Main » 2011 » аравдугаар сар » 25 » Зөвхөн мэс заслын үед хэрэглэдэг тариаг мансуурагчдын бүлэглэлд худалдаалдаг байжээ
4:12 PM
Зөвхөн мэс заслын үед хэрэглэдэг тариаг мансуурагчдын бүлэглэлд худалдаалдаг байжээ
 

Манай сонин өмнөх дугаарууддаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой мэдээллүүдийг хүргэсээр байсан.

Тухайлбал, манай улс хар тамхи хэрэглэгч орны тоонд багтах боллоо гэх мэт. Хар тамхи нь дэлхийд "цагаан тахал” хэмээн нэрлэгдэж, хүн төрөлхтөнд аюулын харанга дэгдээгээд байгаа талаар энд тэндгүй яригдаж байна.

Өмнө нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт ихэвчлэн залуус холбогдож, тэр дундаа олны танил хүмүүс энэ төрлийн хэргээр ял шийтгүүлсэн нь цөөнгүй. Тухайлбал, хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр ял шийтгүүлж байсан ди-жей Өөжий дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн.

Ийнхүү олны танил хүмүүсээс эхлээд асрамжийн газарт өссөн хэсэг залуус ч хар тамхины хар гайгаар эд хийж бүтээх насаа торны цаана өнгөрөөжбайна. Бүр гадаадад, тэр дундаа хятадад цаазаар авах ял сонссон хэд хэдэн Монгол залуус байгаа юм. Гэтэл одоо хамгийн эмгэнэлтэй нь хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүрэг хүлээсэн эмч, сувилагчид энэ хэрэгт холбогдоод байгаа аж.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн мансууруулах бодистой тэмцэх сарын аянг өрнүүлжээ. Энэ үеэр хэд хэдэн мансуурагчдын бүлэглэлийг илрүүлж, тэдэнд мансууруулах бодис худалдаалж байсан хүмүүсийг ч илрүүлсэн байна. Үүний дотор "эмнэлгийн ажилтнууд мансууруулах төрлийн бодис бүхий тариа худалдаалдаг байсан” хэргийг илэрсэн аж.

Хэргийг одоогоор Улсын мөрдөн байцаах газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын томоохонд тооцогдох Улсын клиникийн төв эмнэлгийн сувилагч нар тус хэрэгт холбогдсон байна.

Тус эмнэлгийн сувилагч Н, Б нар нь фентанил гэх маш хүчтэй найрлага бүхий зөвхөн мэс заслын үед хэрэглэдэг тариаг бусдад худалдаалж байсан ньтогтоогджээ. Фентанилийн үйлчилгээ нь морфиноос хэд дахин илүү.

Тиймдээ ч мансууруулах бодист донтсон хүмүүс хууль бусаар олж аван хэрэглэдэг бололтой. Энэхүү тариаг импортлох тусгай зөвшөөрлийг монголд цөөхөн компани авсан тухайлбал, "Эм импэкс” зэрэг байгууллага оруулж ирдэг аж.

Уг тариа нь найрлагадаа хар тамхины төрлийн бодисын хольцтой бөгөөд дээрх компанийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд нийлуулдэг үнэ нь 4000-5000 төгрөг байдаг аж.

Шалгалтын үеэр илрүүлсэн мансуурагчдын бүлэглэлийн нэг "УКТЭ-ийн сувилагч нартай холбогдон мансууруулах төрлийн эм бэлдмэл бүхий фентанил гэх тариаг худалдан авдаг байсан” гэдгээ хүлээсэн юм байна. Мөн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй "Эмжж” гэх хувийн эмнэлгийн сувилагч мөн л дээрх тариаг худалдаалдаг байсан гэдгийг мэдүүлсэн аж.

Дээрх хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "ЭМЖЖ эмнэлгийн сувилагч Х,Э нарт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан "Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг бусдад удаа дараа борлуулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Түүнээс гадна УКТЭ-ийн сувилагч Н.Б-г дээрх үндэслэлээр мөн шалгаж эхэлсэн” гэсэн хариултыг өгсөн юм.

Чухам хэн гэдэг сувилагч энэхүү хэрэгт холбогдож, хэнд хичнээн фентанил гэх тариаг худалдаалж, хэний заавар зөвөлгөөгөөр тус ажлыг хийсэн гэдэг нь тэртээ тэргүй хуулийн байгууллагынхны шалгалтаар ил болно.

Харин энд үндэсний аюулгүй байдал хэрхэн алдагдаж, Монгол хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг Монголын эмч, сувилагчид илтгэлээ. Цаашлаад ард иргэдийн эрүүл мэндийн салбарынханд итгэх итгэл улам бүр мохсоор байгааг сануулмаар байна.

Уг нь бол эмч гэдэг хамгийн хариуц-лагатай, ёс зүйтэй мэргэжил шүү дээ. Гэтэл өнөөдөр эерэгээрээ эмнэлгийн байгууллагынхан мансууруулах бодис худалдаалдаг сүлжээ болж таарлаа.

Ер нь ч сүүлийн үед эмч, тэр дундаа сувилагч нарын хариуцлагагүи баидлаас болж олон нярай эндэж, эрүүл мэндээрээ хохирч, эрүүл мэндийн байгууллагынхан ямарваа нэгэн байдлаар шүүхийн хаалга татлаа гэх мэдээ чих дэлсдэг болсон.

Тэдэнд мэргэжлийн ёс зүй, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж баймаарсан. Түүнийгээ сахидаггүй эрүүл мэндийн салбарынхны энэ мэт бусармаг явдлыг эцэслэх цаг болсон юм биш үү салбарын сайд аа.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 504 | Added by: beatbox_battle | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]