Main » 2011 » 11-сар » 9 » Жүжигчин Т.Батушка: Бадарчин яаж явдаг вэ, тэрэн шиг л явлаа
3:52 PM
Жүжигчин Т.Батушка: Бадарчин яаж явдаг вэ, тэрэн шиг л явлаа
Жүжигчин Т.Батушка: Бадарчин яаж явдаг вэ, тэрэн шиг л явлаа

"Шинэ үе"  продакшны жүжигчин гэдгээрээ та бидний танил болсон жүжигчин Т.Баттулга буюу Батушка эх орондоо өнгөрсөн сард иржээ. Түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Энэ зуныг сайхан өнгөрүүлэв үү?

- Сайн. Сайн байна уу? Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ зуныг Шведэд өнгөрөөлөө. Тэрнээс өмнө Энэтхэгт Англи хэлний курст зургаан сар суучхаад ирсэн. Ирээд  удаагүй  байнаа.   

- Ирээд уран бүтээлд оров уу?

- Ирээд "Мөрөөдлийн театр”-ын гишүүн болсон.  Манай "Мөрөөдлийн театр” маань энэ сарын 17-нд "Миний нууц хүү" гээд  Оросын  зохиолч  Вапиловын  "Миний ууган хүү” гэж зохиолоос сэдэвлэн, Монгол ахуйд буулгасан жүжгийг тавих гэж байна. Жүжигт маань Ардын жүжигчин Мягмарнаран ах, Гавьяат жүжигчин Оюундарь эгч, манай Алтаншагай, Эрхэмбаяр тоглож байгаа. Бид нар энэ уран бүтээлээ тавих гээд гүйж байна даа.

- Жүжигт ямар үүрэг рольтой оролцож байна вэ? Менежер хийж байгаа гэж дуулсан.

- Миний менежер хийнэ гэж юу байхав.  Нэг хамт олон болохоор арын албанд гүйж, харайх юм зөндөө гарч байна.  Бүх л юманд гүйж харайгаад явж байна даа.

-  Эргэж ирээд дуучин Наратай холбогдов уу?

- Уулзаагүй ээ. Би ажил ихтэй яваад байгаа. Бас Нара маань гадагшаа явсан сурагтай байсан.Бид хоёр бол салчихсан л байгаа л даа.  

-Хэзээ?

- Зургаан сарын өмнө.

 

- Эмэгтэйчүүдийн талаарх таны бодол?

- Би нэг их айхтар  ийм тийм гээд байдаггүй л дээ.  Ер нь ганц эмэгтэй хүн өөрийнхөөрөө байгаасай гэж боддог. Зарим нэг нь худлаа дүр эсгэдэг. Ер нь худлаа ярьдаг хүнд би дургүй . Яагаад гэвэл нэг л тийм сонин санагдаад байдаг юм. Өөрийнхөөрөө л байвал боллоо.

- Одоо найз охинтой болов уу?

-Одоогоор тийм юм байхгүй ээ. Тэр талаар бодох бодол ч алга. Одоо бол цэвэр уран бүтээлдээ оръё гэж бодож байгаа.  

- Гадаадад байхдаа  охидтой холбогдсон л байх даа? Ер нь  гадаад, дотоодоор явж байхад охид хэр хандарч байна?

- Холбогдоогүй ээ, холбогдоогүй. Үгүй яахав дээ.  Хандрах нь ч хаашаа юм.  Зарим нэг нь жүжигчин гэдэг талаасаа таньж мэдээд танилцах үе бол байсан.  Тэрнээс дотно харьцаа бол байсангүй.

- Бүтэн жил  тэгээд харьцаанд ороогүй гэж үү?

- Хөөх. Ийм аймаар юм ярих юм уу?  Үгүй яахав дээ. Яагаад байж болохгүй гэж. Бадарчин яаж явдаг вэ? Тэрэн шиг л явлаа.  Залуу насандаа өөр улсын амьдралтай танилцъя,  гадаад дахь Монголчууд маань яаж амьдардаг вэ? Яг л тэдний жишгээр байж байгаад л ирсэн.  Сайхан байсан.

- Хайр сэтгэл гэдэг таныхаар?

- Зарим нэг хосуудыг харахаар нэг нь хайртай, нэг нь хайргүй байдаг мөртлөө суучихсан байдаг.  Үнэхээр хоёр биендээ хайртай тэгээд суучихсан хүмүүс царай нь гэрэлтээд л цаанаа л нэг өөр байдаг ш дээ.  Тийм учраас хоёр талтай юм болов уу гэж боддог. Тэгээд яахав үнэхээр хайртай учирвал  ажил үйлс бүтээд,  цаанаа л нэг мэдрэгдээд байдаг юм.  Бусад хүмүүст бол яадгийг мэдэхгүй юм. Надад бол тэгж санагддаг юм.

-Таны анхны хайр?

- /Инээв/ Анхны хайр уу? Байсаан байсан. Нэг л байсан.  

- Бөөрөнхийлөхгүй шүү...

- Анхны хайртай байсан. Тэр талаар нэг их яримааргүй байна.  

- Дуучин Нара юу?

- Яагаад байж болохгүй гэж.

-Тэгвэл  секс?

-Ямар эвгүй юм бэ? Үнэхээр хайртай хүнтэйгээ секс хийвэл гоё байлгүй яахав. Үнэхээр таашаал авдаг.  Тэрнээс юу гэдэг билээ? нэг өдрийн, гэнэтийн...

- Тохиолдлын

- Тохиолдлын бэлгийн хавьтал бол түрхэн зуурын таашаал аваад л өнгөрдөг байлгүй дээ.  

-Өнгөрсөн хугацаанд хичнээн охинтой үерхэж байв?

- Яг ний нуугүй ярихад арван жилд  нэг их охин  энэ тэр гэж гүйж байгаагүй.  Үерхэл байсангүй.  

- Нарагаас өмнө хичнээн охинтой үерхэж байв?

- Оюутан байхдаа л хоёр охинтой үерхэж байсан.            

- Тэгэхээр СУИС дотроосоо байх нь ээ?

- СУИС-ийн нэг охинтой үерхэж байсан.

-Олны танил хүн юм уу?

- Үгүй нөгөө...  /эргэлзэв/

-Жүжигчний анги юм уу?

- Манай жүжигчний доод курс байсан.

- Хэр их уурладаг вэ? Дандаа инээж явах юм аа. 

- Би уурлахаараа аягүй огцом ууртай.  Гэхдээ хэр баргийн юманд уурладаггүй.  Нэг уурлахараа дүрс хийчих гээд байдаг ч гайгүй ээ.  Аль болох уурлахгүйг хичээдэг.

- Уураа яаж гаргах уу?

-Би уурлахаараа ганцаараа л байх дуртай.  Дуугаа хураачихдаг ч юм уу.  Эсвэл хааяа ганцаараа юм бодоод алхах дуртай.  

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ганцаараа хэр алхав?

-Тодорхой хэмжээгээр байлгүй л яахав.  Гэхдээ хүн ганцаараа байгаа тохиолдолд өөрийгөө илүү таньж мэддэг юм болов уу гэж боддог.  Хааяа хүмүүс ганцаараа байх чинь муухай гэдэг ш дээ.  Харин эсрэгээрээ хааяа надад ганцаараа байх нь жаргал ч юм шиг санагддаг.  

- Хийх дуртай зүйл?

- Ер нь зугаалах дуртай.  Байгалийн сайхан д гарч, хөдөө гадаа явах сайхан.

- Сая тэгвэл Энэтхэг, Шведээр сайн явж дээ?

-  Өө сайн явсан. Би Энэтхэгийн Банглор хотод хэлний бэлтгэлд сурсан. Өөр бас бус хотуудаар явсан.  Тэгээд Майсур хот руу явж 2011 оныг далайн эрэг дээр, хав халуунд шорттой, дээгүүрээ нүцгэн угтсан.   Тэгж он гаргах чинь бас сонин байдаг юм билээ.  Анх удаа тэгж он гаргаж үзсэн. Гоё байсаан.  

- Олон улсаар явсан хүн эмэгтэйчүүдийг нь харьцуулаад харж байв уу?

- Харьцуулж харж байсан. Манай Монголд ч сайхан, хөөрхөн охид байна. Тэр гадаад улсад нь ч гэсэн хөөрхөн охид байна. Тэгээд яг улс болгон л өөрийн гэсэн өнгө аястай санагдсан. Тэрнээс яг тэр нь хөөрхөн, энэ нь хөөрхөн гэсэн юм байхгүй.

- Фейсбүүкийг чинь харахад нилээн аялсан байна дээ? Швед, Энэтхэг, Чех, Хятад өөр хаанах байсан бэ?

-  Тийм.  Бид нар оюутан байхдаа 4 дүгээр курстээ Орос руу явж байсан.  

- Хүнд нь юу байв? Сайхан нь юу байв?

- Энэтхэг Швед удсан гэдэг утгаараа ч юм уу?  Илүү сайн мэдэрсэн.  Энэтхэгчүүд үнэхээр сайхан найрсаг ааштай,  тусч улсууд байдаг.  Шведүүд ч гэсэн ялгаагүй.  Шведэд байхад анх хүн болгон инээгээд таньдаг ч бай таньдаггүй ч бай мэндлээд л зөрдөг байсан.  Эхэндээ худлаа ч юм шиг санагдаад байдаг байсан чинь сүүлдээ  дасаад ирэхээрээ өөрөө бас инээгээд танихгүй хүнтэй мэндэлчих гээд байдаг болчихсон байсан.  

- Хэцүү нь юу байв?

- Хүний нутагт өөрийгөө тэжээх  хэрэгтэй.  Тэгээд цагийн ажил хийдэг л байсан. Есөн шидийн ажил хийдэг байсан.  Хүн ер нь дургүй зүйлээ хийнэ гэдэг шиг утгагүй зүйл байдаггүй юм байна лээ.  Тэрийг маш сайн мэдэрсэн.  Хүн өөрийнхөө дуртай, хүссэн мэргэжлээрээ ажиллана гэдэг үнэхээр сайхан.

- Ер нь яагаад гэнэт гадагшаа явах болчихов?

- Дэлхийг тойрох мөрөөдөл надад байдаг юм. Тэгээд би өөрөө аялах дуртай.  Уг нь 10-аа төгсөөд аялал жуулчлалын ангид орно гэж бодож байсан юм. Найзуудтайгаа багаасаа дуулж, бүжиглэх дуртай байсан болохоор хип хоп хамтлагтай гээд явдаг байлаа. Тэгээд манай хоёр гурван сайн найз  жүжигчний ангид шалгалт өгнө. Батушка цуг өгье гээд намайг ятгаж чадсан юм болов уу гэж боддог.  Тэгээд би одоо жүжигчин болсондоо ерөөсөө харамсдаггүй. Би яг энэ шийдвэрийг шөнөжингөө, бүүр үүр цайтал бодоод аялал жуулчлалаараа явах уу эсвэл найзуудыгаа дагаад явах уу гэж бодсон. Нэг ёсондоо манай найзууд намайг урвуулсан гэж хэлж болно. Гэхдээ би найзууддаа баярлаж явдаг.

- Аав ээж хэрхэн хүлээж авсан бэ?

- Манай аав ээж бол өөрийнхөө сонгосон юмаараа л яв гэдэг.  Тэрнээс надад ийм бол тийм бол гэж шахаж шаарддаггүй байсан.  

- Танай удамд ер нь жүжигчин байдаг уу?

- Байгаа.  Яг ярих гэж байлаа.  Манай аавын ах нь одоо бурхан болчихсон л доо.  Ч.Хүрэл гээд жүжигчин байсан.  Хүрлээ ахыг маань  "Гэрлэж амжаагүй явна”-д уурхайчин, "Анхны алхам”-д шувуу сийлдэг залуугийн дүрд тоглосноор нь ард түмэн мэднэ.  Намайг бас тэнгэрээс харж ивээдэг байх гэж  би боддог.  Манай аав чинь таван хүү, таван охинтой айлын дээрээсээ хоёр дахь хүү нь байсан.

- Өөрөө эхээс хэдүүлээ билээ?

-Дээрээ хоёр эгч, нэг ах,  нэг эмэгтэй дүүтэй. Манай аав бурхан болсон. Би одоо ээж, эгч, дүүтэйгээ амьдарч байна.  

- Ер нь эрх байх?

- Эрхэлж бол өсөөгүй.  Багаасаа бие дааж өссөн.  Бага байхдаа найзуудтайгаа нийлж сахилгагүйтэж баахан гүйдэг байсан.

-Сахилгагүйтэж байсан түүхээс?

-  Би ер нь багадаа дуу чангатай хүүхэд байсан.   Арван жилд манай ангийн багш намайг орилоо шаазгай гэж хочилдог байлаа. Хэзээний л ширээн дээр гарчихсан орилж байдаг.  Яагаад ч юм багш яг тэр үеэр орж ирж таардаг байсан.   

- Одоо бол өөр хочтой биз?

- Одоо тэр хоч мартагдсан.  Манай найзууд ч энэ хочийг бараг мэдэхгүй. Одоо бол харьцангуй даруухан болсон болохоор хоч байхгүй ээ.

- Гарын эв дүйтэй байх?

- Би ер нь өөрийгөө гарын эв дүйтэй гэж боддог. Ер нь  миний яваагүй дугуйлан гэж байхгүй дээ.  Таэквондо,  каратэ гээд зодооны урлагаар их явдаг байсан.  Ногоо тарьдаг, баримал, зургийн дугуйланд явдаг байлаа.  Багадаа зураг зурах дуртай байсан.

- Хааяа зурах уу?

- Хаяа зурж найзуудаа алмайруулдаг ш дээ.  /инээв/ Чи зурсан гэж үү гээд л асуудаг юм.  

- Шоуддаггүй гэж худлаа хэлээд яахав тийм ээ?

- Би бол шоуддаггүй гэж хэлэхгүй. Найзуудтайгаа хааяа орж гардаг. Гэхдээ ажлаа зохицуулаад явдаг л даа. Тодорхой давтамж бол байхгүй.  

- Сонирхол?

-Би нохой тэжээх дуртай.  Одоо бол нохойгүй л дээ.  

- урьд нь ямар нохой тэжээж байсан бэ?

-Пудель, овчарк сая сүүлд пийт тэжээж байсан.  

- Пийт чинь зодоонч нохой бил үү?

- Тийм ээ, зодоонч нохой.  Гэхдээ би нэг ч удаа зодолдуулж үзээгүй.  Эрхлүүлж л өсгөсөн дөө. Амьтанд их хайртай.    

-Цуглуулга?

- Найзуудынхаа зургийг цуглуулах дуртай. Хааяа найзуудынхаараа орохдоо зургийг нь хэлэхгүй авчихдаг үе байсан. Дараа нь эргээд харахаар гоё дурсамжтай санагддаг.

- Хоол хэр хийдэг вэ?

-  За хоолны тал дээр маруухан даа. Гэхдээ сүүлийн нэг жил гадаадад байхдаа өөрийн эрхгүй хоол хийх тохиолдол гарсан.  Хааяа ч амттай болдог.  Хааяа ч амтгүй болдог.  Тэрнээс өмнө бол  манай ээж, эгч дүү хийчихдэг байсан. Ажил ихтэй болохоор нэг их хоол хийж амждаггүй юм.

- Чөлөөт цаг хэр гарч байна?  

-Яг ойрын үед бол чөлөөт цаг бага байна.  

- Зав гарахаараа юу хийх үү?

- Найзуудтайгаа салхинд гарах дуртай.  Байгаль руу л гарах дуртай.    

- Дуртай өнгө?

- Цэнхэр  өнгөнд дуртай.  Бүдэгхэн усан цэнхэр гэж байдаг даа.

-Дуртай бас дургүй хоол?

- Би ёстой хоол голдоггүй.  Амттай л бол  идчихнэ.

-Өөрийгөө тодорхойлбол?

- За би бол асар их сэтгэлийн хөөрөлтэй хүн.  Амархан баярлаж гомддог. Гэхдээ гомдлоо гэхэд  амархан мартчихдаг. Ер нь бол хүнд гомдоод байдаггүй.  Юмыг өөр өнцгөөс нь ойлгохыг хичээдэг.  

-Хувцаслалтын тал дээр?

- Хааяа ч хувцсыг гаргуунд нь хаячих гээд байдаг шүү.  Гэхдээ яахав чөлөөт ажилтай үедээ энгийн хувцас өмсөнө.  Хамгийн гол нь айхтар брэнд энэ тэр гэхгүй.  Ер нь өөрт таалагдсан юмаа л авах дуртай.  

-Дуртай кино?

- Романтик, инээдмийн кинонд дуртай.  

- Ном хэр уншдаг вэ?

- Би тэр болгон ном уншиж чаддаггүй. Гэхдээ хааяа уншдаг. Хамгийн сүүлд "Хүн мичнээс үүсээгүй” гэж ном уншлаа.  Би нэг тийм өөр ертөнцийн тухай ном унших дуртай.  

- Ширээний ном?

- Бурхан багшийн сургаал гэж ном байгаа.  Үе үе харна.  Би ер нь бүх шашны сургаал л хардаг.  Бүгдээрээ л үнэн юм шиг санагддаг.  

- Шүтлэггүй хэрэг үү?

-Үгүй ээ.  Будда шүтнэ.  Хааяа нэг ном уншуулна. Оюутан байхдаа алхдаг байлаа.  Гадаа гоё байвал замаараа Гандангаар дайрч мөргөчхөөд л харьдаг байсан.  

- Оюутны ангидаа хэн хэнтэй нэг ширээнд суудаг байв?

- Манай "Шинэ үе”-ийн Ганбаа, Билгүүн, Отгоо, Мөөгий, Алтаншагай бид хэд 2006 онд төгссөн.  Манай ангийнхан бүгдээрээ мэргэжлээрээ тал талд сайн ажиллаж байна.  

- Бид нарын мэддэггүй нэг ангийнхны онигоо?  

- Ганбаа өмнө нь ярьчихсан даа.  Шинэ жилээр бид нар нэгнийхээ гэрт өвлийн өвгөн болоод очдог байхгүй юу.  Тэгээд манай гэрт ирэх ээлж ирлээ. Тэгээд Шагай өвлийн өвгөн болж манайд орох болсон юм. Би түрүүлээд орье. Чи хойноос ороод ирээрэй гэж хэлчхээд би гэртээ сууж байлаа.  Гэртээ байж байсан чинь хаалга тогшиж байна. Дүүгээ хаалга онгойлго гэлээ. Манай дүү хаалга онгойлгосон чинь Алтаншагай цас мөсний орноос гээд л аймар шүлэг уншсан чинь манай дүү үгийг нь таслаад, Өө Батушка ахын ангийн Шагай ах байна ш дээ гээд нөгөө өвлийн өвгөн мартагдаад бөөн инээдэм болж билээ.

Тэгээд  манай гэрт хоол  идээд сууж байсан чинь ээж хүртэл  нэгэнт таньчихсан юм хувцсаа тайлчихгүй юу даа  миний хүү гээд л бөөн инээдэм болж билээ.  

- Дуртай баяр?

- Шинэ жил л юм даа.  Аягүй гоё сэтгэл хөөрч догдолдог ш дээ. Шинэ он гарч байгаа юм чинь өргөн тэмдэглэдэг.

- Эргэж ирээд яагаад "Шинэ үе”-д орсонгүй вэ?

-Бооёо ахыг би аав шигээ бодож явдаг. Залуу хүмүүс өөрсдийнхөө толгойгоор юм хийж үзье гэж бодсон.  Тэгээд л зоригтой хөдөлж байна. Би "Шинэ үе”-ийн хамт олонд маш их баярлаж явдаг. Би тэнд хүмүүжиж, тэндээс  гараагаа эхэлж байсан. Одоо би байнга холбоотой байдаг. Хааяа уулзаж  зөвлөгөө авдаг.  

- Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.  Ярилцлагын төгсгөлд  миний асуугаагүй  үлдсэн зүйл байна уу?

- "Мөрөөдлийн театр”-таа бид анхаарлаа хандуулан ажиллаж байна. биднийг дэмжээрэй.  Эцсийн бүлэгт биднийг шүүдэг хүмүүс бол  үзэгч л байдаг.  Та бүхэндээ шинэ соргог бүхнийг хүргэхийн төлөө зүтгэх болно. Нэгнийгээ аль болох муулах биш,  нөгөө өнцгөөс нь харахыг хичээгээрэй. Бид нар алдахгүй  байхыг хичээж, алдсан ч алдаагаа давтахгүй  байхыг хичээнэ. Чамд, танай хамт олонд мөн уншигчдадаа  эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  















Category: Мэдээ мэдээлэл | Views: 844 | Added by: beatbox_battle | Tags: Жүжигчин Т.Батушка: Бадарчин яаж яв, тэрэн шиг л явлаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]