эхэнд ердөө ганц Кэррикээр л хүчээ нэмсэн нь балиашгуудыг нь гайхшруулахын сацуу ялалтад итгэх итгэлийг нь багасгасан гэж хэлж болно. Гэвч "Манчестер Юнайтед” энэ улиралд лигтээ түрүүлж чадлаа. Аваргуудын лигт "Олд Траффорд”-оо "Милан”-ыг 3:2-оор ялсан ч "Сан-Сиро”-д 0:3-аар бут ниргүүлсэн юм. Энэ тоглолтод Кака гайхамшигтай байсан билээ.

2007 оны зун Нани, Андерсон хоёртой гэрээ үзэглэлээ. Мөн "Вест Хэм”-ээс Карлос Тевесийг авчирсан бол олон жилийн турш хөөцөлдсөн Оуэн Харгривзийг сая л нэг "Байерн”-аас салгаж чаджээ. "Байерн”-д 17 саяыг төлсөн юм. Криштиано Роналдо төсөөлөхөд ч бэрх олон гоол оруулсан. 40 даваад явчихсан түүний гоолын тоо нь 40 жил эвдэгдээгүй байсан Жорж Бестийн дээд амжилтыг давсан юм. Лигийн сүүлийн өдөр талбай дээрээ "Уиган”-ыг хожвол тэд аварга болох байлаа. Энэ тоглолтод "Улаан чөтгөрүүд” 2:0-ээр хожил авсан бөгөөд нэг гоол оруулсан Райан Гиггзийн хамтаар сэр Алекс арав дахь удаагаа Английн аваргын цомыг өргөсөн юм. Энэ ялалтаас арав хоногийн дараа "Лужник”-т "Челси” тэднийг хүлээж байлаа. Үндсэн цаг, нэмэлт цагт тоглолт 1:1-ээр тэнцэж, пенальти цохиход Роналдо алдаж орхив. "Челси”-гийн тав дахь хүн нь ахлагч Жон Терри. Тэр хийвэл ялалт "Челси”-гийнх. Гэвч Терри хальтраад хаалгаа оносонгүй. Дараа нь Райан Гиггз цохилтоо "чулуу” болгож, харин Николя Анелька ван дер Сарын гарт бөмбөгөө өгчихлөө. Ийнхүү "Манчестер Юнайтед” гурав дахь удаагаа Аваргуудын лигийн аварга болов. "Ганц удаа  Аваргуудын лигт түрүүлсэн дасгалжуулагчийг агуу гэхгүй” хэмээн сэр Алексийг үгүйсгэгчдийн амыг тэр ингэж тагласан. Сэр Алекс 37 цом хүртсэн нь Английн хөлбөмбөгийн түүхэн дээд амжилт. Мөн тэр Англи болон Шотландын аваргад түрүүлсэн ганц дасгалжуулагч.

Шотландын түүхэн хүнд олгодог Абердины хамгаалагч хэргэмийг тэр зүүсэн. Түүнээс өмнө энэ эрхэм алдрыг зөвхөн цуут Уилльям Уоллес хүртсэн юм.

Синатрагийн дуунд улаан дарс шимэгч

Алекс Фергюсоны амжилтыг нэлээд тоочлоо. Эцэст нь хувь хүнийх нь талаар цухас өгүүлье. Тэр хөлбөмбөгчдөдөө их эрх чөлөө олгодог. Хэдийгээр маш хатуу гэгддэг ч гэсэн тэр хажуудаа үг дуугүй дагагсдыг бус өрвөлзөж, өсч дэвжиж байдаг хүмүүсийг байлгахыг хичээдэг. Хэрвээ тоглогчид цагаа барьж, амжилт гаргаад байвал дураар нь байлгах л дуртай. Өглөөний цайгаа орондоо уух юм уу, цугларалтад найз бүсгүйгээ дагуулж явахад нь хажиглахгүй. Мөн хөзрөөр мөрийтэй тоглож буй залуусаа загнахгүй. Олон цаг замд явахдаа уйдаагаа өөрөөр яаж гаргах билээ дээ гэж тайлбарлана.

Харин толгойгоо сэжиж, амралтад шимтэгчдэд маш дургүй. Бэлтгэлээс гурав хоног хоцроод ирсэн Бекхэмтэй хэрхэн харилцсан билээ. Хөлбөмбөг биш өөр зүйл сэтгээд яваа нэгнийг ч өршөөхгүй гэдгээ тэр хувцас солих өрөөнд Бекхэм рүү пүүз өшиглөснөөрөө илэрхийлсэн.

Алекс Фергюсон алдар хүндийн оргилд гарсан ч хоногт 18 цаг яг ажилладаг.

Хөлбөмбөгөөс гаднах түүний сонирхол бол морь унах. 10 мянган паундаас дээш үнэтэй хурдан морьд түүнд бишгүй бий. Гибралтарын цохио хэмээх хурдан морины төлөө тэр 120 мянгыг төлж байсан удаатай. Тэгээд түүнийгээ "Бекхэм, Верон хоёроос ч хурдан байгаа биз дээ” гэж магтана.

Мөн тэр нөхдийнхөө хамтаар эх нутгийнхаа вискиг шимэх дуртай. Өвөө, ааваасаа өвлөж авсан нэг чадвар нь дарсны чанарыг маш сайн таньдаг нь. Харин дуу хөгжмийн хувьд Фрэнк Синатрад дуртай. Синатрагийн дууны аялгуунд "Pauillacs” юм уу "St Juliens” шимэх нь түүний хувьд жаргал.  

Р.Гэгээ. Өөрийн бичсэн "Агуу арав” номын хэсгээс авав.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 676 | Added by: beatbox_battle | Tags: Улаан чөтгөрүүд-ийн төлөө 25 жил өд | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]