Main » 2011 » аравдугаар сар » 19 » "Уруулын будаг" хамтлагийн дуучин Ичко:Дээгий өөрөө л биднээс холбоо тасарсан
7:02 PM
"Уруулын будаг" хамтлагийн дуучин Ичко:Дээгий өөрөө л биднээс холбоо тасарсан

1990-ээд оны сүүлч 2000 оны эхээр Монголын рок,поп урлагт хүч түрэн гарч ирсэн хамтлаг бол  "Уруулын будаг”. Амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ залуусыг байлдан дагуулж,цахиур хагалан гарч ирсэн тус хамтлагийнхан нэг хэсэг шуугиулж явсан билээ. "Хүрээ хүүхнүүд”  "Чамгүйгээр” зэрэг дуугаараа үзэгч,сонсогчдын зүрх сэтгэлийг хөглөж,шар үс,тод өнгийн хувцаслалтаараа ялгарч байсан тэд нэг л өдөр усанд хаясан чулуу шиг алга болцгоосон. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрчээ. Ингээд бид энэ удаа  "Уран бүтээл”  буландаа  "Уруулын будаг” хамтлагийн дуучин,бөмбөрчин Ичко буюу Г.Ичинхорлоог  урьснаа уншигч таньтай уулзуулахаар бэлтгэлээ.

 "Уруулын будаг” хамтлаг  албан ёсоор тарснаас хойш зургаан жил болжээ. Энэ хооронд хамтлагийн гишүүд  хаана, юу хийж явна?

-манай хамтлаг 2005 онд таван жилийнхээ ойн тоглолтыг  хийгээд албан   ёсоор  тарсан.Түүнээс  хойш бид уран бүтээлээ хийх нь битгий хэл урлагийн тайзан дээр хүртэл хамт гарч байгаагүй юм байна. Хамтлаг тарснаас хойш бид хувийн амьдралдаа анхаарч,зам замаа хөөсөн гэхүү дээ.Ганаа маань Францад одоог хүртэл амьдарч ,ажиллаж байна. Дээгий БНСУ-д амьдарч байгаа байх. Миний хувьд БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газар ажиллаад таван жил гаруй болж байна.

 Тав зургаан жил ямар ч өрсөлдөгчгүй дуулж ,бүжиглэж байсан охидын хамтлаг гэнэт л тарахаар болсон. Хамтлаг тарах болсон шалтгааныг хамтлагийн ахлагч Дээгийг БНСУ-д сурах болсонтой холбоотой гэдэг. Дээгий байхгүй байсан ч та хэд уран бүтээлээ хийгээд цааш явж болоогүй юм уу?

-Дээгий БНСУ-д сурах болсноор хамтлаг тарсан нь үнэн.Гэхдээ Дээгийг Солонгос руу явсны дараа ч гэсэн бид гурав уран бүтээлээ үргэлжлүүлэн таван жилийн ойн тоглолтоо зохион байгуулсан. "Уруулын будаг” гэдэг хамтлагийг Дээгий байгуулсан нь үнэн. Тэр ч утгаараа хамтлагийн ахлагч байсан.Нэгэнт л байгуулсан хүн нь хамтлагаа орхиж байхад бид яах юм бэ. Хүн чинь хүний юманд сэтгэл гаргахгүй шүү дээ.

 Хамтлагийнхаа бусад гишүүнтэй холбоотой байгаа биз дээ?

-Дээгийгээс бусадтай нь холбоотой.Гэхдээ Дээгийтэй бид  холбоогүй байдаг юм биш шүү,Дээгий өөрөө л бидэнтэй холбоогүй байдаг юм.

 Тийм гэж үү.Нэг хэсэг Дээгийг  "Зоос”  банкнаас их хэмжээний мөнгө залилаад усанд хаясан чулуу шиг алга болжээ гэсэн мэдээлэл цацагдаж байсан.Энэ бүхэнд "Уруулын будаг” хамтлагийн нэр гарч л байлаа?

-Дээгийгийн банк,мөнгөний асуудалтай эсэхийг би мэдэхгүй.Гэхдээ Дээгийг хамтлагаас гарахаас өмнө "Зоос” банктай манай хамтлаг гэрээ байгуулаад ,хамтран ажиллаж байсан. Тэднийхийг сурталчилж байсныг олон түмэн ч санаж байгаа байх.Гэхдээ тэр бүхэн энэ өр ширний асуудалтай ямар ч холбоогүй. Үүнийг Дээгийгээс өөрөөс нь асуувал дээр байх.

 Ингэхэд   "Уруулын будаг” хамтлаг дахин нэгдэж,уран бүтээл хийх болов уу?

-Сайн хэлж мэдэхгүй юм.Энэ асуудлыг би бусад гишүүнийхээ өмнөөс ганцаараа шийдэж,хариулах боломжгүй.Тэгээд ч хамтлаг буцаад нэгдэх эсэхийг шийддэг хүн нь бид биш.

 Бид биш гэхээр?

-Манай хамтлаг анх гарч ирэхдээ л продюсер Б.Долгион гэх толгойтой байсан. Бидний дуулсан дууны ихэнх нь  Б.Долгион ахын зохиосон дуу байдаг. Үнэхээр ч чадварлаг,сайн продюсерийн буянаар хамтлаг маань тухайн үед залуусыг байлдан дагуулж,шуугиулж байсан.Биднийг  "Долгионы охид гэдэг байлаа шүү дээ.

Тэгэхээр хамтлаг эргээд уран бүтээл хийх эсэх нь ая зохиогч Б.Долгионоос шалтгаална гэсэн үг үү?

-Яг тэгж ч ойлгож болохгүй л дээ.Тэгээд ч бид одоо шинэ уран бүтээл хийнэ гэдэг юу л бол.Яах вэ,хуучнаа дурсах маягаар дахин нэгдэж,хуучны дуулж байсан сайхан дуунуудаа дуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хамтлаг нэгдэж,уран бүтээл хийх эсэх нь ганц миний хариуцах асуудал биш. Бусадтайгаа,продюсертэйгээ сууж байгаад хамт шийдэх асуудал.

Одоо бодоход  танай хамтлагийн хувцаслалт,хоолойны өнгө,нугалаа гээд их өвөрмөц байжээ?

-Магадгүй.Гэхдээ хамгийн анх Гэгээнээ маань гадагшаа сургуульд явахаар болж,оронд нь бид Энжиг авсан.1994-2004 оны хооронд уран бүтээлээ туурвисан. Тухайн үед одоогийнх шиг охидын хамтлаг олон байгаагүй.Энэ ч нөлөөлсөн.Хамгийн гол нь бид амьд хөгжмийн эмэгтэй хамтлаг гэдгээрээ бусдаас ялгарч байлаа. Дээр нь мэдээж бидний хувцаслалт,имиж их нөлөөлсөн байх.Шар үс,тод өнгийн хувцсаар имижээ бүрдүүлдэг байлаа. Бидний энэ бүх алхам,шийдэл манай хамтлагийг Монголын рок,поп урлагт өнгө ялгаран гарч ирэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Имиж,хувцаслалт бүгд сайн продюсеррийн л гавьяа гэж боддог.Манай хамтлаг цорын ганц продюсертай ажилладаг гэдгээрээ менежмент их сайтай байсан.

 Тийм шүү.Бас  "Хүрээ хүүхнүүд” , "Зуны дурлал” гээд сайн сайн дуу дуулж байсан?

-Тийм ээ. Манай хамтлаг "Хүрээ хүүхнүүд” , "Зуны дурлал”, "Чамгүйгээ” зэрэг уран бүтээлээрээ нэрийн хуудас хийж,1970,1980-аад оны дуунууд болох "Сарнай цэцэг”, "Дуунд дуртай болов оо” зэрэг сайхан дууг өөрсдийн стилд оруулан үзэгчдэд хүргэж байлаа.Ганц энэ ч биш тавхан жилийн дотор чамлахааргүй амжилтанд хүрсэн. Энэ хугацаанд гурван ч бие даасан тоглолтоо хийсэн.Мөн "Цэнхэр дэлгэц” телевизийн хөгжмийн цуврал нэвтрүүлэгт нэрээ үлдээсэн. 2000 оны "Пентатоник” наадмын шилдэг дебют хамтлаг болж,гурван альбом гаргаад, "UBS music” МҮОНТ-ийн хөгжмийн сувгуудаар хоёр удаа амьд хөгжмийн тоглолтыг тавьж байлаа.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 633 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]