4:30 PM Засаг дарга Ж.Баянмөнх зангаргатай авлигач уу? | |
НЕФТИЙН КОМПАНИУД "МИНИЖУУЛЖ” БАЙГАА ЖАНЖИН ЧОЙР Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх хэмээх Дамбий Жагийн өнөө цагийн хувилбар гэмээр нөхрийн тухай 11 жил сонсож байгаа билээ. Ардын хувьсгалын эхэн үед баруун хязгаарт Дамбий Жа ард иргэдийн зүрхийг сугалж туг тахив гэдэг шиг… Тэрбээр дарга нараа зодлоо, хавиргыг нь хуга өшиглөв, зодолдов, бусдын өмчийг булаав, хэдэн саяын авлига авлаа гэж сонсогдох юм. Хувьсгалын эхэн үед байсан бол ард иргэдийнхээ зүрхээр туг тахихаар л хүний сураг сонсогддог юм. Тэрүүхэн хавьдаа дарангуйлал тогтоож, Монгол Улсын бус өөрийн хууль дүрмээр ард иргэдээ захирдаг Засаг дарга юм уу даа. Ингээд газар дээрээс нь сурвалжлахаар редакцийн томилолт аван Говьсүмбэр аймгийг зорилоо. Энэ аймаг руу засмал зам, төмөр зам хоёулаа тавигдсан. "Мянганы зам”-ын босоо тэнхлэгээр 3-4 цаг давхиад л Говьсүмбэр аймгийн төв болох Сүмбэр сум (Чойр шүү дээ) дээр давхиад ирлээ. Ёотон шиг дан цагаан байшингууд, гуринхалсан ноход, бор гэрүүд, банз нь ховхорсон саарал хашаанууд. "Соц” нийгэм сэхээнд байх үе буюу 1980 оны төгсгөл хавьцааны салхи шуургатай үеийн дүр зураг санаанд бууна. Үүнээс гадна баргар царайтай залуус хашааны булан тохойд зээглэн сууцгааж жихүүдэс төрүүлэм цоо ширтэх юм. Нефтийн компаниуд төмөр зам дагуу "минижуулж” байгаа мэт шатахуун агуулах баазуудаа барьж байгаа үзэгдэнэ. Эдгээр компаниуд Өмнөговь аймагт босч буй Таван толгой, Оюу толгойн ордуудад хэрэглэгдэх нефтийг Говьсүмбэр аймгаас урагш зөөх бололтой. Улаанбаатар хотоос галт тэргээр зөөвөрлөх нефтиэ Сайншанд хотоос Таван толгой руу зөөхөд арай л дөт баймаар. Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг гэдэг нөхөр нефтийн компаниудын дураар газар олгоогүй гэнэ. Энэ аймгийн иргэд нефтийн агуулах дунд амьдарч байгаа нь илт байлаа. 1990 оноос өмнө тус аймагт ЗХУ-ын хорин мянган цэрэгтэй арми байсан. Тэдний үлдээсэн байшин барилга, машин техник, зэр зэвсгээс өгсүүлээд зэс гуулийг говьсүмбэрчүүд 20 жил зарсан гэхэд болно. Зах зээлийн эхэн үеийн хүндхэн жилүүдэд орос ах нарын үлдээсэн "хог” олон иргэдийг тэжээсэн гэхэд ч хилсдэхгүй. Одоо ч гэсэн үлдсэн барилга байшингуудыг нурааж л байна лээ. Өдгөө балгас болсон, болоогүй барилга байшингуудаа оросууд орхиод гарахдаа "Их өр”-ийн нэгээхэн хэсэг болгосон юм шүү дээ. Говьсүмбэр аймаг Баянтал, Шивээ Овоо, Сүмбэр гэсэн гурван сумтай, 14508 хүн амтай, 4289 өрхтэй, нэн ядуу өрх 220, ядуу өрх 542, ажилгүй 2450 иргэн байдаг аж. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ч хүн ам багатай юм билээ. Уг нь цөөхөн хүн амтай, газарзүйн байрлал сайтай, дэд бүтэц дээд зэргээр хангагдсан, хүн ард нь дуулгавартай гэж байгаа. Ийм аймгийг өөд татаад явчихаж болмоор. Энэ нутгийг гэх сэтгэл, зүтгэлтэй хүн байсангүй юу гэсэн сэтгэгдэл төрөх аж. ЖАМСРАНГИЙН БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ Уг нь "Цайз” захын арьс ширний гайгүй ченж байсан юм билээ. Мань эр 1996 оны үед МАХН-ын цагаан байранд цахилгаан дулаан хариуцан ажиллахаар ажилд орсон гэнэ. Тэгэхдээ Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшинтэй танилцаад авчээ. Бүр урд хойно нь гүйж байгаад шадар туслах нь болжээ. Ингэж цүнх барьж гүйсний хүчинд Ж.Баянмөнх 2000 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга болсон түүхтэй. Тэрбээр 2000 оноос хойш одоо хүртэл тасралтгүй аймгийн Засаг дарга хийж байгаа цөөхөн нөхдийн нэг юм. 11 жил Засаг даргын суудалд суухдаа ажил мэргэжилдээ бус авлига, ард иргэдээ дээрэлхэхдээ айхавтар гаршсан гэх юм. Түүний талаар байсхийгээд сонин хэвлэл, Авлигатай тэмцэх газар өргөдөл гомдол ирдэг аж. Нэг намын давамгайлал дор говь нутагт өөрийн гэсэн ноёрхол, тойрон хүрээлэгчээ бүрдүүлээд авчээ. Үзэл бодлоор нь хавчин гадуурхах үзэгдэл АН-ын гишүүдийн гэр бүлд тохиолддог гэнэ. Баянтал сум дээр л гэхэд АН орон нутгийн сонгуулиар ялалт байгуулжээ. Гэтэл Засаг дарга Ж.Баянмөнх АН-аас сонгогдсон Засаг даргыг баталдаггүй. Аймгийнх нь шүүх "Засаг даргыг нь томил” гээд байхад гүрийсээр хоёр, гурван сар болгосон байдаг. Түүний тойрон хүрээлэгчид Говьсүмбэр аймагт бизнес хийдэг байна. Аймгийн төвийн дулааныг "Ус-Ду” компанийн захирал, Иргэдийн хурлын тэргүүлэгч С.Лувсанвандан, Цахилгаан шугам сүлжээг Иргэдийн хурлын тэргүүлэгч Шүрэнчулуун олон жил хангаж байгаа аж. Төсвийн хөрөнгөөр хийгдэх энэхүү ажилд ямар нэг сонгон шалгаруулалт гэж байхгүй гэнэ. Эдгээр нөхөд жил бүр төсвийн тодотгол руу гараа сарвайн мөнгө төгрөг нэмүүлж суудаг гэх юм. Засаг дарга Ж.Баянмөнхийн хөрөнгө чинээний хувьд жилдээ зуун сая төгрөгийн орлоготой юм билээ. Улаанбаатар хотод хоёр ч байртай, Багануур дүүрэгт хаустай, тус бүр нь 770 мянган төгрөгөөр үнэлэгдэх эзэмшлийн долоон газартай. Эдгээр газрыг ямар ч дуудлага худалдаагүйгээр олоод авчээ. Говьсүмбэр аймгийн Засаг дарга юм чинь орох орон байж л таараа. Зүгээр нэг хоёр, гурван өрөө байранд суухгүй, орцоор нь, байшингаар л эзэмшинэ гэж ярина. Зөвлөлтийн цэргийн ангиас үлдсэн 90 айлын зургаан орц бүхий байрны орон сууц тус бүрийг нэг сая төгрөгөөр "Жи Эм Би” гэдэг компанид өгсөн байх юм. Мөн л дуудлага худалдаа гэдэг зүйл явагдсангүй. Харин өөрөө нэг орцыг нь авч 2,3,4 дүгээр давхрын гурван айлын байрыг нэгтгэн хоёр хүүдээ өгчээ. Тэгэхдээ Өрхийн эмнэлэг барих нэрээр төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулан хүүхдүүдийнхээ орон байрыг засаад авчээ. Засаг дарга Ж.Баянмөнх өөрөө өөртөө захирамж гарган байр байшин өгнө. Үгүй бол эхнэр А.Оюундаа тушаал шийдвэр гаргадаг байх юм. Сүртэй нь аргагүй "Зээрд овогт Адилбишийн Оюунд Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 0.04 га газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй. Зохистой ашиглахыг иргэн А.Оюунд үүрэг болгосугай” гээд захирамж гаргана. Шуудхан "Хоёр хүүхдийн минь эх, халамжит ханийнхаа нэр дээр 0.04 га газар шилжүүлэв. Удахгүй зарна, нөхөр нь” гэхэд ч болохгүй юмгүй. Ийм захирамж шийдвэрийг дараагийн дугаарт өгүүлэх болно. ХҮН ЗОДОХ ШИГ ХУУЛЬГҮЙ ЗҮЙЛ АЛГА Хүн зодно гэдэг Эрүүгийн гэмт хэрэг. Харин Засаг дарга Ж.Баянмөнхийн хувьд "Эр хүн шиг харьцааны нэгэн хэлбэр” гэж байгаа. Тэрбээр намынхаа байрыг хоригдлуудаар бариулж байхдаа нарийн бичиг дарга асан Н.Хишигдоржийн хөлийг хуга өшиглөжээ. Үүний дараагаар Эд хөрөнгийн бүртгэлийн албаны дарга, хуульч Ц.Сарантуяаг өрөөндөө дуудан оруулж ирээд цохиж унагасан байх юм. Энэ хуульч эмэгтэй "Засаг дарга Ж.Баянмөнх өөрөө өөртөө тушаал гарган төр захиргааны байруудыг хувьдаа шилжүүлэн хууль зөрчсөн” гэж мэдэгдээд зодуулсан хэрэг. Зодуулсан эмэгтэй цагдаа сэргийлэхэд хандах нь мэдээж. Тэгтэл цагдаагийнхан Ц.Сарантуяаг авлига авсан хэмээн жил гаруй цагдан хорьсон байдаг юм. Тэрбээр 250 мянган төгрөгийн цалингийн зээл авсан байдлыг ийнхүү гуйвуулсан хэрэг л дээ. Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 20 жилийн ойгоор Засаг дарга Ж.Баянмөнх согтуурхан нутгийн зөвлөлийн дарга Б.Энхтөрийг бусадтай хардан тархийг нь цоо цохисон байна. Харин цаадах нь нэлээд шартай нөхөр байсан учир харилцан ноцолдож "Баярын хүлээн авалт” гэхээсээ илүү бар арслангийн зодоон шиг юм болжээ. Аймгийн Засаг дарга нь иргэдээ сурган хүмүүжүүлж байгаа мэт зоддог гэх юм. Тэгээд иргэд нь хэл ам хийж байснаа эвлэрч ажилд ордог гэх хачин яриа чих дэлсэж байлаа. Ингээд нутгийн хэд, хэдэн иргэдтэй уулзахад "Засаг дарга Ж.Баянмөнх "ИЛК-Говь-Урал” компаниар мөн ч их тоглож байгаа юм. Очиж уулзахгүй юу” гэсэн юм. Тэдгээр иргэдийн зөвлөснөөр тус компани дээр яваад очлоо. Баяжуулсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх зорилготой компани бололтой. Ашгүй компанийнх нь захирлууд байсан учраас үүссэн нөхцөл байдлын талаар тодруулж авлаа. | |
|
Total comments: 0 | |